Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00189

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын  6-29 тоотод оршин суух, Боржигон овогтой Ганбаатарын Солонго /РД:ТГ80092929/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, үйлдвэр гудамжны 29-а байрны 41 тоотод оршин суух,  Баатар ван овогтой Эрдэнийн Болдбаатар /РД:МЮ81011732/-т холбогдох,   

 хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдүүлэхийг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Солонго, хариуцагч Э.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би Э.Болдбаатартай 2009 оноос хойш 2016 он хүртэл хамт амьдарсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцыг гаражийн хамт 2013 оны 12 дугаар сард худалдан авч байсан. Бидний дундаас 2015 оны 10 дугаар 21-ний өдөр хүү Б.Сүлд төрсөн. Э.Болдбаатар нь надтай хамт амьдарч байх хугацаандаа байнга архи ууж, агсан согтуу тавьж, намайг зоддог байсан бөгөөд би хүүхдээ уг орчинд өсгөхийг хүсээгүй учраас Э.Болдбаатараас 2016 оны 03  дугаар сард салсан. Иймд миний бие хуулийн дагуу Э.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид хоёр өмнө нь байнга түрээсийн байранд байсан болохоор өөсдийн амьдрах байртай болох зорилгоор 2013 онд уг маргаан бүхий байрыг худалдан авч байсан. Бас Prius-20 маркийн автомашин худалдан авсан. Би энэ хугацаанд хүүхдээ өсгөж, Болдбаатарыг ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг нь хангаж байсан. Энэ хүний нэг дутагдал нь байнгын эмэгтэй хүнтэй холбогдсон асуудал гаргадаг. Миний тухайд энэ хүний 4 дэх эмэгтэй, миний хүү болохоор 5 дахь хүүхэд нь болж байгаа. Өмнөх гэр бүлийг нь мэднэ. Энэ хүн дахиж алдахгүй, надтай амьдарна л гэж хүүхэдтэй болж амьдрах байр авсан. Иймд хариуцагч Э.Болдбаатараасхүүхдийн тэтгэлэг гаргуулна, бас бидний хамт байхдаа худалдан авсан байр, гараж, автомашинаас хүү бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байгаа” гэв.

Хариуцагч Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2009 онд Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан. 2010 оноос эхлэн дотно харилцаатай болж, 2010 оны сүүлээс эхлэн байр түрээсэлж байсан бөгөөд 2013 он хүртэл тогтмол хамт амьдарч байгаагүй. 2013 онд би өөрийн энэхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөлс хүчээр худалдан авч байсан. Бид хоёр 2009 оны 9 сард  Тээврийн товчоонд байр хөлслөхөд нь 1 сар хамт байсан. Сансарт байр хөлсөлж байхад 3 сар хамт байсан дараа нь Солонго салаад 5 сар эгч дүү нарынх руугаа салаад явсан. Тээврийн товчоонд байр хөлсөлж байсан байранд нь би очиж, 2 сар болсон. Түүнээс хойш тусдаа амьдрахаар шийдээд энэхүү байрыг авсан. Хэд хэдэн удаа хамгийн багадаа 1 сар түүнээс дээш хугацаагаар салаад явчихдаг байсан. Геодези газрын тосны чиглэлээр үйл ажиллаага явуулдаг аж ахуйн нэгж байгаа. Би өөрийн хүчхөдөлмөрөөр байрыг худалдан авсан тул энэ хүнд хамаагүй, хүүхдийн тэтгэлэг төлнө, харин автомашиныг нэхэмжлэгчид үлдээж болох юм гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Г.Солонгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Г.Солонго нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаандаа худалдан авсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн байна.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч тал хүүхдийн тэтгэлэг төлөхийг  зөвшөөрсөн, харин хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөөгүй боловч УНД 41-18 улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг нэхэмжлэгчид үлдээхийг татгалзаагүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд Э.Болдбаатар, Г.Солонго нар 2009 онд танилцаж, улмаар байр хөлслөн хамтран амьдарч байгаад 2013 онд орон сууц худалдан авсан, тэдний дундаас 2015.10.21-нд хүү Б.Сүлд төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.

 

Э.Болдбаатар, Г.Солонго нар гэрлэлтээ бүртгүүлээгүй тул тэднийг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Дээрх заалтад тухайн хүүхэд эцэг, эхийн нэрийг авах, тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах эрхүүд хамаардаг бөгөөд 2015.10.21-ний өдөр төрсөн хүү Б.Сүлд нь өөрийн эцэг Баатарван овогт Болдбаатарын нэрийг авсан болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдсон, хүүхдийг эх Г.Солонгын асрамжид үлдээхийг хариуцагч тал зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагч Э.Болдбаатараас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

         Хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан байна.

            Э.Болдбаатар, Г.Солонго нар нь тодорхой хугацаанд хамтын амьдралтай байхдаа дундаасаа хүүхэд төрүүлсэн бөгөөд хойшид нэг гэр бүл болж хамтдаа амьдрах хүсэл зорилготой байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Болдбаатар нь “...хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа, эвлэрэх боломж олгох”-ыг шүүхээс хүсч байсан, Г.Солонготой хамт амьдрах зорилгоор уг байрыг худалдан авсан талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.

 

            Иймд талуудыг хамтын амьдралтай, нэгдсэн санхүү аж ахуйтай, дундаасаа төрсөн хүүхдээ өгсөн хүмүүжүүлж, тэжээн тэтгэж байсан нөхцөлд нөгөө талын буюу Г.Солонгын оролцоо байсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр дундын өмчлөлийн эд хөрөнгө нь үүссэн гэж үзэхээр байна.

 

           Харин бий болсон хөрөнгүүдийг хэнийх байх талаар тодорхой тохиролцоогүй тохиолдолд тус бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх тул орон сууц, машины зогсоол, автомашины нийт үнийн дүн 110 142 666 төгрөгийн 50 хувь буюу 55 071 333 төгрөгийг хариуцагч Э.Болдбаатараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, тухайн хөрөнгүүдийг хариуцагчид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хамтран амьдрах хугацаандаа худалдан авсан гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө-1 хотхоны 29а-41 тоотод байрлах 54,63 м/кв талбайтай 2 өрөө орон сууц, 18 м/кв талбайтай автомашины зогсоол, Toyota Prius-20 маркийн 41-81 УНД улсын дугаартай автомашины үнэлгээг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх шинжээч томилсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээгээр орон сууц 88 816 000 төгрөг, авто зогсоол 13 826 666 төгрөг, автомашин 7 500 000 төгрөг нийтдээ 110 142 666 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан хүүхдийн тухайд эд хөрөнгийг өмчлөх эрх хамаардаггүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.           

 

             Нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэгч тал хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлоогүй байсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэ 55 071 333 төгрөгийн хэмжээнд тохируулан улсын тэмдэгтийн хураамжид 433 306 төгрөгийг Г.Солонгоос гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э.Болдбаатараас 503 506 төгрөг-/433 306+70 200/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

             

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                              ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.10.21-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Э.Болдбаатараас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Болдбаатараас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Болдбаатараас 55 071 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Солонгод олгож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө-1 хотхоны 29а-41 тоотод байрлах 54,63 м/кв талбайтай 2 өрөө орон сууц, 18 м/кв талбайтай автомашины зогсоол, Toyota Prius-20 маркийн 41-81 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагчид үлдээсүгэй.

 

   4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Болдбаатараас 503 506 төгрөг гаргуулж Г.Солонгод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 433 306 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ