Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ  

Улсын яллагч П.Шижиртуяа,

            Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан хийж, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2015000000114 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 45 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” .......... ажилтай, ам бүл 2, нөхрийн  хамт, ................... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н-ийн Б

Булган аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Бг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 000 000 төгрөгийг хүүтэй зээлж аваад залилсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Бын өгсөн: "... 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн харъяат Н.Б нь мөнгө зээлье гэж анх удаа над дээр ирж уулзсан. Тухайн үед нь надад мөнгө төгрөг байхгүй гэж Бд хэлсэн. Тэгсэн надаас Б "Та ямар ч байсан мөнгө олоод өгөөч, манай хүргэн З.Бийн бизнест мөнгөний хэрэг гарлаа" гэж хэлж байсан. Бд би мөнгө надад алга байна, төрсөн дүү Найдангийн Эээс мөнгө асуугаад өгье гэж хэлсэн. Би дүүгээсээ хүн зээлэх гээд байгаа юм аа, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу? гэж асуусан. Тэгээд дүү маань саналыг хүлээж аваад Н.Бд мөнгө зээлэхээр болсон, Бгийн өөрийн данс болох Хаан банкны *данс руу манай дүү Э 3.0 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Н.Б мөнгө зээлэхдээ өөрийн хүргэн З.Бт мөнгө олж өгөх хэрэгтэй байна, хүргэний бизнест мөнгө хэрэг болоод байна гэхээр нь дүүгээр мөнгө олуулаад анх мөнгө зээлж өгсөн. Энэ байдлаар хүргэндээ мөнгө зээлж өгч байна гээд 7 удаа Б надаас мөнгө зээлээд бүрэн хүүтэй нь эргүүлж төлөөд авлагагүй болсон. Тэгсэн хамгийн сүүлд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр мөн адил хүргэн Бт мөнгө олж өгөх зорилгоор 2021 оны 1 дүгээр сарын 28-наас 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 3.0 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад одоог хүртэл эргүүлж өгөхгүй байна. 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр Б Эийн данс руу 150 000 төгрөг хүү гэсэн утгатай хийсэн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Сүүлд зээлсэн мөнгийг Б хүргэндээ өгөлгүй, өөр хүнд зээлсэн гэдгээс шалтгаалан бид хоёрын дунд ингэж асуудал үүсээд байна... “ гэсэн мэдүүлэг /хх-н 9-11-р хуудас /

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч З.Эын өгсөн: “.... Б бид 2 буудлын засварт зориулж хэдэн төгрөг цуглуулж байсан юм. Тэр мөнгөнөөс Б Бд 3.0 сая төгрөг зээлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас /

-Шүүгдэгч Н.Бгийн Хаан банкны *дугаартай дансны хуулга /хх-н 88-103, 114-р хуудас /

-З.Бийн Хаан банкны * дугаартай дансны хуулга /хх-н 36-78 хуудас/

-Н.Эийн Хаан банкны * дугаартай дансны хуулга /хх-н 79-87 хуудас/

-2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Н.Б, Н.Б нарын хооронд хийгдсэн Хэлцэлүүд  /хх-н 109-113 хуудас/

-Н.Эийн Хаан банкны * дугаартай дансанд Н.Бгаас 3 000 000 төгрөг шилжүүлсэн Шилжүүлгийн баримт /хх-н 106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б нь иргэн Н.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авч залилан 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь Булган аймгийн Булган сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Н.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 000 000 төгрөгийг хүүтэй зээлж байна гэж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Н.Б, гэрч З.Э нарын мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулгууд, 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөнгө зээлсэн тухай 7 удаа хийсэн “Хэлцэл”, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.Баас 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн хүргэн З.Бийн бизнест зориулж 6 удаа хүүтэй мөнгө зээлж, тухай бүр хугацаанд нь зээлийг төлж барагдуулсан ба урьдын харилцааг ашиглан 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг хүргэн З.Бт хэрэг болоод байна гэж Н.Баас хүлээн авсан боловч хохирогчтой байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр шилжүүлсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан тул түүний энэ үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэх хууль үндэслэлтэй байна.

Учир нь тэрээр анхнаасаа зээлсэн мөнгийг хүргэн З.Бт өгөх зорилгогүй, өөртөө буюу цагаан сарын бэлтгэл хийх зорилгоор Н.Баас шилжүүлэн авсан ба тухайн үед өөрөө цалингийн зээлтэй 1 сарын хугацаанд дээрх мөнгийг буцаан төлөх буюу биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогчид амлан үүнийгээ хэлцэл байгуулах байдлаар түүнд итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, хохирогчийн мөнгийг хууль бусаар авсан нь гэрээгээр халхавчилсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч Н.Бгийн бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хууль бусаар өөрийн эзэмшилд мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх ба хохирлын хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан ноцтой эсхүл их хэмжээний хохирлын шинжгүй байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Н.Бгийн үйлдлийн улмаас хохирогчид 3 000 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, дансны гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Н.Б нь иргэн Н.Бтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 000 000 төгрөгийг хүүтэй зээлж аваад залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Н.Бг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналтай гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй. Хохирлоо төлж барагдуулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууринаас оролцлоо.

            Шүүгдэгч Н.Бгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                        Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Н.Бд 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЭНЭРЭЛ