Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

            Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бид холбогдох эрүүгийн 2115000000219 дугаартай, 163/2021/0195/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ..... оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй, А... овогт Д.. Б..., /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” * дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт хохирогч Б.Бийн эзэмшлийн алдуул малаас 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 690 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд хонио хашихад цэнхэр будагтай хонь манай хонинд нийлсэн байсан. 9 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед хонио хашсан. Тэгээд нэлээн өтсөн 2 хонийг авч үлдсэн. Мөн цэнхэр будагтай хониноос 5 хонийг авч үлдсэн. Эхлээд айлын 5 хонины амийг тасалсан. Гэр бүлийнхээ хүнээр гэдсийг нь цэвэрлүүлэх гэсэн боловч уурлаад цэвэрлээгүй гэдсийг нь хаясан. Тэгээд байж байтал хамаатны дүү Чинзориг ирэхээр нь 2 хонины арьсыг хуулуулсан. Тэгж байтал хонины эзэн Батбаатар ирсэн. Тэгээд хониноосоо Батбаатарын 131 хонийг гаргаж өгсөн. Нөгөөдөр нь Батбаатарын хониноос өөрийнхөө 2 хурга, 1 ишгийг ялгаж авсан. Үнэлгээ гарахаас өмнө төлбөрт нь 1 000 000 төгрөг төлсөн гэв.

1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бийн өгсөн “... Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Ц.Батбаатар Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” * дугаар багийн нутаг Цувраагийн хоолой гэдэг газар бэлчээр дээрээ хонио тоолтол 120 гаран хонь, гаран ямаа байхгүй байна гэж утсаар хэлсэн тэгтэл удалгүй манай нөхөр дахин над руу залгаад чи Бааскагийн гадна хурдан хүрээд ир гэж утсаар хэлэхээр нь би 16 цагийн үед Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” * дугаар багийн нутаг “Улаан хэрэм” гэх газарт оршин суудаг Д.Б гэх айлын гэрийн гадна очтол Баасандорж нь манай алга болсон хонь, ямааг хониндоо нийлүүлчихсэн манай хониноос 5 хонийг Д.Б, танихгүй нэг залуугийн хамт амийг нь тасалчихсан хийж байсан. Тэгээд манай 5 хонийг хийгээд махыг нь гулуузлаад цагаан өнгөтэй ачааны машинаасаа өлгөчихсөн байсан. ... Нөхөр бид хоёр өнөөдөр Д.Б гэх айлын хонин дунд байсан өөрийнхөө хонийг тоолоход 44 хонь, 45 хурга, 2 ямаа, 41 ишиг байсныг ялгаж авсан юм. Нийт 132 тооны бог мал байсан, ... 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн орой Д.Б манай нөхөр Батбаатар хоёр хонио бүртгэхэд манай хонинд Д.Бийн 1 хонь, 4 ишиг нийлчихсэн байсан тэгэхээр манай хонь Баасандоржийн хонь хоёр нийлээд шүргэлцсэн байх гэж бид нар бодож байгаа ...Д.Б нь миний 5 тооны хонины хохирол барагдуулсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг, /хх-н 53-55, 58-59/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Оюунчимэгийн өгсөн "... Би 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө нөхөртөө манай хонинд цэнхэр будагтай айлын хонь нийлчихсэн байна гэж хэлж байсан. Манай нөхөр Баасандорж 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед хонь авч гэрийн гадна ирэхээр нь би айлын хонь гэж санаанд ороогүй тэгээд манай нөхөр намайг дуудаад хонины гэдэс цэвэрлэ гэхээр нь гэрээсээ гараад хартал манай хонь биш байхаар нь би уурлаад, чи айлын хонь ямар юмаа хийгээд гаргаад байгаа юм би гэдэс арилгахгүй гээд маргаад хэрэлдэж маргалдсан бас боль боль гэж хэлсэн .. гэх мэдүүлэг, /хх-н 67-69/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Батбаатарын өгсөн "... Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн орой хонио хураахад арай цөөхөн харагдаад байсан тухайн үед хонь дутуу байна гэж бодоогүй тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр адуундаа явж байгаад адуугаа хаваржаа руугаа ойртуулаад хонио олж ирэх гээд хонин дээрээ очоод тууж яваад бүртгэсэн чинь манай хүрэн хүзүүтэй эр хонь бас хурга, ишиг дутуу байсан тэгэхээр нь би эхнэр лүүгээ залгаад манай хонь дутуу байна би хайхаар явлаа гээд хонио хайгаад явсан. Тухайн үед манай хониноос 130 гаран хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн бог мал байхгүй байсан. Тэгээд би алга болсон хонио хайгаад явж Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багт оршин суудаг Баасандоржийг хонийг Айдагийн даваа буюу өвөлжөөнийх нь бэлд байхад нь хартал дотор нь манай хонинууд явж байхаар нь Баасандоржийнд очиж хонио ялгаж авъя гэж хэлэх гээд гэрт нь очтол гэрийнхээ гадна манай 5 тооны хонийг төхөөрчихсөн 3 хонины махыг нь машинаасаа өлгөчихсөн, 2 хонийг нь газар амийг нь тасалчихсан арьсыг нь хуулж байсан тэгээд намайг хараад гэр лүүгээ гүйгээд орсон. Тэгээд би хонио харчихаад гэр лүү нь араас нь ороод “манай хонь алга болчхоод хайгаад явж байсан чинь тал нь танай хонинд байна зарим нь танай гадаа байна” гэж хэлсэн чинь “за хөгшөөн муухай юм боллоо би банкны мөнгө хийх гээд” гэж хэлсэн, ...Манай хонь Баасандоржийн хонь хоёр 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нийлсэн юм шиг байна лээ, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн орой Д.Бтой хамт манай хонийг үзэхэд Д.Бийн хониноос манай хонинд 4 ишиг, 1 хонь нийлсэн байна лээ. Д.Б завтай болохоороо ирж авна гэсэн. Тэгэхээр Баасандорж манай хоёрын хонь нийлээд шүргэлцсэн юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-н 72-74, 85-86/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Чинзоригийн өгсөн "... Би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед ах Д.Бийнхоо үхрийг хариулахаар яваад өдөр 13 цаг өнгөрч байхад Баасандорж ахын гэрт ирэхэд Д.Б ах 5 тооны хонь уначихсан, төхөөрчихсөн байсан тэгээд намайг Баасандорж ах хамт энэ хонинуудын арьсыг нь хуулаадах гэсэн тэгээд би 3 хонины арьсыг нь хуулсан. Тэгээд байж байтал тэр хонины эзэн гэх эрэгтэй хүн ирсэн. Би хэний хонь ямар учиртай хонь гэдгийг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг, /хх-н 93-95/,

5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хонинд үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 3-26, 36-40/,

6. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21/224 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “...хязаалан эр хонь 1, эм хонь 1, эр төлөг 3 нийт 5 тооны хонины зах зээлийн үнэлгээ нь 690.000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт, /хх-н 102-103/,

7. Яллагдагч Д.Бийн өгсөн “...хонио хашсан чинь манай хонин дунд цэнхэр будагтай цөөхөн тооны хонь нийлчихсэн байсан. тэгээд би өөрийнхөө хонины өтгийг нь цэвэрлээд зарим нэг доголон хонинд тариа хийчихээд гаргасан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бэлчиж байгаа өөрийнхөө хонийг хаваржааны хашаандаа хашаад өөрийн өтчихсөн эм хонийг гаргачихъя гэж бодоод хашаандаа авч үлдсэн, мөн цэнхэр будагтай хониноос 3 төлөг, эм хонь, хязаалан хонийг авч үлдээд, эхлээд цэнхэр будагтай хонийг гэрийн гадаанаа тууж аваачаад цэнхэр будагтай 5 хонийг нядлаад байж байтал манай багийн Батбаатар мотоциклтэй ирээд тэр нядалсан 5 хонийг хараад манай хонь байна гэж хэлэхээр нь би Батбаатараас уучлалт гуйгаад, би энэ хонинуудыг чинь төлж өгөөд хохиролгүй болгож өгье гэж хэлсэн чинь Батбаатар манай хонь танай хонин дунд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-н 114-115/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 130-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 129-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 128-р хуудас/, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 121, 122-р хуудас/, Д.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баяннуур “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт хохирогч Б.Бийн эзэмшлийн алдуул малаас 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 690.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт хохирогч Б.Бийн эзэмшлийн алдуул малаас 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 690.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б, гэрч Т.Оюунчимэг, Ц.Батбаатар, Б.Энхтуяа, Ц.Цэндээхүү, Ч.Чинзориг нарын мэдүүлгүүд, хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тольдох өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт хохирогч Б.Бийн эзэмшлийн алдуул малаас 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 690.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг буюу алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх ба хохирлын хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан ноцтой эсхүл их хэмжээний хохирлын шинжгүй байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бийг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Бт 5 тооны хонь буюу 690 000 төгрөгийн хохирол учирч хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж, шүүгдэгч Д.Б нь 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 132-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх  төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт хохирогч Б.Бийн эзэмшлийн алдуул малаас 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Д.Бийг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох саналтай гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн учир холбогдлыг ойлгосон гэжээ.

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзэх  байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Бийн хөрөнгө, орлого болон торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв. 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 4. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэг хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ