| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ж.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чонос овогт Ж.М..ны М..д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2115000000208 дугаартай, 163/2021/0184/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн ....оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 200 000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч... овогт Ж.М..ны М... /РД; ****/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Мнь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт Б.Мөнх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ммэдүүлэхдээ; Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1. Хохирогч Б.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 18-19 цагийн орчим Булган аймгийн Хишиг-Өндөр сумын * дугаар багийн нутаг “Дунд хороо”-нд байрлах Шинээгийн дугуй засварын гадна зогсож байтал Отгонжаргал нэг шил архи аваад ирье гээд дэлгүүр явсан чинь Мөнхжагаа /Мөнхжаргал/ нь миний хажуугаар явган явж байгаад ирээд намайг зүгээр байгаач гэхээр нь Мөнхжагааг чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн чинь Мөнхжагаа нь эхлээд миний хамар руу цохисон ба цусаа гоожуулаад зогсож байтал миний ам руу нэг удаа өшиглөж миний дээд талын үүдэн нэг шүдийг цохиж хөдөлгөсөн юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-7-8/,
2. Гэрч Б.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн орчим Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт байрлах Шинээгийн дугуй засвар дээр байж байтал манай багийн хүн болох Мөнхөөрөө /Мөнх-Од/ нь архи уучихсан согтуу ирээд надаас архи нэхээд миний төрсөн өдөр архи авч өг гээд байж байтал Мөнхжагаа /Мөнхжаргал/ нь Мөнх-Одыг боль гэж хэлсэн боловч Мөнхөөрөө нь намайг явуулахгүй гар дээрээс барьчихаад хөдлөхгүй байсан ба Мөнхжаргал ах ирээд Мөнхөөрөөг боль гэж хэлээд Шинээгийн дугуй засвар руу явж байтал Мөнхөөрөө нь Мөнхжаргалын араас очоод хэл амаар доромжилж байгаад Мөнхжаргалыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан чинь Мөнхжаргал нь зөрүүлээд Мөнх-Одын нүүрэн тус газарт нэг удаа цохиход Мөнх-Одын хамраас нь цус гоожсон ба Мөнх-Од босож ирээд машины толинд цусаа харж арчаад Мөнхжаргалыг хэл амаар доромжлоод байж байтал Мөнхжаргал нь дахин нэг удаа Мөнхөөрөөгийн нүүрэн тус газарт цохисон” гэх мэдүүлэг /хх-13-14/,
3. Яллагдагч Ж.ММмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай нутгийн Шинээ гэх хүний дугуй засвар руу явж байхад замд Мөнх-Од Мөнхжаргалыг хоргоогоод архи нэхээд байсан ба Мөнгөө надад хандаж Мөнхөөрөөг /Мөнх-Од/ аваарай гэж хэлэхээр нь би Мөнх-Одод хандаж “болиоч чи” гэж хэлэхэд Мөнх-Од намайг “чамд хамаагүй” гэж хэлэхээр нь би Шинээгийн дугуй засвар руу яваад өгсөн. Шинээгийн дугуй засвар дээр байж байхад араас Мөнх-Од ирээд надаас хэрүүл өдөөд “намайг ална” гэж хэлээд байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд чимээгүй болсон чинь Мөнх-Од араас юм хэлээд байхаар нь миний уур хүрээд Мөнх-Одын нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохиход Мөнх-Од зөрүүлээд намайг баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиход хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Мөнх-Одын хамраас цус гарч байсан ба Мөнх-Од намайг хараалын үгээр хараагаад байхаар нь миний уур хүрээд Мөнх-Од руу дайраад Мөнх-Одтой барьцалдаж авахад намайг тонгорч унагаасан уу яасан нэг мэдэхэд би Мөнх-Одын доор орчихсон байсан, Мөнх-Од намайг баруун гараараа миний толгой хэсэг рүү 1-2 удаа цохисон, би зүүн гараараа Мөнх-Одын цээж, гэдэс хэсэг рүү 1-2 удаа цохиход тэнд байсан хүмүүс Мөнх-Од бид хоёрыг салгаад хоёр тийш нь хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-10-11/,
4. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Б.Буянхишигийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай:
1. Магадлуулагчийн биед дээд зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана.
5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-18-19/,
5. Хохирогч Б.Мөнх-Одын “2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хишиг-Өндөр сумын 5-р багт бусдад зодуулсан.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, эмчилгээний зардалд 270 700 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар ирүүлсэн 8 ширхэг Е баримт, 1 ширхэг орлогын баримт /хх- 52-54/,
Шүүгдэгч Ж.ММиргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-42/ болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-43/, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын *-р багийн Засаг даргын 01/01 дугаартай тодорхойлолт /хх-4/, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 374 000 төгрөгийн хохирол төлсөн Хаан банкны баримтын хуулбар /хх-50/, хохирогч Б.Мөнх-Одоос “...Би хохирлоо барагдуулсан учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, хавтаст хэргийн материалтай танилцахгүй” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ж.Мнь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын * дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт Б.Мөнх-Одыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.ММгэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Б.Мөнх-Одын “...Мөнхжагаа /Мөнхжаргал/ нь миний хажуугаар явган явж байгаад ирээд намайг зүгээр байгаач гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн чинь Мөнхжагаа нь эхлээд миний хамар руу цохисон ба цусаа гоожуулаад зогсож байтал миний ам руу нэг удаа өшиглөж миний дээд талын үүдэн шүдийг цохиж хөдөлгөсөн юм.” гэх, гэрч Б.Мөнгөншагайгийн “...Мөнхөрөө /Мөнх-Од/ нь Мөнхжаргалын араас очоод хэл амаар доромжилж байгаад Мөнхжаргалыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан чинь Мөнхжаргал нь зөрүүлээд Мөнх-Одын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь Мөнх-Одын хамраас цус гоожсон чинь Мөнх-Од босож ирээд машины толинд цусаа арчаад Мөнхжаргалыг хэл амаар доромжлоод байж байтал Мөнхжаргал нь дахиад нэг удаа Мөнхөөрөөгийн нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг, яллагдагч Ж.ММ“...Мөнх-Од нь миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон чинь удалгүй хамар, ам хэсгээс цус гараад байж байтал Мөнхөрөө нь цус арчиж дуусаад дахин бид хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдож байхад Мөнхөөрөө миний дээр гарч толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон ба би доороос нь түлхэж гараад зодоон дууссан ба би гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлгүүдээр, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Б.Буянхишигийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай гэсэн дүгнэлт, хохирогч Б.Мөнх-Одын “2021 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Хишиг-Өндөр сумын 5-р багт бусдад зодуулсан.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл болон хохирогч Б.Мөнх-Одын Орхон аймгийн Эмаль эмнэлгийн үзлэгийн төлбөрийн Е баримт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ж.ММүйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.ММөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.ММөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас Б.Мөнх-Одын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Мөнх-Од нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх 270 700 төгрөгийн 8 ширхэг Е баримт, 1 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтаар гаргаж өгч шүүгдэгч Ж.Мнь 374 000 төгрөг өгсөн /хэргийн 50 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ж.ММөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Мнь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4/83 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.ММөнхжаргалд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд сар 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Мнь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Мнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Мнь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.ММөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.ММөнхжаргалд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 150.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ММөнхжаргалд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 150.000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнх-Од нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ММөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ