Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 102/2017/05779/и |
Дугаар | 1592 |
Огноо | 2017-07-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1592
Б.Бадамхандын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05779 дүгээр шийдвэртэй, Б.Бадамхандын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Батжаргал, Б.Оюунчимэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Батжаргалаас 19 296 000 төгрөг, Б.Оюунчимэгээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвасүрэн, А.Анхбаяр,
Хариуцагч Б.Батжаргал, Б.Оюунчимэг,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Жаргалсайхан, С.Намжилмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Б.Батжаргал болон Б.Оюунчимэг нартай 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулж 4 800 000 төгрөгийг зээлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч төлбөрийг төлөөгүй байсан учир гэрээг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан. Ингээд төлбөрийг хийхгүй байгаа учир үндсэн зээл 4 800 000 төгрөг, 3 сарын хүү 1 152 000 төгрөг, гэрээний сунгасан хугацааны хүү /18 сар/ 6 912 000 төгрөг, алданги 6 432 000, нийт 19 296 000 төгрөгийг хариуцагч Б.Батжаргалаас гаргуулана.
Хэдийгээр хариуцагч Б.Батжаргалын дүү Б.Оюунчимэг гэрээнд гарын үсэг зурсан боловч бодит байдалд Б.Батжаргал сунгалт хийж, мөнгийг зарцуулж байсан тул түүнээс нэхэмжилж байгаа юм. Хариуцагч нар 280 000 төгрөгөөр нэг удаа төлбөр төлсөн нь баримтаар нотлогдох учир шүүх энэ талаар ямар шийдвэр гаргах нь эрх хэмжээнийх нь асуудал байх. Мөн нэг удаа 1 300 000 төгрөгийг буцааж төлөх нь төлсөн. Гэхдээ үүнийг гэрээний алдангид тооцож авсан байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунчимэгийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд түүнээс 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлсэн 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг 1 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд 1 050 000 төгрөг болгон буцааж өгөх ёстой байсан боловч 50 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлээ нэхэмжилнэ, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай шаардлагыг гаргаагүй, шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн журмаар уг асуудал шийдвэрлэгдэнэ гэжээ.
Хариуцагч Б.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчтэй 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 21 гудамжны 710 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023557 дугаар гэрчилгээ бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Г-2202000668 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Уг зээлийн гэрээгээр 4 800 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, үүнээс 1 300 000 төгрөгийг нь би авсан, харин үлдэх 3 500 000 төгрөгийг дүү Б.Оюунчимэг авсан юм. Би өөрийн авсан 1 300 000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхнэр н.Наранжаргалын хамт нэхэмжлэгч Б.Бадамхандын гэрт очиж өгсөн. Харин дүү Б.Оюунчимэг 280 000 төгрөгөөр нийт 3 удаа буюу 840 000 төгрөгийг төлж нийт 2 140 000 төгрөгийг буцаан төлсөн.
Бид анхнаасаа л үндсэн зээлийг эхлээд төлнө, дараа нь хүү төлнө гэж тохирсон учраас 4 800 000 төгрөгөөс буцаан төлсөн 2 140 000 төгрөгийг хасч, үлдэх 2 660 000 төгрөгийг 3 сарын хүү 638 400 төгрөг /1 сарын хүү 212,800 төгрөг/, нийт 3 298 400 төгрөг төлөх тооцоотой болно. Уг мөнгөнөөс алданги бодоход 1 649 200 төгрөг болж байна. Алданги болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэмэхэд нийт 4 947 600 төгрөг болох тул үүнээс илүү мөнгийг төлөхгүй. Нэхэмжлэгч их хэмжээний алданги нэхэмжилж байгаад гомдолтой байна.
Мөн зээлийн гэрээний хугацаа сунгасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний ар тал, баруун доод буланд “зээлийн гэрээний сунгалт” гэж бичсэн дээр би гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч би уг бичгийг хийхдээ өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийж гарын үсэг зурсан юм биш. Нэхэмжлэгч намайг гэртээ дуудаад “цагдаа, шүүхэд өгнө” гэж дарамталж байгаад “гэрээний сунгалт” гэж бичүүлж, гарын үсэг зуруулсан. Иймд гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би нэхэмжлэгч Б.Бадамхандаас 1 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлж, 1 050 000 төгрөг болгож буцаан өгөх ёстой байсан. Тохирсон ёсоор хүү 50 000 төгрөгийг өгч чадаагүй. Одоо надаас 1 000 000 төгрөгийг нь нэхэмжилж байгаа тул төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчээс анх 7 000 000 төгрөгийг барьцаатай зээлж аваад 1 жилийн дотор буцаагаад 20 000 000 төгрөг болгон өгч байсан. Бид түүнээс зээлсэн мөнгөө буцааж төлье гэхэд тодорхой хариу өгөхгүй, албаар удаадаг байсан. 4 800 000 төгрөгийг ах Б.Батжаргалын хамт очиж авсан. Үүнээс хойш 280 000 төгрөгөөр 3 удаа төлөлт хийсэн бөгөөд зарим баримтаа олохгүй байгаа. Уг нь үүнээс илүү мөнгө буцаан төлсөн юм. Иймд ахын тооцоолсон 4 947 600 төгрөгийг буцаан төлөх ёстой. Бусад мөнгийг төлөхгүй, нэхэмжлэгч хэтэрхий их хэмжээний мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батжаргалаас 14 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 796 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунчимэг 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 282 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунчимэгээс 28 550 төгрөг, хариуцагч Б.Батжаргалаас 230 450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Зээлийн гэрээний сунгалтуудыг талууд хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бид хоёрын аль алинтай тохиролцож зээлийн гэрээг сунгах талаар нотариатын газар очоогүй. Нэхэмжлэгч нь өөрийн танил нотариатаар хийлгэсэн. Бидэнд байгаа зээлийн гэрээний нэг хувьд сунгалт байдаггүй. Мөн анх нэхэмжлэгч бид нар тохиролцохдоо 4 800 000 төгрөгийн 1 300 000 төгрөгийн 8 хувийн хүүтэй аваад би буцааж төлсөн. 3 500 000 төгрөгийг Б.Оюунчимэг авсан. Би нэхэмжлэгчтэй тохирохдоо 1 300 000 төгрөг төлж гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Энэ нь гэрч н.Наранжаргалын мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нөхцөлд төлөөгүй хариуцагчийн гэм буруу байх ёстой.
Иймд би 14 500 000 төгрөг төлөх үндэслэлгүй, 3 500 000 төгрөгийг Б.Оюунчимэг авснаа хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ шүүхэд тайлбарласан байхад Б.Батжаргал надаас гаргуулсанд гомдолтой. Нэхэмжлэгч Б.Бадамханд, Б.Оюунчимэг нар хоорондоо тохирч Б.Оюунчимэгт барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө байхгүй болохоор миний хашаа байшинг тавьсан. Нэхэмжлэгч нь улсад ямар ч татвар төлөлгүй банкны үйл ажиллагаа явуулж, мөнгөний хэрэгцээ гарсан олон хүнийг өрөнд оруулж хохироосон байхад шүүх түүнийг дэмжин хүү алданги тооцон их хэмжээний төлбөр гаргасанд гомдолтой байна.
Зээлсэн 4 800 000 төгрөгөөс нийт 2 140 000 төгрөгийг төлж, 2 660 000 төгрөгийг төлөөгүй, үүнийг алдангийн хамт 4 947 000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан байхад шүүх 4 800 000 төгрөгт маргаагүй гэжээ. Гэтэл гүйцэтгээгүй үүрэг 2 660 000 төгрөг байхад 14 600 000 төгрөг болгон өсгөж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа. Бидний хувьд тооцоог нэгтгэн дүгнэхэд 4 947 000 төгрөг төлөх ёстой, уг төлбөрөө төлнө гэж хүлээн зөвшөөрсөн тул гомдлыг хянан шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Бадамханд нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Батжаргалаас 19 296 000 төгрөг, хариуцагч Б.Оюунчимэгээс 1 000 000 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Батжаргал, Б.Оюунчимэг нар нэхэмжлэгч Б.Бадамхандаас 4 800 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн авсан ба энэ талаар маргаагүй байна. /хх 4/
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хариуцагч Б.Батжаргалын /нэг хүний өмчлөлийн/ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21-710 тоотод байрлах үйлчилгээний зориулалт бүхий 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний 336,55 м.кв газар зэргийг барьцаалж барьцааны гэрээг байгуулжээ. /хх 5-7/
Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зээлдүүлэгч Б.Бадамхандад шаардах эрх үүссэн байна.
Харин дээрх шаардлагын дагуу шүүх зээлийн гэрээний төлбөрийг нэгтгэн тооцохдоо хариуцагч Б.Батжаргалаас 14 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусах нөхцөлтэй байсан боловч хариуцагч Б.Батжаргал, Б.Оюунчимэг нар гэрээний арын хуудсанд “гэрээний сунгалт 2012 оны 11 дүгээр сарын 14-өөс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгав” гэх бичвэрийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн байна.
Мөн хариуцагч нарын гарын үсэг бүхий гэрээний сунгалт гэх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн баримт, Б.Батжаргалын гаргасан хүсэлт зэргийг анхан шатны шүүх “талууд 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Гэтэл уг баримтуудад тусгагдсан зээлдэгч Б.Батжаргал, Б.Оюунчимэг нарын саналыг зээлдүүлэгч тал тухайн цаг хугацаанд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар баримтгүй байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэлт зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэх зохицуулалттай нийцэхгүй байна.
Зээлдэгчийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг зээлдүүлэгч тал хүлээн авсан тохиолдолд талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах, зөвшөөрснөө илэрхийлсэн тал баримт үйлдэж, нөгөө тал түүнийг хүлээн авсан байх нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасантай нийцэх байжээ.
Гэвч энэхүү нөхцөл байдлыг нотлох баримтгүй байхад анхан шатны шүүх зохигчид зээлийн гэрээний хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан гэж дүгнэсэн нь буруу юм.
Харин зээлийн гэрээний ард бичигдсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 сар 14 хоногийг гэрээний үндсэн хугацаанд оруулан төлбөрийн нийт үнэ 4 800 000 төгрөгт 4 сар 14 хоногийн хүү тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үндсэн төлбөр 4 800 000 төгрөгөөс дурдсан хугацааны хүү 1 715 200 төгрөг, нийт 6 515 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээс тэдний төлсөн буюу нотлох баримтаар тогтоогдсон 1 580 000 төгрөгийг хасч тооцвол гүйцэтгээгүй үүрэг нь 4 935 200 төгрөг болж байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул 2 467 600 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсч, нийт 7 402 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 893 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч Б.Батжаргал дээрх зээлээс 1 300 000 төгрөгийг нь авсан, үүнийгээ буцаан төлсөн, үлдэх хэсгийг дүү Б.Оюунчимэг авсан гэж тайлбарласныг хэргийн оролцогч талууд үгүйсгэж няцаагаагүй боловч зээлдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Бадамханд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан дээрх зээлийн гэрээнээс гадна 1 000 000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлж авсан гээд уг төлбөрийг шаардсан. Хариуцагч Б.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Батжаргал, Б.Оюунчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/05779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Батжаргал, Б.Оюунчимэг нараас 7 402 800 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 893 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтын “230 450” гэснийг “133 395” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 167 798 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Т.ТУЯА