| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0000/э |
| Дугаар | 2018/ДШМ/56 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ДШМ/56
2018 08 22 2018/ДШМ/56
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Дүүрэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЗ/187 дугаар шүүүгчийн захирамжтай, яллагдагч С.Б-д холбогдох, эрүүгийн 1819001450084 дугаартай, 1 хавтас, 141 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, ......... тоотод оршин суух, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Жавхлант овогт С-ийн Б /РД:ЛК85051814/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч С.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Отой маргалдаж, улмаар автомашиных нь 2 ширхэг дугуйг хутгаар зүссэний улмаас 400000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч С.Бд холбогдох эрүүгийн 1819001450084 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,
хэргийг прокурорт очтол, яллагдагч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-ийн 830 дугаартай үнэлгээгээр 500000 төгрөгөөр тогтоосон боловч яллагдагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт шинжээч томилсны дүнд Тоёота Ланд круйзер 80 /Toyota landcruiser 80/ маркийн автомашины Хантсмен санвайдэ /Hanstman sunwide/ үйлдвэрийн LT285/75R16 122/190 маркийн боорцгон хээтэй 2 дугуйны элэгдэл хорогдлыг хасаж тооцож 849 дугаартай үнэлгээгээр 400000 төгрөгийн хохирол учирсан хэмээн тогтоосон. Энэ үнэлгээ нь бодит байдалд нийцсэн, эргэлзээгүй тул дахин шинжээч томилох үндэслэлгүй юм.
Учир нь нэмэлт шинжээч томилох тогтоолд уг дугуйн хэрэглэсэн цаг хугацааг заан өгч, дугуйг шинжээчийн мэдэлд хүргүүлсэн, мөн хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн шатанд гаргаж өгсөн дугуй худалдан авсан баримтаар 592000 төгрөг байгаа нь хохирлын үнэлгээ бодит болох нь нотлогдож байна.
Түүнчлэн шүүхээс хэргийг буцаахдаа дахин шинжээч томилох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн боловч Тоёота Ланк круйзер 80 маркийн автомашины 2 ширхэг дугуйг эд мөрийн баримтаар тооцон хэргийн хамт шүүхэд шилжүүлснээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрх нь шүүхэд олгогдсон байгаа тул шүүхийн шатанд шинжээч томилон үнэлгээ хийлгэх бүрэн боломжтой юм. Хэргийг Прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжинд эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дугуйг шийдвэрлээгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоожээ.
Түүнчлэн хавтаст хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн байх ба хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байна.
Тиймээс анхан шатны шүүхээс “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 830, 849 дугаар дүгнэлтийг эргэлзээтэй” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь буруу юм.
Хэдийгээр энэ хэрэгт машины 2 ширхэг дугуйны үнийг тогтоохоор шинжээч 2 удаа дүгнэлт гаргахдаа эхний удаад 500 000 төгрөг, дараагийн удаад 400 000 төгрөг гэж дугуйны үнийг хоёр өөр байдлаар тогтоосон нь эргэлзээтэй байх боловч энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болно” гэжээ.
Мөн захирамжид эд мөрийн баримтыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул эдгээр үндэслэлээр “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас эхэлж хэлэлцүүлэхээр, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЗ/187 дугаар шүүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА