Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 350

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: “Х-У” ХК,

Хариуцагч: Багануур дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж” ХХК-д “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б*******” ХХК-д “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”,  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, гуравдагч этгээд “Б*******” ХХК, “Ж” ХХК болон Х*******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн төлөөлөгч Я.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 42493 м.кв 25000 м.кв газар хасахаар 16000 м.кв газар үлдэнэ гэж тайлбарлаад байсан. Хуучин хашааны газрыг нэмэхээр кадастрын зураг хийлгэсэн 22526 м.кв газар гарна. Тухайн үед гэрээ хийхдээ газраа буруу хэмжиж хашаагаар нь хэмжээд байдаг” гэв.

Нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага:

1. Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсэг,

2. 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсэг,

3. Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д,

4. 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж*******” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсэг нь тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох,

5. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр зам, дундын ашиглалтын гол төмөр замыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах.

... Дээрх захирамжууд хэрэгжсэн боловч дээрх захирамжуудын үр дагавар нь газар эзэмших эрхийг “Б*******” ХХК-д шилжүүлсэн 2014 оны А/172 дугаар захирамжаар дамжин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3-т заасныг үндэслэн энэ шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. “Х-У” ХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн худалдаж, худалдан авах гэрээ, тухайн гэрээний хавсралт “Барилга объект хүлээлцсэн тухай акт”-аар зарим объектуудыг “Д” ХХК-д хүлээлгэн өгч, Багануур дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр захирамжаар худалдан авсан объектууд байрлах газрын хэмжээг тогтоон “Д” ХХК-д 25000 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг.

Х-У ХК маргаан бүхий газар дээрх объектуудыг өөрийн өмчлөлд байлгаж 1997 оноос газар эзэмшиж ирсэн байдаг. 2004 онд Багануур дүүргийн шүүхийн шийдвэрээр объектынхоо зарим хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гэрээ байгуулж акт үйлдээд Д ХХК-д шилжүүлсэн. Өмчтэй холбоотой маргаан тухайн үед байгаагүй. Төмөр замаас хойших объектуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хүлээлгэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2004 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Д ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж барилга объект хүлээлгэн өгөх актаар хүлээлгэж өгсөн. 

Улмаар газрын бүртгэлийн мэдээллийн сангийн программыг дүүргийн Газрын алба шинээр хүлээн авч “газрын хэмжээнд өөрчлөлт орсон” гэсэн үндэслэлээр өмнө газар эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газрын хэмжээнд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан байдаг бөгөөд энэ захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 25000 м.кв-аас 31,027 м.кв болгож Х-У ХК-ийн эзэмшил газрын ихэнх хэсгийг Д ХХК-ийн зурагт оруулан эзэмшүүлсэн байна.

... 2005 оны 6 дугаар сард Багануур дүүрэгт гадаадын төслийн шугамаар хэрэгжсэн улсын бүртгэлийн газрын мэдээллийн сан ажиллаад Багануур дүүрэг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийн санд ямар нэг алдаатай зураг байхыг тухайн үед үгүйсгэдэггүй байсан.

... Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.5-д зааснаар эрх бүхий Засаг дарга аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг дүүргийн Газрын алба нягтлан хянаж шийдвэрлэх үүрэгтэй байна. Харин кадастрын зургийн дагуу газар эзэмшүүлсэн шийдвэрийг өөрчлөх, улмаар хүсэлт гаргаагүй байхад нь бусдын эзэмшлийн газрыг “зургийн дагуу” гэсэн үндэслэлээр өөр этгээдэд шилжүүлэх эрхгүй.

Хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг дүүргийн газрын албан нягтлах үүрэгтэй, харин кадастрын зурагт өөрчлөлт орсон гэх үндэслэлээр тухайн байгууллага хүсэлт гаргаагүй байхад өөрчлөлт оруулах үндэслэлгүй. Хүсэлт гаргаагүй байхад өөрчлөлт оруулж талбайн хэмжээг томруулснаас гадна томруулснаараа нэхэмжлэгч Х-У ХК-ийн тухайн газар дээр байрлаж байгаа өөрийн өмчийг эзэмших, өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргасан байдаг. Тиймээс 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжийн Д ХХК-д холбогдох хэсгийн Х-У ХК-ийн төмөр зам болон дундын эзэмшлийн төмөр замын доорх газрыг оруулж эзэмшүүлсэн нь хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байна.

Иймд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт байсан болно.

Улмаар Багануур дүүргийн Засаг дарга “Д” ХХК-иас 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 тоот албан бичгээр “...манай компанийн эзэмшил газрын кадастрын зурганд өөрчлөлт орж, шинээр кадастрын зураг хийлгэж, газрын бодит хэмжээ тогтоогдсон тул одоогийн эзэмшиж буй газарт захирамж гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулж, гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 27,177 м.кв болгож шийдвэрлэсэн.

Энэ захирамжаар “Д” ХХК-ийн газрын хэмжээг зарим хэмжээгээр багасгасан боловч тухайн газарт байрлах 2 салаа төмөр замын нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн өмчлөлийн 1 салаа төмөр зам, мөн тус зам руу ирдэг гол төмөр замын доорх газрыг “Д” ХХК-ийн эзэмшил газарт хэвээр үлдээсэн байдаг. Тиймээс 2008 оны 512 дугаар захирамжийг хууль бус юм.

Дээрх 27,177 м.кв газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Д” ХХК-иас “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж” ХХК-иас “Ж*******” ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Ж*******” ХХК-иас “Б” ХХК-д тус тус шилжүүлж, өнөөдрийн байдлаар тухайн газар “Б” ХХК-ийн эзэмшилд, Х*******ны эрх хүлээн авагчийн зээлийн барьцаанд байгаа юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон” бол, “эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол” гэсэн тусдаа 2 үндэслэл тогтоогдвол “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" шийдвэрийг шүүхээс гаргахаар заасан.

Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442, 2008 оны 512, 2009 оны 496, 2011 оны А/222 дугаар маргаан бүхий дээрх актууд нь өнөөдөр нэгэнт хэрэгжиж, дараагийн захирамжуудаар хүчингүй болсон боловч эдгээр захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа тул “эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол” гэсэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлд хамаарч хууль бус захиргааны акт болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442, 2008 оны 512, 2009 оны 496, 2011 оны А/222 дугаар захирамжууд нь хууль бус захиргааны акт болох нь тогтоогдвол хууль бус захирамжийг үндэслэн гарсан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

Иймд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг Ж******* ХХК-иас шилжүүлсэн 2014 оны А/172 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа тул уг хууль бус захиргааны актыг үндэслэж Х-У ХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байгаа. 

Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр Х*******ны эрх хүлээн авагчийн зээлийн барьцаанд байгаа. Гэхдээ гуравдагч этгээдээс энэ өмч хөрөнгө нь бүгд манайд шилжсэн гэж байгаа боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь барьцаалагдсан боловч Б******* ХХК-ийн эзэмшилд хэвээр байгаа тул Б******* ХХК-д эзэмшүүлсэн энэ шийдвэрийн Х-У ХК-ийн өмч хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

Иймд дээрх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар захиргааны хууль бус үйлдлийг таслан зогсоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсэг, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжийн “Д” ХХК-д 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж*******” ХХК-д “Х-У” ХК-ийн өмчлөлийн болон гол төмөр замыг оролцуулан эзэмшүүлсэн хэсэг нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн болон гол төмөр замыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 оны 442 дугаар захирамж нь  Багануур дүүрэгт Азийн хөгжлийн сангаар хийгдсэн кадастрын зургаар мэдээллийн санд орсон тул газрын албан мэдээллийн санд орсон зургийг үндэслэж захирамж гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй. 2008 онд тухайн газар дээр хашаа барьж байхад нэхэмжлэгчийн төлөөлөгч очиж байсан байна лээ. Очиж үзээд дараа нь хашаагаа буулгана гэж тохиролцсоны үндсэн дээр хашаагаа барьж кадастрын зураг хийлгэж манайд талбан хэмжээний хүсэлтээ өгөөгүй шинээр олгох захирамжаа үндэслэж 27177 м.кв талбаатай газар гэсэн захирамж 2008 онд гарсан. Түүнээс хойш Ж ХХК, Ж******* ХХК, Б******* ХХК-д эрх нь шилжсэн байдаг. Тухайн үед ямар процесс болсон талаар хариуцсан хүмүүсээс нь асуухад хашаа барьж байх үед Х-У ХК-ийнхан өөрсдөө зөвшөөрч бариулсан. Кадастрын заргыг үндэслэж 2008 оны захирамж гарсан гэсэн. Дараа дараагийн захирамжууд нь 2008 оны захирамжийг үндэслэж эрх нь шилжиж явсан тул хүчингүй болгох үндэслэлгүй. Тухайн үед би хариуцаж ажиллаж байгаагүй. Ийм процесс болсон гэдгийг тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл авсан. Маргааныг нэг тийш шийдвэрлэх үүднээс төмөр замын тодорхой хэмжээг иргэний шүүхээр шийдвэрлэсэн байгаа ашиглах ёстой зүйлүүдийг шийдэж өгөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд “Д” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Батмөнх миний бие “Х-У” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагуудтай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тус нэхэмжлэлийн манай компанид холбогдох хэсэг болох Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 15 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаартай захирамжийн “Д” ХХК-д холбогдох хэсэг болон 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах гэж гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани нь газар эзэмших тухай бүрдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд, мөн түүнчлэн “Х-У” ХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулж, хоорондын харилцан ойлголцлын хүрээнд худалдах, худалдан авах гэрээнд заасан газар дээрээ нэмж газар эзэмших эрхийг авч олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тухайн 2 салаа төмөр замыг сэргээн засаж ашиглах шаардлага, стандарт нь нийцүүлэн ашиглах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрын хэмжээнд хашаа барьж байгуулсан юм.

Энэ талаар нэхэмжлэгч тал тухайн үед мэдэж байсан бөгөөд өөрсдөө хөрөнгө мөнгөний боломжгүй учир та энэ төмөр 2 салаа төмөр замыг ашиглаж чадахгүй болсон харин замын төмрийг хуулж авч хогонд тушаах гэж байхад нь бидний зүгээс тухайн 2 салаа Төмөр замыг бүхэлд нь УБТЗ ХНН-т төлбөр мөнгийг төлж бүрэн сэргээж ашиглалтанд оруулж өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан юм. Харин энэ талаар Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн газрын эзэмшлийн хашаанд байгаа 2 салаа төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын төмөр замыг “Х-У” ХК-ийн өмч мөн болохыг тогтоожээ.

Энэхүү Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 103/ШШ2017/00484 тоот шүүхийн шийдвэр нь хэдий бусдад худалдан борлуулсан ч гэсэн манай компанийн эрх ашиг хөндөгдсөн байхад биднийг оролцуулалгүй бодит байдалтай лбоотой нотлох баримтыг үнэлэн дүгнэлт өгөлгүй гаргасан шийдвэр байна гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй гануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож 1гаа “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан миний бие дараах (хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тэрээр нэхэмжлэгч нь Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Багануур дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар захирамж нь аль хэдийн хэрэгжчихсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. дахь хэсэгт зааснаас үзвэл “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож болохоор заасан байна.

Тодруулбал, нэхэмжлэл гаргахаас өмнө хүчингүй болгосон эсхүл ямар нэгэн байдлаар хэрэгжсэн захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “Х*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Х*******анд банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан “Х*******” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан.

Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Х******* нь Банкны эрх хүлээн авагч томилогдох үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Х*******ны актив, пассив хөрөнгийн зөрүү /Х*******ны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө/-ийг нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр Төрд хохирол, зардал учирсан.

Банкны эрх хүлээн авагчаас Х*******ны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд учирсан хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Х*******наас татварын байгууллагад 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Х*******” ХХК-ийг төлөөлөн Банкны эрх хүлээн авагч оролцож байна.

“Ж*******” ХХК нь Х*******тай 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж өндөр дүнтэй ам.долларын зээлийг жилийн 12.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай авсан. Барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгийн нэг нь “Б*******” ХХК- ийн мах боловсруулах үйлдвэр байсан. “Ж” ХХК нь “Б*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болно.

2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Ж*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн 100 хувийн хувьцааг “Х*******” ХХК-д дээрх 1 зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан шилжүүлсэн. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ЗХШХШТХ/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тус хуулиар “... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг” зохицуулдаг.

Тиймээс энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй этгээд гаргадаг. Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нотлогддоггүй.

Тодруулбал, тус компани нь 41,092 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 15 жилийн хугацаатай авсан байдаг бөгөөд 2004 онд газрынхаа зарим хэсгийг бусдад шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 9-ний өдөр газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа нь дууссан боловч дахин шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй өнөөдрийг хүрсэн.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Иймээс нэхэмжлэл гаргах эрх , хууль ёсны ашиг сонирхол нь нотлогдохгүй байна.

1. Нэхэмжлэгчээс шүүхэд хамгийн сүүлд өгсөн нэмэлт тайлбар, тодруулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Эдгээрийн эхний 4 нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаартай захирамж, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаартай захирамж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаартай захирамж, 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/222 дугаартай захирамж, нийт 4 захирамжийн зарим хэсгийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт нэхэмжлэгч захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус захиргааны актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохоор зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн шаардлага гаргасан дээрх 4 захиргааны акт Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаартай захирамж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаартай захирамж, 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/222 дугаартай захирамж, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болсон байдаг. Иймээс тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь 5 дахь нэхэмжлэлийн шаардлагаа Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 3-т тус тус заасны дагуу захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн тайлбарууддаа маргаантай харилцаа үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч тус эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамж гарснаас хойших хугацаанд дээд шатны байгууллагад хөөн хэлэлцэх хугацаанд гомдол гаргасан үйл баримт тогтоогддоггүй. Хариуцагчаас “Х-У” ХК-д албан бичгээр өгсөн хариуг үзэхэд гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн хуульд заасны дагуу хугацааг хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд нөхөн сэргээлгэх хүсэлт гаргах хугацаа бас дууссан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” ХХК, “Б*******” ХХК, Х*******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт банкны эрх хүлээн авагч Х******* ХХК-ийг Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар төлөөлж оролцох эрхтэй этгээд тул итгэмжлэл олгож оролцож байгаа. Ж******* ХХК-ийн хувьд Х*******ийг хэвийн ажиллаж байх үед нь буюу 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Өндөр дүнтэй ам.долларын зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлөх боломж байгаагүй. Мөн банк татан буугдсан тул зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломж байгаагүй. Өр төлбөртөө хувьцаагаа барьцаалсан байсан. Тэр хувьцаагаа өр төлбөртөө тооцож Х*******анд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Ж*******” ХХК-ийн бүх хувьцаа өр төлбөрт тооцогдож Х*******анд ирсэн. 100 хувийн хувьцаанд “Ж*******” ХХК-ийн тэнцэлд бүртгэлтэй бүх үл хөдлөх хөрөнгийн эрхүүд ирсэн. Энэ эрхэд өнөөдрийн яригдаж байгаа “Б*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа байсан. Өөрөөр хэлбэл “Ж*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг охин компани нь “Б*******” ХХК юм. “Б*******” ХХК-д бидний ярьж байгаа үйлдвэр, газар эзэмших эрх нь байгаа тул эдгээр гурван компани болон Х*******ны эрх хүлээн авагчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож байна.   

Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул эрх ашиг сонирхлоо хамгаалахаар оролцож байгаа. Эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байгаа шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болоод Захиргааны ерөнхий хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг ярих нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн аливаа нэгэн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн. Ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй байгаа талаар ярьдаггүй. “Х-У” ХК-ийн эрх ашиг сонирхол байж болохоор байна. Ашиг сонирхол байсан гэх зэрэг зүйлийг ярьдаг боловч хууль ёсны дагуу ямар эрх ашиг сонирхол байгаа талаар дурддаггүй. Энэ талаар яагаад дурдахгүй байгаа вэ гэж авч үзэхэд “Х-У” ХК нь анх 41092 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 1999 онд авсан. Түүнээс өмнө 1996 онд бага зэргийн өөрчлөлттэй, 1998 онд мөн бага зэрэг өөрчлөгдөж, 1999 онд авсан байдаг. Хамгийн сүүлийн байдлаар 1999 онд “Х-У” ХК-ийн авсан азар эзэмших эрхийн гэрчилгээг аваад үзэхэд 41092 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар авсан байдаг. 2004 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн үйлдвэрээ 2 хувааж нэг талыг нь “Д” ХХК-д шилжүүлсэн гэдэг. Газрын тухай хуулиар тухайн үед “Д” ХХК-тай адилхан “Х-У” ХК өөрсдөө “Д” ХХК-д өгсний дараа үлдэж байгаа хэмжээ нь хэд юм гэдгээ баталгаажуулж шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авах ёстой байсан боловч аваагүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол харагдахгүй байна.  

Мөн 1999 оны 02 дугаар сарын  9-ний өдөр авсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 9-ны өдөр дуусаж байна. Үүнээс хойш дахин шинэчилж авсан зүйл байхгүй. Яагаад өнөөдрийг хүртэл энэ газрыг эзэмшиж байгааг гайхаж байна. Газрын алба яагаад ажиллагаа хийхгүй байгааг гайхаж байна. Эзэмших эрх дуусаж буцаагаад төрд өгсөн тул одоо эзэмших эрхгүй этгээд гэж харагдахаар байна. Өөрөөр хэлбэл энэ компани тухайн газартай холбогдолтой хууль ёсны ашиг сонирхол гэх зүйл харагдахгүй байна. 

... Нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа сольж, тодруулга өгч байсан. Тэр бүрд газрын асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж тайлбарладаг. Хууль мэдэхгүй байгаа нь хууль хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа бол сунгуулах хүсэлтээ гаргах ёстой.  Хүсэлтээ гаргаад газрын алба шийдвэрлэж өгөхгүй байгаа бол холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдэж, дээд шатны байгууллага шийдвэрлэж өгөхгүй бол шүүхэд хандах ёстой байсан. Хугацаа тоологддог. Эдгээр эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчийг зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг шүүх харгалзаж үзнэ үү.   

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар ямар тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой вэ гэхээр тухайн захиргааны акт бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд хэрэгжихдээ нэхэмжлэгчийн ямар нэг ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдож байвал хууль бус байсныг тогтооно.  

2005 онд 442 дугаар захирамж гарахдаа “Д” ХХК-ийн газрын хэмжээг 31027 м.кв газар гэж гаргасан. Гэхдээ тухайн үед “Х-У” ХК-ийн хэмжээ яагаад гарч ирэхгүй байгаа  юм. Газрын нэгдсэн систем бий болж улс орон даяар хэрэгжсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ тухайн үед нэгдсэн бүртгэл явагдаж байгааг мэдэж байсан гэсэн. Гэтэл яагаад нэгдсэн бүртгэлд одоо болтол бүртгэгдээгүй байгаа юм. Өнөөдөр ч гэсэн бүртгэгдээгүй байна. Тэгэхээр энэ захирамж Х-У ХК-тай ямар ч хамааралгүй захирамж. Энэ компаний ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслгүй. Энэ газрын асуудал “Х-У” ХК-ийн газар руу орж 31027 м.кв болсон зүйл байхгүй. Ямар баримтаар юуг үндэслэж зөвхөн “Х-У” ХК-ийн газар руу орсон гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл “Х-У” ХК-ийн газраас 10000 м.кв газар хасч захирамж гаргаад “Д” ХХК-ийн газар дээр 10000 м.кв газар нэмж захирамж гаргасан бол тэгж үзэх үндэслэлтэй. Гэтэл “Х-У” ХК-ийн газраас газар хассан ямар нэг захирамж гараагүй. Тухайн үеийн байдлаас харахад наад талд нь тусдаа гэрчилгээтэй газар нэмэгдсэн. Өөрчлөлт орж болдог. Мөн заавал “Х-У” ХК-ийн газар руу орсон гэх баримт байхгүй байхад энэ захирамжийг “Х-У” ХК-ийн газраас авч нэмж бичсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ямар нэг байдлаар “Х-У” ХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж харах үндэслэлгүй байна. Тэгэхээр нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгоно гэдэг  шаардлага нь үндэслэлгүй.  

Нэхэмжлэгч тал тайлбартаа тухайн үед “Д” ХХК 31027 м.кв биш байсан байна. 27177 м.кв байсан байна гэдэг хүсэлт гаргасан нь өмнөх захирамжийг хууль бус байсныг нотлох баримт юм гэж байна. Энэ захирамж хүчингүй болсон. Мөн нэхэмжлэгчийн ашиг сонирхол ямар нэг байдлаар зөрчигдсөн болү тухайн захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох хуулийн зохицуулалттай. Гэтэл ашиг сонирхол огт яригдаагүй байна. Хэмжээ буруу байгааг засуулахаар хандсан нь танай байгууллагын ямар нэг газар эзэмших эрхийг хөндөөгүй. Тухайн захирамж хэрэгжиж байх үед ч гэсэн танай газар эзэмших эрх рүү халдсан, газар эзэмших эрхийг багасгасан зүйл байхгүй. Тухайн үед танайх захирамжаа шинэчилж аваагүй байсан. 2008 онд хашаа баригдаж байхад нэхэмжлэгч харж, мэдэж байсан. Нэг өдөр л гэнэт баригдсан хашаа биш. Яагаад тэр үед нь шаардлага гаргаагүй юм. Тухайн үед “Д” ХХК өөрөө хөрөнгө гаргаж барьсан. Баригдаж дууссаных нь дараа мэдсэн байлаа гэхэд яагаад тухайн үед нь гомдол гаргаагүй юм. 2009,  2011 оны захирамжаар “Ж*******” ХХК, “Ж” ХХК-д шилжсэн байдаг. “Ж” ХХК-ийн хариу тайлбарт тухайн үед ном журмынх нь дагуу захирамж гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн байна. “Д” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт тухайн үед төмөр замыг хуулж авах гээд байхаар нь бид зай байхгүй байгаа тул хашаагаа барья гээд хашаа барьсан. Энэ үед “Х-У” ХК эсэргүүцээгүй. Замыг хуулж авах гэж байхад нь үлдээсэн гэсэн тайлбар ирүүлсэн байна.   

2014  оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийг үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан. Хэрэв тухайн үед  гомдлоо дээд шатны байгууллагад гаргаагүй бол шүүхэд гаргах боломжтой байсан.  Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон үйл баримт байхгүй. “Х-У” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 02 дугаар сарын 9-ний өдөр дууссан. “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл 3 сар өнгөрсний дараа гарсан. Тэгэхээр Х-У ХК газар эзэмших эрхтэй этгээд гэдгийг нотолсон баримт бичиг байхгүй болсноос хойш 3 сарын дараа “Б*******” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсан. Үүнийг шүүх анхаарч үнэ үү. 

Нэхэмжлэгч тал Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоног тоолно гэж ойлгож байх шиг байна. Иргэний шүүх газартай холбоотой хэсэгт нь тайлбар өгөөгүй. Мөн өнөөдөр захиргааны хэргийн маргаан хянан  хэлэлцэж байна. Хөрөнгийн асуудал, захиргааны акттай холбоотой асуудал бол тусдаа асуудал. Нэг шийдвэр гарснаар нөгөө талын хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсхүл шинээр тоолох үндэслэл болохгүй. Ийм зохицуулалт хуульд байхгүй. Нэхэмжлэгч тал тайлбартаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн төмөр замыг манай өмчлөл болохыг тогтоосон гэж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь 2017 онд гарсан. Түүнээс хойш нэхэмжлэгч компанийг тухайн төмөр замыг өмчлөх эрхтэй  этгээд гэж тогтоосон. Энэ үеэс өмчлөгч гэж үзнэ. Түүнээс өмнөх хугацаанд хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа захирамжуудыг гаргаж байх үед “Х-У” ХК өмчлөгч байсан гэж үзэх үндэслэлгүй. Хуульд зааснаар тухайн үеэс эхлээд өмчлөгчөөр тогтооно гэсэн байгаа. Төмөр зам зөөж ашиглаж болдог хөрөнгө. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн хөрөнгийг хөдлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэгдүгээрт гэрчилгээгээ авах ёстой. Хөрөнгө нь зөөж болох эсэхээс үл шалтгаалж Засаг даргын захирамж хүчингүй байсан эсэхтэй хамааралгүй. 

Төмөр замын өмчлөгч хэн байхаас хамаарч тухайн газар эзэмших эрхтэй этгээд хэн байх нь тодорхойлогдоно гэсэн ойлголт байхгүй. Тухайн газар эзэмших эрхийг олгохдоо дээрх хөрөнгө нь хэнд байгаагаас шалтгаалж олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Б******* ХХК-ийн 25000 м.кв газар байх ёстой гэж байна. Тэгвэл “Х-У” ХХК-ийн 41092 м.кв хасахаар 16000 м.кв гарч байна. Тэгвэл 16000 м.кв баталсан захирамж байхгүй. Мөн үндэслэл болгож байгаа Ану сөрвей ХХК-ийн зургийг үзвэл 22000 м.кв болж байна. Би “А*******” ХХК-ийн үйлдсэн баримтад эргэлзэж байна. Засаг дарга захирамж гаргаагүй байхад ямар баримтыг үндэслэж 22,000 м.кв газрыг эзэмших эрхтэй этгээд гэж тодорхойлоод байгаа юм. “А*******” ХХК-д тийм эрх байхгүй. Газар эзэмших эрх нь хэдэн м.кв байх вэ гэдгийг гагцхүү Засаг даргад байгаа. Гэтэл өмнөөс нь 22000 м.кв гэж тодорхойлсон 41029 м.кв газраас 22000 м.кв газрыг хасвал 16000 орчим м.кв газар үлдэх ёстой. Гэтэл яагаад 22526,9 м.кв гээд тодорхойлсон бичиг баримтыг үндэслээд манайх гэж маргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл 22526,9 м.кв газар манайх байх ёстой гэж байгаа үндэслэл нь юу юм. 

... Дундын ашиглалтын гол төмөр зам гэж ярьж байна. Иргэний хэргийн шүүх салах хүртэлх хэмжээг “Х-У” ХК-ийн өмч гэж тодорхойлсон болохоос түүнээс цааших нь дундын ашиглалтынх гэж тогтоогоогүй. Хашаагаар орж ирээд манай байгаа хэсгийн салаа төмөр зам хүртэлх газрыг манай өмчлөл гэдэг нь шүүгчийн хийсэн дүгнэлтээс харагдаж байгаа. Дундын ашиглалтын зам гэдэг нь хашаанаас цаашхи газрыг хэлж байна.  Ер нь дундаа ашиглаж болох эсэхийг энэ компани шийдэхгүй. Эдгээр үндэслэлүүдээс авч үзвэл, “Х-У” ХК нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Мөн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х-У” ХК нь анх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн Засаг даргад холбогдуулж “Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 512 тоот захирамжийн “Д” ХХК-ийн 2177 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Х-У” ХК нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, тодруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эцсийн байдлаар “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж” ХХК-д  “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б*******” ХХК-д “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”  тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “анх нэхэмжлэгчээс гуравдагч этгээд болох “Д” ХХК-д 25,000 м.кв газрыг шилжүүлсэн байхад хариуцагч нь 2005 оны 442 дугаар захирамж гаргаж үндэслэлгүйгээр газрын хэмжээг 31,027 м.кв болгож нэмэгдүүлсэн, улмаар тус дүүргийн Засаг даргын 2008 оны 512 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 27,177 мкв болгон тогтоохдоо “Х-У” ХК болон “Д” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээгээр төмөр замын нэг салаа байрлаж буй газрыг оруулалгүйгээр бусад эд хөрөнгийг шилжүүлснийг хяналгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн төмөр замыг дамнуулан ашиглах боломжгүй болгож дараа дараагийн эзэмшигч нарт шилжүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргах ба хариуцагчаас нэхэмжлэлийг “маргаан бүхий газрын анх хийгдэж мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг өөрчлөгдөөгүй бөгөөд энэ зургийн дагуу газар эзэмших эрх үүсэж, улмаар шилжсэн тул маргаан бүхий актууд нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. 

“Х-У” ХК-иас маргаан бүхий шийдвэрүүдтэй холбогдуулж нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/1975 тоот албан бичгээр “шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн байх ба нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч нь 2008 онд хашаа барьж байхад байсан. Маргаан бүхий акттай холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг тэмдэглэв. 

Багануур дүүргийн Засаг даргын 1996 оны 175 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт 3,5га газрыг “Х-У” ХК-д анх эзэмшүүлжээ .

Дээрх шийдвэрийг үндэслэж байгуулагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах 1996, 1998 оны гэрээнүүдэд эзэмшил газрын хэмжээг өөр өөрөөр тэмдэглэсэн байна . 

 Мөн Багануур дүүргийн Засаг даргын 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “Х-У” ХК-д тус дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт 41,629 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн   боловч мөн гэрээнд “Х-У” ХК-ийн эзэмшиж буй нийт газрын хэмжээг 71,089мкв /үүнээс 30,000 мкв нь ногооны талбай/ гэж мөн л зөрүүтэй тэмдэглэжээ . 

 

“Х-У” ХК, Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс болон “Д” ХХК-иудын хооронд 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” -ээр “Х-У” ХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолборыг дагалдах тоног төхөөрөмжийн /объектын/ хамт дуудлага худалдаанд ялагчаар тодорсон “Д” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байх ба дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр захирамжаар дээрх шилжүүлсэн барилгын цогцолбор байршиж буй 25,000мкв газрыг “Д” ХХК-д эзэмшүүлэхээр зөвшөөрчээ .

Улмаар Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжаар тус дүүрэгт газрын кадастрын зураг хийгдсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэхдээ “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 31,027мкв-аар тогтоосон байна . 

“Д” ХХК-иас 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Засаг даргад хандаж “...кадастрын зураг хийлгэж, газрын бодит хэмжээ тогтоогдсон тул одоогийн газарт захирамж гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулж, гэрчилгээ олгоно уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжаар “Д” ХХК-д 27,177мкв газрыг махны үйлдвэрийн зориулалтаар, хашаалах газрыг 5018 мкв хэмжээтэйгээр эзэмшүүлжээ .

Үүний дараа дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Ж” ХХК-д , 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “Ж” ХХК-д  шилжүүлж , 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Ж” ХХК-аас Х*******ны зээлийн барьцаанд бүртгүүлсний дараа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б*******” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна .

Дээрхээс үзвэл, хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гуравдагч этгээд “Д” ХХК-д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх, түүнчлэн газрын хэмжээг нэмэгдүүлэх болон багасгах тухай шийдвэрүүдийг гаргахдаа газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүйгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна. 

Үүний улмаас нэхэмжлэгч “Х-У” ХК-иас “Д” ХХК-д шилжүүлээгүй салаа төмөр замыг дамнуулсан байдлаар “Д” ХХК-ийн газрын хил, зааг тогтоогдож нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн салаа төмөр замыг ашиглах, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжгүй болжээ. Тодруулбал, 

- Нэхэмжлэгч “Х-У” ХК нь болон Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс болон “Д” ХХК-иудын хооронд 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Х-У” ХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолборыг дагалдах тоног төхөөрөмжийн /объектын/ хамт “Д” ХХК-д шилжүүлэн өгөх үед үйлдэгдсэн “Барилга объект хүлээлцсэн тухай акт”-д “3. Төмөр зам болон контейнер буулгах талбай гэсэн хэсэгт ... 150м урттай төмөр замтай (2 салаа төмөр замын агуулахын талынх болно) ” гэж тэмдэглэгджээ. 

Энэхүү акт нь тус дүүргийн Газрын албанд хадгалагдаж буй газар баталгаажилтын хувийн хэрэгт хадгалагдсан байх боловч хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь 2004 оны 134 дүгээр захирамжаар ““Х-У” ХК-ын үл хөдлөх хөрөнгө болох хөргөлтийн агуулах, конторын барилгын цогцолборыг “Д” ХХК-д 25,000 м.кв газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй”  гэж шийдвэрлэхдээ хуулийн этгээд хоорондын гэрээний дагуу шилжүүлж буй өмч хөрөнгө байршиж буй газрын аль хэсгийг шилжүүлж, шилжүүлэн авч буйг тэмдэгжүүлээгүй, хил заагийг нарийвчлан тогтоогоогүй болох нь Багануур дүүргийн Газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18/0166 тоот албан бичгээр ирүүлсэн “Д” ХХК-тай 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газрын хэмжээг 25,780 м.кв  гэж мөн зөрүүтэй тэмдэглэгдсэн, гэрээнд хавсаргасан зурагт газрын хил заагийг тэмдэглээгүйгээр тус тус тогтоогдож байна. 

- Үүний дараа Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442 дугаар захирамжаар “...тус дүүрэгт 2004 онд газрын кадастрын зураг хийгдсэн” гэсэн үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шинэчлэх баталгаажуулахдаа “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 31,027 м.кв  байхаар тогтоосон зургийг 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Ууганбаяр үйлдсэн байна.

Ц.Ууганбаярын үйлдсэн дээрх зураг нь тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийн хариу болгож Нийслэлийн газрын албаны Мэдээлэл технологийн хэлтсээс ирүүлсэн “Кадастрын зураглал ба газрын кадастр” төслийн хүрээнд 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “*******” ХХК хэмжилт хийж хүлээж авсан Автокад файлын зураглалтай  ижил байхын зэрэгцээ “Х-У” ХК-аас “Д” ХХК-д шилжүүлсэн болон шилжүүлээгүй гэх төмөр замын салаанууд, түүнчлэн дундын хэрэглээний гэж тайлбарлах төмөр замыг бүхэлд нь хамарсан болох нь агаарын зурагт илэрхий дүрслэгдсэн байна. 

- Улмаар “Д” ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай “...газрын бодит хэмжээ тогтоогдсон тул одоогийн эзэмшиж буй газарт захирамж гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулж, гэрчилгээ олгож өгнө үү”  гэсэн хүсэлтийг үндэслэж гарсан Багануур дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн 27,177мкв газрыг эзэмшүүлсэн, мөн энэхүү хэмжээгээр дараа дараагийн хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрх шилжжээ. 

Энэхүү 27,177мкв газрын хил нь урд хэсгээрээ нэхэмжлэгчийн маргаж буй салаа төмөр замыг дамнаж “Х-У” ХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн төмөр замыг ашиглах боломжгүй байдалтайгаар тогтоогдсон болох нь 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн баталгаат хэмжээ тогтоосон актад  тодорхой тусгагдсаны дээр гуравдагч этгээд энэхүү хэмжээгээр буюу салаа төмөр замын салааны голоор хашаагаа барьсан нь шүүхээс хийсэн үзлэгээр  тогтоогдов .

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий газрын анх хийгдэж мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг өөрчлөгдөөгүй бөгөөд энэ зургийн дагуу газар эзэмших эрх үүсэж, улмаар шилжсэн тул маргаан бүхий актууд нь хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: 

Маргаан бүхий газруудын кадастрын зургийн түүхчилсэн лавлагааг эрх бүхий байгууллагуудаас шүүх удаа дараа шаардсан боловч алслагдсан дүүргүүдийн газрын кадастрын зургийн түүх газрын кадастрын мэдээллийн санд тухай бүрд бүртгэгддэггүй байсан гэсэн шалтгаанаар түүхчилсэн лавлагааг ирүүлэх боломжгүй гэж эрх бүхий байгууллагуудаас мэдэгдсэн ба  нэхэмжлэгч “Х-У” ХК-иас “Д”-д шилжүүлсэн 25,000мкв газрын хил зааг, давхцлын хэмжээг шүүхээс нарийвчлан тогтоох боломжгүй байна. 

Хэдийгээр “Д” ХХК-д анх 25,000 м.кв газар эзэмших эрх 134 дүгээр захирамжаар үүссэн байх боловч газрын кадастрын мэдээллийн санд газрын хэмжээг 25,000мкв талбайтайгаар бус 31,027 м.кв талбайтайгаар 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “*******” ХХК-ийн хийсэн зургаар бүртгэгдсэн нь Нийслэлийн газрын албаны Мэдээлэл технологийн хэлтсээс ирүүлсэн зургаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “төмөр замын салаа нь үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд зөөвөрлөж ашиглах боломжтой” хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэхүү төмөр зам нь “Х-У” ХК хувьчлагдахаас өмнө тухайн газар дээр байршиж байсан, нэхэмжлэгч хуулийн этгээдээс төмөр замыг шилжүүлэх замаар гуравдагч этгээдийн эзэмшиж буй газартай давхцуулсан гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий газар бусад этгээдийн барьцаанд барьцаалагдсан, барьцааны хөрөнгөөр улсыг хохиролгүй болгох үйл ажиллагаа явагдах эсэх, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийг уг салаа төмөр замын өмчлөгчөөр тогтоосон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан эсэхээс үл хамааран тухайн төмөр замын байршиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй юм. 

Түүнчлэн нэхэмжлэгч “Х-У” ХК-аас 2012 оны 07-09 дүгээр саруудад Багануур дүүргийн Газрын албанд хандаж “Кадастрын зураг шинээр хийгдсэн, ... төмөр замыг зурганд оруулж гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү”  гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан байх боловч хариуцагчаас дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа “газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.  

Мөн нэхэмжлэгч “Х-У” ХК нь өөрийн эзэмшил газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлэхдээ өөрийн эзэмшил газраас шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хасч үлдэх газартаа газар эзэмших эрхээ баталгаажуулж аваагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “газрын маргаантай гэж тайлбарлан шийдвэрлэж өгдөггүй” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгээгүй энэ тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болсноос үл хамааран хөрш зэргэлдээ газрын хувьд газрыг давхцуулан эзэмшүүлсэн талаар гомдол, нэхэмжлэл гаргах, шүүхэд маргах эрхтэй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь анх “Д” ХХК-д газар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх болон багасгах тухай 2005 оны 442, 2008 оны 515 дугаартай шийдвэрүүдийг гаргахдаа уг газар нь бусдын эзэмших эрх бүхий газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийн эзэмшил газарт давхцал үүсгэсний улмаас нэхэмжлэгч нь эзэмшил газар дээр байршиж буй салаа төмөр зам/шилжүүлээгүй/-ыг ашиглах боломжгүйд хүрсэн, улмаар газрын давхцлыг арилгалгүйгээр маргаан бүхий актуудаар “Ж” ХХК, “Ж” ХХК, “Б*******” ХХК-ууд шилжүүлсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй. 

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх боломжгүй байна. Учир нь: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актуудаар “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замыг болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ... хүчингүй болгох” гэж, өөрийн эзэмшил газрын хэмжээг “А*******” ХХК-аар 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдүүлсэн 22,526.9мкв  талбайтай байхаар тодорхойлон маргасан ба энэхүү зурагт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй салаа төмөр зам болон дундын хэрэглээний гэх төмөр замууд тусгагдаагүй байна. 

Мөн Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б*******” ХХК-ийн эзэмшиж буй 21,177мкв газар нь “А*******” ХХК-ийн үйлдсэн 22,591мкв/Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тодорхойлсон хэмжээ/ газартай 1008.6мкв хэмжээгээр давхцалтай  байх боловч мөн дээрх төмөр замуудын байршил тодорхойгүй байна. 

Хэдийгээр шүүхээс шинжээч томилох замаар газрын давхцлын хэмжээ болон төмөр замын байршлыг тодруулах ажиллагаа хийх боломжтой боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...дүүргийн Засаг даргатай уулзсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр байршлыг өөрчлөх замаар төмөр замын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн” хэмээн тайлбарласан, түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж зааснаас үзвэл дүүргийн Газрын алба нь энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3/гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “Ж” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийн “Х-У” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болсонд тус тус тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-У” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ