Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч М.*******,

Шүүгдэгч Б.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2115000000212 дугаартай, 163/2021/0189/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ... суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... овогт ... /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Жнь 2021 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Т.Тын бие эрх чөлөөнд нь халдаж түүний нүүрэн тус газарт цохисны улмаас зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы өгсөн: мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх,

2115000000212 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Т.Тын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед манайд эхнэрийн талын хамаатан буюу найз *******, зүс таних *******, ******* нар ирж намайг “нэг юм ууя” гэхээр нь би гэрээсээ гарсан. Бид нар *******ы машинд 0.75 литрийн “Хараа” архи нэг шилийг хувааж уусан. Архи дуусахаар нь би дэлгүүр орж 0.5 литрийн “Хараа” архи авч бид 4 мөн машин дотроо хувааж уусан юм. Тэгээд *******ы найз гэх эмэгтэйтэй ажил дээр нь очиж уулзаад бид нар амралтын газар луу явахаар болсон. Ингээд бид нар 2 машинтай нийт долуулаа ******* аймгаас гарч Булган аймгийн ******* сумын нутагт байрлах “Бүрэнбүст” гэх газарт нэг амралтын газарт очсон. ...Хэсэг хугацааны дараа буюу харанхуй болсон хойно би авсан авсан шовгор луу ганцаараа ортол ******* нь баруун талын орон дээр, ******* нь зүүн талын орон дээр хэвтэж байсан бөгөөд харин *******ы найз бүсгүй нь нэг орон дээр уйлаад сууж байсан. Тэгэхээр нь гэрэл асаагаад хартал тэр эмэгтэй доогуураа нүцгэн байсан бөгөөд ******* нь намайг энэ найзтайгаа унт гэж хэлсэн гээд уйлаад байхаар нь би тэр эмэгтэйн хувцсыг нь авч өгсөн юм. Тэгтэл ******* босож ирснээ учир зүггүй миний нүүр лүү гараараа цохихоор нь би орон дээр унасан юм. Тэгээд үргэлжлүүлэн миний нүүр лүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл миний зүүн хөмсөгнөөс цус гарахаар нь би гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх-н 18-20 тал/,

  1. Гэрч Н.*******гийн өгсөн “... Би гэртээ байж байтал манай нөхөр надаас залгаж мөнгө асуусан. Би “байхгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш оройхон залгаад “ирээд аваач” гэсэн. Удалгүй дахиад залгаад “зодуулчихлаа” гэж ярьсан. Тэгээд би ээжийнхээ хамтаар очиж Бүрэнбүстиин амралтын газраас нөхөр*******ыг авсан. ...Би нөхрийн хамтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж хөмсөг хэсэгт нь нэг оёдол тавиулсан. ...Нөхрийнхөө нүүрийг харахад нүд нь хавдсан, хөхөрсөн байдалтай байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 тал/,
  1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн:

- Т.Тын биед зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимны доргилт, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг нь болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр учирсан байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Т.Тын биед хийсэн үзлэгээр архаг, хууч өвчин тогтоогдоогүй болно. гэх дүгнэлт /хх-н 27-28 тал/,

         4. Яллагдагч Б.*******ы өгсөн: “...Нэг мэдсэн би*******ыг цохиод, толгой рүү нь өшиглөж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө сэрэхэд******* байхгүй явсан байсан. ...Би*******ын толгой хэсэг рүү баруун, зүүн гараараа цохиж байгаад хөлөөрөө өшиглөсөн. Түүнээс хойш санахгүй байна. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. ...Би*******ыг эмнэлгээр дагуулж явж үзүүлээд эмчилгээ болон эм тарианы төлбөрийг төлж хохирлыг барагдуулсан. Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 37 тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40-р хуудас/, Б.*******ы хувийн байдлыг тодорхойлсон эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 42-43 хуудас/ зэрэг бичгийн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Жнь 2021 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Т.Тын бие эрх чөлөөнд нь халдаж түүний нүүрэн тус газарт цохисны улмаас зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Т.Т, гэрч Н.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Т.Тын биед зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны доргилт, духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 245 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Жнь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Жнь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.******* дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Жнь 2021 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Т.Тын бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокуророос эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох  саналтай гэжээ.

Шүүгдэгч Б.Ж...ны үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.           

Шүүгдэгч Б.Жнь хохирогчийн эмчилгээний зардалд 430 000 төгрөгийн тусламж үзүүлж, эм тариаг нь авч өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Т.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ж...ныг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Жнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/89 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн  гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Жнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б...ийн Ж...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж...ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Б.Жнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ