| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2131000000073 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 07 тоотод гэртээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн нөхөр Т.*******ын нуруунд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 07 тоотод гэртээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн нөхөр Т.*******ын нуруунд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Т.******* 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны 00 цагийн орчимд “Хар чингис” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи гэрт байсныг хувааж уусан. Архиа ууж дуусчихаад “өлсөөд байна” гээд хоол хийж идчихээд амрахаар төлөвлөж байтал намайг урьд өмнө нь харилцдаг байсан ******* гэх хүнтэй хардаж маргаан эхэлсэн. Манай эхнэр Б.******* нь төмс арилгаад сууж байхдаа намайг “чи *******тойгоо одоо хүртэл уулздаг” гэх мэтээр хардаж хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би босож очоод “битгий балай юм яриад бай” гэж хэлсэн даанч миний үгийг тоогоогүй, хэрүүл хийгээд байхаар нь би эрүү буюу шанаа дараа нь зүүн мөрөн тус газар нь нэг удаа цохисон. Цохисоны дараа төмс арилгаж байсан хар иштэй жижиг хутгаараа миний нурууны зүүн хэсэг рүү хатгасан. Тэгээд манай эхнэр өөрөө цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа орж ирээд намайг эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Эмч үзээд хутга нуруун тус газар нь 1 см гүн орсон байна гээд цэвэрлээд 2 оёо хийж өгсөн. Би эхнэртэйгээ эвлэрсэн, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа миний бие ямар нэгэн өвчин зовиургүй байгаа тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Л.*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байсан манай охин Б.******* нь над гар утсаараа залгаад хоёр хүүхэд ирээд авчих гэж хэлсэн. Би очоод зээ охидууд болох Ч.Уранбилэг, Ч.Оюунбилэг нарыг аваад гэртээ харьсан гадуур гараагүй. Намайг очиход хүргэн ******* орондоо хэвтэж байсан. Тэднийг хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Л.*******н 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******гийн ээжийнх нь эгч буюу *******гийн нагац эгч нь юмаа харин ******* бол миний дүү *******ийн хүргэн. Эдгээр хүмүүстэй зүгээр ураг садан төрлийн харилцаатай. Тэр болгон залгаж яриад байдаггүй. Тэр болгон маргалдлаа гэж сонсогддоггүй. Ерөнхийдөө бол эвтэй сайхан амьдарч байдаг гэж сонссон. Харин маргалдсан талаар нь дүү *******ээсээ сонссон. Би *******г багаас нь мэднэ. Багийн л их цовоо сэргэлэн, хүмүүжилтэй хүүхэд байсан. Архи дарс хэрэглээд байдаггүй, ээждээ их тусалдаг гэж дүүгээсээ байнга сонсдог байсан. ******* нь бие эрүүл ямар нэгэн байдлаар нийгмийн халамж авдаггүй. Хоёр хүүхэдтэй тэр хоёр нь ч эрүүл саруул сургууль цэцэрлэгтээ тогтмол явдаг. Манай үеэл дүү ******* нь нөхөртэйгээ амьдраад арав орчим жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа гэр бүлийн хүчирхийллийн талаар сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг[4],
5.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Т.*******ын биед зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[5],
6.Шүүгдэгч Б.*******гийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн нөхөр Т.*******ын хамтаар гэртээ хүүхдүүдтэйгээ амраад байж байсан. Өдөр миний төрсөн ээж *******э ирж хоёр охиныг маань аваад гэр лүүгээ явсан. Орой 11 цаг 40 минутын үед гэрт байсан 0.5 хар чингис архийг өөрийн нөхөр Т.*******тай хувааж уусан. Орой 02 цагийн үед ******* “өлсөөд байна” гэхээр нь би хоол хийхээр төмс арилгаад суучихсан, харин ******* гал тогооны өрөөний буйдан дээр хэвтэж байсан. Тэр үед ******* намайг хардаж эхэлсэн, тэгээд бид хоёрын дунд маргаан болсон. Би уурандаа чи “*******тойгоо одоо болтол явдаг биз дээ” гэж хэлтэл ******* босч ирээд миний толгой руу цохиж унагаасан үргэлжлүүлээд хэл амаар доромжлоод “гарч явна” гэхээр нь би хойноос нь явж очоод төмс арилгаж байсан жижигхэн хар иштэй хутгаараа нуруу луу нь хутгалчихсан. Тэгээд л би цагдаа дуудсан. Гэрт нөхөр бид хоёр л байсан. Ээж ирээд манай хүүхдүүдийг аваад явчихсан байсан. Гэр бүлийн маргаанаас л болсон юм. Нөхөр бид хоёр барагтаа бол хэрэлддэггүй байсан ч тухайн үед нөхөр хол ажилтай байж байгаад ирээд удаагүй байсан учраас хардаад тэгээд л хоорондоо маргалдсан юм...” гэх мэдүүлэг[6],
7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.******* эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй байгааг үндэслэн шүүгдэгч Б.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хархгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагч ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ