Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.*******,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн 211500158218 дугаартай, 163/2021/0196/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн *******-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, багш мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ... оршин суух хаягтай,  ... овогт ..., / РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ... овогт Б...ийн Д... /РД: ТМ82110101/ нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн *******-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт С.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дээс: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх,

211500158218 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч С.Дгийн өгсөн: ”...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим *******-Өндөр сумын *-р багт байрлах Галбадрахын гэрт ороод Галбадрахыг манай хашаанаас очиж мотоциклээ ав битгий надад гай болоод бай гэж хэлээд толгой хэсэг рүү нь нэг удаа түлхсэн чинь Галбадрахын эхнэр болох ******* нь чи яагаад миний нөхрийг цохиж байгаа юм гэж хэлээд тавчик аваад миний толгой руу 2-3 удаа цохихоор нь Галбадрахыг дахин хөнжлөөс нь татаад цохих ёстой болоод цохиж байна гэж хэлсэн чинь ******* нь намайг хэл амаар доромжилж янхан, гичий, банзал чи тэр хавийн эрчүүдтэй бүгдэнтэй нь унтдаг гэж доромжилж байгаад дахин намайг хоёр гар, хөл, цээж, толгой, нурууны хэсэг рүү бакал гутлаар нэлээн олон удаа цохиж намайг гэмтээсэн юм. Мөн Галбадрах нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим манайд гэрт согтуу орж ирээд намайг хаачаад ирж байгаа юм гэж хэлээд намайг нэг удаа түлхэж унагаахаар нь би түлхэж гаргаад хаалгаа цоожилсон юм...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

  1. Гэрч Г.*******ы өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 18-19 цагийн үед Булган аймгийн *******-Өндөр сумын 5-р багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал 5-р багийн иргэн Б.Д нь надруу залгаад манай нөхөртэй явалддаг хүүхэн манайд ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд байна гэж дуудлага өгөхөөр нь яваад очсон чинь Галхүүгийн байшингийн гадна талд *******, ******* нар нь хоорондоо маргалдаад байж байтал *******ийн нөхөр болох Галаа нь байшингаас гараад ирсэн чинь ******* нь нуруу луу түлхсэн чинь ******* нь ******* руу орилоод энэ ингээд байгаа юм гэж хэлээд *******гийн хөл рүү нь өшиглөсөн чинь ******* нь зөрүүлээд *******ийг мөр хэсэг рүү цохиод авахаар нь би салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
  2. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №224 дугаартай: “Магадлуулагч С.Дгийн биед зүүн мөр, бугалга, зүүн дал, баруун бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. Магадлуулагчийн биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-26-27 тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байх би үдээс хойш цагийг нь бол сайн мэдэхгүй байна миний бодож байгаагаар 15 цагаас хойш байх би гэрээсээ гараад нөхрийн байгаа газар буюу хадам эмээгийн гэрээс хүүхдээ авах гээд очсон чинь нөхөр хүүхэд хоёр орон дотроо зурагт үзээд хэвтэж байхаар нь би хүүгээ хувцаслаад аваад гарах гэж байтал гаднаас манай сумын ******* орж ирээд “чи намайг битгий элэг бариад байгаарай” гээд манай нөхрийг орноос нь татаж босгоод тэр хоёр зууралдаад байсан. Би тухайн үед хүүгийнхээ эмийг авах гээд буруу харсан байдалтай зогсож байсан. Тухайн үед манай хүү *******гаас айгаад ширээн доогуур орчихсон юм. Тэгээд би *******г “чи битгий элэг бариад байгаараа, би бас хүн шүү, өчнөөн удаа тэвчиж байгаа шүү, муу ч сайн ч үр хүүхдийнх нь хажууд ингэж болохгүй уулзах байсан бол наадахыгаа аваад гар” гэж хэлсэн чинь битгий хуц ингэх эрхтэй учраас ингэж байна гээд Галбадрахын хувцаснаас нь татсан чинь Галбадрах *******г “чи яагаад байгаа юм болиоч гэж” хэлэхээр нь би Галбадрахыг “хохь чинь, ийм юмаа үр хүүхдэдээ харуулж байдаг зайл, хулгайчуудаа” гэж хэлээд орны хажууд байсан бакалыг аваад *******гийн баруун гар болон бие хэсэг рүү цохисон. Яг хэдэн удаа хаана, хаана нь цохисноо санахгүй байна. Тухайн үед ч ******* миний бие хэсэг рүү цохисон. Тэгээд байж байтал Галбадрах *******г чи гар гэж хэлсэн чинь цагдаа дуудна гээд гар утсаараа цагдаагийн дугаар луу залгаад цагдаа утсаа авахгүй байна гэхээр нь өө би тэгүүл дуудчихъя гээд сумынхаа цагдаагийн дугаар луу залгаад залгасан чинь сумын цагдаа гар утсаа авахаар нь сумынхаа цагдаад болсон зүйлийнхээ талаар хэлээд чи хүрээд ир гэсэн удалгүй сумын цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-р тал/, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-50-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-41-р тал/, Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-51-р тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-43 тал/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтуудаар Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны урьдын таарамжгүй харилцаанаас болж С.Дтай маргалдаж улмаар бакалаар цохиж, үүнээс болж түүний биед зүүн мөр, бугалга, зүүн дал, баруун бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ..овогт Б...гийн Д.. нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч С.Д, гэрч Г.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон С.Дгийн биед зүүн мөр, бугалга, зүүн дал, баруун бугалга, хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хурал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 224 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.******* дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Д нь Булган аймгийн *******-Өндөр сумын 5-р багт оршин суух С.Дтай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэрүүл, маргаан хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргүүдээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох саналтай гэж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.           

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/91 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдалд эргэлзэх байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Дийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б...гийн Д....гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ