| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******,
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 2115000000123 дугаартай, 163/2021/0121/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Атган овогт Батсуурийн Өлзийбаяр /РД: ................... /, 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, .................................... ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ................................... тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Өлзийбаярыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өлзийбаяр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.Өлзийбаярыг 2021 оны 4 дүгээр сарын дундуур НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа дэмжиж улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2115000000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь Булган аймгийн Орхон сумын нутгаас 2021 оны 4 дүгээр сарын дундуур “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газрын үзлэг хийсэн: “Уг хэрэг болсон гэх газар нь ................................................... тоотод байрлах байшин байв. ...хажуу талд нь саарал өнгийн 3 ширхэг шургуулгатай шүүгээ байв. Уг ширээн доторх эд зүйлсийг үзэхэд нэг дэх шургуулганаас тугалган цаастай жижиг буюу бага хэмжээтэй зүйл байсныг “А” үсгээр тэмдэглэж тусгай зориулалт бүхий уутанд хийж хураан авав. Мөн ширээний 1 дэх шургуулганаас 9.5 см урттай саарал өнгийн метал мэт зүйл гарч ирэв. Уг зүйлийн үзүүр хэсгийг онгойлгож үзэхэд ногоон өнгийн ургамал мэт зүйл байв. Металл мэт зүйлийг “В” үсгээр тэмдэглэж тусгай зориулалт бүхий гялгар уутанд хийж кримналистикийн шинжээч ахлах дэслэгч Т.Баттөмөр бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7 тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14 тал/,
Эд мөрийн баримтаар хураагдсан №01 дугаартай мөнгөлөг цаасанд боосон шаргал өнгийн эд зүйлийг “Аналитик” жингээр хэмжиж байгаа талаархи гэрэл зургийн үзүүлэлт /хх-11 тал/,
Эд мөрийн баримтаар хураагдсан №Б дугаартай саарал өнгийн метал зүйл дотроос гарсан ногоон өнгийн зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-11 тал/,
Гэрч Ч*******ын өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 15 юмуу, 16-ны өдөр манай найз Өлзийбаяр манай гэрийн хашааны хаалгыг тогшсон. Тэгээд гэрээсээ гартал салхилж явна гээд ганцаараа алхаж явсан. Тэгээд халааснаасаа нэг ширхэг ороосон зүйлийг гаргаж ирээд асаагаад татсан. Би тухайн үед хараад шууд мансууруулах төрлийн бодис буюу өвс гэх ургамал байна гэж бодсон. Тэгээд би тухайн ороосон тамхинаас татаад, Өлзийбаяр бид 2 хувааж татаад дуусгасан. ...Дүнсэн тамхи татдаг шиг цаасанд ороож байгаад тамхи шиг болгоод асааж татдаг...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2141 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “А1” гэж тэмдэглэсэн 0.744 г жинтэй шаргал өнгийн зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “Б1” гэж тэмдэглэсэн 0.237 г жинтэй нунтаг ургамал мэт зүйлд “дельта-9 тетрагидроканнабинол /delita9-tetrahydrocannabinol/”-ын агууламж илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-33 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2142 дугаартай: “Шинжилгээн ирүүлсэн 2 ширхэг гаанс мэт зүйлүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн соруултай бор өнгийн модон гаанс, дотор талдаа хар өнгийн үнс мэт зүйлтэй, дотор талдаа хар өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр гаанс зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол агууламж илрэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-40 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2143 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-45 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2144 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Өлзийбаяр, Г085050217, 2021.04.20” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх-54-55 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2145 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ч*******, ГЮ85071015, 2021.04.20” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх-59-60 тал/,
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №09 дугаартай “Б.Өлзийбаяр нь “каннабиниодын шалтгаант хараат байдлын хам шинж” өвчтэй болно. Магадлуулагч Б.Өлзийбаяр нь хэрэг учрал болох үед “каннабиниодын шалтгаант хараат байдлын хам шинж” өвчтэй байсан бөгөөд энэ нь хэрэг хариуцах, мэдүүлэг өгөх чадварт нөлөөлөхгүй болно. Б.Өлзийбаяр үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадвартай, Б.Өлзийбаяр нь хэрэг хариуцах чадвартай болно. Б.Өлзийбаярт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 66-67-р тал/,
Шүүгдэгч Б.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын эхээр бага зэргийг замын хажуу талаас бие засах үедээ аваад Булган аймгийн Булган сумын төвд найз Мөнхбаярын гадаа очиж салхилангаа хамт ороож татсан. Тухайн үед машинаас буугаад бие засаж байтал гэнэт хажууд тухайн ургамал байсан болохоор сонирхоод бага хэмжээгээр авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тугалган цаас, гаансархуу хэлбэртэй металл зүйл, ногоон өнгийн болон шаргал өнгийн ургамал мэт зүйл, хүрэн өнгийн гаанс зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч*******ын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нь шүүгдэгч Б.Өлзийбаярын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь хуулиар хориглосон, НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг ургамлыг хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Өлзийбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Өлзийбаярыг Булган аймгийн Орхон сумын нутгаас 2021 оны 4 дүгээр сарын дундуур “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг ургамлыг түүж хадгалсан, бусдад өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Өлзийбаярыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №09 дугаартай дүгнэлтэд Б.Өлзийбаярыг “каннабиниодын шалтгаант хараат байдлын хам шинж өвчтэй болно. Хэрэг учрал болох үед каннабиниодын шалтгаант хараат байдлын хам шинж өвчтэй байсан бөгөөд энэ нь хэрэг хариуцах мэдүүлэг өгөх чадварт нөлөөлөхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадвартай...” гэсэн байх тул түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдалд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Өлзийбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 81-93 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өлзийбаяр нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ........................................ тоотод амьдардаг, ............................ ажилтай, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/54 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч Б.Өлзийбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, прокурортой ялын төрөл, хэмжээний талаар харилцан тохиролцсон, түүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Өлзийбаяр нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тугалган цаас, гаансархуу хэлбэртэй металл зүйл, ногоон өнгийн ургамал, хүрэн өнгийн гаанс тус бүр нэг ширхэгийг устгаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2141 дугаартай дүгнэлтээр “А1” гэж тэмдэглэгдсэн шаргал өнгийн ургамал мэт ууттай зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өлзийбаяр миний найз надад “алт” гэж өгч байсан гэж мэдүүлж байх тул тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэж шүүгдэгч Б.Өлзийбаярт буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Атган овогт Батсуурийн Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тугалган цаас, гаансархуу хэлбэртэй металл зүйл, ногоон өнгийн ургамал мэт /ууттай/ зүйл, хүрэн өнгийн гаанс тус бүр нэг ширхэгийг устгаж, шаргал өнгийн ургамал мэт /ууттай/ зүйлийг шүүгдэгч Б.Өлзийбаярт буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД