| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн 2115000000126 дугаартай, 163/2021/0119/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Онгод тайж овогт Лхагвын ******* /РД: ................ /, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, суурь боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, малчин, ам бүл ганцаар ........................................... тоотод түр оршин суух, урьд Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,1990 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 5/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардалд нийт 300000 төгрөг төлсөн гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Л.*******г 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нэг цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................................... иргэн Г.*******ын зүүн бугалганд 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000126 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь .................................................... тоотод байрлах Н.*******гийн хашаанд барилга дээр ажиллаж байсан Б.******* О.*******, Г.******* нартай 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нэг цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Б.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар хутга барин дайрч, энэ үйлдлийг нь хориглон таслан зогсоох гэсэн Г.*******ыг хутгалж, түүний зүүн бугалганд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн “.................................. тоот хашаанд болсон байв. Уг хашаа нь улаан өнгийн будгаар будсан банзан хашаа ба ...дотогш ороход байшингийн суурь цутгаж байгаа байдалтай, хашааны зүүн буланд 4:5 метрийн харьцаатай ...нэг давхар байшинд хэрэг учрал болсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 тал/,
Хэргийн газраас нийт урт нь 28.5 см, бариул нь 11.5 см, ажлын хэсэг нь 17 см, бор өнгийн иштэй төмөр хутгыг илрүүлэн хурааж, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-4, 12 тал/,
Хохирогч Г.*******ын өгсөн: “.................................. тоотод ******* гэх хүний барилгын ажилд тусалж 4 хоног ажилласан. Мөн тэндээ *******, ******* нарын хамт байрлаж ажиллаж байсан. 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө буюу 24 цаг өнгөрч байхад хамт ажиллаж байсан *******ийн гар утас нь дуугарсан. Тэгээд ******* гэрээс гарч яваад удалгүй *******г дагуулаад гэрт орж ирсэн. ******* гэрт ирэхдээ 1.5 литрийн болон 0.5 литрийн ундааны савтай, нийт 2 литр монгол архитай ирсэн. Уг архийг *******, *******, ******* бид дөрөв хувааж уугаад дуусах гэж байтал *******, ******* нар хоорондоо маргалдсан. ******* *******ийг “чи айлын барлаг зарц хийлээ, надад түлээний мод хөрөөдөж өгч чадахгүй байж. Манай урд талын айлыг модыг хөрөөдөж өгсөн” гэх мэт зүйл ярьж хоорондоо маргалдаж байсан. Би тэр хоёрын дунд нь суугаад хойшоо хэвтэж байтал ******* бид нарын хоол хийхдээ хэрэглэдэг ширээн дээр байсан бор иштэй хутгыг авч ******* рүү дайрах гэхэд нь “би яаж байгаа юм бэ” гэж хэлээд *******г бариад авсан. Тэгээд ******* гэрээс шууд гараад явсан. *******г гарсны дараа миний гараас цус гараад байсан. Тэгтэл ******* таныг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би “гайгүй байх боогоод унтья” гэж хэлэхэд ******* хашааны эзэн *******г дуудсан. ******* гэрт орж ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: “Булган аймгийн Булган сумын нутагт буяны үйл ажиллагаа явуулдаг хувийн компаний барилгын ажил хийж байгаа. *******, ******* нарын хамт тэндээ байрлаж ажилладаг. 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 1 цагийн үед ******* гэх хуучин танил над руу утсаар залгаад “чи хаана байна” гэж асуухад нь “би ажил дээрээ байна” гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа ******* бид гурав дээр ганцаараа ирсэн. Ирэхдээ 2 литр монгол архитай ирсэн. Уг архийг бид дөрөв хувааж уугаад ******* нилээн согтсон юм. ******* над руу хандаж “чи айлын барлаг, зарц хийлээ, манай түлээний модыг хөрөөдөж өгөөгүй байж” гэж надад агсам тавьсан. Тэгэхээр нь “би энд ажиллаж байна, надад зав чөлөө байхгүй” гэж хэлээд орон дээр сууж байтал ******* бид нарын хоол хийж иддэг, хураалттай аяга тавагны хажууд байсан хутгыг аваад над руу дайрах гэхэд нь ******* урдуур орж хутгыг булааж авах гэж байгаад зүүн гарынхаа арын булчинд зүсүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Гэрч О.*******ын өгсөн: “Булган аймгийн Булган сумын нутагт буяны үйл ажиллагаа явуулдаг хувийн компаний барилгын ажил хийж байгаа. *******, ******* нарын хамт тэндээ байрлаж ажилладаг. 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө буюу 1 цагийн үед *******ийн гар утас руу ******* гэх хуучин танил нь залгаад “чи хаана байна” гэж асуусан. Тэгэхэд ******* “ажил дээрээ байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 10-20 минутын дараа ******* бид гурав дээр ганцаараа ирсэн. Ирэхдээ 2 литрийн монгол архитай ирсэн. Уг архийг бид дөрөв хувааж уугаад дуусах гэж байтал *******, *******д хандаж “чи өөр айлын түлээ хөрөөдөж өгчихөөд миний модыг хөрөөдөж өгсөнгүй” гэж хэлээд агсараад байсан. Хариуд нь ******* “би яахаараа танай модыг хөрөөддөг юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл ******* гэнэт бид нарын хоол хийж идэхдээ хэрэглэдэг байсан хутгыг аваад ******* рүү дайрах гэхэд нь ******* урдуур нь орж хутгыг нь булааж авах гэж байгаад зүүн гарынхаа арын булчинд хутгаар зүсүүлсэн. Тэгээд би *******г тайвшруулж байгаад хутгыг авсан. ...Бид нар *******ын хувцсыг нь тайлж үзэхэд хутгаар гүн зүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,
Гэрч Н.*******гийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 3 цаг 10 минутын үед манай ажилтан ******* гаднаас орж ирээд “******* гэх хүн *******ыг хутгалчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гарч *******, *******, ******* гурвын амарч байсан байшинд орж Ширжирбаатарын гарыг нь үзэхэд цус гарч байхаар нь цагдаад дуудлага өгөөд мөн түргэн дуудсан. Удалгүй эмч нар ирээд *******ыг эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай: “Магадлуулагч Г.*******ын биед зүүн бугалганд 1 тооны зүсэгдсэн шарх, 1 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-35-36 тал/,
Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 01-ний орой архи уумаар санагдаад байхаар нь хуучин танил ******* рүү утсаар залгаад хаана байгаа талаар асуусан. Тэгэхэд ******* “би ажил дээрээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байсан ундааны савтай 1 литр монгол архи аваад *******ийн ажил дээр нь очсон. Тэгээд хашааны гадаа нь ирээд ******* рүү утсаар залгаад “гараад ир” гэж хэлсэн. Удалгүй ******* гарч ирээд хашааны хаалга онгойлгож өгсөн. ******* барилгын ажил хийж байсан. Уг ажлынхаа хашааны зүүн буланд байх жижиг амбаарт амарч байна гэж хэлсэн. Уг амбаарт ороход *******, ******* нар байсан. Би авчирсан 1 литр монгол архиа тэд нартай хувааж уусан. Миний авчирсан монгол архийг ууж дууссаны дараа ширээний хажуу талаас ******* бид 3 ууж байсан юм гэж хэлээд нэрийг нь мэдэхгүй шилний тал архи гаргаж өгсөн. Уг архийг *******, ******* бид гурав хувааж уусан. ******* “бие муу байна” гэж хэлээд хэвтээд өгсөн. Архи ууж байхдаа би *******д хандаж “чи надад өвөл мод хөрөөдөж өгнө гэж хэлээд алга болсон, яагаад надад мод хөрөөдөж өгөөгүй юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд ******* “миний хөрөө болохгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи битгий худлаа ярь, намайг утсаар ярьсаны маргааш нь айлын мод хөрөөдөж байсан шүү дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа ширээн дээр байсан хутгыг аваад *******ийг айлгах санаатай босоход ******* ах дундуур орсон. Тэгээд би хутгаа газар хаяад амбаараас нь гараад явсан. Би ******* ахыг дундуур орох явцад нь хутгаар гарыг нь зүссэн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-75-76/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй, төмөр хутга зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.*******гийн хутга барьж хүн рүү дайрч байгаа үйлдэл идэвхтэй, хутга нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Л.*******гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******г 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нэг цагийн үед ........................................ тоотод иргэн Г.*******ыг хутгалж, биед нь зүүн бугалганд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний төлбөр болон эм, боолтны төлбөрт нийт 300000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Хохирогч нь уг хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч Л.******* мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч эмчилгээний төлбөр болох 300000 төгрөгийг төлж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 44-59 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.******* нь ганц биеэр .......................................... тоотод түр амьдардаг, малчин, урьд өмнө нь 4 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 4/55 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй, төмөр хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онгод тайж овогт Лхагвын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй, төмөр нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД