Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга О.Баясгалан,

улсын яллагч Ц.Осоржамаа,

шүүгдэгч Б.Нямдэмбэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг /ҮД: 0-566/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Улаан үхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031149 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамжны 59 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаан үхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэл /РД: ИЭ89070913/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл нь 2015 оны 9 дүгээр сарын дундуур иргэн Д.Оюунцэцэгийн хүү Амармэндээс “Fujitsu” маркийн зөөврийн компьютерыг нь “түр хэрэглэж байгаад өгье” гэж итгүүлэн залилан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 73 тоотод иргэн С.Арсланг гэртээ байхад нь “компьютер хэрэг болоод байна, 2 хоног зураг зурж байгаад танд авчраад өгье” гэж итгүүлэн түүний “Dell” маркийн зөөврийн компьютерыг залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51-52 тоотод оршин суух иргэн Ц.Дэмбэрэлийн “Dell” маркийн зөөврийн компьютерыг нь “түр хэрэглэж байгаад өгье” гэж итгүүлэн залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан; 

- 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн орчим иргэн О.Анхбаярын “Asus” маркийн зөөврийн компьютерыг “хэрэг болоод байна, 2 хоног хэрэглээд өгье” гэж итгүүлэн залилан авч 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуков худалдааны төвийн хажуугийн автобусны буудал дээр иргэн П.Мөнхбатын “HP” маркийн зөөврийн компьютерийг “сонгууль болох гэж байна, хэдэн гишүүнтэй уулзаж танилцуулга тавих гэсэн юм 2 хоног хэрэглээд өгье” гэж итгүүлэн залилан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид үнэн зөвөөр амьдарна...” гэв.

 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Дэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нямдэмбэрэл манай гэрт ирсэнээ “чи надад зөөврийн компьютероо түр хэрэглүүлээч, би сургууль дээр танилцуулга бэлдчихээд орой буцаагаад аваад ирье” гээд гуйгаад байхаар нь өөрийн хар өнгийн, Dell-i3 маркийн зөөврийн компьютероо Нямдэмбэрэл өгөөд явуулсан. Нямдэмбэрэл миний зөөврийн компьютерыг авчирч өгөхгүй удаад байхаар нь орой 18 цагийн үед түүний 94558446 дугаарын гар утас руу залгаж ярихад тэрээр надад “танилцуулга бэлдэж дуусаагүй байна, би төв сургууль дээр байна, гэртээ харих замаараа чиний зөөврийн компьютерыг оруулаад өгье” гэж хэлсэн боловч ирээгүй. Шөнө 00 цагийн үед түүн рүү дахин залгаад хэзээ миний зөөврийн компьютерыг авчирч өгөх гэж байна гэтэл “би Холбооны сургууль дээр байна, чиний зөөврийн компьютер дээр программ суулгаж байна, энийг дуусахаар чиний зөөврийн компьютерыг аваачиж өгье, одоо орой болчихож, маргааш өглөө зөөврийн компьютерын чинь өгье” гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Нямдэмбэрэлийн гар утас руу залгаад зөөврийн компьютероо асуутал “би зөөврийн компьютерыг чинь өгөх гээд гэмтлийн эмнэлэг дээр явж байна, 2 цагийн дараа чамд зөөврийг компьютерыг чинь өгье” гэх мэтээр худал яриад 3 хоног болсон боловч миний зөөврийн компьютерыг Нямдэмбэрэл авчирч өгөөгүй...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Хохирогч Д.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нямдэмбэрэл гэх хүн 2015 оны 9 дүгээр сарын дундуур манай хүүгийн зөөврийн компьютерыг түр хэрэглээд өгье гэж аваад одоог болтол өгөхгүй алга болсон. Сүүлд мэдэхэд тэр Нямдэмбэрэл манай хүүгийн компьютерыг ломбарданд барьцаанд тавьсан юм шиг байна. ...Тухайн зөөврийн компьютер минийх байгаа юм. Манай хүүхэд гадаад улс руу явчихсан байгаа. Нямдэмбэрэл анх манай хүүгээс компьютерыг нь авахдаа зураг зурна гэж хэлээд авсаныг би мэдэж байна. ...Би уг компьютерыг Ирланд улсаас 850 америк доллараар худалдан авч байсан...” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Хохирогч О.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Asus” маркийн зөөврийн компьютерыг 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 89-135 тоотод гэртээ байж байхад Нямдэмбэрэл надтай фэйсбүүкээр харилцаад, би төсөл хийсэн юм. Энэ төслөө аваачиж танилцуулах гэсэн чинь компьютер хэрэгтэй болчихлоо гэж надаас гуйгаад байхаар нь Нямдэмбэрэлтэй Багшийн дээдийн орчим уулзаж байгаад 2 хоногийн хугацаатай өгөөд явуулсан. Тэрнээс хойш миний компьютерыг одоог хүртэл өгөхгүй байгаа...” /хх-ийн 33-34/ гэсэн,  

 

Хохирогч П.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 13 цагт над руу залгаад найздаа компьютероо өгч байгаач сонгууль болох гэж байна, хэдэн гишүүдтэй уулзаж танилцуулга тавих гэсэн юм, 2 хоног хэрэглээд өгье гэхээр нь би Жуковын автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. ...ажилдаа явах замаараа компьютероо өгөөд ажил руугаа явсан. Надад 2 хоногийн дараа компьютероо авъя гэхэд ажил арай амжаагүй байна гээд хойшлуулсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ярихад над руу уурлаад өгөхгүй гээд хэрэлдсэн. Түүнээс хойш над руу ярихгүй байхаар нь би өргөдөл гаргасан юм. Би НР маркийн 14.1 инчийн хэмжээтэй компьютероо 2011 онд Номин их дэлгүүрээс 849,000 төгрөгөөр авч байсан.  Компьютероо авсан учир гомдол санал байхгүй...” /хх-ийн 103-104/,

 

Хохирогч С.Арслан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байх намайг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхад манай сургуулийн оюутан болох Нямдэмбэрэл ирж уулзаад надад компьютерын хэрэг болоод байна хоёр хоног зураг зурж байгаад танд авчираад өгье гэж хэлэхээр нь өгөөд явуулсан. Үүнээс хойш Нямдэмбэрэлтэй яриад компьютероо нэхэхээр одоохон өгнө удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн...” /хх-ийн 108-109/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 6 тоотод байрлах “Гранд масс” барьцаалан зээлдүүлэх газрыг хувиараа ажиллуулдаг юм. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай ломбарданд Нямдэмбэрэл гэж залуу ирээд “Fujitsu” маркийн зөөврийн компьютер барьцаанд авах уу гэж ирсэн. Тухайн үед компьютерыг 350,000 төгрөгөөр барьцаанд авсан. ...Уг компьютероос гадна Sony маркийн зөөврийн компьютерыг барьцаанд тавиад мөнгөө төлөөд авсан. Мөн Asus маркийн зөөврийн компьютерыг барьцаанд тавиад мөнгөө төлөөд аваад явсан. Одоо Нямдэмбэрэл гэж хүнээс 350,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн хүү алданги нь 600,000 төгрөг болсон байгаа...” /хх-ийн 36-37/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч С.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын 1 дүгээр байрны 03 тоотод барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм. ...Нямдэмбэрэл гэж залуу надтай уулзаад зөөврийн компьютер тавих гэсэн юм гэж хэлсэн. Тухайн компьютер нь I-5 Core зөөврийн компьютер байсан юм. Уг компьютерыг 460,000 төгрөгийн барьцаанд авсан. ...Нямдэмбэрэл гэдэг залуу өмнө нь манайд зөөврийн компьютер тавиад авч байсан. Нямдэмбэрэл гэж хүн анх 460,000 төгрөгөөр тавьсан. Одоо бол 750,000 орчим төгрөг болсон байгаа. Энэ мөнгөө Нямдэмбэрэл гэж хүнээс нэхэмжилж байна...” /хх-ийн 106/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дэмбэрэлийн 91243060 дугаарын утас руу яриад “чи зөөврийн компьютероо түр өгч байгаач, Баянгол дүүргийн Засаг дарга Оросоод зөөврийн түргэн үйлчилгээний цэгийн танилцуулга үзүүлэх гэж байгаа юм, уг танилцуулга бэлдэх гэсэн юм, зөөврийн компьютерыг чинь өнөө орой гэхэд буцаагаад өгнө” гэж хэлтэл тэрээр зөвшөөрсөн юм. ...Дэмбэрэлээс түүний саарал өнгийн Dell Core I3 маркийн 15 инчийн зөөврийн компьютерыг авсан. ...Уг зөөврийн компьютерыг Сонгинохайрхан дүүргийн Саппоро худалдааны төвд байрлах “Гранд масс” нэртэй ломбарданд 10 хоногийн хугацаатай, 230,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2015 оны 09 дүгээр сарын сүүлээр танил болох Амармэндийн  “Fujitsu” маркийн зөөврийн компьютерыг техникийн зураг зураад эргүүл өгье гэж хэлж аваад 2-3 хоног хэрэглэж байгаад мөнгөний хэрэгцээ гаргахаар нь Саппород байдаг “Гранд масс” гэдэг нэртэй ломбарданд 370,000 төгрөгөөр тавьсан. ...Анхбаяртай холбогдоод зөөврийн компьютероо түр хэрэглүүлээч гэхэд зөвшөөрөхөөр нь зөөврийн компьютерыг нь Багшийн дээдийн орчим уулзаж аваад тэр өдрөө хэрэглэж байгаад маргааш нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавин-Ус эмийн сан дотор байрлах ломбарданд 460,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байх зургийн программ суулгаад зураг гаргаад 2-3  хоног хэрэглээд өгье гэж Мөнхбаттай яриад Жуковын автобусын буудал дээр ирж НР маркийн зөөврийн компьютер авсан. ...Мөнгөний хэрэг болоод байхаар нь би ломбарданд зөөврийн компьютерыг 250,000 төгрөгөөр тавьсан. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Би Арслан багшийн гэрт нь очиж Dell маркийн зөөврийн компьютерыг аваад явсан. 2 хоног хэрэглээд мөнгөний хэрэг болсон учраас ломбарданд тавьсан. ...Би Анхбаяр, Дэмбэрэл, Мөнхбат, Оюунцэцэг нарын хохирлыг төлж барагдуулсан байгаа. Одоо Арслан багшийн хохирлыг төлж барагдуулах болно...”  /хх-ийн 46-47, 50-51, 54-55, 56, 119-120/ гэсэн мэдүүлгүүд,

 

-  Хохирогч нарын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 17, 22, 31, 40, 100/

- Шүүгдэгч Б.Нямдэмбэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 66/,

- Шүүгдэгч Б.Нямдэмбэрэлийн захиргааны зөрчилд холбогдсон эсэх бүртгэл /хх-ийн 60-63/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74, 63, 83, 128, 135/,

- Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 77-78, 121-122/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 82, 75, 123/,

-  Шүүгдэгч Б.Нямдэмбэрлийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Бадамдоржийн мэдүүлэг /хх-ийн 110-111/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 124/,

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Нямдэмбэрэл нь 2015 оны 9 дүгээр сарын дундуур иргэн Д.Оюунцэцэгийн хүү Амармэндээс “Fujitsu” маркийн зөөврийн компьютерыг нь “түр хэрэглэж байгаад өгье” гэж итгүүлэн залилан авч 1.300.000 төгрөгийн хохирол;

- 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар байрны 73 тоотод иргэн С.Арсланг гэртээ байхад нь “компьютер хэрэг болоод байна, 2 хоног зураг зурж байгаад танд авчраад өгье” гэж итгүүлэн түүний “Dell” маркийн зөөврийн компьютерыг залилан авч 250.000 төгрөгийн хохирол;

- 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51-52 тоотод оршин суух иргэн Ц.Дэмбэрэлийн “Dell” маркийн зөөврийн компьютерыг нь түр хэрэглэж байгаад өгье гэж итгүүлэн залилан авч 250.000 төгрөгийн хохирол; 

- 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчим иргэн О.Анхбаярын “Asus” маркийн зөөврийн компьютерыг “хэрэг болоод байна, 2 хоног хэрэглээд өгье” гэж итгүүлэн залилан авч 1.050.000 төгрөгийн хохирол;

- 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуков худалдааны төвийн хажуу талын автобусны буудал дээр иргэн П.Мөнхбатын “HP” маркийн зөөврийн компьютерыг “сонгууль болох гэж байна, хэдэн гишүүнтэй уулзаж танилцуулга тавих гэсэн юм, 2 хоног хэрэглээд өгье” гэж итгүүлэн залилан авч 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 3,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Д.Оюунцэцэг, Ц.Дэмбэрэл, О.Анхбаяр, П.Мөнхбат, С.Арслан, иргэний нэхэмжлэгч Д.Нарангэрэл, С.Цогтбаяр нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Б.Нямдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба шүүгдэгчийн нэр бүхий хохирогч нараас зөөврийн компьютерыг “зураг зурна, танилцуулга бэлдэнэ” гэж өөрт олгогдоогүй ажил үүргийг хийж гүйцэтгэхээр итгэл төрүүлж, тэднийг төөрөгдүүлэн бусдын зөөврийн компьютеруудыг авч байгаа үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр, буцааж өгөх зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эзэмшигч нарыг төөрөгдүүлж авсан болох нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдэмбэрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Оюунцэцэг, Ц.Дэмбэрэл, О.Анхбаяр, П.Мөнхбат нар тус бүрийн зөөврийн компьютерыг хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 82, 75, 123 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч П.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Компьютероо авсан учир гомдол санал байхгүй...” /хх-ийн 103/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хохирогч С.Арслан болон иргэний нэхэмжлэгч Д.Нарангэрэл, С.Цогтбаяр нарт учирсан хохирлийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “...С.Арслан миний бие Б.Нямдэмбэрэлээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн, “...Д.Нарангэрэл би Б.Нямдэмбэрэлээс нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн, “...С.Цогтбаяр миний бие Б.Нямдэмбэрэлээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тодорхойлолтуудыг нотариатаар батлуулсан баримт зэргээр тогтоогдож, энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Нямдэмбэрэлд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201526031149 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан үхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Улаан үхэрт овогт Бархасжавын Нямдэмбэрэлд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямдэмбэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201526031149 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямдэмбэрэлд оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нямдэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч нар шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Нямдэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР