Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0781/З/ |
Дугаар | 411 |
Огноо | 2016-11-28 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 411
Д.Цоожийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Цоож, түүний өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 дугаар магадлалтай, Д.Цоожийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Д.Цоожийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Д.Цоожид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Цоожийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 660 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Цоожийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасныг зөрчсөн байх тул олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан байна. Д.Цоож тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хугацаандаа өгөөгүй нь Д.Цоожийн Сонгуулийн хороонд ирүүлсэн баримт, материалыг нягтлан шалгахад илэрсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэр дэвшигч Д.Цоожийн Сонгуулийн хороонд ирүүлсэн баримт болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний хүлээн авсан огноо, дугаар, бичиг хэргийн ажилтны бүртгэсэн цахим бүртгэл зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байдаг.
Энэ нь хуулийн хугацаанд өөрөөр хэлбэл Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй нь хуулийн 154.4-т заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тул Сонгуулийн хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхийн саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 158.1.3-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэж заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангуулах хүсэлтийг хангалгүй хэргийн бүхий л материалтай 1 цагийн дотор танилцаж шүүх хуралд бэлдэн ор хэмээн шүүх хуралдааныг 1 цагаар хойшлуулж тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж заасан эрхийг ноцтой зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Давж заалдах шатны шүүх энэхүү хууль бус үйл ажиллагааг эс хэрэгсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154.4, 157.2.7-д заасныг буруу хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хуулийн болон болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Цоожийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хянавал:
Нэхэмжлэгч Д.Цоож нь ажлаас чөлөөлөх хүсэлтээ хуулийн хугацаанд өгсөн баримт байхад Сонгуулийн хороо зориудаар мушгин гуйвуулж, сонгогдох эрхийг хязгаарласан гэж маргаж, “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Д.Цоож нь “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалаас “нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж” 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан, өргөдлөө 2016 оны оны 3 дугаар сарын 29-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн тус дүүргийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгснийг нь өргөдөл, гомдлын бүртгэлд мөн өдрөөр бүртгэн авч, бүртгэл-хяналтын карт нээсэн, нэр дэвшигчээр бүртгүүлэх баримт бичгийн бүрдэлд уг өргөдлөө хавсаргаж дүүргийн Сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн зэрэг нь тогтоогджээ.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэн, Д.Цоожийг “ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, намаас нэр дэвшүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болж, ажлаас чөлөөлөгдөх байсан” гэж үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн уг шийдвэрт гаргасан Д.Цоож болон Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гомдлыг тус дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Д.Цоож нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ “2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гаргаагүй, хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн” гэх өөр үндэслэл гаргаж, гишүүдийн олонхийн саналаар маргаан бүхий 03 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино”, 157 дугаар зүйлийн 157.2-т “нэр дэвшүүлсэн нам... дараах баримт бичгийг …тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ; ...157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар;”..., гэж тус тус заажээ.
Эндээс үзвэл, зарим ажил, албан тушаалыг эрхэлдэг хүмүүсийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших тохиолдолд тэдэнд зарим хязгаарлалтыг тогтоож, Сонгуулийн тухай хуулиар тусгайлан журамласан байх бөгөөд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхыг заажээ.
Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтыг буруу хэрэгжүүлж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 158.1.3-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус болсон байна.
Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 3 дугаар тогтоолын үндэслэлээс өөр буюу “ажлаас чөлөөлөгдөх” хүсэлт нь хуурамчаар үйлдэгдсэн гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэж заасантай нийцэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Үүний зэрэгцээ, хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгч авах” хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч Б.Батбаяр нь “хэрэгтэй танилцах боломж олгох, хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасныг мөн хүлээн авч, зохих шийдвэрийг гарган, хуралдаан хийх хугацааг хойшлуулж, өмгөөлөгч хэргийн материалтай танилцсаны дараа хуралдааныг явуулсан байх тул “хүсэлт шийдвэрлээгүй, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 743 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ