Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00784

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 217 дугаар магадлалтай, 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Ж ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон  ажлын хөлсийн үлдэгдэл 43.219.625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие барилга угсралтын Ж ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгын инженерээр ажилд орж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ж ХХК нь Монгол 333 корпораци ХХК болж өөрчлөгдөхөд би 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барилгын инженерээр томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр халагдсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ж ХХК-ийн ерөнхий инженерээр томилогдож 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан болно. Би өөрийн үндсэн ажлын зэрэгцээ Ж ХХК-тай хэлцэл байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Легаси групп ХХК-ийн захиалгатай 54 айлын, үйлчилгээ бүхий 9 давхар, 2 блок барилгын карказ угсралтын ажлыг З.Алтантогос, Т.Ганцэцэг, Д.Даваадорж, М.Жаргалмаа, Э.Мөнхжаргал, Б.Олонбаяр, О.Сайнжаргал, Ё.Сэргэлэнцогт, Э.Түмэнболд, О.Хатантөмөр зэрэг мэргэжлийн ажилчдаар бригад зохион байгуулж 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Энэхүү барилга угсралтын ажлын хөлс нийт 96.515.460 төгрөгөөс би 2014 оны 6 дугаар сард 1.000.000 төгрөг, 7 дугаар сард 16.260.000 төгрөг, 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 9 дүгээр сард 15.000.000 төгрөг, 10 дугаар сард 5.000.000 төгрөг нийт урьдчилгаа 47.610.000 төгрөг бэлнээр авсан. Ж ХХК надаас 7.742.535 төгрөгийн суутгал хийж 55.352.535 төгрөгийн тооцоо хийгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж ХХК-ийн санхүүгийн нягтлан бодогч М.Дэлгэржаргал миний карказ угсралтын гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахад би 41.162.925 төгрөгийн авлагатай гарсан юм. Ж ХХК 2014 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд ажилчдын орон сууц барих зорилгоор миний цалингаас 1.556.700 төгрөг суутгасан. Ж ХХК-тай 1 м.кв талбайн цутгалтын ажлыг 40.500 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож Легаси групп ХХК-ийн захиалгатай 54 айлын барилгын карказ угсралтын ажлыг манай бригад хийсэн. Барилгын зоорийн давхарт карказны 801 м.кв, 1 давхарт 801 м.кв талбай бүхий цутгалтын ажил хийж 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Легаси групп ХХК-ийн талбайн инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Мөн барилгын 2 дугаар давхрын карказны 878 м.кв, 3 дугаар давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр инженер Ц.Болдбаяр ажил хүлээлцсэн актаар хүлээлгэн өгчээ. Барилгын 4 дүгээр давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгсөн байна. Мөн барилгын 5 дугаар давхарт 116 м.кв талбайн ажил хийснийг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Легаси групп ХХК-ийн инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгч нийт 3,884 м.кв талбайн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн. Манай бригад 3,884 м.кв*40.500 төгрөг=157.302.000 төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Иймд барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 43.219.625 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Б- нь тус компанид Ерөнхий инженер албан тушаалд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж 69.709.500 төгрөгийн бараа материалыг өөртөө завшиж мөн эдгээр бараа материалаа түрээслэнэ гэж авсан бөгөөд одоог хүртэл манай компанид мөнгө төлөөгүй, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 58.029.200 төгрөгийн төлбөрийн хохирол учруулж ажлаас шалтгаангүй гарсан, үүнтэй холбоотой арга хэмжээг бид 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №30 тоот албан өргөдлөөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулж үүнтэй холбоотой хэрэг үүсэн энэ хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа бөгөөд өөрийн гаргасан нэхэмжлэлдээ цагдаагийн газар шалгуулж байгаа гэдгээ дурдаагүй байсан. Мөн энэ хэрэгтэй холбоотой санхүүгийн баримтууд болон ажилд орсон болон гарсан тушаал зэргийг эх хувиар нь хавсарган өгсөн байгаа. Иймд Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 43 219 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 371 550 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 19 000 төгрөг, нийт 390 550 төгрөгийн 387 198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 352 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 217 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Б-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Ж ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхдаа үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөн, Легаси групп ХХК болон Ж ХХК хооронд 2014 оны 4 сарын 01-ний өдөр байгуулсан АГГ-137/14 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан нөхцлөөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үйлчилгээтэй 56 айлын 2 блок 9 давхар орон сууц”-уудыг барьж гүйцэтгэхэд Ж ХХК-д хамраалгүй бригадын хүчээр ажиллах нөхцлийг Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Анхбаатар, үйлдвэрлэл хариуцсан захирал М.Очиржанцан нартай амаар тохиролцон хэлцэл хийж, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн. Тохиролцсон ёсоор 96.515.460 төгрөг авахаас 47.610.000 төгрөг бэлнээр авсан боловч 43.219.625 төгрөгийг Ж ХХК олгоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Д.Б- би 2012 оноос Ж ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээтэй, сар бүр 800.000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд хэлцэлийн дагуу ажиллахдаа ажлаасаа түр чөлөөлөгдсөн тул Ж ХХК нь 2014 оны 5-10 сар хүртэл миний нийгмийн даатгалыг төлж байснаас надад захирлын тушаалаар тогтоосон цалин хөлсийг олгож байгаагүй, Ж ХХК болон Легаси групп ХХК-ийн гэрээт ажлыг хийж байхдаа талбайн инженер байгаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээний бүх нөхцлийг Ж ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хэмжээд бүрэн гүйцэтгэж ажилласан. 2014 оны 7 сарын 07-ны 28 тоот, 2014 оны 8 сарын 30-ны 35 тоот, 2014 оны 8 сарын 17-ны 42 тоот “Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт” тус бүрийг Легаси групп ХХК-ийн төлөөлөлд хүлээлгэн өгсөн баримтыг шүүх үнэлэлгүй орхигдуулсан. Энэ барилгын ажлыг гүйцэтгэхэд бригадын ахлагч надаас дээрх ажилтанууд ажлын хөлсөө авч байсан бөгөөд Ж ХХК-аас цалин, ажлын хөлс аваагүй, гагцхүү нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн багаар бодон төлж байсан бөгөөд Ж ХХК-иас Д.Б- намайг болон “нэр бүхий ажилтанууд” цалин хөлсөө бүрэн авч байсан тухай санхүүгийн баримт бичиг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Гэрээт ажлыг хийж гүйцэтгэх явцад Ж ХХК-ийн санхүүтэй 55.352.535 төгрөгийн тооцоо гарснаас 7.742.535 төгрөгийн суутгал хийж урьдчилгаа гэж нийт 47.610.000 төгрөг бэлнээр авсан үйл баримтыг хариуцагч Ж ХХК үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй хоосон тайлбар хийсэн болно. Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Анхбаатар, үйлдвэрлэл хариуцсан захирал М.Очиржанцан нартай амаар тохиролцон хэлцэл байгуулсан, улмаар бичгийн гэрээ байгуулах талаар хоёр тал тохиролцон төсөл боловсруулсан боловч гарын үсэг зурах боломж гараагүй, ажлын дундуур гэрээний төсөл бидний хооронд яригдсаар байгаад 2014 оны 8 сарыг дуусгаад гарын үсэг зурах нь хойшлогдсоор зурагдалгүйгээр ажлыг дуусгасан юм. Ж ХХК-ийн удирдлага миний хүсэлтийг хүлээн авч бригад зохион байгуулах, туслан гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагийг тусгасан гэрээ бичгээр байгуулна гэж хуурч мэхлэн барилгын хамгийн хүнд хүчир ажлыг гүйцэтгүүлээд ажлын хөлсийг төлөхгүй, төлсөн ажлын хөлсний урьдчилгааг ямар нэг нотолгоогүйгээр гүтгэн тайлбарлаж байгаа болно. Бидний хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсаныг нотлох “Ажил хүлээлцэх акт”, “Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт”, 2014 оны 6 дугаар сард 1.000.000 төгрөг, 7 дугаар сард 16.260.000 төгрөг, 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 9 дүгээр сард 15.000.000 төгрөг, 10 дугаар сард 5.000.000 төгрөг нийт урьдчилгаа гэж 47.610.000 төгрөг бэлнээр олгосон баримт Д.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шинжээчийн дүгнэлт, Ж ХХК-ийн ажилтануудын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж ХХК-ийн нягтлан бодогч М.Дэлгэржаргалын урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн тооцоо Д.Б-өөс Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Анхбаатарт 2017 оны 9 сарын 25, мөн оны 11 сарын 10-ны өдөр бичсэн захидлууд, гэрч Э.Мөнхжаргал, Ц.Болдбаярын мэдүүлэг, иргэн Г.Мөнхбаярын тодорхойлолт зэрэг нотлох баримт байгаа болно. Иймд Ж ХХК-иас 43.219.625 төгрөг гаргуулах Д.Б-ийн иргэний нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан хэлцэлтэй холбогдох үйл баримт, иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Б- нь Ж ХХК-д холбогдуулж, 43.219.625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 6 сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн 54 айлын үйлчилгээ бүхий 9 давхар 2 блок барилгын карказ угсралтын ажлын гэрээний үүрэг юм. Д.Б- нь Ж ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байсан нь хэргийн 5-8 талд нийгмийн даатгалын дэвтэр хуулбар, цалингаас суутгал хийсэн баримт үүнд: нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 6 сараас эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан, цалингаас суутгал хийсэн байдал нь 2014 оны 5 сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн, нягтлан тооцоо гаргахдаа 2014 оны 11 сарын 18-ны өдөр гаргасан, ажлын гүйцэтгэлийн хувиар нэгжийн үнэ нийт үнэ гэж гаргасан мөн ажлыг хувцасны үнийг суутгасан байдал, хэргийн 38-46-р талд ажил хүлээлцсэн акт, удаа дараа байгууллагад өгч байсан шаардлага, өргөдөл зэрэг баримт, хэргийн 68-р талд ажил гүйцэтгэх гэрээ үүнд: ажил гүйцэтгэх хугацаа 2014 оны 4 сарын 01-ний өдрөөс 2015 оны 2-р улиралд байгаа ажлын үнэлгээ 1м2 ажлыг 850.000 төгрөгөөр бодож тооцсон мөн гэрээний 9-1-д туслан гүйцэтгэгч ажлуулж болохоор тохиролцон. Хэргийн 97-102-р талд нэхэмжлэгчийн тайлбар хамт ажиллаж байсан ажилчдын тодорхойлолт, удаа дараа өгч байсан шаардлага байдаг. Дээрх гэрчүүд нь нэхэмжлэгчийг Ж ХХК-д ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан гэдгийг гэрчилдэг. Хэргийн 193-203-р талд байгаа гэрчүүдийн мэдүүлгээс мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болох талаар мэдүүлдэг. Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Д.Б- нь ажил хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлсөө аваагүй үлдэгдэлтэй байгаа гэдгийг нотлон харуулж байна. Шүүхээс шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн үүнд шинжээч нь нэхэмжлэгч Д.Б- нь дээрх барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар гаргасан дүгнэлт, тайлбар бусад баримтыг үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх суурь зарчим алдагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 43.219.625 төгрөгөөр гаргасан дээрх шаардлагад суутгуулсан цалин хөлс 1.556.700 төгрөгний шаардлага багтаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа байдлыг шинээр нэхэмжлэл гаргаж буй мэтээр адилтгаж үзсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байхад нөлөөлжээ. Нэхэмжлэлийн шаардлагад суутгуулсан цалин хөлс нийт 1.556.700 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шийдвэрт дурьдаагүй нь шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчим алдагджээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б-, Ж ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд  43.219.625 төгрөг шаардаж, үндэслэлдээ “...Легаси ХХК-ийн захиалгаар баригдсан барилгад Ж ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр баг бүрдүүлж 96.515.460 төгрөгийн ажил гүйцэтгэн ...47.610.000 төгрөг авсан... 7.742.535 төгрөг суутгасан ...үлдэх хэсгийг гаргуулна” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “...Д.Б- компанийн барилгын инженер тул хөдөлмөрийн гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэсэн, ...ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй...” гэж маргасан байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч, хэргийн баримтыг нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлтэй холбогдуулан үнэлж,  үүсэх үр дагаварыг үндэслэлтэй тодорхойлж чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх Д.Б- болон Ж ХХК-ийн хооронд хэлцэл хийгдэж, ажил гүйцэтгэн, хөлс төлөхөөр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтад нийцээгүй байна.

Д.Б- 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ж ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан, Ж ХХК нь Легаси ХХК-тай 2014 оны 4 дүгээр сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороонд баригдаж буй 56 айлын, 2 блок, 9 давхар, орон сууцны ажлыг, 6.6672.245.000 төгрөгт хийж гүйцэтгэхээр тохиролцсон, тодорхой ажил хийгдсэн боловч гэрээ цуцлагдсан үйл баримтад зохигч маргаагүй байна.

Легаси ХХК-ийн захиалгат ажлаас барилгын хэв хашмал буулгах, 2-5 давхарын угсралтын ажлын зохих хэсгийг Д.Б- Ж ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар тусдаа бригад ахалж гүйцэтгэсэн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгож, “Легаси барилгын каркас угсралтын гэрээт ажлын гүйцэтгэл-Батмөнх” гэсэн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, нэгжийн үнэ болон  ажлын хөлсний хэмжээг 96.5115.460 төгрөг, Батмөнхөд бэлнээр 47.610.000 төгрөг хэсэгчлэн олгосон, суутгал хийсэн, үлдэгдэл төлбөр 41.162.925 төгрөг” гэсэн Ж ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий тооцооны баримт, ажлыг гүйцэтгэх хугацаа буюу 2014 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс аваагүй, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай дэвтрийн хуулбар, “Легаси групп” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны барилгын ажлыг аман хэлэлцээр гэрээний дагуу хийгдэж, захиалагч ...талбайн инженер Ц.Болдбаяр, гүйцэтгэгч Д.Б-, Ж ХХК-ийн барилгын инженер Э.Мөнхжаргал нар шалгаж хүлээлгэн өгсөн тухай 4 удаагийн акт зэргийг нотлох баримтаар гаргаж, Ц.Болдбаяр, Э.Мөнхжаргал, Ч.Цэдэнбалжир нарыг гэрчээр асуулгажээ.

Эдгээр баримтаар Д.Б- Ж ХХК-тай амаар тохиролцож хэв хашмал хуулах ажлыг 1 м.кв-г 5000 төгрөг, давхар бүрийн угсралтын ажлыг 1 м.кв-г 40.500 төгрөгөөр тохирч, нийт 96.515.535 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь нотлогдсон байх тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэлээс татгалзахдаа “Д.Б- болон бусад ажилчид хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэн, цалин хөлсөө авсан” гэх тайлбар, түүний үндэслэлийг нотлоогүй байна.

Хариуцагч талаас, ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын байгууллагад гаргасан тайланг нотлох баримтаар гаргажээ.

Дээрх баримтаас үзвэл Д.Б- сард 1.200.000 төгрөгийн, түүний бригадад ажилласан гэх инженер Э.Мөнхжаргал сард 800.000 төгрөгийн цалинтай байх боловч хариуцагч тэдэнд 2014 оны 6, 7, 8-р сарын цалинг олгосон нь тогтоогдоогүй, Ж ХХК нь уг хугацаанд Д.Б-, Э.Мөнхжаргал нарын орлогыг 192.000 төгрөгөөр тодорхойлж нийгмийн даатгалын байгууллагад тайлагнасан байна.

Түүнчлэн Д.Б-ийн бригадад ажилласан гэх З.Алтантогос, Т.Ганцэцэг, Д.Даваадорж, М.Жаргалмаа, Б.Олонбаяр, О.Сайнжаргал, Ё.Сэргэлэнцогт, Э.Түмэнболд, О.Хатанбаатар нарын хөдөлмөрийн гэрээнд зааснаар сард тус бүр 400.000 төгрөгийн цалинтай байх бөгөөд уг орлогоор нийгмийн даатгалын байгууллагад цалин хөлсийг тайлагнасан нь тогтоогдсон боловч Д.Б-өд олгогдох тооцооноос нийт 3.228.035 төгрөгийг эдгээр ажилчдын 2014 оны 6, 7, 8 дугаар сарын цалинд тооцон суутгаж авсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б- ажлын хөлсийн үлдэгдлийг шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчийн санхүүгийн тэмдэг бүхий тооцооны баталгааг үндэслэн 41.162.925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 217 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/02569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ж ХХК-с 41.162.925 /Дөчин нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун хорин таван/ төгрөг гаргуулж Д.Б-өд олгож, 2.056.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “, хариуцагчаас 363.765 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374.100 төгрөгийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ