| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0153/э |
| Дугаар | 2018/ДШМ/54 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ДШМ/54
2018 08 22 2018/ДШМ/54
Ц.Зт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай онлайн төхөөрөмжөөр холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Н.Амаржаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Зт холбогдох, эрүүгийн 1820001050055 дугаартай, 1 хавтас, 92 хуудас бүхий хэргийг прокурор М.Гэрэлбадрахын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар 960000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Боржигон овогт Ц-ын З /РД:МБ90112518/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан буюу түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийг нь таслан зогсоон, дахин зөрчил гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлж, гэртээ харьж амрах талаар хууль ёсны шаардлага тавихад салаавч гаргаж улмаар хувцсыг нь урж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Очирын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Цэнд-Очирын Зыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.Зыг согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалтыг тогтоож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.З нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албаны police гэсэн бичигтэй дүрэмт хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцэлд болон прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байна. 1. Шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж дурьдсан боловч шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “шүүгдэгч Ц.Зт ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу урьд нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж байсан, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хуульд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хөнгөрүүлэх нөхцөл байхаар заасан байхад шүүх Зын үйлдлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл болгосон. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүхээс “шүүгдэгч Ц.Зт ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу урьд нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж байсан, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан...” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар 3 сараас 6 жилийн хорих ялтай. Гэтэл шүүх дүгнэлтэндээ Эрүүгийн хуульд байхгүй зүйлийг буюу Зт ял оногдуулахад түүний хувийн байдал буюу урьд нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэсэн, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн эсэх нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн дүгнэсэн үг өгүүлбэр байхгүй, тэс өөр зүйлийг бичсэн мөртлөө тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг барьсан нь буруу болжээ. Үнэхээр шүүх ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах гээд байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсан, иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээс гадна шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлагыг хангахгүй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цагдаагийн ахлагч Г.Б, дэд ахлагч Н.Уянга нарын эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд гарсан зөрчлийн талаарх илтгэх хуудас /хх-3/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-5/, гэрч Н.Уянга /хх-9/,Б.Сугар/хх-11/ нарын мэдүүлэг, шинжээч /Засаг даргын тамгын газрын эдийн засагч, статистикч/-ийн дүгнэлт /хх-13/, яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-19, 20/, Ц.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-46/, цагдаагийн албан хаагчийн хувцасны үнэ 110 000 төгрөгийг төлсөн тухай баримт /хх-74 зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд, шүүгдэгч Ц.З 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийг нь таслан зогсоон, дахин зөрчил гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэн, гэртээ харьж амрах талаар хууль ёсны шаардлага тавихад салаавч гаргаж улмаар хувцсыг нь урж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх тэдгээрийг шийдвэрийн үндэслэл болгож, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Улмаар шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгийг үзэхэд шүүгдэгч Ц.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний согтуурсан үедээ гэмт хэргийг үйлдсэн, урьд согтуугаар гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзаж үзсэн талаар дүгнэхдээ утга, найруулгын хувьд ойлгомжгүй байдлаар бичсэнийг дурдах нь зүйтэй байх ба тодорхойлох хэсэгт тухайн хэсгийг “ Шүүгдэгч Ц.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоох нь зүйтэй” гэж найруулж, залруулахаар тогтов.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг хэвээр үлдээж, тогтоолын тодорхойлох хэсэгт дээр дурдсан залруулга хийж, харин прокурорын эсэргүүцэлд дурдсан “”шүүгдэгч Ц.Зт ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу урьд нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж байсан, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй” гэсэн нь үндэслэлтэй боловч энэ нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг өөрчлөх үндэслэл болохгүй тул прокурорын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Су дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШТЦ/78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА