Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 387

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “ШХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: ШХ ХК ,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ц.Д, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ...газрын солбицлыг өөрчлөхийг даалгах”,  

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ШХ” ХХК-ийн захирал Н.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Нийслэлийн засаг даргын 2015 оны 11-р сарын 02-ний өдрийн А\860 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 18******* нэгж талбарт 360 м2 газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшдэг.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг дарга А/173 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 ,4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 , 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 , Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн манай компанийн газар эзэмших эрх гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Гэтэл манай компани тус газрыг гэрээнд заасан нөхцөл болзол, журмын дагуу эзэмшиж байгаа бөгөөд Монгол улсын хууль, Газрын тухай хууль, газар эзэмшүүлэхээр байгуулсан гэрээнд заасан заалт журмыг зөрчсөн зүйл огт байхгүй харин ч хууль журам, газар ашиглуулах гэрээнд заасан зориулалт журмын дагуу газрыг ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж байсан учир Нийслэлийн Засаг даргын тус шийдвэрийг Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хууль Захиргааны ерөнхий хууль, манай компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг ноцтой зөрчиж буй хууль бус шийдвэр гаргасан гэж манай компанийн зүгээс үзэж байна.

Учир нь манай компани тус газрыг одоо үйлчилгээний чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд тус газарт 32 давхар оффис үйлчилгээ, авто худалдааны цогцолбор төв барих төсөл боловсруулж нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргасан байсан.

Мөн газрын албанд манай эзэмшиж буй газар нь барилга барихад тохиромжгүй хэт нарийхан байгаа учир газрын солбицолд өөрчлөлт оруулах хүсэлтийг бичгээр гаргасан байсан. Мөн тухайн газарт барилга барих холбогдох төслийг төрийн байгууллагуудад танилцуулж, ирээдүйд барих барилгын зургийг хийлгэж, хангагч байгууллагуудаас техник нөхцөл авахаар албан бичгээр хандаад байна.

Мөн манай эзэмшиж буй газрын зохих хэсгийг ШШБЕГ-ын ажилчдын орон сууцны "З******* СӨХ" нь өөрсдийн оршин суугчдын орц гарц болгон ашиглаж байгаа нь биднийг газраа бүрэн хэмжээнд ч ашиглахад саад болж газрын маргаан үүсээд байгаа учир газрын маргааныг шүүхээр шийдэх түвшинд хүргэлгүй асуудлыг шийдвэрлэж, манай компанийн газар эзэмших нөхцөл бололцоог бүрэн бүрдүүлж өгөхийг газрын албанаас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгаагаас барилга барих ажил зогсож ,саатаж байгаа болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын гаргасан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаартай захирамж нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна манай компанийн хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж тухайн газар дээр барихаар төлөвлөсөн манай төсөл ,хөрөнгө оруулалт тодорхойгүй байдалд хүрч, улмаар өмч хөрөнгө мөнгө төгрөгөөрөө хохирч, хуулийн дагуу газар эзэмших, барилга байшин барих, түүнийгээ ашиглах өмчлөх гээд хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирч байна.

... Манай компани маргаан бүхий газарт 32 давхар оффис үйлчилгээ, авто худалдааны цогцолбор төв барих төслөө боловсруулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих зөвшөөрөл авах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч инженерийн төвлөрсөн хангамжийн цэвэр ус, бохир ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон, “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх төмөр зам доогуурх нүхэн гарц, замын ногоон байгууламж, олон түвшинд огтлолцох авто замын трасст орсон” гэсэн шалтгааны улмаас татгалзсан хариуг ирүүлдэг байсан учир 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Газрын албанд солбицол өөрчлүүлэхээр хүсэлтийг хүргүүлж байсан .

Гэтэл хэргийн хариуцагч, Нийслэлийн газрын албанаас манай компанийн гаргасан солбицол өөрчлүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой нөхцөл байхад зайлшгүй газрын эзэмших эрхийг цуцалж, шийдвэрлэсэн нь газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг зөрчиж байна.

Хариуцагчаас солбицол өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн бол:

1. Тухайн газар нь инженерийн төвлөрсөн хангамжийн цэвэр ус,бохир ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст , "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх төмөр зам доогуурх нүхэн гарц, замын ногоон байгууламж, олон төвшинд огтлолцох авто замын трассаас гарах бүрэн боломжтой байсан .

2.Тус маргаан бүхий газрын нөхцөлд тохируулж барилга төлөвлөн барихад саадгүй болох байсан. Солбицлыг өөрчилснөөр бусдын эрх ашгийг хөндөхгүй төдийгүй хуульд нийцүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Иймд хариуцагчаас манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага гарч байна. Хариуцагч нь маргаан бүхий газрын солбицлыг өөрчилснөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх төмөр зам доогуурх нүхэн гарц, олон төвшинд огтлолцох авто замын ажлыг саадгүй явуулж, нэхэмжлэгчид төлөвлөсөн газартаа барилга барих зөвшөөрөл олгох ёстой байтал илтэд ашиг сонирхлын зөрчил үүсгэж хохироож байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “газрын солбицлыг өөрчлөх”-ийг даалгах гэж нэмэгдүүлж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

... Барьцааны гэрээг очиж байгуулахдаа Хан-Уул дүүргийн Мишээл худалдааны төвд очиж Газрын албаны байгууллагаас нь гаргуулж, гэрээгээ хийгээд бэлэн мөнгийг нь дансаар шилжүүл гэсэн. Энэ нь эргэлзээгүй хийсэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөлтэй байгаа. Орон сууц барьж байж үйлчилгээ явуулдаг гэх зүйл байхгүй. Би авсан цагаасаа хойш тасралтгүй үйлчилгээ явуулж байсан. Хөрөнгө мөнгөний бололцоо бүрдэхгүй байсан тул сүүлийн 2 жил барилга байгууламж барих гэж тодорхой хэмжээнд үйлчилгээ явуулж зориулалтын дагуу ашиглаж байсан. Хашаа болон барилга байшин барьсан. Холбогдох байгууллагууд хоорондоо буруу ойлголцдог тул буруу бичгүүд гарч байна.  Хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар өмнө нь хандаж байгаагүй гэж албан бичиг ирүүлсэн байсан. Хангагч байгууллага доороо шугам сүлжээ байхгүй гэж байхад Ерөнхий төлөвлөгөөний газар байгаа гэж тайлбарлаж болохгүй. Барилга барихад чухал зүйл нь ус, дулаан, тог цахилгаан байдаг. Ус, дулааныг аргалж болдоггүй хогийг зайлуулж болдог. Ус сувгийн газар болон, Цахилгаан түгээх сүлжээ хууль зөрчөөгүй байна. Дахин тодруулга аваад барилга барь гэж хариу өгдөг. Ерөнхий төлөвлөгөөний газар болохоор шугам сүлжээ байгаа тул боломжгүй гэдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын А/173 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. 

Өмнө нь надтай уулзахдаа таны газар доогуур шугам байна гэж байсан. Хэрэв тийм байсан бол тэр үедээ хэлэхгүй яасан юм. Захирамждаа доороо дэд бүтэцтэй газрыг цуцаллаа гэсэн. Хэрэв тийм байсан юм бол анх яагаад олгосон юм гэх асуулт гарч ирнэ. Тиймээс Нийслэлийн Засаг Даргын  А/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, Солбицлыг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Солбицлыг өөрчлүүлэхийг даалгаж байгаа шалтгаан нь иргэд орж гарч хэвшсэн тул дахин  маргаан үүсэх боломжтой. Мөн бусдын орц гарцыг чөлөөлнө гэх гэрээгээр заасан үүрэг байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******ээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах дээрх газрыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршлыг нь шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/860 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Ц*******ийн эзэмшиж буй 360 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг "ШХ” ХХК/РД:*******/-д шилжүүлэн үйлчилгээ, конторын зориулалтаар 4 жил, 11 сарын хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

“ШХ” ХХК нь 2015 оноос хойш 4 жил эзэмшил газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дах хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/173 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 166,167 дугаар байрны оршин даргад хандан “ШХ” ХХК нь эзэмшил газартаа хашаа барихдаа бусдын эзэмших газарт зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн барьсан нь тус орон сууцны оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол ирүүлсэн, мөн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлж байсан.

... Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно гж тайлбарласан байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны А/173 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй ...

... Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл яригдах ёстой. Шугам сүлжээ орсон гэх үндэслэлийг захирамжийн үндэслэл болгоогүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь гэрээ байгуулснаас хойш  2 жил гэдгийг шүүх анхаар ч үзэх байх. Гэрээг 2015 онд байгуулсан. Бусад этгээдээс нэр шилжүүлж эзэмшсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн эзэмшигчийн эрх үүргийг бүрэн шилжүүлэн авсан.  Тиймээс эрх үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан гэсэн үг. Гэрээ байгуулахдаа гэрээний нэг тал гэрээг уншиж танилцсаны үдсэн дээр байгуулсан. 2015 онд гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд төрийн байгууллага болон бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас газраа ашиглах боломжгүй байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тухайн газартаа зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. Төрийн байгууллага өөрийн хуулбар үнэн тэмдгийг дарж үнэн зөв баримт ирүүлэх үүрэгтэй. Хүсэлт хэлэлцэх шатанд нотлох баримтаас хасуулах тухай зүйл яриагүй. Гэтэл шүүхийн эцсийн хэлэлцүүлэг дээр нотлох баримтуудыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ баримтууд Газрын албанаас гарах нь зүйтэй. Хувийн хэрэгт бүрдсэн баримтуудыг өөрчлөх боломж байх ёсгүй. 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ үндэслэлээр А/173 захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. 

...Газрын солбилцлыг өөрчлөх асуудлаар төрийн байгууллагаас хариу өгсөн. Тэгэхээр эс үйлдэхүй байхгүй. Татгалзсан хариуг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Даалгах шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Д******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн засаг дарга А/173 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 ,4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 Захиргааны ерөнхий хуулийн (8.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус ус үндэслэн манай компанийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын тус шийдвэр нь Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээ, Захиргааны ерөнхий хууль зэргийг ноцтой зөрчиж буй хууль бус шийдвэр болсон байна.

Учир нь “ШХ” ХХК нь тус газрыг цуцлагдахаас өмнө буюу 2018.08.28-ны өдөр 350.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулж нийслэлийн газрын албанд хуулийн дагуу барьцааг бүртгүүлсэн. Ингэхдээ тус газарт 32 давхар оффис үйлчилгээ, авто худалдааны цогцолбор төв барих төсөл боловсруулах, эхлүүлэх зорилгоор зээлж авсан.

Мөн “ШХ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үед тус компани нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргасан байсан. Мөн барьцаалж буй тус газрыг гэрээнд заасан нөхцөл болзол, журмын дагуу эзэмшиж байсан бөгөөд Монгол Улсын хууль, Газрын тухай хууль, газар эзэмшүүлэхээр байгуулсан гэрээнд заасан заалт урмыг зөрчсөн зүйл огт байхгүй харин ч хууль журам, газар ашиглуулах гэрээнд заасан зориулалт журмын дагуу газрыг ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн байсан.

Гэтэл хариуцагч захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах” 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх,хууль ёсны дагуу ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчиж байна.

Бидний “ШХ” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл олгосон үйл явдал нь хуулийн дагуу хийгдсэн бөгөөд, зээлийн барьцаанд авагдсан газрыг нийслэлийн Засаг дарга нь цуцалснаар бидний эрх ашиг нь зөрчигдөж, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Гэтэл хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн олон заалтын зөр сонсох, нөхцөл байдлыг тогтоох, Сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх, хуул ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх, Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх,хууль ёсны дагуу ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан явдал нь биднийг хохироож байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 сарын 26-ны өдрийн А| 173 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болго өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШХ” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн засаг дарга нь 860 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ах 18******* нэгж талбарт 360 м.кв газрыг үйлчилгээ, конторын алтаар олгосон боловч 2019 оны 02 сарын 26-ны өдрийн А/173 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байна.

Гэтэл “ШХ” ХХК нь иргэн Ц.Д*******тай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж тухайн газрыг барьцаалж 350.000.000 төгрөг зээлж зээлийн барьцаанд тавьсан.

Зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлсэн мөнгөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар хэлцэл тохирсон болно.

Мөн зээлийн гэрээ хийх үед ямар нэгэн эрх талаас доголдол байгаагүй бөгөөд тухайн компани нь өөрийн эзэмшиж буй газрыг хуулийн дагуу ашиглаж, төлбөр тооцоог цаг хугацаанд нь бүрэн төлж, тус газарт барилга орон сууц, үйлчилгээ, оффис барих зураг төсөл боловсруулж, холбогдох газруудаас зөвшөөрөл хүссэн талаараа бидэнд танилцуулж байсан.

Гэтэл Нийслэлийн засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 ,4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн тус компанийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байна.

Учир нь “ШХ” компани тус газрыг гэрээнд заасан нөхцөл болзол, журмын дагуу 2015-2019 онуудад эзэмшиж байсан бөгөөд Монгол улсын хууль Газрын тухай хууль, газар эзэмшүүлэхээр байгуулсан гэрээнд заасан заалт журмыг зөрчсөн зүйл огт байхгүй байна. Мөн хууль журмын дагуу газрыг ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж, тухайн газарт зориулалтын дагуу барилга барихаар төсөл боловсруулж холбогдох газруудад хандаж зохих зөвшөөрлүүдийг хөөцөлдөж явж байсан байна.

...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон газрын албанаас удаа дараа зориуд саад учруулж тус компанийн барилга барихаар гаргасан хүсэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзаж төрийн зүгээс саад  учруулж байсан явдал нь “ШХ” ХХК-ийг зориулалтын дагуу газраа ашиглах боломж нөхцөлөөр бүрэн хангаж өгөөгүй төрийн буруутай үйл ажиллагаанаас гуравдагч этгээд бидний эрх ашигч давхар хөндөгдөж, зөрчигдөж, хохирч байна.

Хэрвээ Нийслэлийн Засаг дарга нь гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй бол өөрт учирч болох хохирлыг шүүхийн журмаар тооцуулахаар бие даасан шаардлага гаргах болно.

... “ШХ” ХХК-тай Ц.Д******* 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 350,000 000 төгрөг зээлж газар барьцаанд авсан. Тухайн үед газар хууль зөрчөөгүй төлбөр тооцоо хууль дүрмийн дагуу байсан. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрх хүчингүй болсон. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцож байна.  “ШХ” ХХК нь сольболцол өөрчлүүлэх хүсэлт гаргаж байсан юм байна. Тухайн үед энэ асуудлыг нь шийдсэн бол бидний эрх ашиг зөрчигдөхгүй байсан.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу иргэний шүүхээр шийдэгдэх ёстой гэж байна. Энэ асуудал нь дараагийн асуудал гэж бодож байна. 350,000,000 төгрөг бол бага мөнгө биш тул бид шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж хэн алиных нь эрх ашиг зөрчигдөж байна. 

Иймд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, газрын сольболцлыг өөрчлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гуравдагч этгээд Ц.Д******* бие даасан шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн этгээд”-ийг гуравдагч этгээд хэмээн тодорхойлсон.

Гэтэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ШХ” ХХК-ийн эзэмшил газрыг барьцаалагч гуравдагч этгээдээр оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдөж буй хэрэг бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагаас тодорхой байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч эзэмшил газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу барьцаанд тавьсан эсэхээс үл хамааран газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудал нь Засаг даргын эрх хэмжээний асуудал юм .

Иймд гуравдагч этгээд гэх иргэн Ц.Д*******ын тухайд “ШХ” ХХК- тай 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 11-д “Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно” хэмээн тусгайлан зааж иргэд хооронд байгуулсан гэрээ байна.

Иймд иргэн Ц.Д*******ын тухайд иргэний журмаар тус гэрээний биелэлт болон хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй.

... Гуравдагч этгээдийн шаардлагын тухайд хуулийг мэдэхгүй байх нь хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Гэрээ ийм байдаг гэж үзээд гэрээнд заалт байдаг гэж үзэж заалт оруулах нь зохимжгүй. Төрийн өмчийн газрыг барьцаалж байгаа гэдгээ мэдэж байсан. Энэ бол хэн нэгний өмчлөлд өгсөн газар биш гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангасан.  Акт зорилгодоо нийцсэн байх, тодорхой ойлгомжтой байх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ШХ” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан анх шүүхэд “нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа “18******* нэгж талбарын дугаар бүхий 360 м.кв газрын солбицлыг өөрчлөхийг даалгах” гэж ихэсгэсэн байна. 

Гуравдагч этгээдээс мөн “нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргасан.

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай” А/860 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 25 дугаар хороонд 18******* нэгж талбарын дугаар бүхий 360 м.кв газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар 4 жил 11 сарын хугацаатайгаар “ШХ” ХХК-д эзэмшүүлсэн  байх ба энэхүү газар нь бусдын эзэмшил, ашиглалт бүхий газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-н өдрийн 03/666 тоот албан бичиг  болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг үндэслэн “...хүндэтгэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “ШХ” ХХК-ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ . 

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй ба газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн төрийн байгууллагуудад хандаж, холбогдох зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлүүлж чадаагүйг байгааг харгалзаагүй, жижиг байшин боловч миний үл хөдлөх хөрөнгө байгаа, хашаа барьсан байсныг өөр этгээдүүд нурааж, эд зүйлийг эвдсэн байхад газрыг ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээдээс “газар эзэмших эрхийг барьцаалсан тухай захиргааны байгууллагад бүртгүүлсэн байхад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус”, гэж тус тус маргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан ба нэхэмжлэгч нь уг газрыг хуульд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж ашиглаагүй нь иргэд болон СӨХ-өөс гаргасан гомдлыг шалгах явцад тогтоогдсон тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд гарсан акт нь хууль тогтоомжид нийцсэн, гуравдагч этгээд нь төрийн өмчийн газрыг барьцаалж зээл олгосон нь тул гэрээнээс үүсэх хохирлоо иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх боломжтой, маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргасан. 

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нь нэгдүгээрт газар эзэмшигч газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх гэсэн 2 нөхцөл зэрэг бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад олгосон агуулгатай байна. 

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “ШХ” ХХК-ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хангалттай үндэслэл бүрдсэн эсэхийг шалган тогтоогоогүй атлаа хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нь маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаартай шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ. Тодруулбал, 

Газрын алба/хуучин нэрээр/-ны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02-06/4320 тоот албан бичгээр “ШХ” ХХК-д “... зөвшөөрөлгүй талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаагүйгээс заасан нөхцөл бүрдсэн тул 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор дүүрэг хариуцсан мэргэжилтэнтэй уулзах”  тухай мэдэгдлийг хүргүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн гэх тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн.

Уг сонсох ажиллагааны үеэр “ШХ” ХХК-ийн захирал Н.Ч аас “...газрын төлөв байдлыг сайжруулсан, авто худалдааны чиглэлээр ашиглаж байгаад уг үйл ажиллагааг хориглосон шийдвэр гарсны улмаас уг зориулалтаар ашиглаагүй болохоо тайлбарлаж, барилга барих техникийн нөхцөл авахаар эрх бүхий байгууллагуудад хандаж хариу авсан, түүнчлэн уг газрын хойд хэсэгт байрлах орон сууцны оршин суугчид болон СӨХ-өөс газрын хойд талаар барьсан хашааг буулгаж, эвддэг” тухай мэдэгдсэн болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагджээ .

Шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газрын урд хэсгээр цэнхэр өнгийн төмөр хашаа хатгасан, жижиг байшин барьсан  болох нь тогтоогдов. 

Нийслэлийн өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/ болон “ШХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд уг газрын зориулалтыг “Үйлчилгээ, контор”  гэж заасан ба уг үйлчилгээ нь ямар үйлчилгээ байх, ямар контор барьж байгуулсан байхыг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “ШХ” ХХК-ийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэхээргүй байхад хариуцагч нь газар эзэмшигчийн сонсох ажиллагааны явцад мэдэгдсэн нөхцөл байдлуудыг хэрхэн шалгасан, үнэлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа “хашаа хайс барьсныг газрыг ашигласан гэж үзэхгүй” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл, “үйлчилгээ, конторын зориулалтаар газрыг ашиглах гэдгийг ямар нэг конторын зориулалт бүхий барилга барьсан байхыг ойлгоно” гэсэн хариуцагчийн тайлбар хүлээн авах үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хашаа барьж авто машины худалдаа эрхэлж байсан, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч ил талбайд машин худалдаалахыг хориглосон тул зээл авч барилга барихаар эрх бүхий байгууллагуудад хандаж байсан, маргаан бүхий газар дээр жижиг ч гэсэн миний барьсан байшин, хашаа байгаа” хэмээн тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ““газрыг ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх” гэж заасантай илүү нийцсэн гэж шүүх дүгнэлээ. 

Түүнчлэн “ШХ” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 9/10 тоот “...тус байрны оршин суугч иргэдтэй орц, гарцны улмаас маргаан байнга гарч байгаагаас бид газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа...”  болохыг дурдсан талбай өөрчлүүлэх тухай хүсэлтээ Нийслэлийн газрын албанд хандаж гаргаж байсан байна. 

Гэтэл хариуцагч нь газар эзэмшигчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа тухайн газрыг зориулалтын дагуу агшиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий акт нь газрын давхцлын асуудлаар гараагүй энэ үндэслэл захиргааны шийдвэрт хамааралгүй гэж тайлбарлах боловч сонсгол хийсэн тухай протоколд “...НЗДТГ-аас ирүүлсэн албан бичгийг танилцуулж байна” гэж тэмдэглэгдсэн, уг албан бичигт “З*******” СӨХ-өөс ирүүлсэн гомдолд “...хашаа барихдаа бусдын эзэмшил газар луу зөвшөөрөлгүйгээр хэтрүүлсэн барьсан нь иргэдийн эрхийг хохироож байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар дурьджээ” гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ““З*******” СӨХ-өөс ирүүлсэн үндэслэлгүй хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “газрын солбилцлыг өөрчлөхийг даалгах”  гэж нэмэгдүүлсэн байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ “барилга барих тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр “Хөгжлийн хөтөч” дэд бүтэц хэрэгжүүлэх төмөр замын доогуурх нүхэн гарц, замын ногоон байгууламж, олон түвшинд огтлолцох замын траст орсон гэдэг шалтгаанаар татгалздаг” гэж, мөн солбицол өөрчлүүлэх кадастрын зургаа зэргэлдээ байрлах 166, 167 дугаар байрны оршин суугчдыг урд талаараа орж гарах гарцтай болгож, дээрх татгалзлын дагуу замын трассаас гаргасан байдлаар зурагласан гэж тус тус тайлбарласан .

Нийслэлийн газрын албанаас “ШХ” ХХК-д хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 02-06/119 тоот албан бичигт “... газрын хэлбэрийг өөрчлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцлаа, ...танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг мэдэгдье”  гэсэн хариуг өгснөөс үзвэл захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн “оршин суугчдын эрх ашгийг хүндэтгэж орц, гарц гаргах шаардлагаар” гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн агуулгагүй, харин газар эзэмших эрхийг дуусгавар болгох гэж байгаагаа мэдэгдсэн агуулгатай байна. 

  Мөн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/4923 тоот албан бичигт “...360мкв талбай бүхий 18******* нэгж талбарын дугаартай газар нь ...авто замын трасст орсон”  гэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн “өөрчлүүлэхийг хүссэн солбилцол”-оор авто замын трасст орж байгаа эсэхийг тодорхойлоогүй, харин хуучин солбицлоор давхцлыг тодорхойлжээ. 

Мөн хариуцагчаас нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа “...“З*******” СӨХ-өөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хүсэлт ирүүлсэн, мөн “ШХ” ХХК нь эзэмшил газартаа хашаа барихдаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн” гэж тайлбарласан нь газар эзэмшигчийн гаргасан хүсэлт болон түүнд өгсөн ха*******с зөрүүтэй байна. 

Иймд захиргааны байгууллагын шийдвэрлээгүй асуудлыг шүүхээс нөхөн шийдвэрлэж “газрын солбилцлыг өөрчлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. 

“ШХ” ХХк нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газрын эрхийн гэрчилгээг барьцаалсан “Барьцаат зээлийн гэрээ” -г иргэн Ц.Д*******тай байгуулсныг Нийслэлийн газрын алба/хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 02-нд улсын бүртгэлд бүртгэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ц.Д******* нь төрийн өмчийн газрыг барьцаалж зээл олгож байгаагаа мэдэж байсан, уг гэрээний улмаас учирсан хохирлоо иргэний шүүхэд хандах замаар шийдвэрлүүлэх боломжтой, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Ц.Д******* нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг барьцаалж зээл олгосны хувьд уг газрын төгөлдөр бус байдалтай холбогдуулж маргах эрхтэй байна.

Нийслэлийн газрын алба/хуучин нэрээр/-аас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-06/192 тоот албан бичгээр Ц.Д*******д “... “ШХ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгджээ. 

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2669 дүгээр шүүгчийн захирамжаар Ц.Д*******ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцаж, 05 дугаар сарын 27-ны өдөр бие даасан шаардлага гаргасан байна.

Иймд гуравдагч этгээд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Ц.Д*******ын нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “ШХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Д*******аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын  Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/173 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэхэмжлэгчээс илүү төлсөн 70200 төгрөг болон гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ