Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0377

 

 

 

 

 

 

 

 

 

П.А  гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч П.А

Хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******, Ц.О*******

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 00772241 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А*******, Ц.О******* нарын 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0970/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч П.А Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ю.А, Ц.О нарт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 00772241 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийдвэрээр: 

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ю.А 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00772241 тоот шийтгэлийн хуудас, улсын байцаагч Ю.А, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ю.А 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00772241 тоот шийтгэлийн хуудас, мөн тус хэлтсийн улсын байцаагч Ю.А, Ц. О нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын байцаагч өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн, ажилтны урамшууллыг цаг тухайд олгоогүйд Захиргаа, хүний нөөцийн албаны дарга буруугүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалын тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журам, цалин урамшууллын журам, иргэн С.Б урамшуулал хүссэн өргөдөл, түүн дээрх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын зөвшөөрсөн цохолт, зөрчлийн хэрэг хянан шалгах явцад хуулийн зөвлөх, эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлэг гэх мэт чухал баримтуудыг харгалзаж үзээгүй.

3.2.Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа тул тухайн харилцаанд нэхэмжлэгч П.А нь ажил олгогч биш байхад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч улсын байцаагч Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсгийг үндэслэн буруутай албан тушаалтанд шийтгэл ногдуулсныг харгалзан үзээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 зүйлд "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ, Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ" гэсэнтэй нийцсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох асуудал нь тухайн байгууллагын төсөвтэй холбоотой асуудал юм. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчил үйлдсэн гэх субъект нь П.А биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй...” гэв.

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлын хэсэг нь ур чадварын нэмэгдэл олгох эсэхийг тухайн ажилтан дээр хэлэлцээд хуралдааныхаа тэмдэглэлийг захиралдаа танилцуулж, захирал оруулсан саналынх нь дагуу ур чадварын нэмэгдэл олгох эсэх талаар тушаал гаргадаг...” гэв.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Шийтгэлийн хуудаст үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасан “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан”-д хариуцлага хүлээх этгээд нь ажил олгогч болохоос бус ажил олгогч биш П.А хамааралгүй болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий актуудыг дахин шинээр гаргатал хугацаа тогтоон түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, өөрөөр хэлбэл нэгэнт тухайн зөрчлийн субъект биш болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд зөрчил гаргагчийг зөв тогтоолгох зорилгоор гомдол гаргагчид хүлээлгэсэн хариуцлага, даалгаврыг түдгэлзүүлэх шаардлагагүй.

Шийдвэрт “ажил олгогч” гэж чухам хэнийг ойлгох, П.А нь хөдөлмөрийн харилцааны чухам ямар оролцогч болох, мөн хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар тус тус дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн байгаагаас “…Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д тодорхойлогдсон “гэм буруутай этгээд” нь цалин хөлс олгох үүрэг бүхий ажил олгогч байхын зэрэгцээ хариуцагч талын тайлбарлаж буй үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөрчлийн үндэслэл байж болохоос биш Зөрчлийн тухай хуулиар тодорхойлсон зөрчлийн үндэслэлд хамааралгүй…” гэснийг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дүгнэлт гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, 108 дугаар зүйлийн 108.1-д “Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан “Ажлын цаг, цалин, нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3.2.6.2-т “Ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн ажлын хэсгийн саналыг үндэслэн Ерөнхий захирал нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Гэвч ажилтнуудын ур чадварыг дүгнэх ажлын хэсгийг хэрхэн байгуулж ажиллуулах, нэмэгдлийн хэмжээ /10-25 хувь/-г хэрхэн тогтоох, Ерөнхий захирлаас нэмэгдэл олгох тухай шийдвэрийг хэрхэн гаргахыг нарийвчлан тогтоогоогүй, тухайлбал нэмэгдэл олгохгүй байгаа талаар анх Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Санхүү, бүртгэлийн албаны эмийн орлого хариуцсан нягтлан бодогч С.Б тухайд дээрх журамд заасан ур чадварын нэмэгдэл олгох шалгуур нь нягтлан бодогчийн ажлын хувьд тохирдоггүй, хангалттай бус, иймд шалгуурыг тогтоохоор ажиллаж байгаа, байнгын ажлын хэсэг байдаггүй талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч талаас тус тус тайлбарласнаас үзэхэд бодит нөхцөл байдлын хувьд П.А нягтлан бодогч С.Б ур чадварын нэмэгдэл өгөөгүй буруутай этгээд гэж үзэх, цаашлаад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

2.Эрх бүхий албан тушаалтны даалгаварт ч энэ талаар тодорхой дурдсан, тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхий захирлын А/185 дугаар тушаалыг шинэчлэн, зарим нэмэгдлүүдийг ойлгомжтой болгох, ур чадварын болон бусад урамшууллын дээд доод хязгаарыг тогтоож, ямар шалгуур үзүүлэлтээр тооцохыг тодорхой болгох…” зэргээр зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгажээ.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль болон журамд зааснаар энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь эмнэлгийн Ерөнхий захирал байх атал ийнхүү байгууллагын дотоод асуудал, удирдах, удирдуулах харилцаанд хөндлөнгөөс оролцож эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А шийтгэл ногдуулж, даалгавар хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасантай хууль зүйн хувьд нийцсэнгүй.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны “буруутай этгээд” гэдгийг Зөрчлийн тухай хуулийн шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон зохицуулалттай харьцуулан үзсэний үндсэн дээр тогтоох ёстой.

4.Авлигатай тэмцэх газрын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 05/10831 тоот албан бичгээр ирүүлсэн С.Б гомдол, мэдээллийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06-036/624 дугаар актыг хэрэгжүүлж, С.Б зохих нэмэгдэл олгогджээ.

Гэвч тухайн үед нэмэгдлийг олгоогүй нь хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам, цалин урамшууллын журам, С.Б урамшуулал хүссэн өргөдөл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын зөвшөөрсөн цохолт, зөрчлийн хэрэг хянан шалгах явцад хуулийн зөвлөх, эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлэг зэргээр үнэхээр л П.А холбоотой гэж үзвэл С.Б ур чадварын нэмэгдэл хөлсийг олгох боломжгүй талаар эмнэлгийн ерөнхий захиралтай харилцан зөвлөлдсөн нь үндэслэлгүй, энэ нь зөрчлийн шинжтэй гэж үзэх тохиолдолд түүнд сахилгын шийтгэл ногдуулахаас бус Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл буюу “Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл”-ийн 4-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан.

Иймд хариуцагчаас П.А албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүйгээр бус эсрэгээрээ албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй гэж буруутган хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус болжээ.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан.

Гэтэл энэ тохиолдолд шийтгэлийн хуудас ногдуулах эрх бүхий этгээдэд П.А хамаарахгүйг, түүнийг ажил олгогч биш болохыг, мөн эрх бүхий албан тушаалтны даалгавраар гомдол гаргагчийн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй асуудлын талаар, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган, өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоож, дүгнэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн нэг төрөл болох маргаан бүхий актыг дахин шинээр гаргатал түдгэлзүүлэх шийдвэрийг жишээ нь, гаргасан актаа эргэж нягтлахыг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алины эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй буюу тэдгээрийн ашиг сонирхлын аль алинд нийцсэн шийдвэр гаргах боломжтой нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, эсхүл төлбөр тогтоосон буюу шийтгэл хүлээлгэсэн актын хувьд тооцооллын алдаа гаргасан, тухайлбал энэ тохиолдолд П.А гаргасан зөрчил тогтоогдсон, тэрбээр хуульд заасан хариуцлага хүлээх ажил олгогч мөн боловч тухайн шийтгэлийн хуудас алдаатай, эсхүл Зөрчлийн тухай хуулийн буруу зүйл, заалтыг хэрэглэсэн гэх зэргээр зайлшгүй зөвтгөсний үндсэн дээр дахин гаргах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд гаргах учиртай.

Түүнээс тухайн зөрчлийг гаргасан этгээдийг олж тогтоолгох, улмаар зохих этгээдэд нь хариуцлага хүлээлгүүлэх зорилгоор актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалттай үл нийцнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 386 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дах заалтыг нэгтгэн “Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4, 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т заасныг баримтлан П.А гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /хуучин нэрээр/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 00772241 тоот шийтгэлийн хуудас, мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгосугай”, 4 дэх заалтын дугаар “2” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН