Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         “М х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Э.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М х” ХХК

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны улсын байцаагч Э.Эрдэнэтуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 420 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А,

Хариуцагч Э.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

Хэргийн индекс: 128/2022/1037/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “М х” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны улсын байцаагч Э.Эх олбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр

 

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тус тус заасныг баримтлан “М х” ХХ-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороо, тус хорооны улсын байцаагч Э.Э холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1“...албан шаардлага, тогтоолууд нь ижил үндэслэлтэй байдаг бөгөөд тодруулбал, нэхэмжлэгчийг үндсэндээ 4 багц зөрчил гаргасан гэж үздэг. Анхан шатны шүүх эдгээр зөрчил тус бүрийг дүгнэж, улмаар тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгчийг гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэн брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх дээрх тогтоол, түүний үндэслэлийг зөв дүгнэсэн атлаа уг тогтоол гарах эрх зүйн үндэслэл болсон улсын байцаагчийн 70 дугаар албан шаардлагад эрх зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэт хийгээгүй. Албан шаардлагад дурдагдаад байгаа бүх зөрчилд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолын үндэслэлд нэгэн адил хамааралтай тул эдгээр маргаан бүхий актууд өөр өөр байдлаар дүгнэгдэх боломжгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг харилцан хамааралгүй мэтээр, өөр өөрөөр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

3.2.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу манай компанид хяналт шалгалтыг явуулсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэнэ гэж заасан. Удирдамжийн 4.1-д зааснаар шалгалтын үр дүнд гарсан улсын байцаагчийн 70 дугаар албан шаардлага нь ажлын 10 хоногт багтаан 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр албажиж гарах ёстой байхад тогтоосон хугацааг 9 хоногоор хэтрүүлсэн нь үндэслэлгүй юм. Албан шаардлага нь тогтоосон хугацаанаас хэтэрч гарсан тул маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

 

Иймд дээрх улсын байцаагчийн албан шаардлага нь анхнаасаа гарах эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан брокерын хууль тогтоомж, хорооноос баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй нь тус компанид хийсэн шалгалтын тайлангаас илэрхий харагдаж байна.

 

4.2.“Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4 дэх заалт нь брокерын компани дотоод хяналтын орон тооны ажилтантай байх бөгөөд тус ажилтан нь дотоод хяналтаас өөр ажил үүргийг хавсран эрхэлдэггүй байна гэсэн шаардлагатай ба газар дээр нь шалгалт хийх үед “М х” ХХК нь дотоод хяналтын ажилтангүй буюу уг журмын шаардлагыг хангаагүй байсан.

 

4.3.“М х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь журмын 2.1.5.4-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал ...нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, ...байх” гэсэн нөхцөл шаардлагыг зөрчсөн буюу “И м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байсан бөгөөд мөн журмын заалтын “өөр байгууллагад” гэсэн  нь ижил төрлийн болон өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс үл хамааран өөр байгууллагад давхар үндсэн ажилтнаар ажиллахгүй байх шаардлага юм. Мөн Г.Б нь “И м” ХХК-иас 2022 оны 7 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тус этгээдийг тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаггүй гэдгийг, мөн тухайн этгээдийг тус компаниас цалин авдаггүй гэдгийг нотлох боломжгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанаас үзвэл “И м” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эцсийн өмчлөгчийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан боловч гүйцэтгэх захирлын мэдээлэлдээ өөрчлөлт оруулаагүй байгаагаас Г.Б нь “И м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг нотолж байна.

 

4.4.Шалгалт хийх үед нэхэмжлэгчийн программ хангаж худалдах худалдан авах гэрээний хугацаа дууссан байсан бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн программын сунгалт хийсэн гэх баримтаас тус гэрээний хугацааг сунгасан эсэх, программ хангамж нь ажиллаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй буюу журмын 2.10.4-д заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.5.Тус компанийн брокер Э.М гүйцэтгэх захирал эзгүй байгаа, би итгэмжлэлтэй гэх тайлбарыг шалгалтын ажлын хэсэгт өгсөн бөгөөд итгэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн. Гэвч уг итгэмжлэл нь “И м” ХХК-ийг төлөөлөх эрх олгосон байсан. Харин “М х” ХХК-ийн төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг нэхэмжлэгчээс өмнө нь Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн.

 

4.6.Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 70 дугаар албан шаардлагад журмын нэрийг дутуу бичсэн техникийн алдаа гаргасныг хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд шалгалтын тайлангийн 3.6-д 2021 онд ирүүлбэл зохих тайлангуудыг ирүүлж амжаагүй талаар дурдсан. Шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч үнэлээгүй.

 

4.7.Хариуцагчийн зүгээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2, 30.1.3-д заасныг тус тус үндэслэн “М х” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл шүүхээс зарим зөрчлүүдийг арилгаагүй хэдий ч энэ нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч буй этгээд нь хууль журмаар тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг анх авахдаа болон цаашид үйл ажиллагаа явуулахдаа байнга хангаж ажиллах үүрэгтэй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн этгээд гаргасан зөрчил дутагдлаа бүрэн арилгаж, цаашид үйл ажиллагаа явуулахад тавигдах бүх нөхцөл шаардлагыг хангах ёстой. Нэхэмжлэгч нь шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг бүрэн гүйцэт арилгаагүй бөгөөд тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг ч удаа санхүүгийн тайландаа аудит хийлгэж, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Брокер нь харилцагч үйлчлүүлэгчид санхүүгийн үйлчилгээ буюу харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг үзүүлдэг. Харин Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй этгээд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй. Гэтэл шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь брокерын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй компанийг харилцагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч буй явдал юм.

 

   Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн хувьд:

1.1.“М х” ХХК-ийг 4 багц зөрчил гаргасан гэж үзэн тухайн зөрчлийг арилгуулахаар хугацаатай 70 дугаар албан шаардлагыг Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус компанид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх албан шаардлагыг “...хяналт шалгалтын хугацаанд гаргаагүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт” гэж  үзэн маргажээ.

1.2.Анхан шатны шүүх “...хянан шалгагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих эрхтэй, ...хэдийгээр шалгалтын тайланг танилцуулах хугацааг 1 хоногийн дараа хэлэлцүүлсэн нь хэдий ч энэ нь тухайн актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” гэх дүгнэлтийг хийж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

1.3.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 25.1.5-д шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах” гэж тус тус зааснаас үзвэл Хорооны даргын томилсон хянан шалгагч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийж, уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах ажлыг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

1.4.Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 89 дүгээр тушаалаар хариуцагч үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх нэр бүхий 9 хуулийн этгээдэд газар дээр нь хяналт шалгалт хийхээр, уг хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-22 өдрүүдэд хийж, дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулахыг үүрэг болгосон байна.

1.5.Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч тус хорооны даргын тушаалд заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулж, дүгнэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр танилцуулсан нь маргаж буй 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэл биш төдийгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...70 дугаар албан шаардлага нь ажлын 10 хоногт багтаан 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр албажиж гарах ёстой байхад тогтоосон хугацааг 9 хоногоор хэтрүүлсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

1.6.Өөрөөр хэлбэл илт  хууль бус захиргааны акт нь хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул дүгнэлтийг хугацаа хэтрүүлэн танилцуулсан, албажуулсан гэх үндэслэлээр шүүхээс илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй юм.

1.7.Мөн нэхэмжлэгчээс маргаж буй 70 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, түүнийг үндэслэн гарсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэл болон үр дагавар нь өөр тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын 3.1-д “...Албан шаардлагад дурдагдаад байгаа бүх зөрчилд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолын үндэслэлд нэгэн адил хамааралтай тул эдгээр маргаан бүхий актууд өөр өөр байдлаар дүгнэгдэх боломжгүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг харилцан хамааралгүй мэтээр, өөр өөрөөр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэснийг хүлээн авахааргүй байна.

2.“Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн тухайд:

2.1.Маргаж буй дээрх 70 дугаар албан шаардлагад дурдсан 4 багц зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй гэж үзэн хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 331 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, улмаар “М х” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 493 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.2.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчээс хяналт шалгалтаар ирүүлсэн зөрчлөөс дийлэнх олонхыг нь арилгасан, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргаагүй, харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байхыг брокероос бусад ажиллагсдын албан өрөөнөөс тусгаарлаагүй гэх зөрчлүүдийг арилгаагүй хэдий ч энэ нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл биш, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасан зөрчлийг арилгаагүй, сэргээлгэх хүсэлтийг ирүүлээгүй, 30.1.3-д заасан удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн гэх үндэслэлд дээрх зөрчлүүд хамаарахгүй” гэх дүгнэлтийг хийж тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна гэж шүүх үзлээ.  

2.3.Тодруулбал, нэхэмжлэгч нь албан шаардлагад дурдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.1.5.4, 2.10.2, 2.10.4, 2.13.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

“Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.3-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос мэргэжлийн эрх олгох журмын дагуу эрхлэх ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан байх”, 2.1.4-д “Дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байх бөгөөд тухайн ажилтан нь энэ журмын 2.1.3-д заасан эрх авсан, гүйцэтгэх захирал, брокер, дилер, үнэлгээ, төсөл, судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлийн ажил үүргийг хавсран эрхэлдэггүй байх” гэж тус тус зааснаас үзвэл Хорооноос зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд нь дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байх бөгөөд уг ажилтан нь холбогдох эрх авсан, бусад гүйцэтгэх захирал, брокер, дилер, үнэлгээ, төсөл, судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлийн ажил үүргийг хавсран эрхэлдэггүй байхыг шаарджээ.

2.4.Хэргийн энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...журмын зохицуулалт нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн тухайд хамааралтай байхаас бус харилцан хамааралгүй, үйл ажиллагааны чиглэл өөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт биш” гэх дүгнэлтийг хийснийг буруутгаж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын 4.2-т дурдсаныг хүлээн авах боломжгүй.

Дээрх журмын 2.1.5.4-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь өөр байгууллагын үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэж заасан бөгөөд хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Б нь “И м” ХХК, “М х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байх ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

   2.5.Гэхдээ маргаж буй Санхүүгийн зохицуулах хорооны 331 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сараас эхлэн “И М” ХХК-аас цалин аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, зөвхөн “М х” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө гүйцэтгэх захирал өөр байгууллагын үндсэн ажилтнаар давхар хөдөлмөр эрхэлж буй эсэхийг тогтоохгүйгээр дээрх баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасныг зөвтгөх боломжгүй төдийгүй энэ талаар гаргасан давж заалдах хүлээн авахааргүй байна.

2.6.Журмын 2.10.2-т брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хоёроос доошгүй ажилтантай байх шаардлагыг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс шаардсан бөгөөд тус компанид үнэт цаасны зуучлалын чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан Э.М 2021 оны 7 дугаар сараас, Ц.Ц 2018 оны 04 дүгээр сараас ажилласан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02/809 дүгээр албан бичгээр нотлогдсон, тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаагүй.

2.7.Журмын 2.10.4-д “программ болон техник хангамж нь тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагааны дотоод журам, энэхүү багц дүрмийн 4 дүгээр хавсралт болох “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”, нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан шаардлагад нийцсэн, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргах бүрэн боломжтой бөгөөд харилцагчтай байгуулсан гэрээ, харилцагчийн бүртгэл, тэдний хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох гүйлгээний мэдээллийг хадгалах, мэдээлэл өгөх бэк оффисын /back office/ программ хангамжтай байх” гэж заасан ба хариуцагчаас хяналт шалгалт хийх явцад худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссан гэж үзсэн байна.

   Хэдийгээр программ хангамж худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссан ч нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “ECM” ХХК-д программын хураамжид 106 000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн энэ тохиолдолд тухайн зөрчлийг гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

2.8.Журмын 2.13.2-т “хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулах гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах орон тооны хуулийн мэргэжилтэнтэй байх”, 2.13.3-д “эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм журам нь тодорхой, энэ чиглэлээр мэргэжлийн, чадвартай хүний нөөцтэй байх” гэж заасныг анхан шатны шүүх “...Г.Б хуульд заасан үндэслэл журмын дагуу итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийн дагуу дээрх тушаалыг гаргасан, улмаар тухайн тушаалаар зөрчлийг арилгасан гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийг хийж, зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт нотлох баримтаар Г.Б 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.М итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд Д.Б дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дотоод хяналтын ажилтнаар, Д.У хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулах гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах ажилд тус тус томилж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, энэ талаарх баримтыг хариуцагчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

2.9.Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу зохих тайлангуудыг ирүүлээгүй гэх зөрчилтэй холбогдуулан хуульд байхгүй заалтуудыг хэрэглэсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор баталсан “мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын аль заалтыг нэхэмжлэгч зөрчсөн талаар маргаан бүхий актад тодорхойлоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байхад энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн гаргасан гэх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, журмын 2.10.3-т заасныг зөрчсөн зөрчлүүд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, бүртгүүлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах ноцтой, удаа дараа гаргасан зөрчил хэмээн үзэхээргүй байх тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

  Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН