“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “С” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н*******
Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Я, Б.З, Э.Б,
Хариуцагч татварын улсын байцаагч Ч.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
Хэргийн индекс: 128/2023/0203/З
ТОДОРХОЙЛОХ нь:
- Гомдол гаргагч “С” ХХК-аас Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдол гарган маргасан байна.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр
-
- “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасныг баримтлан “С” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
- Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
-
- “...Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0289 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай.
-
- Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасныг баримтлан "С " ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.
-
- Энэхүү шийдвэр нь шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу дүгнэж нөхцөл байдлийг бүрэн үнэлээгүй байх тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
-
- Манай компани нь ипойнт карт эзэмшигч гишүүний худалдан авалтад 1 хувийг хасаж төлбөрийн баримт олгож байгаа. Харин тухайн иргэн цуглуулсан оноогоо дараагийн худалдан авалтдаа ашиглах үед онооны дүнгээр төлөх төлбөр нь буурч эсрэгээрээ төлбөрийн баримтын дүн нь онооны дүнгээр өсдөг. Жишээ нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14:09 цагт гишүүний карт эзэмшигч иргэн Жайнагүл 16.000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авсан ба тухайн бараандаа QPAY төлбөрийн систем ашиглан 8.000 төгрөгийг бэлэн бусаар, үлдэгдэл 8.000 төгрөгийг өмнөх худалдан авалтууддаа цуглуулсан ипойнт оноогоо ашиглан төлсөн. Тухайн борлуулалтад манай компаниас 16.000 төгрөгийг тухайн иргэний нэр дээр өглөг үүсгэн борлуулалтын хөнгөлөлтөөр орлогоо бууруулсан.
-
- Тухайн оноо цуглуулах болон ашиглах процесс нь тасралтгүй үргэлжлэх ба хэрэглэгч нь өөрийн хүсэлтээр картаа хаах үед үлдэгдэл оноо нь бүрэн ашиглагдах боломжтой.
-
- Манай компанийн хувьд тайлант сард нийт дүнгээрээ ипойнт ашиглах болон цуглуулах дүн нь 85 хувьтай байдаг учир борлуулалтын орлогоо бууруулсан гэж үзэхгүй байна.
-
- Татварын тайлагнал болон Санхүүгийн тайлагналын бүртгэл тусдаа гэх боловч жижиглэн худалдааны байгууллагын хувьд кассаар гарч байгаа төлбөрийн баримт нь дээрх 2 төрлийн тайлангийн аль алиных нь суурь болох анхан шатны баримт болж байдаг.
-
- Тухайн анхан шатны баримтыг *******ар нэгэн засваргүйгээр татвар болон санхүүгийн тайландаа шударгаар тусгаж татвараа төлдөг.
-
- Хариуцагч тал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалт буюу “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэдгийг буруу ойлгон хэрэглэж, шийтгэлийн хуудас бичсэнийг шүүх мөн буруу үнэлж шийдвэр гаргасан.
-
- Өөрөөр хэлбэл хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэсэн заалтын зөвхөн хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэснийг тастан авч шийтгэлийн хуудас болон шүүхийн шийдвэрт хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээр байна. Хариуцагч манай төлбөрийн баримтыг хуурамч гэж үзээгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
- Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н нь гомдол гаргагч “С” ХХК-ийг “...төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг худалдан авалт хийсэн иргэнд олгосон зөрчил гаргасан” гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0045404 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг “С” ХХК-д оногдуулсан байна.
- Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх “...“С” ХХК нь худалдан авалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримтыг худалдаг авагчид олгосон нь нэгэнт тогтоогдсон, “...худалдан авалтын үнийн дүнгийн тодорхой хувийг ипойнт картад байршуулж дараагийн худалдан авалтаас хөнгөлж байгаа” гэх гомдол үндэслэлгүй, энэ нь гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш” гэх дүгнэлтийг хийж гомдлыг шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг олгохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:”, 8.2-т “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаас үзвэл албан татвар төлөгч /бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд/ төлбөрийн баримтыг хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй, өөрөөр хэлбэл зөрүүтэй олгосон бол хуулийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
- Гомдол гаргагч төлбөрийн баримтыг хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй буюу худалдан авагчийн ипойнт картад өглөг хэлбэрээр байршиж байгаа дүнг хассан дүнгээр олгосон гэдэгтэй маргаагүй тул хариуцагчийг үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй юм.
- Хэдийгээр гомдол гаргагч дээрх үйлдлээ “...худалдан авалтын үнийн дүнгийн тодорхой хувийг ипойнт картад байршуулж дараагийн худалдан авалтаас хөнгөлж байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа ч бодит байдал дээр хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг олгож болох нарийвчилсан зохицуулалт байхгүй энэ тохиолдолд гомдол гаргагчийн “...анхан шатны шүүх хуулийг буруу хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу дүгнэж нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.
- Түүнчлэн дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “...хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримтыг олгохыг хориглоно” гэж заасан нь буюу гэх холбоос хэрэглэсэн байх бөгөөд заавал “хуурамч төлбөрийн баримт”, эсхүл “хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт” гэх ойлголтыг хоёуланг агуулсан байхыг шаардахгүй, ижил төстэй, орлож болох үгэнд буюу холбоос хэрэглэдэг тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...зөвхөн хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэснийг тастан авч шийтгэлийн хуудас болон шүүхийн шийдвэрт хэрэглэж байгаа нь хууль зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН