Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батпүрэвт холбогдох эрүүгийн 2115000000213 дугаартай, 163/2021/188/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, ээжийн хамт ... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... овогт ... /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын * дугаар багийн нутагт байх гэртээ Л.Бтай маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батпүрэвийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2115000000213 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Л.Бийн өгсөн: “...бид хэд нийлээд нэг айлын хаваржааны гадаа ууж байгаад 00 цагийн үед Батпүрэвийг гэрийн гадаа буулгаад Ариунболд ах шууд гэр лүүгээ явсан. Батпүрэвийн гэрт Пүрэвдорж, Батпүрэв, би, манай эхнэр Оюун- Отгон бид нар 2 пиво ууж манай эхнэр гэрээс гараад явсан. Би эхнэрээ бие засах гэж байгаа байх гэж бодоод хүлээгээд байсан чинь орж ирэхгүй байсан. Удалгүй Пүрэвдорж гараад явсан. Тэгээд бид хоёр үлдсэн. Өмнө нь манай ээжийн гэрт согтуу очиж хаалга үүдийг нь нүдээд айлгаад байсан гэхээр нь өмнө нь Батпүрэвтэй таараад чи ээж шигээ хүнийг зүгээр байлгаарай би чамайг гэдгийг мэдсэн шүү гэж хэлж байсан удаа байдаг юм тэрэнд л юм санаж тухайн өдөр надад дээрэнгүй зангаар харьцаж байсан. Тэрнээс болж бид хоёр муудалцаад Батпүрэв намайг ална гээд байсан. Би уурлаад чи тийм том юм уу гээд Батпүрэвт хандан босож ирээд хэрэлдэхэд Батпүрэв намайг ор луу түлхээд унагасан тэр хооронд манай хүү уйлсан. Тэгээд би хүүхдээ аваад гарахад араас миний нүд рүү цохиод авсан би уурлаад зөрүүлээд цохиж авсан. Тэгсэн Батпүрэв миний шүд рүү мөргөсөн би нүүрээ дараад суухад миний толгой нуруун тус газар гараараа цохиж байсан би больё гэж хэлээд ахынхаа гэр лүү хүүхдээ аваад зугтсан. Би одоо гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Батпүрэвээс хохирол мөнгө болох 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

2. Гэрч А.Баасансүрэнгийн өгсөн: “...Би 2021 оны 8-р сарын 21-ний шөнө 02 цагийн үед манай дүүгийн хүүхэд Банзрагч гаднаас ахаа би Батпүрэвт зодуулчихлаа гээд 2 настай охиноо тэврээд орж ирэхээр нь би гэрт нь шууд хүргэж өгөөд буцах замдаа Батпүрэв дээр очиж та нар чинь одоо юу болоод байгаа юм гэж хэлсэн. Би юу гэж Банзрагч ахыг зодох юм гэж хэлсэн. Би шууд гэртээ харж унтаж амарсан. Үүдэн хоёр шүд байхгүй амнаас нь цус гарсан байсан. Зүүн нүднээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

3. Гэрч А.Оюун-Отгоны өгсөн: “...Тэгээд хөдөө гарч айлуудаас холдож байгаад ууцгаая гээд айлын хаваржааны гадаа очиж 1 пиво задлаад ууж байхад Батпүрэв, Пүрэвдорж нар мотоциклтэй хүрээд ирсэн. Тэгээд ууж дуусаад бид хэд ярилцаж байгаад Сайхан сумын * дугаар багийн дэлгүүр лүү бид нар пиво авахаар явсан. Тэгээд дэлгүүрээс юмаа аваад айлын хашаан дээр очиж ууж байгаад орой 22 цагийн үед Батпүрэвийн гэрт очиж үлдсэн пиво уусан. Би гэртээ 23 цагийн үед л гэрт орж ирээд сууж байхад гаднаас манай нөхөр Банзрагч ах Баасансүрэнгийн хамт орж ирсэн. Амнаас нь цус гарсан урд хоёр шүд нь байхгүй байсан бас зүүн нүд нь хавдсан уруул нь домбоосон байдалтай орж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

4. Яллагдагчаар Б.Бмэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шөнө нь манайд Банзрагч эхнэр болох Оюун-Отгон, Пүрэвдорж гэх залуусын хамтаар пиво уусан. Улмаар Оюун-Отгон нь эхлээд гэрээс харилаа гэж хэлээд гараад явсан. Удалгүй араас нь Банзрагч нь харилаа гэж хэлээд хүүхдээ тэврээд гарсан. Тэгээд гадаа бороо ороод байхаар нь би хонь уруудчихаж магадгүй гээд гэрээс гартал хонины хашааг Банзрагч нь хүүхдээ тэврээд налаад зогсож байсан. Тэгэхээр нь би Пүрэвдоржийн хамтаар Банзрагчийг хүүхдийнх нь хамтаар түшээд гэр лүү нь оруулсан. Тэгтэл Пүрэвдорж би хонь луугаа явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд Банзрагч нь би харилаа гээд өндийхөөр нь би байж бай та бороонд явж яах гээд байгаа юм бэ хүүхэд чинь хатгаа энэ тэр авчихна ш дээ гэж хэлтэл чамд ямар хамаатайн гэж хэлээд миний уруул хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүг хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод нүүр хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Улмаар Банзрагч нь хүүхдээ тэврээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай:

1. Магадлуулагчийн биед баруун, зүүн дээд 1-р шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, хацар, доод уруул, эрүү, хүзүү, цээж, бугалгад язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөл үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, Халтар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Булган аймгийн Баян-Агт сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутагт байх гэртээ Л.Бтай маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Л.Б, гэрч А.Баасансүрэн, А.Оюун-Отгон нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Л.Бийн биед баруун, зүүн дээд 1-р шүдний булгарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, хацар, доод уруул, эрүү, хүзүү, цээж, бугалгад язрал, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 226 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.Сайнзаяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Бнь 2021 оны 8 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутагт байх гэртээ Л.Бтай маргалдаж бие эрх чөлөөнд халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Батпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Батпүрэвийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Батпүрэвийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм хор, хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардал 4.500.000 төгрөгийг нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн ба Б.Бнь дээрх мөнгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4/86 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Батпүрэвийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Батпүрэвт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б...Б..ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Бид 4.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ