Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******,

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.*******ид холбогдох эрүүгийн 2115000000124 дугаартай, 163/2021/0115/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шар тал овогт Пэрлэйн ******* /РД: .................../, 1983 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч П.*******ийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ................... улсын дугаартай “...................” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 32 ширхэг буюу 2.66 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2115000000124 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ............. ........ улсын дугаартай “..................” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 32 ширхэг буюу 2.66 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хэргийн газарт үзлэг хийсэн: “хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах “Хэцүүгийн эх” гэх газар байх ба уг уулын хойд энгэрт хэсэг мод унагаасан шинэ хожуул байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/,

Модонд үзлэг хийсэн: “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт байрлах цагдаагийн хэсгийн хашаанд байрлах модонд үзлэг хийхээр тогтов. Мод тус бүрийг 1-32 хүртэл дугаарлан модны өргөн, нарийн талын диаметрийг хэмжихэд нийт 32 ширхэг, 2.19-2.38 см-ийн урттай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12 тал/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь .................. улсын дугаартай, цэнхэр өнгийн кабинтай, цагаан өнгийн тэвштэй, ногоон өнгийн бардактай, салхины шилний дээд хэсэгт “Kia Motors гэсэн бичигтэй, гэрэл, дохио, хаалга, цонхны шил нь бүрэн бүтэн, зургаан дугуй хэвийн хийтэй, “...................” загварын тээврийн хэрэгсэл байв...” гэх үзлэгийн болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлүүд /хх-16-20, 23 тал/,

“...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, хар өнгөтэй дружба хөрөө байх ба банкны таг нь улаан өнгөтэй, маниул хэсэг нь улаан өнгөтэй, хөрөөний бариул хэсэг нь доод талдаа цагаан өнгөтэй, их биенээс урагшаагаа гарсан ажлын хэсэг буюу мод хөрөөдөх ир нь төмөр гинжин иртэй, хөрөөний банкны хойд хэсэгт “YAMAHA, 13KW/18000r/mn, Made in Japan гэсэн бичигтэй, хэвийн ажиллагаатай байв....” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураасан тогтоол, тэмдэглэлүүд /хх-13-15, 29 тал/,

Иргэний нэхэмжлэгч О.*******ын өгсөн: “2021 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газарт ямар нэгэн мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байсан. Иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдож эхлээгүй байгаа. П.******* нь манай Хишиг-Өндөр сумын байгаль орчны хэсгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

Гэрч Г.*******ы өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багийн “Хэцүү” гэх газарт Хишиг-Өндөр сумын ойн байцаагч *******ын хамт эргүүл шалгалт хийгээд явж байтал Хишиг-Өндөр сумын тус багийн “Хэцүүгийн эх” гэх газарт модон дунд цэнхэр өнгийн кабинтай, цагаан өнгийн тэвштэй .......................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь очоод шалгатал Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух ******* гэх хүн мод унагаагаад хоёр метр гаруй урттай тайраад ачих гээд байж байхад нь очиж мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгслийг түр саатуулан Хишиг-Өндөр сумын цагдаагийн хэсэг дээр авчирсан юм гэх мэдүүлэг /хх-39 тал/,

Гэрч О.*******гийн өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багт байрлах модтой ууланд ирсэн юм. Ямар нэртэй газар гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр ******* нь салхинд унасан хашаагаа янзлах гээд шонгийн мод авахаар ууланд ирээд 4-5 ширхэг босоо мод унагаад 2 метрийн хэмжээтэй тайраад машин дээрээ ачиж байтал Хишиг-Өндөр сумын байгаль хамгаалагч болон цагдаа нар ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

Гэрч Б.*******гийн өгсөн: “.............................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний иргэний үнэмлэхээр манай төрсөн дүү Б.Болдоо 4.800.000 төгрөгөөр худалдан авсан. ...Манай дүү 2017 онд тухайн машиныг Булган аймгийн Дашинчилэн сумын хүнтэй машинаар сольж авч байсан. Тухайн хүнтэй машины гэрчилгээний нэрээ солиогүй юм байна лээ. 2017 оны хавар оношлогоонд оруулах гээд байна. Та нэрээ шилжүүлээд өгөөч гэж тухайн хүн нь ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай, түлээний мод байна. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газарт 2021 онд талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Уг мод нь нийт 32 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 2.66 м3 байна. 1 м3 модны үнэлгээ нь 168655 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 448622 төгрөг байна” гэх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-70-71 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 448622 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 1345866 төгрөг болж байна” гэх 2021 оны 5 дугаар сарын 19ы өдрийн дүгнэлт /хх-73 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сард Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багт байрлах айлд машин янзалж дууссан юм. Тэгээд эргээд Дашинчилэн сум руу явахдаа хашааны шон хийх мод авъяа гэж бодоод “Хэцүүгийн эх” гэх газраас хуурай 6 ширхэг босоо мод унагааж ойролцоогоор 2 метрээр тайраад өөрийн эзэмшлийн .................... улсын дугаартай, цагаан өнгийн тэвш бүхий цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд ганцаараа ачиж байсан. Тухайн үед манай эхнэр ******* нь 4 настай охин Энхмаагийн хамтаар хажууд байсан. Тэгээд удалгүй ууланд байж байхад сумын цагдаа болон байгаль орчны байцаагч нар ирсэн гэх мэдүүлэг /хх-80-81 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч П.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч П.******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, улсын ойн сан бүхий газарт халдаж босоо модыг хөрөөдөн унагаж бэлтгэсэн байна.

Шүүгдэгч П.******* нь улсын ойн санд дур мэдэн халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд шүүгдэгч П.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******ийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Хэцүүгийн эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ..................... улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгсэл ашиглан 32 ширхэг буюу 2.66 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 448622 төгрөгийн шууд хохирол /хх-70-71 тал/ учирсан нь Булган аймгийн Булган сумын сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1345866 төгрөгийн /хх-73 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч П.*******оос 1345866 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хэргийн 83-94 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ..................................................................... тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/49 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч П.*******ийн хөрөнгө орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ид оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.*******ийн эзэмшлийн 2026042 төгрөгийн үнэлгээ бүхий ......................... улсын дугаартай “....................” загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 2.66 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 32 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 87500 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн банкны таг нь улаан өнгөтэй, маниул хэсэг нь улаан өнгөтэй, хөрөөний бариул хэсэг нь доод талдаа цагаан өнгөтэй, хөрөөний банкны хойд хэсэгт “YAMAHA, 13KW/18000r/mn, Made in Japan гэсэн бичигтэй моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар тал овогт Пэрлэйн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ид оногдуулсан 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******ид сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч П.*******оос байгаль экологид учруулсан хохирол 1345866 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.*******ийн эзэмшлийн 2026042 /хоёр сая хорин зургаан мянга дөчин хоёр/ төгрөгийн үнэлгээ бүхий ............... улсын дугаартай “.....................” загварын тээврийн хэрэгсэл; 2.66 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 32 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 87500 /наян долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий банкны таг нь улаан өнгөтэй, маниул хэсэг нь улаан өнгөтэй, хөрөөний бариул хэсэг нь доод талдаа цагаан өнгөтэй, хөрөөний банкны хойд хэсэгт “YAMAHA, 13KW/18000r/mn, Made in Japan гэсэн бичигтэй моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч П.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД