Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 411

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: “Ю” ХХК ,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , өмгөөлөгч Ц.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , иргэдийн төлөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн захирал Ж.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Булган аймгийн Б******* нутгийн Х******* нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.

Бид тусгай зөвшөөрлөө сунгуулахаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний төлбөр болон байгаль орчны хамгаалах зардлаа тушаан байгаль орчны төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ..." гэж заасны дагуу орон нутагт илгээсэн боловч сумын Засаг дарга эмчилгээнд явсан шалтгаанаар манай байгаль орчны төлөвлөгөөг хоцроон ирүүлсэн.

Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтэнд удаа дараа хэлж байсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь Б******* сумын Засаг даргатай холбогдож тайлан хоцроон ирүүлсэн тайлбарыг бичгээр ирүүлэхийг шаардсаны дагуу орон нутгаас Кадастрын хэлтэст албан тоот илгээсэн.

Б******* сумын засаг даргаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хоцроон хүргүүлсэн шалтгааныг дурдсан албан бичгийг илгээсэн боловч ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга тайланг хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гарсан тухай манай компани 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн ба 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан сумын засаг даргын байгаль орчны төлөвлөгөөг цаг хугацаанд нь батлаагүй хоцроосон хүндэтгэн үзэх шалтгаанд манай компаниас шалтгаалсан буруутай үйлдэл байхгүй тухай дурдаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргасан боловч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7/4308 тоот албан бичгээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. /2018.04.27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг манайд ирүүлээгүй болно/.

Манай компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон бусад төлбөрийг цаг хугацаанд нь төлж хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэг. Мөн хуулийн хугацаанд сумын засаг даргад байгаль орчны төлөвлөгөөг хүргүүлсэн боловч сумын засаг дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тайланг хугацаа хоцроон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн тухай албан бичгийг тус газрын шаардсаны дагуу хүргүүлсээр байтал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тухайн зөвшөөрлийн хугацаа сунгах нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Б******* сумын Х******* гэх нэртэй газар 410.77 га газрыг ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон. Үүнээс хойш 3 жилийн хугацаагаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж байгаа.

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж байгаа тул тусгай зөвшөөрлийг 3 жилээр дахин сунгах шаардлага учирсан. Үүндээ хуулиар заасан нэг сарын өмнө Ашигт малтмалын газарт өргөдлөө гаргах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд хуульд заасан хугацаанд буюу 02 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 1,000,000 төгрөг төлж өргөдлөө гаргасан байдаг. Тус өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн нотлох баримтыг хавсаргах шаардлагатай байгаа. Үүний хамгийн гол нотлох баримтын нэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн баталж хавсаргана гэж заасан. Энэ баримтыг хэзээ гаргаж өгсөн талаарх шаардлага байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Ингээд харахаар Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан баримт бичгийг хэзээ гаргаж өгөх болон хуулийн хугацааг хэзээ сунгах талаар хуульд ойлгомжгүй  тодорхойлолт байгаа. Хэдий тийм ч нэхэмжлэгч компанийн хувьд өөрт оногдсон үүрэг хариуцлагаа ухамсарлаад өөрийн зүгээс хийж болох бүхий л ажлыг хийсэн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж заасан. Хэзээ батлах вэ гэхээр 10 хоногийн өмнө баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байгаа. Эдгээр бүх хуулийн хугацааг харгалзан үзэж нэхэмжлэгч компанийн зүгээс бүр төлбөр мөнгийг төлж барагдуулаад төлөвлөгөөг 02 дугаар сарын 10-нд хүргүүлсэн. Миний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс заавал тулгаад хандсан юм уу? өмнө хандаж болоогүй юм уу? гэж асуухад бидний зүгээс он гараад нэг сараас хандаж эхэлсэн гэж хэлсэн. Тухайн үед Булган аймгийн Бүрэг хангай сумын Засаг дарга байхгүй орлосон хүн байхгүй гэдэг шалтгаанаар хүлээн авдаггүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг гаргахдаа “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг  үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө өргөдөл гаргаагүй” гэсэн үндэслэлээр манай хугацааг сунгахаас татгалзсан. Гэтэл манай байгууллагын хувьд 1 сарын өмнө өргөдөл хүсэлтээ гаргасан бөгөөд үүнтэй холбоотой баримтуудаа хадгалж үлдсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаар дурдахдаа нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас эсхүл Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагаа байна уу гэдгийг тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн Бүрэг хангай сумын нутгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт тодорхойлолт явуулсан ба тус сумын Засаг дарга миний бие хоцроосон нь үнэн болно гэсэн байдаг. Энэ хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс буцаж ирэх үед Бүрэг хангай сумын Засаг даргаас бид дахин тодорхойлолт авсан бөгөөд ирүүлсэн баримтаас үзвэл тус сумын Засаг даргаас удирдамж төлөвлөгөө гэх мэт баримт бичиг баталсан бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, ирсэн бичгийг бүртгэдэггүй учир энэ талаар тодруулах нотлох баримт байхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Үүнээс үзвэл тус сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж манай Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйгээс шалтгаалж манай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. 

Ашигт малтмалын тухай хууль нь аж ахуйн нэгж иргэн Ашигт малтмал, газрын тосны газар, аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг болон үр дагаврыг тусгайлан зохицуулсан 3 талт хууль гэж миний хувьд ойлгодог. Хуульд 2 хугацааг тусгасан байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасан. Тус менежментийн төлөвлөгөө хэзээ батлагдах ёстой вэ гэхээр хугацаа дуусахаас өмнө буюу Ашигт малтмалын тухай хуулийн  40 дүгээр зүйлд заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусахаас өмнө тус төлөвлөгөөгөө батлуулах ёстой. Гэтэл тус хуулийн 22 дугаар зүйлд хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2 дугаар сарын 20-ноос өмнө Бүрэг хангай сумын Засаг даргад удаа дараа хандсан байдаг. Гэтэл тус сумын Засаг дарга баримт бүртгэсэн дэвтрийг хөтөлдөггүй болохоо өөрөө илэрхийлсэн. Энэ тохиолдолд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. 

Дээр дурдагдсан заалтуудаар ашигт малтмалын хугацаа сунгах өргөдлөөс татгалзах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж авч байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан байгаа. Хугацаандаа гаргаагүй гэдэг байдал байхгүй. Хоцорсон шалтгаан нь нэхэмжлэгч компаниас шалтгаалахгүй юм. Энэ бодит нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс мэдэж байсан атлаа манай тусгай зөвшөөрлийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ю” ХХК-ний Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Булган аймгийн Б******* сумын нутагт орших “Х*******” нэртэй 411.77 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан байна.

“Ю” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө дээр дурдсан хуулийн дагуу өргөдөлд хавсаргах баримтыг бүрэн хуулийн хугацаанд ирүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасныг тус тус үндэслэн “Ю” ХХК-ний эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай, тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

Тус газрын кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 73229 дугаартай албан бичгээр “Ю” ХХК-д шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлжээ.

Иймд “Ю” ХХК-ний “Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Төрийн захиргааны байгууллага хуулиа биелүүлж ажиллах үүрэгтэй. Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан шаардлагыг хангаагүй байсан учраас төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө батлуулсан байхыг ойлгож байгаа. Бүх аж ахуйн нэгжүүд энэ жишгээр төлөвлөгөөгөө батлуулаад явж байгаа. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийнх нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сунгахдаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай байсан баримтыг ирүүлээгүй учраас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдааны явц болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалсны хувьд хугацааг хэтрүүлсэн Засаг даргын хариуцлагагүй үйлдлээс үүдэж нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан үүссэн байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “Ю” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

“Ю” ХХК-ийн ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар  байсан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад хавсаргавал зохих материалуудын нэг болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь биднээс үл хамаарах шалтгаанаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй байхад хариуцагч нь энэхүү шалтгааныг үл харгалзан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах журмыг хуульд тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн” хэмээн тус тус маргаж байна. 

 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар, 22.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгах”-аар, 22.4-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзах”-аар тус тус заасан байна.

Хариуцагчаас ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй эсэхийг шалгасан аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ үндэслэлээр тайлбарлаж маргаагүй. 

Хуульд заасан дээрх 1 сарын хугацааг хэтрүүлсэн нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болж болох авч маргааны энэ тохиолдолд “нэхэмжлэгч “Ю” ХХК нь ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй нь түүний буруутай үйл ажиллагаанаас хамаарсан эсэх”-ийг харгалзан үзэх шаардлагатай байсан байна. Тодруулбал,

Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Ю” ХХК-иас тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг батлагдсан маягтын дагуу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн огноотойгоор үйлдэж үйлчилгээний хөлсийг мөн сарын 10-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагын дансанд шилжүүлсэн , улмаар “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаж чадаагүй шалтгаан”-ыг тайлбарласан а/68 тоот албан бичгийг Булган аймгийн Б******* сумын Засаг даргын 01/101 тоот тодорхойлолтын хамт Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн ирсэн бичгийн бүртгэлийн карт болон шүүхээс хийсэн үзлэгээр уг баримтууд ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хадгалагдаж байгаагаар  тогтоогдож байна .  

Түүнчлэн ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудасны эрх зүйн шүүлтийн хэсэгт “Б******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/101 тоотыг үндэслэн шүүв” гэж тэмдэглэсний дээр “Булган аймгийн Б******* сумын нутагт орших Х******* нэртэй талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” нь ******* тоот тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хадгалагджээ.

Булган аймгийн Б******* сумын Засаг дарга нь “Ю” ХХК-иас “...менежментийг төлөвлөгөө”-г хянуулахаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөрт өөрт нь хандсаныг үгүйсгээгүйн дээр уг төлөвлөгөөг хянасан тухай тодорхойлолтыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Ю” ХХК-д өгсөн болохоо 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/473, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/179 тоот албан бичгүүдээр шүүхэд мэдэгдсэн.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй байх боловч энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамаарсан гэж үзэж түүнийг буруутгах үндэслэл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бид менежментийн төлөвлөгөөг хянуулах сумын Засаг даргад замын унаагаар дамжуулж 2018 оны 02 дугаар сарын 10-ны орчим хүргүүлсэн” гэж тайлбарлаж байх ба уг менежментийн төлөвлөгөөг хянах, батлах эрх бүхий албан тушаалтан болох Булган аймгийн Б******* сумын Засаг дарга нь 2018 оны 02 дугаар сарын 06-аас 12-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгээгүй болохоо тодорхойлж  дээрх шалтгааны улмаас хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэлгүй удаашруулсан болохоо мэдэгдсэн байхад хариуцагч нь уг мэдэгдлийг хянасан атлаа “Ю” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө захиргааны байгууллагад хүргүүлээгүй нь хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамаарсан гэж үзэж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг яг энэхүү шалтгаанаар гаргасан нь бодит нөхцөл байдал тохироогүй захиргааны акт болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Иймд хариуцагч нь маргаан бүхий актыг “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан нь хууль бус бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тусгай зөвшөөрлийг хугацаа сунгахаас татгалзах өөр үндэслэлийг тайлбарлаж маргахгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэхээр заасан тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан өдрөөр ч гаргах боломжтой хэмээн тайлбарлаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан байх тул байгаль орчны менежментийг төлөвлөгөөг хянуулж батлуулах хугацаа нь мөн зүйлийн 22.1-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1/нэг/ сарын өмнө захиргааны байгууллагад гаргах” зохицуулалтдаа багтсан гэж үзэх тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг тэмдэглэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2,-т заасныг баримтлан Ю ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.БАТСҮРЭН

       ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ

       ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ