| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.*******,
иргэний нэхэмжлэгч Л.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /онлайнаар/,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох эрүүгийн 2015000000167 дугаартай, 163/2021/0065/Э индекстэй хэргийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Отгоны ******* /РД: ....................../, 1980 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар ............................................................... тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.*******г бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бороо орж байсан. Машин дээрээ ачсан хогоо асгачихаад буцаж явсан чинь хогийн жалганы баруун хойд талд “Досов”ын цагаан байшингийн гадаа үхэр хэвтэж байсан. Тэгээд би тэр үхэрнээс хоёр тугалыг барьж авахад эх нь бололтой 2 үнээ, 1 шүдлэн үхрийн хамт үлдээд бусад үхэр нь яваад өгсөн. Тэгэхээр нь тэр таван үхрийг ачаад ******* гэдэг хүн “тугалтай үнээ авна” гэж байсан болохоор нь Бугат сумын морь барианы тэнд хүргэж өгсөн. Нийт 1.900.000 төгрөгийг *******аас авсан. Наадам дөхөж байтал ******* “уулзъя” гэхээр нь би очиж уулзсан. Надад “чиний өгсөн мал хулгайн мал байна, үхрээ ав” гэж хэлэхээр нь “тэгье” гэсэн. Үхрийг нь буцаагаад айлд нь өгнө гэсэн, би *******д 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгийг дүүдээ өгөөрэй гэж хэлсэн, манай дүү 2020 оны 11 дүгээр сард 900000 төгрөгийг *******д өгсөн гэж хэлсэн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.******* өгсөн мэдүүлэгтээ: О.******* нь манай байгууллагад ....................... улсын дугаартай ................ загварын машинаа барьцаалж 1.500.000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 4 сараас хойш огт төлөлт хийгээгүй, одоогийн байдлаар 404 хоног хугацаа хэтэрсэн. Зээлийг 4.9 хувийн хүүтэйгээр авсан ба барьцаат зээлийн гэрээг хавтаст хэрэгт өгсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.294.500 төгрөг, хүү 854.198 төгрөг, алданги 2.953.330 төгрөг, нийт 4.688.000 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байгаа тул манай байгууллагын зүгээс дээрх зээлийг О.*******гаар төлүүлэх эсвэл барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг авмаар байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч О.******* нь 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн “Зүүн түрүүний хогийн жалганы адаг” гэх газраас ............................ улсын дугаартай цагаан өнгийн “...................” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хар халзан зүсмийн үнээ, сартай улаан зүсмийн охин тугал, хар зүсмийн үнээ, саарал халзан эр тугал, хар цоохор зүсмийн шүдлэн үхэр, нийт 5 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хулгайлан авч бусдад зарж борлуулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн хууль бусаар олсон орлого 1.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг шийдвэрт тусгуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг төлөхөө илэрхийлж, улсын яллагчийн санал болгосон 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялын доод хэмжээнээс доош татаж хорих ял оногдуулах боломжтой байх тул энэ зүйл заалтыг хэрэглэж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2015000000167 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн 2015000000167 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч О.******* нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн “Зүүн түрүүний хогийн жалганы адаг” гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр сартай улаан зүсмийн охин тугалтай хар халзан зүсмийн үнээ, саарал халзан зүсмийн эр тугалтай хар зүсмийн үнээ, хар цоохор зүсмийн шүдлэн үхэр буюу нийт 5 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч бусдад зарж борлуулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч П.*******ийн өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны шөнө Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүн түрүүны хогийн жалганы адаг гэх газарт оройн 18 цагийн үед үнээгээ саачихаад тугалаа хашаад хашааны амаа уяад унтацгаасан. Маргааш өглөө нь 4 цаг 30 минутын орчим би үнээгээ саах гээд гартал малын хашааны хаалга нь онгойж миний эзэмшлийн нэг хар үнээ, саарал халзан эр тугалтай, хар цоохор нүүртэй охин шүдлэн үхэр, нийт 3 тооны үхэр алдагдсан байсан. Малаа алдчихаад би саахалт айлын Лхагважаргал гэх хүнтэй хамт Булган аймгийн Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Орхон сумдуудаар явж хайсан. Тэгээд Булган аймгийн нэгдсэн зар фэйсбүүк хуудсанд малаа алдсан тухайгаа өөрийнхөө хүүхдээр зар тавиулсан. Маргааш өглөө нь үл таних дугаараас залгаж “танай алдсан мал манайд байна. Би мөнгөөр нь худалдаж авсан” гэж нэг хүн хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэй холбогдон Орхон аймагт очиход ******* гэж хүн манай малыг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-15-17 тал/,
“...Үхэрнийхээ араас хамт явж хайя машинаа асаагаад ир гэж *******д хэлсэн. Тэгээд ******* машин дээрээ очиж үзээд арын хоёр дугуйг хагалаад хаячихсан байна гэж байсан. Уг тээврийн хэрэгслээр урд орой нь айл руу хамт явж байхад зүгээр байсан. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр ******* нь Орхон аймаг яваад “Портер” машиндаа хоёр ширхэг дугуй авлаа, нэгийг нь 80000 төгрөгөөр худалдан авлаа гэж ярьж байсан. Би гомдолтой байна. Би үхэрнийхээ араас шатахуун хийж эрж хайхад 115.600 төгрөгийг зарцуулсан. Надад ямар нэгэн баримт байхгүйгээр үзэж хардаг хүмүүст үзүүлэхэд 100000 төгрөгийг зарцуулсан. Нийт 215600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Хохирогч Х.*******ын өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүн түрүүний хогийн жалганы адаг гэх газарт оройн 18 цагийн үед үнээгээ сааж тугалаа хашаад, хашааны амыг уяад унтацгаасан. Маргааш өглөө нь 04 цаг 30 минутын орчим би үнээгээ саах гээд гартал малын хашааны хаалга нь онгойж миний эзэмшлийн 1 тооны үнээ тугалын хамт алдагдсан байсан. 1 тооны хар халзан үнээ зөв талын чих нь хойно урдаасаа сам имтэй, нөгөө чих нь үзүүрээсээ ац имтэй, сартай охин улаан тугалтай. Би өөрийн эзэмшлийн нэг тугалтай үнээгээ алдсан өдрийн маргааш нь босоод харахад миний Портер машины хойд талын дугуйг бөөрөөр нь юмаар хагалсан байсан. Тэгээд саахалт айлын ******* гэх хүнтэй хамт Булган аймгийн Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Орхон сумдуудаар хайж хүн хард үзүүлээд олдохгүй байхаар нь Булган аймгийн нэгдсэн зар буюу фэйсбүүкт малаа алдлаа гэж зар тавьсан. Маргааш өглөө нь үл таних дугаараас залган “танай алдсан мал манайд байна, би мөнгөөр нь хүнээс худалдаж авсан” гэж нэг хүн хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэй холбогдож Орхон аймагт очиход ******* гэж хүн манай малыг худалдаж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-74-75 тал/,
“... Үхрээ хайхад зарцуулсан 192725 төгрөг болон баримт байхгүйгээр үзэж хардаг Улаанбаатар, Орхон аймаг, Булган аймгийн сумдуудаар байдаг хүмүүст үзүүлэхэд нийт 550000 төгрөгийг зарцуулсан. Мөн би үхэр худалдан авсан ******* гэх залууд 200000 төгрөгийг өгсөн. Учир нь фэйсбүүк зараар алдсан үхэрийг маань олж өгсөн хүн шагналтай гэсэн байсан тул уг мөнгийг өгөх болсон юм. Ингээд би нийт 942725 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн: “Тухайн үед ******* ганцаараа ирсэн. ...өглөө эрт үүрээр авчирч өгсөн. Би таван тооны үхрийг нийт 1900000 төгрөгөөр бодож авсан. Урьдчилаад 400000 төгрөгийг өгчихсөн байсан. Үхэр аваад ирэхэд нь бэлнээр 150000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг дансаар шилжүүлж өгсөн. Би *******гаас 1.000.000 төгрөгийг авчихаад байгаа, одоо үлдэгдэл 900.000 төгрөгийг авмаар байна. Өөр санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.*******ын гэрчээр өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18, 19-ний хавьцаа өглөөний 05 цагийн үед миний танил болох Булган аймгийн харьяат ******* гэх залуу над руу залгаад “би хэдэн үхэр аваад ирлээ та үзэх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи хаана байгаа юм” гэхэд “Орхон аймгийн морь барианы энд байна, хүрээд ирээч” гэсэн. Намайг яваад очиход ******* цагаан өнгийн портер машин дээр 1 хар үнээ саарал тугалтай, 1 халзан үнээ улаан тугалтай, 1 халзан шүдлэн гунж буюу 5 тооны үхэр ачаад авчирсан байсан. Би 1 халзан үнээ улаан тугалтай туранхай муу үхэр байна, нөгөө гурвыг нь авъя гэхэд ******* нэгэнт ачаад авчирсан юм чинь “үнээ буулгаад авчихаач” гэсэн. Тэгээд 5 үхрийг нийлүүлээд 1 сая 900 мянган төгрөгөөр тохиролцоод худалдаж авсан. Мөнгийг нь Отгон гэх хүний данс руу 2-3 хувааж хийж өгсөн. Тэр өдрөөс хойш 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би фэйсбүүк ухаж байхад Булган аймгийн нэгдсэн зар дээр миний ******* гэх хүнээс худалдан авсан 5 тооны үхрийг алдсан гэх зар байсан. Би зар тавьсан хүн рүү буцааж залгахад миний худалдан авсан 5 тооны үхэр хулгайн мал болж таарсан. Би *******тай Булган аймгийн төвд очиж уулзахад “таны мөнгийг буцаагаад өгье” тэгээд үхэрнүүдээ аваад авсан газартаа буцаагаад буулгачихъя гэж хэлсэн. Харин чи цагдаад битгий хэлээрэй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31 тал/,
Гэрч Н.Сайнбаярын өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны шөнө Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Зүүнтүрүүний хогийн жалганы адаг гэх газарт манайх, мөн манай саахалт айлын ******* гэх хүний нийт 5 тооны үхрийг малын хашаанд хоёр дүү маань хашаад унтацгаасан. Тэр өдөр шороон шуургатай өдөр байсан. Өглөө босоход үхрийн хашааны хаалга нь онгойж манай 3 тооны үхэр, *******ын 2 тооны үхэр алга болсон байсан. ******* эгч машинаа асаах гээд очиход “Портер” машины хойд талын хоёр дугуйг нь юмаар хагалсан байсан. Тэр өдрөөс хойш манай хоёр айл алдсан 5 үхрээ хайж олон хоног хөдөөгүүр яваад олохгүй байхаар нь би Булган аймгийн нэгдсэн зар гэсэн фэйсбүүк фэйж хуудсанд “үхрээ алдсан тул олж өгч тусална уу” гэж зар тавьсан. Зар тавьсан тэр өдрийн маргааш нь Орхон аймгаас ******* гэж хүн над руу залган “танай алдсан 5 тооны үхэр манайд байгаа, би хүнээс худалдаж авсан чинь хулгайн мал юм шиг байхаар нь залгаж байна” гэж хэлэхээр нь очоод зургийг нь харахад манай алдсан үхэрнүүд мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-32-34, 82-83 тал/, малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5, 62-65 дугаар тал/, алдсан малыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 7-8, 65-66 дугаар тал/, үхэр зарсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 9-10, 67-68 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч О.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч О.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч О.*******гийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар О.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.*******г Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн “Зүүн түрүүний хогийн жалганы адаг” гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Х.*******ын 3 тооны, П.*******ийн 2 тооны үхрийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.*******д 1.350.000 төгрөгийн, П.*******т 2.200.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр /хх-41, 94 тал/ тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт уг 5 тооны үхрийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд үхрийг эрж хайсан унааны зардал болон зан үйл, урамшуулалтай холбоотойгоор хохирогч Х.******* 962725 төгрөгийг, хохирогч П.******* 215600 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* нь тухайн малыг эрж хайхтай холбоотойгоор хохирогч Х.*******д учирсан 192725 төгрөгийн, хохирогч П.*******т учирсан 115600 төгрөгийн хохирлыг тус тус хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч О.*******гаас 308325 төгрөгийг гаргуулж, харин зан үйл, урамшуулалтай холбоотой хохирогч Х.*******ын 770000 төгрөгийн, хохирогч П.*******ийн 100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч О.******* нь таван тооны үхрийг иргэн М.*******д 1900000 төгрөгөөр зарсан, М.******* нь зарын дагуу хулгайн үхэр болохыг мэдсэнээр хохирогч нарт үхрийг буцаан өгч, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* “иргэний нэхэмжлэгч М.*******д 1000000 төгрөгийг би өгсөн, үлдэгдэл 900000 төгрөгийг миний дүү өгсөн гэсэн, одоо төлөх төлбөргүй” гэх боловч хэрэгт төлбөр төлсөн талаар нотлох баримтыг ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч М.*******д шүүх хуралдааны тов мэдэгдэх үед “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, 900000 төгрөгөө нэхэмжилнэ” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.*******гаас 900.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.*******г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 104-134 дүгээр талд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.******* нь ам бүл ганцаар эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Дунд агуйтын 1119 тоотод амьдардаг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу 5 тооны үхрийг хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгч, шууд бус хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч О.******* нь Х.*******ын 2 тооны үхэр, П.*******ийн 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан 1900000 төгрөгийн орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон малыг зөөж тээвэрлэсэн ................. улсын дугаартай, цагаан өнгийн “................” загварын тээврийн хэрэгсэл нь зээлийн гэрээний барьцаагаар “Хос капитал” ХХК-ний эзэмшилд шилжсэн болох нь иргэний нэхэмжлэгч Л.******* болон шүүгдэгч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-175-177 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг “Хос капитал” ХХК-ийн эзэмшилд үлдээж, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй юм.
Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйдийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******гаас гэм хорын хохиролд нийт 1.208.325 /нэг сая хоёр зуун найман мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ....................................... тоотод оршин суух Пүрэвдоржийн ******* /РД: .............../-т 115600 /нэг зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийг, .............................. оршин суух Халтарын ******* /РД: ................/-д 192725 /нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг, ................................. тоотод оршин суух М.*******д 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Х.*******ын 770000 /долоон зуун далан мянга/ төгрөгийн, хохирогч П.*******ийн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө орлого болох 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгож, прокурорын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4/18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ....................... улсын дугаартай, цагаан өнгийн “..................” загварын тээврийн хэрэгслийг “Хос капитал” ХХК-ийн эзэмшилд үлдээж, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД