Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Энхмандах |
Хэргийн индекс | 134/2016/0047/Э |
Дугаар | 48 |
Огноо | 2016-07-18 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 48
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж
Нарийн бичгийн дарга:А.Энхбаяр
Улсын яллагч Б.Мөнхдөл
Хохирогч Ж.Туяацэцэг
Шүүгдэгч: Ц.Батболд, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овогт Цэрэнбалжидын Батболдод холбогдох 201608000061 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, хадам эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 37-50 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Тайж овогт Цэрэнбалжидын Батболд /РД:ЧО73090771/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Ц.Батболд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 252/417 дугаартай шонгийн ойролцоох зам дээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчимд Т.Аксо маркийн 15-30 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврий хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ш.Ариунболдыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Батболд нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 252/417 дугаартай шонгийн ойролцоох зам дээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчимд Т.Аксо маркийн 15-30 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврий хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ш.Ариунболдыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж байх замд Шивээговь сумын пост дөнгөж өнгөрөхөд том тэрэг урдаас ирж явсан. Би гэрлээ шилжүүлээд хурдаа хасаад дөнгөж зөрөөд өнгөртөл миний урд зорчих хэсэг дээр гараа алдлаад буруу хараад зогсож байгаа хүн дөнгөж харагдаад торомс гишгээд мөргөсөн. Цаанаас ирж байхдаа 70-80 км цагийн хурдтай явж байсан. Том тэрэг урдаас ирж байх үед гэрлээ шилжүүлээд хурдаа хасаад 50-60 км цагийн хурд руу орсон. Зам үзэгдэх орчны хувьд жаахан шуургатай байсан. Тэгэхдээ зам сайн харагдаж байсан. Том тэрэгтэй зөрөх үед үзэгдэх орчин жаахан бүдгэрсэн тэгээд л шууд мөргөсөн. Бууж очоод үзтэл ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь Говьсүмбэр аймгийн түргэн, цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Энэ осолын улмаас хүний амь эрсдсэнд үнэхээр их харамсаж байна. Оршуулгын зардалд зарцуулсан 5,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа учраас хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсч байна гэв.
2. Хохирогч Ж.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нөхрийн амь эрсдсэн маш их харамсаж байна. Энэ хүнд гомдол санал байхгүй. Надад боломжоороо туслаж оршуулгын зардлыг гаргаж өгсөн. Үүнээс хойш манай нөхөрийн нэр байсан банкны зээлийг төлнө гэж гэрээ хийсэн. Миний 6 настай охиныг харж, туслаж байна гэж хэлсэн. Өөр надад хэлэх зүйл алга гэв.
3. Гэрч 1964 онд төрсөн. Орхон аймгийн Орхон сум, 5 дугаар баг, Лүнгийн задгайд оршин суух, Л.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг их удалгүй талийгаачийг зам дээр зогсож байхад урдаасаа засмал замаар дахиад нэг машин болон хойноосоо нэг том машин ирж байгаа харагдсан. Тэгэхэд талийгаач урдаас ирж байгаа машиныг зогсоохоор гараа өргөөд зогсож байсан. Тэгээд намайг жолоочийн хажууд сууж байхад Октябрь Ариунболдыг машин дайрчихлаа гэж хэлсэн. Би бол яг мөргүүлэхийг нь хараагүй. Талийгаачийг мөргүүлсний дараа машинаасаа бууж зам дээр ирж үзэхэд талийгаач машинаас хойш 10 орчим метрт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 дугаар хуудас/
4. Гэрч 1975 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Хээнций гэх газар нутаглах, Ш.Октябрь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг их удалгүй талийгаачийг зам дээр зогсож байхад урдаасаа засмал замаар дахиад нэг машин болон хойноосоо нэг том машин ирж байгаа харагдсан. Тэгэхэд талийгаач урдаас ирж байгаа машиныг зогсоохоор гараа өргөөд зогсож байсан. Яг тэр хоёр машин зөрж таараад талийгаачийг урдаас ирж байсан жижиг тэрэг мөргөөд зогссон. Тэр машинд мөргүүлээд талийгаач жолоочийн талын урд шилэн дээр тохогдчихсон юм шиг харагдаж байсан. Тэгэхэд би машинтайгаа замын хажуунаас харсан. Талийгаачийг машин зогсоочихлоо гэж бодоод хөдөлсөн юм. Нагац ах Гансүх миний машинд байсан. Талийгаачийг мөргүүлсний дараа машинаасаа бууж зам дээр ирж үзэхэд талийгаач машинаас хойш 10 орчим метрт хэвтэж байсан. Тэр мөргөсөн машины хүмүүс та хоёрын таньдаг хүмүүс юм уу гэхээр нь би танихгүй юм байна гэж хэлээд машиндаа хоёулаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд явж байхад хоёр гутал нь замын хажууд байсан. Яагаад танихгүй гэж хэлсэн бэ гэхээр намайг машинаас бууж очиход талийгаачийг нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хөл нүцгэн гуталгүй байхаар нь би таниагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 дүгээр хуудас/
5. Гэрч 1977 онд төрсөн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 19-р хороолол 37-50 тоотод оршин суух, М.Мөнхчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр машин бариад би жолоочийн хажууд суугаад манай нөхрийн ахын эхнэр Сарантуяа арын суудалд сууж явсан. Бид нар бүгдээрээ хамгаалах бүсээ зүүсэн байсан. Тэгээд бид нар замдаа Дорноговь аймгийн ШТС-аас машиндаа бензин хийсэн өөрөөр зогсоогүй. Тэгээд Чойр орох гээд явж байхад өөдөөс хурц гэрэлтэй том оврын ачааны автомашин замд зөрөхөд манай нөхөр гэрлээ шилжүүлж, хурдаа хасаж өнгөрөхөд миний нүд маш их гялбасан. Тэр машины улсын дугаар болон маркийг нь харж чадаагүй. Ямар ч байсан том оврын ачааны автомашин байсан. Тэр машинтай зөрөөд гэрлийн гялбаанаас гарахад яг машины өмнө замын зорчих хэсэг дээр гараа алдлаад бид хэдийн явж байгаа зүг рүү харсан явган хүн зогсож байсан. Түүнийг хараад жолооч тормоз гишгихэд машин тэр хүнийг мөргөсөн. Тэр хүн машинд мөргүүлээд жолоочийн урд талын салхивчны шилэн дээр унаад тормоз гишгихэд цааш шидэгдсэн. Тэр хүнийг мөргөчихөөд жолооч бид хоёр бууж очиход машинаас хойно 10 орчим метр газар доошоо харж унасан байдалтай толгой болон нүүрэн хэсэг нь цус болчихсон хүн хэвтэж байсан. Би бууж очоод тэр хүнийг хөдөлгөөнгүй байгаад байхаар нь та зүгээр үү гэхэд тэр хүн хариу хэлээгүй. Харин тэр хүний биед хүрээгүй. Тэгэхэд жолоч Батболд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар хэлсэн. ...Би яг тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол хараагүй. Гэхдээ тэр өдөр салхи шуурга ихтэй, бензин бага байсан учраас удаан явж байсан. Би ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байгаа. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 дугаар хуудас/
6. Гэрч 1969 онд төрсөн, Улаанбаатар хот ,Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 3-11 тоотод оршин суух, С.Сарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 04 сарын 21-ний орой 17 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орохоор 15-30 УНТ улсын дугаартай, “АКСИО” маркийн машинтай манай нөхрийн дүү Батболд түүний эхнэр Мөнхчимэг нарын хамт хөдөлсөн. Батболд машин бариад түүний хажууд Мөнхчимэг суусан. Харин би арын суудал дээр сууж явсан. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. ...Унтаж явтал гэнэт машин огцом тоормозлоход би сэрсэн. Сэрээд юу болсон талаар жолоочоос асуухад хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө хээр ямар хүн байдаг юм бэ гэхэд зам дээр хүн зогсож байгаад мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод жолоч болон Мөнхчимэг нар машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очсон. Би машинаасаа буугаагүй. Унтаж явсан болохоор би осол болох үед машин хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдээгүй. Анх Замын-Үүдээс хөдлөхөд шороон шуургатай 60 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн ослын улмаас миний биед гэмтэл учраагүй ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 дугаар хуудас/
7. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт: Ш.Ариунболдын цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний С2, С3-р нугаламын салалт, нугасны тасрал, орчмын эдийн цус хуралт, бүсэлхийн L1-р нугаламын их биеийн хугарал нугасны тасрал, орчмын эдийн цус хуралт, их тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсгийн зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дотор эрхтний доргилт, цээжний зүүн хөндий дэх 1000 мл цус хуралдалт, гол судасны дагуух цус хуралт, улаан хоолойн дээд хэсгийн гадна гадаргуу дахь цус хуралт, дэлүүний үүдэвч хэсгийн задрал, орчмын эдийн цус хуралт, баруун зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун гарын бугалга ясны дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал, баруун гарын шуу ясны ил хугарал, шууны ар дунд хэсгийн ил шарх, баруун хөлийн нарийн шилбэ ясны дунд хэсгийн ил хугарал, бүдүүн шилбэ ясны доод хэсгийн далд хугарал, орчмын цус хуралт, зүүн хөмсөгний няцарч урагдсан ил шарх, зүүн бугуйнд, зүүн гарын 4, 5-р хурууны завсраар, зүүн гарын 2, 3, 4-р хурууны 2-р үенд урагдсан шарх, зүүн хөлийн 5-р хурууны хумсны хугарал, урагдсан шарх, баруун шилбэнд цус хуралт, духны зүүн хэсгээс зүүн тийш зүүн чамархай зүүн чихний дээд хэсэг хүртэл, зүүн хацраас зүүн тийш чихний дэлбэн хүртэл, зүүн нүдний доод зовхинд, хамрын нуруунд, доод уруулын дотор салстанд, оочинд, зүүн чихний дэлбэнд, цээжинд өвчүүний зүүн талаар, зүүн талын хавирганы нумаар, өвчүүний баруун талаар 2, 3-р хавирганы түвшинд, баруун хөхний орчимд, зүүн ташаан толгойд, баруун суганы орчимд, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэний тавласан хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шилбэний тавласан хуучин зулгаралт гэмтэл нь нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн, эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл юм. Хүзүүний С2, С3-р нугаламын салалт, нугасны тасрал, орчмын эдийн цус хуралт, бүсэлхийн L1-р нугаламын их биеийн хугарал нугасны тасрал, орчмын эдийн цус хуралт гэмтэл нь учрах үедээ шууд нас баралтанд хүргэнэ. Талийгаачийн цусанд 4.5 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ш.Ариунболд нь Ва / III /бүлгийн харъяалалтай цустай байна. Талийгаачид урьд нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ш.Ариунболд нь хүзүүний С2, С3-р нугаламын салалт, нугасны тасрал, L1-р нугаламын их биеийн хугарал нугасны тасралын улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан шинжээч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 38-41 дүгээр хуудас/
8. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3705 дугаар дүгнэлт: Ш.Ариунболд гэж хаягласан цус нь АВО системээр В/ III /бүлгийн харъяалалтай байна.
Биологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Б.Оргил гэжээ. /х.х-ийн 42 дугаар хуудас/
9. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3704 дүгээр дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Ш.Ариунболдын гэх цусанд 4.5 промилли, ходоодны шингэнд 5.5 промилли спиртийн агууламж илэрсэн.
Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Батбаяр гэжээ. /х.х-ийн 43 дугаар хуудас/
10. Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №1 тоот дүгнэлт: Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад С.Мягмарын 2016.04.21-ний өдөр гаргасан ослын актад явган зорчигч Ш.Ариунболд нь 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчсөн, жолооч Ц.Батболд нь МУ-ын ЗХД-ийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж тавьсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй байна.
Явган зорчигч Ш.Ариунболд нь 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалт нь жолооч Ц.Батболдын 2016.04.22-ны өдөр авсан тайлбарт замын зорчих хэсэг дээр нэг хүн гараа алдлаад зогсож байсан., Жолооч Ц.Батболдыг 2016.05.04-ний өдөр сэжигтнийг байцаасан тэмдэглэлд Замын зорчих хэсэг дээр гараа алдлаад бид нарын явж байгаа зүг рүү буруу хараад нэг хүн зогсож байсан гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдож байна.
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчсөн нь 1. Гэрч Ш.Октябрийг 2016.04.29-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд “ Талийгаач намайг анх гэрт нь авахаар очиход архи уучихсан байсан”, “талийгаачийн аваачсан архийг хувааж уугаад”, 2. Гэрч Л.Гансүхийн 2016.04.27-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэлд “Тэр 2 очихдоо нэг шил 0.75 литрийн архитай очсон. Тэр архийг талийгаач бид хоёр хувааж уусан”, 3. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.05.03-ны өдрийн 11 дугаартай шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Л.Жаргалтогтохын “Шинжээчийн дүгнэлт” 5 дугаар хариултанд “Талийгаачийн цусанд 4.5 промиллийн этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” зэргээр тогтоогдож байна.
Явган зорчигч Ш.Ариунболд нь 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг,
Жолооч Ц.Батболд нь МУ-ын ЗХД-ийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон.
Шинээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шинжээчийн дүгнэлт гаргасан: а/х Ж.Эрдэнэ-Очир, автын инженер С.Энхтөр, автын инженер Д.Доржпүрэв гэжээ. /х.х-ийн 53-55 дугаар хуудас/
11. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар дүгнэлт: Ц.Батболдын биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 59 дүгээр хуудас/
12. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дүгээр дүгнэлт: С.Сарантуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 61 дүгээр хуудас/
13. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар дүгнэлт: М.Мөнхчимэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 63 дугаар хуудас/
14. Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 007/041 дүгээр дүгнэлт: Талийгч Ш.Ариунболдын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Папилон санд байгаа эзэнгүй хэргүүдийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
Криминиластикийн ахлах шинжээч ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /х.х-ийн 67-69 дүгээр хуудас/
15. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр дүгнэлт: Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн дарга Ж.Эрдэнэ-Очир, тус аймгийн Авто тээврийн төвийн дарга С.Энхтөр, “Талст-Занар” авто жолооны курсын захирал Д.Доржпүрэв нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №1 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
Явган зорчигч Ш.Ариунболд нь 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Ш.Ариунболд нь МУ-ын ЗХД-ийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг 15-30 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Батболд нь МУ-ын ЗХД-ийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан болсон байна. 15-30 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Батболд нь осол болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг тодорхойлвол 56.57 км цаг байна.
Дүгнэлт гаргасан: ахлах дэслэгч Б.Ариунболд, ахмад Н.Шинэбаатар, ахлах дэслэгч Д.Батзориг, ахмад Б.Батзориг, ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 71-75 дугаар хуудас/
16. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3366 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн TOYOTA AXIO маркийн 15-30 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны болон явах эд анги ажиллаж байна. Тоормосны болон явах эд анги гэмтэлгүй байна. Автомашины тоормосны болон явах эд анги ажиллаж байх тул осолд нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Автомашинаас 3.7 литр шатахуун гарч байна. Шатахуун хадгалах савыг авах боломжгүй тул шатахуун хадгалах саван дахь бүрэн үлдэгдлийг тогтоох боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Автотехникийн лаброторийн шинжээч, дэслэгч С.Мөнхдалай гэжээ. /х.х-ийн 77-84 дүгээр хуудас/
17. Шинжээч Ж.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Хөдөлгөөний хурдыг орчны нөхцөл байдал, жолоочийн дадлага туршлага, машины бүтцийн онцлог, хөдөлгөөний нягтрал ба замын нөхцөлд тохируулах хэрэгтэй юм. Хөдөлгөөний хурд хичнээн их бол самбаачлах, шийдвэрлэх, гүйцэтгэхэд зарцуулах хугацаа маш бага байдаг учир жолоочийн ажил төдий чинээ хүндэрнэ. Нэг секундэнд 30/км/ц хурдтай яваа машин 8.3м, 60 км/ц хурдтай яваа нь 16.6м замыг туулдаг байна. Иймд шаардагдах үйлдлийг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдах нь илэрхий учир зогсооход тохиромжтой хурдыг сонгож явах хэрэгтэй юм. Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал, бусад тээврийн хэрэгслийн хурд болон хажуу хоорондын зайнаас хамааруулан хөдөлгөөний эрчмийг тооцож өөрийн баримжаар хурдыг сонгоно. Жолооч хурдаа сонгохдоо тээврийн хэрэгслийн төдийгүй явган зогчигчийн хөдөлгөөний нягтрал болон эрчийг тооцох, мөн явган зорчигч гэнэт гарч ирж болзошгүй гэдгийг санаж анхаарлаа төвлөрүүлж явах, гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж зогсоох хэмжээний хурдыг хэлнэ..” гэсэн мэдүүлэг х.х-ийн 87-88 дугаар хуудас/
18. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-12 дугаар хуудас/
19. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 13-14 дүгээр хуудас/
20. Цогцосны хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-ийн 21, 22 дугаар хуудас/
21. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /х.х-ийн 36, 37 дугаар хуудас/
22. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 97, 106 хуудас/
23. Баримт бичиг хураан авах тогтоол /х.х-ийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ц.Батболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ш.Ариунболдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Батболд нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч Ж.Туяацэцэгт 5 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Ц.Батболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Батболдын №073247 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайж овогт Цэрэнбалжидын Батболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ш.Ариунболдын амь насыг хохироосон гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ц.Батболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батболдод оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Батболд нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Батболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Батболдын 073247 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Батболдод оногдуулсан 03 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 02 /хоёр/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ