Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сүхбатад холбогдох эрүүгийн 2115000000192 дугаартай, 163/2021/00174/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, “....” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... овогтой Бат-... /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Снь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын *-р баг Гуртын ** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2115000000192 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч А.Аы өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхээ хогийг ачиж хогийн цэг дээр аваачиж хаяад Цогоо ахын дугуй засварын гадаа буугаад явж байтал “Өгөөмөр” дэлгүүрийн урд Сүхбат гэх хуучны танилтайгаа таараад бид хоёр Сүхбатын гэрт нь очиж пиво уугаад байж байхад гаднаас Энхбаяр гэх залуу орж ирээд 3-уулаа пиво ууж байгаад Энхбаяр шээх гээд гараад явсны дараа намайг Сүхбат гэх залуу гэнэт уурлаад миний хамар тус газар гараараа 6-7 цохисон. Тэгээд Энхбаяр гаднаас орж ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

2. Гэрч П.Ариунсайханы өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 06-ны орой 19 цаг 25 минутад 88192166 гэсэн дугаараас эмнэлгийн хүлээн авахад хүнд зодуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу 19 цаг 30 минутад Хутаг-Өндөр сумын 1-р баг Хангайн 801 тоотод очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Намайг анх очиход нүд нь хөхөрсөн, хамар нь мурийсан, толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

3. Гэрч Э.Энхбаярын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хутаг-Өндөр сум 1-р баг 2 дугаар хороо Гуртын 13-13 тоотод гэртээ байхад 16 цагийн үед Сүхбат ах 88209743 дугаараар залгаж манайд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би 16 цаг 30 минутын үед Сүхбат ахын гэрт очсон. Намайг очиход Сүхбат ах нэг танихгүй хүнтэй пиво уугаад сууж байсан... дэлгүүр ороод хоёр ширхэг 2.5 литрийн “Нийслэл “нэртэй пиво аваад ороод ирсэн. Тэгээд бид гурав пивоо хувааж ууж байгаад би гадаа гараад бие засах газар ороод тамхи татаад буцаад гэрт нь ортол Сүхбат ах хамт ууж байсан Адуучин гэх залууг нүүр рүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод салгахад дахиад цохих гээд дайраад байхаар нь би болиулаад Адуучин гэх залууг гэрээс нь авч гараад цусыг нь арилгаад буцаж гэрт нь ороход Сүхбат ах Адуучин гэх залууг пиво уух уу гэж асуусан уухгүй толгой өвдөөд байна гэснээ гараад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

4. Яллагдагчаар Б.Смэдүүлэхдээ: “...А.А бид хоёр “Нийслэл” нэртэй 2,5 л 3 сав пиво хувааж ууж дуусгаад дахиж би ганцаараа “Өгөөмөр” нэртэй хүнсний дэлгүүр орж “Нийслэл” нэртэй 2,5 л 2 сав пиво аваад гэртээ ирэхэд А.А манайд сууж байсан. Тэгээд сууж байхад манай хуурай дүү Энхбаяр чихэвчээ авах гээд орж ирэхдээ 2 аяга пиво уусан. Би найз охинтойгоо утсаар ярьж байхад манай найз охин гар утсаа таслаад байсан. Тэгсэн чинь А.А надад хандан “наадах чинь ямар сонин охин бэ” гээд сонин зүйл яриад байхаар нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад А.Аы хамар болон нүд хэсэгт нь 5-6 удаа цохиж байхад гаднаас Энхбаяр орж ирээд намайг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 211 дугаартай:

1. Магадлуулагчийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Снь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын *-р баг Гуртын ** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч А.А, гэрч П.Ариунсайхан, Э.Энхбаяр нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон А.Аы биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт олон тооны цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 211 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Гантулга дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Снь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын *-р баг Гуртын ** тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Сн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Сн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Снь 1 000 000 төгрөгийн хохирол төлсөн учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/79 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Сн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Сүхбатад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Б.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Снь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч ... овогт ...ийн С...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Б.Снь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ