Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2115000720116 дугаартай, 163/2021/0122/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Санги овогт Гантөмөрийн ******* /РД: ................. /, 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ............................ ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...................................... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих  ялыг тэнсэж хянан харгалзаж, өршөөлд хамрагдаж байсан, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлмйн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1, 203 дугаар зүйийн 203.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Г.*******г 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.*******гийн машинд орхиж буусан “Nokia” загварын гар утсыг олж, түүний гар утаснаас мобайл банкны нууц кодыг нь ашиглан данс руу нь нэвтэрч 410000 төгрөгийг шилжүүлэн авч гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, улсын яллагчийн санал болгосон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2115000720116 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.*******г охины хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн “Гурт” хороололоос Нямаажав эмээгийнд хүргэж өгөх үед машинд нь орхиж буусан Б.*******гийн эзэмшлийн “Nokia” загварын гар утсыг олж, түүний гар утаснаас мобайл банкны нууц кодыг нь ашиглан данс руу нэвтэрч 410000 төгрөгийг шилжүүлэн авч, гээгдэл эд хөрөнгийг завшиж нийт 435000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Б.*******гийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 12-ны орой 16 цагийн үед сумын 1 дүгээр багийн Гурт хороололд гэртээ байхад хүргэн Г.******* нь манайд ирээд охин Өлзийсайхан бид хоёрыг гэрээс аваад Нямаажав эмээгийнд хүргэж өгсөн. Удалгүй хүргэн Г.******* эмээгийнд ус авч өгөөд явсны дараахан би утсаар ярих гээд утсаа эрээд олоогүй. Өөрийнхөө дугаар руу залгах гэхээр утас байхгүй залгаж чадаагүй юм. Тэгээд гэртээ утсаа орхисон байх гэж бодоод тэр оройноо Нямаажав эмээгийнд охинтойгоо хамт хоносон. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 13-ны өглөө гэртээ очиж үзэхэд утас байхгүй байсан. Тэгэхээр нь хүргэн *******гээс очиж асуутал би утсыг чинь хараагүй, миний машинд утас чинь байхгүй гэж хэлээд ажилдаа явсан. Тухайн өдөр нь 11 цагийн үед ХААН банкны АТМ дээр очиж картаа хийж мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ба дансны үлдэгдлээ шалгаад үзтэл мөнгө байхгүй болчихсон байсан. Миний алдсан утас Nokia загварын, хар өнгийн утас байсан. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр .................... суманд байдаг “.................” дэлгүүрээс 25000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед манай охин Өлзийсайхан, хүргэн *******, эмээ Нямаажав нар хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би дөрвөн хүүхэдтэй, сар бүр хүүхдийн 400.000 төгрөг, дундах охин С.Төгсжаргалын халамжийн мөнгө 288.000 төгрөг, миний асаргааны тэтгэмж болох 84.500 төгрөг, нийтдээ манайх сард 772.500 төгрөгийн тэтгэмж төрөөс авдаг юм. Би Хаан банкны хэрэглэгч бөгөөд Хаан банкны 5284520124 тоот данстай. Надаас өөр хүн мэдэхгүй. Би нөхөртөө хэлчихээр юм авья гээд мөнгөө үрэх гээд байдаг учраас хэлдэггүй юм. Миний гар утсанд 2019 онд мобайл банкыг хүргэн Г.******* суулгаж өгсөн, би өөрөө мобайл банкаа ашиглаж чаддаггүй учраас гүйлгээ хийх бүрдээ хүргэн Г.*******гээр заалгуулж хийдэг. Миний мобайл банкны нууц дугаарыг хүргэн Г.*******гээс өөр хүн мэддэггүй, тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул өөрт чинь хэлээгүй авсан гэж надад хэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр надад 400000 төгрөг болон гар утасны үнэ 42500 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

Гэрч Б.*******ийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэртээ байхад Б.******* эгч, хадам ээж Намжилсүрэнгийн хамт манайд ирээд “гар утсаа алдчихсан хайгаад олохгүй байна, мөн картаар мөнгө авах гэсэн чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь Хаан банк руу орж ажилтнаар нь шүүлгэж үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний данснаас 410000 төгрөг гарсан байна гэж хэлэхээр нь хэнд хандахаа мэдэхгүй, чам дээр ирлээ” гэсэн. Тэгээд би Хаан банкны 18001917 дугаар луу залгаж асуусан чинь дансны хуулгыг аваад цагдаад өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Тэгээд Б.******* эгч бид хоёр Хаан банкинд очиж дансны хуулга аваад цагдаад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Гэрч Б.*******ы өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 15-ны өглөө манай ХААН банкинд орж ирээд “хүүхдийн халамж орж ирээгүй байгаа юм уу, данснаас мөнгө авах гэсэн чинь дансанд дахь мөнгө байхгүй, үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансыг нь шалгаж өгөхөд халамжийн мөнгө орсон, 5550111435 тоот дансруу 410.000 мянган төгрөгийг шилжүүлсэн байсан ба надаас банкны хуулгаа аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-20 тал/,

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21/87 дугаартай: “Nokia загварын гар утасны зах зээлийн үнийг 25000 төгрөг гэж тогтоолоо” гэх дүгнэлт /хх-27-31 тал/,

Хохирогч Б.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-44 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 3 дугаар сарын 12-ны орой 18 цаг 30 минутын үед ажлаас ирээд гэртээ цай уугаад сууж байтал хадам эгч Б.******* утсаар залгаад “хаана байна, эмээгийнд хүргүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* эгчийн гэрт нь очиж ******* эгчийг, дунд охин Өлзийхишигтэй нь хамт аваад Нямаажав гэх 90 орчим настай эмээгийнд нь хүргэж өгсөн. Тэгээд би ус авч өгчихөөд буцаад гэрлүүгээ явсан. Тухайн үед орой болсон байсан учир би гэртээ хариад унтаж амарсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явсан. Ажил дээрээ очоод машиныхаа дотор талыг цэвэрлэж байтал хар өнгийн “Nokia” маркийн гар утас арын суудлын шалавчин доогуур байсан. Уг гар утсыг асааж үзэхэд асахгүй байсан. Надад мөн “Nokia маркийн гар утас байдаг учир би өөрийн гар утасны зайг авч, олж авсан утсанд хийж үзэхэд ассан. Тэгээд өөрийнхөө дугаар руу тус утаснаас залгаж үзэхэд хадам эгч *******гийн дугаар байсан. Тэгээд би дансыг нь шалгаж үзэхэд дансандаа 410.000 төгрөгтэй байсан. Би өмнө нь хүнээс мод худалдаж аваад мөнгийг нь өгч амжаагүй байсан юм, тэр хүний данс руу 410.000 төгрөгийг нь шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-57-58 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******, Б.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд юм.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдэл идэвхтэй, гар утсыг бусдын өмчлөл эзэмшлийнх, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл,  эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******г 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.*******гийн машинд орхиж буусан “Nokia” загварын гар утсыг олж, түүний гар утаснаас мобайл банкны нууц кодыг нь ашиглан данс руу нэвтэрч 410000 төгрөгийг шилжүүлэн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл,  эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 435000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 410000 төгрөг, гар утасны үнэ 25000 төгрөг, нийт 435000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан хүсэлт /хх-48 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-44 тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Г.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 435000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хэргийн 34-38 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .................................... тоотод амьдардаг, хувиараа ............................ ажилтай, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/54 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Санги овогт Гантөмөрийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД