Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2а хэсэг гудамж, 34 тоотод оршин суух, Энхмэнд овогт Базаррагчаагийн Наранцэцэг /РД:УВ62022703/-ийн хүсэлттэй,

ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 1982 оны 7 сарын 01-ний өдрөөс Ажилчны районы нэгдсэн эмнэлгийн харьяа шувуу фабрикийн хүний их эмчийн салбарт сувилагчаар ажилласан. 1984 онд Туул хорооны эмнэлэг болгон нэрийг өөрчилсөн. 1986 оны 9 сарын 01-ний өдөр ажлаас гарсан тушаал мөн Туул тосгоны хүн эмнэлэгт 1992 оны 7 сард их эмчээр ажилд орсон тушаал олдохгүй байна. Тус эмнэлэгт ажиллаж байсан баримтыг шүүлгэж үзэхэд баримт огт гарч ирэхгүй байна. Иймд намайг  1982 оны 7 сарын 1-ний өдрөөс 1986 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл, мөн 1992 оны 7 сарын 01-ний өдрөөс 1996 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл Туул тосгоны хүн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор  шүүхэд хандсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Наранцэцэг нь Ажилчны районы нэгдсэн эмнэлгийн харьяа шувуу фабрикийн Туул тосгоны хүн эмнэлэгт ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын ЭХ газрын харъяа ажилчны районы нэгдсэн эмнэлгийн даргын 1983.12.27-ны өдрийн 107 дугаар шинэ жилийн баяраар ажиллах хариуцлагатай ажилчдыг томилох тухай тушаал болон хавсралт, 1983.07.07-ны өдрийн 60 дугаар хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал болон хавсралт, 1984.01.18-ны өдрийн 04 дугаар больницод тасаг зохион байгуулах тухай тушаал түүний хавсралт, 1984.07.07-ны өдрийн 68 дугаар тэргүүний тасаг хүмүүсийг шагнах тухай тушаал, Туул тосгоны хүн эмнэлгийн 1995.05.26-ны өдрийн 15 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал,  МХЗЭ-ийн гишүүний 211500 дугаартай бат илэрхийлэх, МАХН-ын гишүүний 099290 дугаартай бат илэрхийлэх, ХУД-ийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, гэрч Ю.Цэрэнханд, Т.Нямлхагва нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Энхмэнд овогт Базаррагчаагийн Наранцэцэг /РД:УВ62022703/ нь Улаанбаатар хотын ЭХ газрын харьяа ажилчны районы нэгдсэн эмнэлэгт 1982.07.01-ний өдрөөс 1986.09.01-ний өдөр хүртэл, Туул тосгоны хүн эмнэлэгт 1992.07.01-ний өдрөөс 1996.08.01-ний өдрийг хүртэл тус тус их эмчээр ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй  болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ