Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 1296 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий прокурорын орлогч Б.Ууганбаатарын бичсэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр О.Х-од холбогдох эрүүгийн 1708021350350 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт О.Х, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, “Топ Даймонд Дриллинг” ХХК-д туслах ажилтанаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай,

Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял  шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд  багтааж нийт 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, /РД:...../,

Шүүгдэгч О.Х нь 2016 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн голд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Л-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний судаслаг бүрхүүлийн хуулрал, тасрал, торлог бүрхүүлийн доорх цус болон ширхэглэл эдийн хуримтлал, гэмтлийн дараах хараа бууралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 19-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Л-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “зүүн нүдний цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Х-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Х-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл

1. Шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1708021350350 дугаараар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн /хх 62/ байх боловч түүнээс мөрдөгч 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт...” мэдүүлэг авсан /хх 89/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон байна.

2. Шүүгдэгч О.Х-ыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах цаг хугацаанд түүний өмнө нь эхнэрээ зодож улмаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг илэрсэн байхад прокуророос О.Х-ыг дахин 1708021350350 дугаараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хх 64-65/.

Тодруулбал О.Х-од 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тусад нь 1708021350350 дугаараар прокурорын тогтоол үйлдэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа нь ойлгомжгүй.

3. Шүүгдэгч О.Х-ын 2016 онд эхнэрээ зодсон үйлдэлд яагаад 2015 оны Эрүүгийн хуулийн зохих заалтыг хэрэглэсэн болох талаар үндэслэл бүхий дүгнэлтгүй Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг баримтлаагүй зөрчилтэй болсон.

Тиймээс дээр дурьдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул шүүгдэгч О.Х-од холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзжээ.

Ерөнхий прокурорын орлогч Б.Ууганбаатарын бичсэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцэлд: “...1. Прокуророос 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор ял сонсгосон боловч мөрдөгч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт...” мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй, мөрдөгчөөс гаргасан техникийн шинжтэй алдаатай бичигдсэн ба шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь прокуророос О.Х-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба уг прокурорын тогтоолыг О.Х нь уншиж, гарын үсэг зурж танилцсан, мөн зүйл хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2. Анхан шатны шүүхээс “...О.Х-од 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тусад нь 1708021350350 дугаараар прокурорын тогтоол үйлдэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа нь ойлгомжгүй...”, “...шүүгдэгч О.Хын 2016 онд эхнэрээ зодсон үйлдэлд яагаад 2015 оны Эрүүгийн хуулийн зохих заалтыг хэрэглэсэн болох талаар үндэслэл бүхий дүгнэлтгүй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй зөрчилтэй болсон” гэж тус тус үзсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, мөрдөн байцаалтаар ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг заагаагүй зэрэг шүүгчийн захирамжийн 2,3 дахь заалт ойлгомжгүй байгаа нь тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1296 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр анх эрүүгийн хэргийг мөрдөгч нээгээд 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон болно. Энэ бол мөрдөн байцаагч тогтоол бичихдээ техникийн алдаатай бичсэн байна. 2016 онд эхнэрээ зодсон асуудалд яагаад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн бэ гэвэл 2015 оны Эрүүгийн хууль нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж бичээгүй нь алдаа болно. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.Х-од холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Үүнд:  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр О.Х-од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн  /хх-62х/  боловч  2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татах тогтоол уншиж танилцуулан...” мэдүүлэг авсан нь /хх-89х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” бөгөөд энэ тохиолдолд яллагдагч нэг хэрэгт 2 өөр зүйлчлэлээр ял сонсож байх тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн шүүгчийн захирамжинд дурдсан бусад үндэслэлүүдийг прокурор анхаарах шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ууганбаатарын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1296 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    ШҮҮГЧИД                                                               М.АЛДАР

           О.ЧУЛУУНЦЭЦЭГ