Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М,

Иргэний хариуцагч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Тамир,

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Лд холбогдох эрүүгийн 2115000000115 дугаартай, 163/2021/0120/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ ... ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ....... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогтой П-ын Л /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Л нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ,,-ны авто засварын хэсгийн гаднах талбай, замд **улсын дугаартай Isuzu Truck загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ /**улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгслийг чирэх зорилгоор/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард зогсож байсан А.Мыг **улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгсэлтэй хавсруулан хавчиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Лгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материалтай танилцсан, мэдүүлгээ ч бас өгсөн. Хайхрамжгүй, болгоомжгүйгээс болж гарсан гэмт хэрэг гэж үзэж байгаа. Компаниас хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гомдол саналгүй, хохирогчийн ар гэрт буюу эхнэр, 3 хүүхдийнх нь нэр дээр дурдагдсан байрыг худалдаж авч, шилжүүлж өгсөн мөн оршуулгын зардлыг төлсөн байгаа. Гомдол гаргалаа гээд талийгаач босоод ирэхгүй учир гомдол, саналгүй гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ч.Гийн өгсөн: Санамсар, болгоомжгүйгээр үйлдэгдсэн авто тээврийн осол байгаа, харамсалтай байна. Шүүгдэгч П.Лтэй компани 3 жилийн хугацаагаар манаачаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хохирлыг сар бүр цалингаас нь 500 000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд суутгаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. П.Л нь компанидаа итгэл, зүтгэлтэй ажиллана гэж итгэж байна гэв.

2115000000115 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч А.Мын өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед би гэртээ байж байтал миний гар утас дуугарахаар авсан ....Б өглөө дүү чинь машинд хавчуулагдсан тэгээд эндээс эмчтэй цуг Улаанбаатар хотруу аваад явсан гэж хэлсэн. Би тэгээд шууд аавын гар утасруу залгаад аавд “дүү М нь машинд хавчуулагдсан тэгээд наашаа ирж яваа гэнэ” гэж хэлчихээд аавын гэрт очиж аавыг аваад 22-ын товчоо руу дүү Мыг тосохоор явсан. Тэгээд 22-ын товчоон дээр ирсэн чинь ...... Э ирчихсэн цаанаас ...Г дүүг хүргэж ирээд дүү Мыг Эын машинд суулгачихсан байхаар нь дүү дээрээ очоод заа бие чинь яаж байна гэсэн чинь гайгүй гэж хэлэхээр нь аавыг Эын машинд дүүгийн хажууд суугаад яв гэж хэлээд би өөрөө дагаад араас нь явсан. Тэгээд яваад удаагүй байж байтал Г миний гар утасруу залгаад 39-ийн А маягтыг нь мартчихсан байна хүрч ирээд ав гэхээр нь би буцаад 22-ын товчоо орж Гээс маягтын аваад буцаад ГССҮТ-рүү очсон чинь дүү Мыг эмнэлэг рүү аваад орчихсон гэж аав болон Э, .... эмч тэр гурав хэлсэн. Тэгээд удаагүй ойролцоогоор 30 минутын дараа нэг эмч гарч ирээд Мын ар гэрээс хүн байна уу гэхээр яваад ортол нэг эрэгтэй эмч ер нь биеийн байдал муу байна шингэн алдсан байна одоо яаралтай хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгээд бид нар дүү Мын эхнэрт хэлсэн удалгүй эхнэр нь ирэхээр би гараад дүү Мын эхнэр нь зөрж ороод эмчтэй уулзсан. Тэгээд эмчийн өрөөнөөс гарсан чинь ээж ирчихсэн байхаар нь ээжтэй уулзаад дүүг хагалгаанаас гараад ирэхээр нь би сахья гээд гэр лүү хувцас болон хоол авчрах гээд яваад гэртээ ирээд байж байтал миний гар утас руу .... эмч нь надруу залгаад дүү чинь найдваргүй гэнэ энд ээж чинь ухаан алдаад уначихлаа чи яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би ГССҮТ-рүү буцаж очсон чинь эмнэлгээс бүгд гарч ирчихсэн байхаар очоод том эгч болон бага эгчийн гар утас руу залгаад болсон зүйлийн талаар хэлсэн чинь том болон бага эгч хоёр эмнэлэг рүү ирсэн. Тэгээд бид нар хэсэг байж байтал эмнэлгээс Мтай уулзах хүмүүс байвал орж уулзаж болно гэхээр нь аав болон дүүгийн эхнэр бид гурав орсон чинь дүүд эмч нар эмчилгээ хийж байсан тухайн үед дүү хагалгаанд ороод ухаангүй байсан. Тэгээд бид нар дүүг харчхаад эмчтэй уулзсан чинь эмч нь элэг нь бяцарсан аврах боломжгүй байна гэж хэлэхээр нь бид гурав гараад байж байтал эмч гарч ирээд дүүг маань өнгөрчихлөө одоо моорогт хийхээс өмнө салах ёс хийх хүн байвал орж болно гэж байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р тал/,

2. Иргэний хариуцагч Ч.Гийн өгсөн: ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед би амралтынхаа өрөөнд байж байхад миний гар утас руу уулын мастер Э гар утсаараа залгаад осол болчихлоо гээд дуудахаар нь би за очлоо гэж хэлээд уулын мастер дуудсан болохоор уулын хэсэг дээр гэж бодоод өрөөнөөсөө гарч явахад засвар дээр гэж ажилчид хэлэхээр нь яваад очтол талийгаач цехийн хашаан доторх зам дээр **улсын дугаартай тээврийн хэрэгсэл **улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгслийн дунд газар хэвтэж байсан. Харин эмч талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Тэгээд би талийгаачийг тэнд байсан ажилчидтайгаа өргөөд тээврийн хэрэгсэл дотор суулгаад Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлэг рүү эмч мөн ХАБ-н инженер Нын хамтаар авч яваад багийн эмчид болсон зүйлийн талаар хэлж талийгаачийн биеийн байдлыг үзүүлсэн чинь анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж яаралтай Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсний дагуу эмч Бгийн хамтаар Улаанбаатар хот руу талийгаачийг авч яваад Улаанбаатар хотын 22-ын товчоон дээр ирсэн чинь манай ажлын хангамжийн менежер Э мөн талийгаачийн аав болон ах нь бид нарыг тосоод ирчихсэн байсан. Тэгээд талийгаачийг Эын машинд суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү эмч Бгийн хамтаар явуулсан. **улсын дугаартай Isuzu Truck загварын тээврийн хэрэгсэл манай ,,,-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг ,,,,,-аас худалдан аваад ,,,-ны нэр дээр шилжүүлж амжаагүй, шилжүүлэхээр авто тээврийн үндэсний төвд шилжүүлэхээр бичиг баримтыг нь бүрдүүлж хүсэлтээ өгчихсөн байгаа. Манай байгууллага хохирогчийн нэхэмжилсэн бүх хохирлыг барагдуулсан. Мөн хохирогчийн ар гэрт нь 193 сая төгрөгний 3 өрөө байрыг худалдан авч өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-р тал/,

3. Гэрч Т.Мгийн өгсөн: ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн орчимд Гүйцээн баяжуулалтын Б, А, М нартай хамт баяжуулах үйлдвэр рүү ажилдаа явах гээд засварын хэсэг дээр очсон. Намайг засварын хэсэг дээр очиход баяжуулахын нууцын ажилтан Б нь машин асахгүй байна чирүүлж асаана гээд байж байсан. Ер нь бол Б, А, М нар бүгдээрээ машинаа чирүүлж асаана гээд зогсож байсан ба машин дуудсан түлшний машинаар чирүүлж асаана гээд хоорондоо ярьж байсан. Засварын залууг нэрийг нь санахгүй байна чирэгч аваад ир гээд Б ах засварын хэсэг рүү явуулаад би засварын залууг ирэхийг хараад зогсож байтал түлшний машин асахгүй байсан машин руу ухраад ирж байсан. Асахгүй байсан машины урд М байсан ба түлшний машин Мтай нилээн ойртоод ирэхээр нь түлшний машиныг зогсоорой болно гэж орилсон. Тэгэхэд түлшний машин асахгүй зогсож байсан машины урд байсан Мтай наалдаад зогссон. Түлшний машины жолоочийг урагшаа яваарай хүн хавччихлаа гэж гараараа дохиж орилоход хойшоогоо дахиж ухраад урагшаагаа хөдлөөд зогссон. Хоёр машины голоор хавчуулсан М ёооё гээд газарт сөхрөөд суухаар нь би ,,-ны эмчийг дуудахаар гүйгээд явсан... Осол болох үед Б, А, М, түлшний машины жолооч Л, машин чирэх юманд явсан залуу тэгээд би байсан. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-43 -р тал/,

4. Гэрч Д.Бын өгсөн: ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө би 06 цаг 30 минутанд босоод цайгаа уучихаад нууцынхаа өрөөнд ороод түлхүүр болон лацаа авчихаад засварын хэсэг рүү очсон чинь М, Н, А гурав засварын цехээс **улсын дугаартай Ланк крузер-70 загварын тээврийн хэрэгслийг түрж гаргаж байхаар нь би очоод жолоон дээр нь суугаад тэр гурав урд хамар хэсгээс нь түрээд асаах гэсэн чинь асаагүй. Тэгээд бид гурав уг тээврийн хэрэгслийг хэрхэн асаах талаар яриад байж байтал түлшний тэргийг Л жолоодоод хажуу талын зогсоолоос хөдлөх гэхээр нь Н гараараа далалчихаад засварын цехээс чирэгч авчирахаар явсан. Тухайн үед би машины баруун талын урд хаалганы хажуу талд харин А зүүн талын хаалганы хажууд зогсож байсан. Харин М уг тээврийн хэрэгслийн урд талд хамар хэсэгт зогсож байсан. Тэгээд би Ныг чирэгчээ хурдал гээд хэлээд байж байтал түлшний тэрэг **улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирэх гээд ухраад явж байсан. Тэгээд би уг түлшний тэрэг ухраад нилээн ойрхон болоод ирэхээр нь би уг түлшний машины жолоочийн толь хэсэгт жолоочид харагдахаар гараараа дээш доош нь одоо болно гэж хэлээд дохиод байсан чинь зогсохгүй ухарсаар байгаад Мыг **улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгслийн урд хамар хэсэгт нь түлшний машин арынхаа хөндлөн төмрөөр хавччихаар нь би сандраад гүйгээд түлшний машины жолоочийн талын хаалгыг цохисон чинь бүр хүчтэй ухраад Мыг бүр хавчсан. Тэгсэн чинь М орилсон. Би тэгээд хаалгыг нь хүчтэй цохиод байсан чинь түлшний машин урагшлахаар нь би М руу гүйж очсон чинь М газар өвдөглөөд суучихсан ёолж байсан... М уг тээврийн хэрэгслийг түрж буулгаад амраад тээврийн хэрэгслийн урд талд хамар хэсгийг налаад зогсож байсан. Би тухайн үед түлшний тээврийн хэрэгслийг шууд ирээд ар хэсгээрээ мөргөнө гэж бодоогүй ойртож ирээд зогсох байх тэгээд Ныг татлага авчирахаар нь чирүүлнэ гэж бодож байсан юм.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р тал/,

5. Гэрч А.Аын өгсөн: ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 30 минутанд босоод цайгаа уучихаад аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа ,,-ны гүйцээн баяжуулах хэсгийн дарга Баас авчихаад засварын хэсэг рүү машинаа авахаар А.М, Н, Б ах, Э бид 4 явсан. Урд өдөр нь **улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор нь суучихаад усан буунаас түрж асаагаад аккумлятороо цэнэглүүлээд өглөө явъя гэж хэлээд засварын гадаа хонуулсан юм. Б ах, Н гэдэг хүнд засварын автын цахилгаанчин Быг дуудаад аккумлятороо цэнэглүүлээрэй гээд машинаа үлдээсэн юм. Өглөө машинаа авах гэтэл аккумлятор цэнэглэгдээгүй машинаа түрээд асахгүй байсан. Тэгээд Н түлшний машиныг дуудаад чирээд асаачихъя гээд гараараа далласан. Тэгээд Н машин чирэх татлаганд явсан. Түлшний машин урагшаагаа эргээд асахгүй зогсож байсан машин руу ухарч ирсэн. Б ах, баяжуулахын инженер М хоёр түлшний машиныг ухар байхад зогсож байсан **улсын дугаартай машинтай ойртоод ирэхэд зогс гэж амаараа болон гараараа дохьсон. Энэ үед Түлшний машины жолооч зогсоход А.М нь **улсын дугаартай түлшний машин **улсын дугаартай асахгүй зогсож байсан 2 машины голоор арай гайгүй хавчуулагдсан байсан. Гүйцээн баяжуулахын инженер Б ах түлшний машины жолоочийн эсрэг талын хаалган дээр гараад урагшаагаа яв. Хойно хүн хавчуулагдчихлаа гэж хэлэхэд **улсын дугаартай түлшний ачааны тээврийн хэрэгслийн жолооч Л урагшаагаа хөдлөлгүй хойшоогоо ухарч хааз өгөөд урагшаагаа хөдөлсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-59-р тал/,

6. Яллагдагчаар П.Л мэдүүлэхдээ: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 07 цагийн үед би ажлынхаа түлшний тэргээ асаагаад түлшээ түгээх гээд явах гээд хөдөлсөн чинь манай ажпын Н, Б, М нар засварын хэсгийн урд талын талбай дээр баяжуулах руу явдаг тээврийн хэрэгслийн хажуу талд зогсож байсан. Тэгээд тэд нар над руу гараараа даллахаар нь машин асахгүй байгаа юм байна гэж бодоод чирэх гээд машинаа унаад явж очоод урд талд эргээд ухраад жоохон дөхөөд зогсчихоё гэж бодоод толиндоо хартал 2 хүн зогсож байсан. Тэгээд би ухраад явж байгаад болоогүй байна гэж бодоод дахин ухарсан чинь хүн хашгираад миний талын машины хаалгыг нүдэхээр хүн дайрчихлаа гэж хашгирахаар нь сандраад араагаа салгаагүй хальт конс авсан чинь машин дахин ухрахаар нь араагаа солиод урагшлаад буугаад машинаасаа буугаад гүйгээд очсон чинь М өвдөглөөд газар суучихсан байсан. Тэгтэл нэг нь эмч болон Н нарыг дуудсан. Удалгүй төслийн менежер машинтайгаа ирээд эмч болон Н нар нь Мыг Төв аймгийн Заамарын эмнэлэг рүү аваад явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-р тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 716 дугаар:

1. А.Мын цогцост элэгний баруун дэлбэнгийн бүрэн задрал, хэвлийн хөндийн цус хуралт 3700/мл/, баруун 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, гялтан хальсанд цус хуралт, өрц, баруун бөөрний өөхлөг, дух, баруун нүдний алим, баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, хоёр нүдний зовхинд цус харвалт, нуруу, баруун шуу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед цээж, хэвлий дарагдах үед үүсч болно.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь элэгний баруун дэлбэнгийн бүрэн засрал гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокод орж нас барсан.

5. Талийгаачид задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл хэрэглээгүй байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 105-109-р тал/,

 

8. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай:

  1. ____-ний хэрэг учрал болсон гэх газар, талбай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасны дагуу “замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарч байна. замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө

2. Жолооч П.Л нь 2003 онд анх жолооч болсон. Жолооны үнэмлэхийн дугаар № 298401, В С СЕ Ю ангилалтай хүчинтэй. Тухайн ангилалуудын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 2.1-т

-   В-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй):

-   С-“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

-   СЕ-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “С” ангиллын автомашин;

- D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);

3. Жолооч П.Л нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Амь хохирогч А.М нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлгүй байна.

5. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлгүй байна.

6. Зам тээврийн осол, хэрэг нь жолооч П.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна.

7. Зам тээврийн осол, хэрэг гарахад техникийн нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Монгол улсын стандарт Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS 4598:2020 стандартын 10.5 Жолоочийн бүхээг 10.5.1 жолоочийн бүхээгний салхины, мөн хажуугийн ба арын шил нь аюулгүйн зориулалтын бөгөөд гэмтэлгүй, бүрэн, хаалга, гишгүүр, капод нь сөхөгддөг, бүхээгний нугасан холбоосны бэхэлгээ, түгжээ найдвартай ажиллагаатай байна. Мөн жолоочийн суудал, түшлэг зөөлөн, жолоочийн биеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, удаан суухад бие хөлрөхгүй жийг татахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар бүрсэн, жолоочийн болон зорчигчийн суудлын тоогоор аюулгүйн бүстэй, тэдгээр нь бүрэн ажиллагаатай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-10-р тал,/

9. ,,,-ний 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2-р хх – ийн 37-38-р тал/,

10. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын лавлагаа /2-р хх-ийн 46-р тал/,

11. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү ....дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гурвалсан гэрээ /2-р хх-ийн 48-51-р тал/,

12. Нөхөн төлбөр олгох тухай гэрээ /2-р хх-ийн 52-55-р тал/,

13. Өр төлбөр барагдуулах гэрээ /2-р хх-ийн 67-р тал/,

Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 2-4р тал/ зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-9-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 133р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 134-р тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч П.Л нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ,,-ны авто засварын хэсгийн гаднах талбай, замд **улсын дугаартай “Isuzu Truck” загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ /**улсын дугаартай “Ланд крузер-70” загварын тээврийн хэрэгслийг чирэх зорилгоор/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард зогсож байсан А.Мыг **улсын дугаартай “Ланд крузер-70” загварын тээврийн хэрэгсэлтэй хавсруулан хавчиж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч П.Лгийн энэ үйлдэл нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын акт, хэргийн газрын схем зураг, хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, иргэний хариуцагч Ч.Г, гэрч Т.М, Д.Б, А.А нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон А.Мын цогцост элэгний баруун дэлбэнгийн бүрэн задрал, хэвлийн хөндийн цус хуралт 3700/мл/, баруун 4,5,6,7-р хавирганы хугарал, гялтан хальсанд цус хуралт, өрц, баруун бөөрний өөхлөг, дух, баруун нүдний алим, баруун гуя, баруун сарвуунд цус хуралт, хоёр нүдний зовхинд цус харвалт, нуруу, баруун шуу, баруун тохойд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн 716 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй, болгоомжгүй үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Л нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ,,-ны авто засварын хэсгийн гаднах талбай, замд **улсын дугаартай Isuzu Truck загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна” гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ дүгнэлтийг шүүгдэгч түүний өмгөөлөгч эсэргүүцээгүй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/114 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 716 дугаартай “...Талийгаач нь элэгний баруун дэлбэнгийн бүрэн засрал гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокод орж нас барсан” гэсэн дүгнэлт, замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас А.М амь насаа алдсан шууд шалтгаант холбоотой байдал нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч Э.Гантулга шүүх хуралдаанд “П.Л Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ,,-ны авто засварын хэсгийн гаднах талбай, замд **улсын дугаартай Isuzu Truck загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ /**улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгслийг чирэх зорилгоор/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард зогсож байсан А.Мыг **улсын дугаартай Ланд крузер-70 загварын тээврийн хэрэгсэлтэй хавсруулан хавчиж амь насыг нь хохироосон болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж хэргийг шийдвэрлэж байх тул шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэх саналтай” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа шүүх хуралдаанд “шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхийн ач холбогдлыг ойлгосон байгаа. Хэдийгээр компаниас хохирол төлбөрийг төлж барагдуулсан ч гэсэн П.Лтэй компани өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, сар бүр 500 000 төгрөгийг цалингаасаа суутгуулж компанид төлөхөөр болсон тиймээс П.Лг хохирол төлбөрийг мөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг санамсар, болгоомжгүйгээс гарсан зэрэг шалтгааныг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Хохирол төлбөрийн тухайд, иргэний хариуцагч ,, нь амь хохирогч А.Мын хууль ёсны өвлөгч болох эхнэр Б.А, хүү М.М, М.Е, М.М нарын нэр дээр гэм хорын төлбөр болгож Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо, Олимп хотхон 424 байр 52 тоот 76.5 мкв орон сууцыг 193 000 000  /нэг зуун ерөн гурван сая/ төгрөгрөөр худалдан авч шилжүүлж өгсөн,  мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.М нь талийгаачийн оршуулгын зардалд 11 979 710 төгрөгийн зардал гарсан тухай баримтыг ирүүлж нэхэмжилсэн ба иргэний хариуцагч ,, нь 24 179 710 төгрөгийг төлж барагдуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж  байх тул шүүгдэгчээс гаргах төлбөргүй гэж дүгнэв.

,, нь оршуулгын зардалд төлсөн 24 179 710 /хорин дөрвөн сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арав/ төгрөгөөс 18 000 000 /арван найман сая/ төгрөгийг шүүгдэгч П.Лгээс 3 жилийн хугацаанд сар бүр цалингаас нь 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг суутгаж авахаар “Өр төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, үлдэх 6 179 710 /зургаан сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арав/ төгрөг, 193 000 000 /нэг зуун ерэн гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимп хотхон 424 дүгээр байр 52 тоот 76.5 мкв орон сууцыг нийгмийн хариуцлагын хүрээнд гэм хор учирсан этгээдэд тусламж болгон үлдээхээр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Лгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Л нь бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Цогзол овогтой Пагамжавын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар П.Лд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч П.Л нь бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ