Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 30

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч О.Оюунтуяа, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Отгондаваагийн Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201626030672 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 3-12 насны 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 7 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгондаваагийн Оюунтуяа /РД: ЧО85072264/. 

 

     Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Оюунтуяа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршал таун, Кинг таурын 116-254 тоотод оршин суух Ж.Оюуны гэрээс 2016 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн орчим гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа Ай фоне-6S плас гар утсыг хулгайлан авч иргэн Ж.Оюунд бага бус хэмжээний буюу 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

            Шүүгдэгч О.Оюунтуяа “...Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүүхдүүдийг минь бодоод хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахиж ийм зүйл хийхгүй...” гэв.   

 

 

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Оюун хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дүүгийн ашиглаж байсан “Ай фоне 6S плас” маркийн гар утсыг нь гэртээ жижиг өрөөний шургуулганд байдаг байсан. ...Уг утсыг жижиг өрөөндөө хар өнгийн гялгар уутанд хоёр ширхэг нотебүүкийн хамт тавьсан байсан. Нөхөр гадаад руу явах болоод уг гар утсыг нөхөртөө авч өгөхөөр 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авах гэтэл алга болсон байсныг мэдээд хэн авсан байж болох вэ гэж бодтол манай гэрт гадны хүн огт ирээгүй, манай гэрт үйлчлэгч Оюунтуяа ирсэн байсан. Би тухайн үедээ Оюунтуяа гэрийн бүх юмыг хийдэг тул байрлалыг нь өөрчлөөд өөр газар тавьсан байх гэж бодоод гэртээ хайгаад олоогүй. ...Би одоо цагдаа дуудаж шалгуулна, харин чи одоо надад үнэнээ хэлээд тэр утсыг авчраад өгвөл хоёулаа эндээ учраа олъё гэж хэлсэн. Тэгтэл Оюунтуяа би уг утсыг авсан, дүүгээсээ асууя гэхээр нь би 2-3 хоног хүлээнэ гэсэн. Над руу ярихгүй байхаар нь би залгаад асуутал манай дүү хүнд 130,000 төгрөгөөр зарсан, тэр хүнийг нь олохгүй байна гэхээр нь цагдаад гомдол гаргасан. ...Уг гар утасны зах зээлийн ханш нь Мобиком ХХК-д 1,935,000 төгрөгөөр зарж байгаа, уг үнээр үнэлж байна. ...Оюунтуяа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг нь барагдуулж өгнө гэсэн. Одоогоор хохирол барагдуулаагүй байгаа учир гомдолтой байна. Хохирол барагдсан тохиолдолд гомдол саналгүй болно. Хохирол барагдуулсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй... ” /хх-ийн 12-13, 14-15/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч О.Халиунаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Төрсөн эгч Оюунтуяагийн гэрт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр очтол Оюунтуяа эгч би гар утас олсон гээд “Ай фоне 6S плас” гар утас гаргаж үзүүлсэн. Гар утсыг нь асааж үзтэл ай ди кодтой байсан. Тэгэхээр нь ашиглах боломжгүй юм байна гээд чатад ай ди кодтой “Ай фоне 6S плас” гар утас сэлбэгэнд зарна гэж зарлал тавьсан. Тэгтэл 90228922 дугаарын утастай ах яриад би утасныхаа нүүрийг солих гэсэн юм авъя гэж хэлсэн. ...130,000 төгрөгөөр гар утсыг зарсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч С.Отгонгалаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр фэйсфүүк дээр “Ай фоне 6S плас” маркийн ай ди кодтой гар утсыг зарна гэсэн зарлал байсан. ...Эхнэр Оюунбилэгийн хамт очиж уг утсыг нь үзэж 130,000 төгрөгөөр худалдаж авсан. Би утсыг авсан өдрөө нээж үзэхэд ай ди нь тайлагдахгүй, ямар ч ашиглах боломжгүй нээгдэхгүй, бүх зүйл нь хаагдсан утас байхаар нь буцаагаад фэйсфүүк дээр зарна гэсэн зарлал тавихад 97077779 дугаарын утастай эрэгтэй хүн Сүхбаатарын талбайн орчим ирж үзээд уг тусыг 250,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Надад тэр охин манай эгч гадаадаас өгч явуулсан юм. Энд ирээд ай ди кодыг нь тайлуулах гэсэн чинь тайлагддаггүй юм байна, өөр утас болгох гэсэн юм худалдаад авчих гээд гуйгаад байсан...” /хх-ийн 20-22/ гэсэн,

 

Гэрч Э.Оюунбилэг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Махлаг богино тайрмал үстэй 152 см орчим өндөр нуруутай нэг эмэгтэй ирж утсыг үзүүлээд уг утсыг 130,000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Э.Ихбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрийн орчим байх фэйсфүүк дээр нэг хүн ай ди кодтой 6 плас утас зарна гэсэн зарлал тавьсан байхаар нь би хэдээр зарах вэ гэж асуухад 250,000 төгрөгөөр зарна гэсэн. Би уг утсыг авахад энэ утас зүгээр биз дээ гэхэд зүгээрээ манай эгч гадаадаас явуулсан юм, харин ай ди кодыг нь тайлуулах гэсэн чинь тайлж болохгүй байна, тэгээд зарах гэж байна гээд надад 250,000 төгрөгөөр уг утсыг зарсан. Маргааш утсыг задалж дэлгэцийг нь салгаж аваад утасны дотор талын платыг болон гэрийг нь хаясан...” /хх-ийн 30/ гэсэн,

 

            Шүүгдэгч О.Оюунтуяа хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 3 дугаар сарын сүүлээр 25-наас 27-ны өдрийн хооронд би өглөө 09-10 цагийн орчим Оюуны гэрт очиж цэвэрлэгээ хийж байгаад жижиг өрөөнд диск хураадаг тавиурын урд хар өнгийн торон дотор 2 ширхэг нөүтбүүкийн хамт шар өнгийн  “Ай фоне 6S плас” гар утас унтраагаад хийсэн байхаар нь би гар утсыг аваад өөрийнхөө барьж явсан гар цүнхэндээ хийгээд гэрээс нь авч гарсан. ...Дүү Халиунаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрт ирэхээр нь би энэ гар утсыг олсон юм айди кодтой юм байна гэж үзүүлээд зарах гэсэн юм гэж хэлсэн. ...Миний авсан гар утас “Ай фоне 6S плас голд” гар утас  байсан. Уг утас нүүрэн дээрээ шилэн наалт нь хумсны тал хэмжээтэй газарт хөндийрсөн юм шиг харагдаж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-ийн 28-30,34-35/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/,

- Тодорхойлолт /хх-ийн 36, 57/,

- Шүүгдэгч О.Оюунтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43,47/

- Шүүгдэгч О.Оюунтуяагийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-46/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч О.Оюунтуяа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршал таун, Кинг таурын 116-254 тоотод оршин суух Ж.Оюуны гэрээс 2016 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн орчим гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа ай фоне-6S плас гар утсыг хулгайлж, иргэн Ж.Оюунд 1,600,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Оюун, гэрч С.Отгонгалаа, Э.Оюунбилэг, Э.Ихбаяр, насанд хүрээгүй гэрч О.Халиунаа нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч О.Оюунтуяагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Оюунтуяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Оюунтуяа ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Оюунтуяа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулав.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Оюунд 1,600,000 төгрөгийн хохирол учирсан /эд зүйлийн үнэлгээ хх-ийн 16/, хэрэг бүртгэлт, прокурор, шүүхийн шатанд хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оюунтуяагаас 1,600,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Оюун /РД: ХБ55100769/-д  олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 201626030672 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Оюунтуяа энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

 

Хохирогч Ж.Оюун шүүх хуралдаанд оролцох боломжгүй, надгүйгээр шүүх хуралдааныг явуулна уу, хохирлоо барагдуулаагүй байгаа гэсэн, хохирогч нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгсөн, эд зүйлийн үнэлгээг хохирогч, шүүгдэгч хэн аль нь зөвшөөрөх тул шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахгүйгээр хийснийг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгондаваагийн Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунтуяад 200 /хоёр зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч О.Оюунтуяа нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунтуяагаас 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Оюун /РД: ХБ55100769/-д олгосугай.

 

5. Эрүүгийн 201626030672 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Оюунтуяа энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Оюунтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Оюунтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР