| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
иргэдийн төлөөлөгч Г*******,
хохирогч Б.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
хохирогчийн өмгөөлөгч М.*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч П.*******,
шүүгдэгч Л.Түмэн-Од, П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******, Л.Түмэн-Од нарт холбогдох эрүүгийн 2015001670031 дугаартай, 163/2021/0085/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Авга тайж овогт Пүрэвсүрэнгийн ******* /РД: ................./, 1977 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт .................................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Монгол Улсын иргэн, Анчин овогт Лхагвасүрэнгийн Түмэн-Од /РД: .................../, 1972 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* өгсөн мэдүүлэгтээ: Сараа бид хоёр Түмэн-Одын гэрт нь орж хоночихоод өглөө явсан. Би хүчиндээгүй. Өөрөө зөвшөөрөөд ярьж хөөрөөд гараад явсан. Худлаа хүчиндсэн гэж яриад байна. ******* айл унтсан хойгуур орж ирээд Сарааг дагуулаад гарсан. Тэгээд намайг хүчиндсэн гэж худлаа яриад байна. Од ах хүүхэдтэйгээ унтаад би Сараатай хамт унтсан. ******* шөнө орж ирээд Сарааг ээж нь дуудаж байна гээд аваад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Түмэн-Од өгсөн мэдүүлэгтээ: ******* ******* хоёр өөрсдөө манай гэрт орж ирсэн. Хаалга нүдээд байсан болохоор нь би хаалгаа онгойлгож өгсөн. Хүчиндсэн гэж худлаа хэлж байна. Өөрсдөө хамт гэрт орж ирээд ******* өөрөө *******тай нэг оронд орж унтсан. Хүчиндсэн гэж ямар юм хэлээд байгааг би мэдэхгүй. Би хүүхэдтэйгээ унтаж байсан. ******* ******* хоёр өөрсдөө өмнө нь хамт хонож өнжөөд явдаг байсан. Сүүлдээ намайг гүтгээд худлаа яриад байна. ******* ******* хоёр л өөрсдөө учраа олсон, хүчин гэж би мэдэхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: ******* намайг гэрээс “юм хэлье” гэж авч гарсан. Би “явахгүй, ээж 2 хүүхэдтэй маань байгаа” гэж хэлэхэд гонхон дотроос намайг чирч гаргаад “хоёулаа Түмэн-Одынд очъё” гэхээр нь би “эхнэр нь байхгүй, очихгүй” гэсээр байтал намайг авч очсон. Тэгээд намайг “орой болчихлоо харьмаар байна” гэхэд Түмэн-Од “хүүхдийг маань унтуулаад энд хоноод яв” гэхээр нь би “өөрөө хүүхдээ унтуул” гэсэн. Намайг харьлаа гэхэд “унтаж байж явна шүү” гэсэн, би “энд унтахгүй” гээд гарах гэтэл хаалгаа түгжчихээд байсан. Энэ хоёр хөл гарнаас маань барьж аваад орон дээр тавьсан. Энэ хоёр худлаа яриад байна. Тэгээд намайг харих гэсэн “ээж чинь одоо унтчихсан байгаа, энд унтаад яв” гэсэн. “Ээж хаалгаа онгойлгож өгнө, би гэртээ харьмаар байна, зүгээр хаалгаа онгойлгоод өг” гэхэд хаалгаа онгойлгож өгөөгүй. Хүүхдээ цааш нь харуулчхаад намайг орон дээр дарсан. Түмэн-Од миний хөлийг бариад ******* эхлээд бэлгийн харьцаанд орсон. *******, Түмэн-Од хоёр намайг ээлжилж хүчиндсэн. Намайг хашгирч уйлахад ******* хаалга нүдэж байгаад орж ирээд “намайг юу хийж байгаа юм бэ?, гэрийнхэн чинь хайгаад байна” гэсэн. Түмэн-Од миний хувцасыг шкабнаас гаргаж өгсөн. ******* намайг хүргэж өгөөд харьсан. *******, Түмэн-Од хоёр хашааны булангаас харж байхад ******* намайг одоо гэрлүүгээ ор гээд оруулж өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.******* нь гэрч *******той ямар нэгэн холбоо байна уу? гэж асуугаад байна. Ямар нэгэн холбоо байхгүй, зүгээр л нэг нутгийн хүмүүс. Харин Түмэн-Од манай хоёрын гэр 200 метр орчим зайтай. Манайхны тэр хавийн нутаг сумын “А” бүс гэж яригддаг, цагдаагийн байртай ойрхон байдаг. Манай эгч Түмэн-Одын эхнэртэй найзууд байсан ба хүүхдийг нь харж өгдөг байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед хэргийн талаар мэдсэн. Тэгээд би гайхаад ээжээр асуулгахад “харин тийм ээ, энэ хавийнхан тэгж яриад байна аа” гэсэн. Манай сумаар дүүрэн ярьж байсан. Анх өргөдөл өгөөд эгч жаахан хүүхэдтэй болохоор нь би хууль ёсны төлөөлөгч болно гээд ажлаасаа гарч энд ирсэн. Тэр үед аав өнгөрөөд удаагүй байсан болохоор эгчийн сэтгэл санаа их хэцүү байсан. Би 2 дугаар сард буюу мэдсэнээсээ хойш эгчтэйгээ ярилцсан. Намайг мэдэхээс өмнө манай нутгийнхан их яриад байсан юм шиг байна лээ. ******* эгчтэй манай ээж, ******* эгчийн хүүхэд нь хамт амьдардаг байсан. Нөхөр нь тусдаа байж байгаад 2021 оны 1 сараас дахин гэр бүл болоод явж байгаа. Хот руу явж эмчлүүлэх гэхээр ковидтой болохоор чадаагүй. Сэтгэцийн Ариунжаргал гэж эмчтэй холбогдоход өөрийг нь үзэх шаардлагатай гэсэн. Эгчийгээ эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг 2019 оны 11 дүгээр сард ............................................ нутагт иргэн Б.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаж, энэ хэрэгт шүүгдэгч Л.Түмэн-Одын оролцоо байхгүй, шүүгдэгч П.******* нь хохирогч Б.*******т хүч хэрэглээгүй, тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж тус тус гэм буруугийн талаар маргасан байна.
Эрүүгийн 2015001670031 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
2019 оны 11 дүгээр сард П.******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Б.*******ийг “юм хэлье” гэж хуурч мэхлэн гэрээс нь дагуулж гарч Л.Түмэн-Одын гэрт авчирч П.*******, Л.Түмэн-Од нар нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Б.*******ийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын дунд үеэр би гэртээ байж байтал Галаа гэх залуу намайг “ярих юм байна, би чамд нэг юм хэлье” гэж хэлэхээр нь дагаад гарсан чинь “хоёулаа Түмэн-Одын гэрт очъё” гэсэн. Би “очихгүй ээ, авгай нь байхгүй юм чинь” гэж хэлээд дургүйцсэн. Тэгтэл Галаа намайг Түмэн-Одын гэр лүү хүчээр авч явсан. Тэгээд Түмэн-Одын гэрт орсны дараа гэрийнхээ хаалгыг түгжээд “би гаръя” гэж хэлтэл намайг явуулахгүй, “бие засъя” гэж хэлэхээр хувинд бие засуулсан. Тэгээд Түмэн-Од, Галаа хоёр миний хувцсыг тайлаад нуугаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хашгирч бас уйлсан. Тэгээд намайг тэр хоёр орон дээр хэвтүүлээд миний хөлийг Түмэн-Од бариад Галаа нь надтай бэлгийн харьцаанд орсон. Үүний дараа Галаа хөлийг маань барьж байгаад Түмэн-Од надтай бэлгийн харьцаанд орсон. Ингээд байж байтал Түмэн-Одын гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь Түмэн-Од очиж онгойлготол манай сумын Зоригоо гэх залуу байсан. Тэгээд орж ирээд “чи яагаад энэ хоёр эрэгтэй хүний хажууд байгаа юм бэ, юу болоод байгаа юм” гэж хэлээд миний хувцасыг олоод авч гараад гэрт хүргэж өгсөн. Намайг “цагдаад хэлнэ” гэж хэлтэл “чи үнэхээр өөрөө шараа болно шүү” гээд байхаар нь санаа зовоод хэлээгүй өдийг хүрч байна. Намайг цохиж зодоогүй. Хүчээр авч яваад хувцасыг маань тайлаад хоёулаа нийлж байгаад намайг хүсээгүй байхад надтай бэлгийн харьцаанд ээлжлэн орсон” гэх мэдүүлэг /хх-13-15, 16-18 тал/,
Гэрч Н.*******гийн өгсөн: “******* охин маань надад ярихдаа 2019 оны 11 дүгээр сард ******* миний охин *******ийг гэрээс нь дуудаж гаргаад Түмэн-Од гэх залуугийн гэрт аваачсан. ******* нь Түмэн-Одын хүүхдийг харж байгаа хамт очъё гэж хэлээд аваад явсан. Тухайн үед би охин *******ийг гараад явахад “хурдан ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд гараад явсны дараа араас нь залгах гэхээр утас нэгжгүй, *******ийн хоёр хүүхдийг хараад байж байсан болохоор араас нь гарах ямар ч боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа ******* гэртээ орж ирэхдээ царай нь барайчихсан орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад тодорхой зүйл яриагүй. ...Дараа нь *******ийн нөхөр Даваадорж надтай ирж уулзан *******ийг Түмэн-Од, ******* нар хүчиндсэн талаар хэлсэн. Энэ талаар сонсоод *******ээс чи яагаад байгаа талаар асуухад Түмэн-Од, ******* нарт хүчиндүүлсэн талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч Б.*******ын өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр эгчийн нөхөр Даваадорж над руу залгаж “эгч чинь Түмэн-Од, ******* гэх хоёр хүнд хүчиндүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд өөрийн эгч *******тэй ярилцахад уйлаад юм хэлж чадахгүй байсан. Тэгээд сайн асууж лавласаар байгаад хэсэг хугацааны дараа ******* эгч 2019 оны 11 дүгээр сард хүчиндүүлсэн гэдгээ бид нарт хэлсэн” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,
Гэрч С.*******ийн өгсөн: “Цаг хугацааг нарийн сайн мэдэхгүй байна. Ямартай ч 11 дүгээр сарын сүүл үеэр гэж санаж байна, орой 00 цагийн орчимд Түмэн-Одын гэрийн ойролцоо явж байхад Түмэн-Одын гэрийн гэрэл нь асч унтраад хүн хашгираад ноцолдоод байгаа бололтой болохоор нь цонхон дээр нь дөхөж иртэл Галаа *******ийн хувцсыг тайлчихсан гар энэ тэрийг нь бариад ноцолдоод байсан. Тэгэхээр нь гэрийн хаалгыг тогштол Түмэн-Од “хэн бэ” гэхээр нь би “үүдээ тайл” гэтэл “яах гэж байгаа юм” гэж асуухаар нь би “чамтай уулзмаар байна, үүдээ тайл” гэж хэлэхэд хаалгаа тайлж өгсөн. Тэгээд гэрт ортол Галаа, Сараа хоёр хувцас хунараа өмсөөд сандралдаад байхаар нь “Сараа чамайг ээж энэ тэр чинь хайгаад байна” гэж худлаа хэлээд авч гараад гэрт нь хүргэж өгсөн. Намайг харахад Галаа *******тэй бэлгийн харьцаанд орох гээд хүч хэрэглэж байсан” гэх мэдүүлэг /хх-31-33 тал/,
Гэрч Ц.Даваадоржийн өгсөн: “******* надад хэлэхдээ ******* намайг гэрээс уулзъя гэж авч гараад тэр чигтээ Түмэн-Одын гэр рүү авч явсан. Тэгээд Түмэн-Одын гэрт оруулаад хамаг хувцас энэ тэрийг нь тайлж нуугаад хувцасаа авъя гэтэл өгөхгүй гээд хаалгаа түгжээд байсан гэсэн. Тэгээд Түмэн-Од хөлийг нь бариад ******* хүчиндсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дүү нарт нь мэдэгдсэн. Өөр зүйл Сараа надад яриагүй...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №61 дугаартай: “Магадлуулагч Б.******* нь сэтгэцийн хувьд оюун ухааны хомсдол хөнгөн хэлбэр /IQ55%/-тэй, магадлуулагч Б.******* нь 2019 оны 11 дүгээр сард гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд ds: Оюун ухааны хомсдол хөнгөн хэлбэрийн өвчтэй байсан. Өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /хх-61-62 тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: “ Л.Түмэн-Од нь хэрэг үйлдэгдэх үед болон одоо сэтгэцийн хувьд F70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлээс учирч болох үр дагаврыг ойлгон мэдэх чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Түмэн-Од нь эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд IQ=65% гарсан байна...” гэх дүгнэлт /хх-116-117 тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: “...П.******* нь хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгон мэдэх чадвартай байсан байна. П.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. П.******* нь одоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. П.******* нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. П.******* нь эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд IQ=59% гарсан байна...” гэх дүгнэлт /хх-121-123 тал/,
Шүүгдэгч Л.Түмэн-Одын яллагдагчаар өгсөн: “Тухайн үед би гэртээ охины хамтаар байхад орой *******, ******* нар нь хаалга тогшоод байхаар нь би онгойлгож өгсөн. Тэгээд ******* нээх удаагүй харьлаа гээд гараад явтал араас нь ******* гараад явсан. ...******* нь *******ийн дээр нь мордоод хөдлөөд байсан. П.******* бэлэг эрхтэнээ *******ийн бэлэг эрхтэн рүү хоёр удаа хийсэн. Би нүдээрээ харсан” гэх мэдүүлэг /хх-147-148 тал/,
Шүүгдэгч Л.*******ын яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр би *******ийн гэрт орж *******ийг аваад гарсан. Тэр үед *******ийн гэрт түүний ээж нь байсан. Тэгээд *******ийн хамтаар Түмэн-Одынд очсон. Түмэн-Од охинтойгоо хоёулаа байсан. Тухайн орой *******тэй бэлгийн харьцаанд нэг удаа орсон. ...” гэх мэдүүлэг /хх-139-141 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч энэ хэрэгт шүүгдэгч Л.Түмэн-Одын оролцоо байхгүй, шүүгдэгч П.******* хохирогчтой харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь хохирогч Б.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэм буруутай нь дараах нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:
1. Хохирогч Б.*******ийн мэдүүлэг тогтвортой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрөөгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар эх сурвалжаа тодорхой заасан байна.
2. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж гэрч С.*******ийн “...цаг хугацааг нарийн сайн мэдэхгүй ч ...11 дүгээр сарын сүүл үеэр орой 00 цагийн орчимд Л.Түмэн-Одын гэрийн ойролцоо явж байхад гэрэл нь асч унтраад хүн хашгираад ноцолдоод байгаа бололтой болохоор нь цонхон дээр нь дөхөж иртэл Л.******* *******ийн хувцасыг тайлчихсан ноцолдоод байхад нь хаалгыг тогшиж ороод “Сараа чамайг ээж энэ тэр чинь хайгаад байна” гэж худлаа хэлээд авч гараад гэрт нь хүргэж өгсөн” гэх, гэрч Н.*******гийн “...******* нь Түмэн-Одын хүүхдийг харж байгаа хамт очъё гэж хэлээд аваад явсан. Тухайн үед би охин *******ийг гараад явахад “хурдан ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд гараад явсны дараа араас нь залгах гэхээр утас нэгжгүй, *******ийн хоёр хүүхдийг хараад байж байсан болохоор араас нь гарах ямар ч боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа ******* гэртээ орж ирэхдээ царай нь барайчихсан орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад тодорхой зүйл яриагүй” гэх, мөн гэрч Ц.Даваадоржийн “******* гэрээс уулзъя гэж авч гараад тэр чигтээ Түмэн-Одын гэр рүү авч явж хүчиндсэн” гэж Б.******* надад хэлсэнийг эгч нарт нь хэлсэн” гэх, гэрч Б.*******ын “2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эгчийн нөхөр Даваадорж над руу залгаж “эгч чинь Түмэн-Од, ******* гэх хоёр хүнд хүчиндүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд өөрийн эгч *******тэй ярилцахад уйлаад юм хэлж чадахгүй байсан, ...хэсэг хугацааны дараа ******* эгч 2019 оны 11 дүгээр сард хүчиндүүлсэн гэдгээ бид нарт хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон.
Өөрөөр хэлбэл хохирогчийн тухайн үед П.*******, Л.Түмэн-Од нарын үйлдлийг эсэргүүцэн ноцолдох, орилж хашгирах дуу чимээ гэрийн ойролцоо явж байсан С.*******т сонсогдсон нөхцөл байдал, мөн П.*******, Л.Түмэн-Од нар нь хохирогчийн хувцасыг тайлж нуух, П.*******ыг бэлгийн харьцаанд орох үед Л.Түмэн-Од нь хохирогчийн хөлийг дарж өгсөн, П.*******ын дараа Л.Түмэн-Од бэлгийн харьцаанд орсон гэх хохирогчийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын санаатай нэгдсэн, хүч хэрэглэсэн үйлдэл оролцоо нотлогдсон гэж дүгнэв.
Хэрэгт хохирогч Б.*******, яллагдагч П.******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн: “...*******, Түмэн-Од нар нь намайг гэрээсээ гаргахгүй байсан. ...чи энд хоночих гэж хэлээд хаалгаа цоожилсон. Тэгээд том өрөөнд *******, Түмэн-Од нар нь нийлж байгаад миний өмдийг хүчээр тайлсан. Тэгээд ******* эхлээд миний дээр гарсан. Харин Түмэн-Од нь болохоор миний хөлийг барьж байсан...”, яллагдагч П.*******ын “...би бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ зөвшөөрсний үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Уйлж хашгирсан зүйл байгаа. Тухайн үед Түмэн-Од хөлийг нь барьж байсан” гэх /хх-151-155 тал/, хохирогч Б.*******, яллагдагч Л.Түмэн-Од нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн: “Намайг гэртээ байж байхад ******* орж ирсэн. Гэрээс “юм хэлье” гэж дагуулан авч гарсан. ...Тэгээд би Түмэн-Одын гэрээс гарах гэтэл Түмэн-Од, ******* нар нь нийлж байгаад намайг барьж аваад миний хувцасыг хүчээр тайлсан. Тэгээд миний хувцасыг Түмэн-Од нь хувцасны шкафандаа нуусан. Тэгээд хөлийг маань ******* барьж байсан. Миний дээр Түмэн-Од гарсан. ...дараа нь ******* миний дээр ээлжлэн гарч ирээд мөн бэлгийн харьцаанд хүчээр орсон...” гэх, яллагдагч Л.Түмэн-Одын өгсөн: “...тухайн үед бэлгийн харьцаанд ******* болон ******* нар нь хөнжил дотор орж байсан. ...хаалга тогшоод байхаар нь би хаалгаа онгойлгож өгтөл ******* байсан” гэх мэдүүлгүүд /хх-158-162 тал/ тус тус авагдсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөрдөгчийн санаачлагаар яллагдагч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсаныг шүүх үнэлээгүй болно.
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарын хохирогч Б.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйлдэл, хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
“Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогчид “чи цагдаад хандвал өөрөө шараа болно” гэж сэтгэл зүйн дайралт хийж түүнд нөлөөлсөн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гаргах болон гэмт хэргийг илрүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд хугацаа алдах шалтгаан болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг 2019 оны 11 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт Б.*******ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Б.*******ийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, сэтгэл санааны хохирол учруулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэл, санаанд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нарыг шийтгэх тогтоолд төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ял шийтгэл нь хүндэрсэн байна.
Иймээс шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарын үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох нь хууль ёсны зарчимд нийцэж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтээр шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь сэтгэцийн хувьд F70% оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй хэдий ч хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлээс учирч болох үр дагаврыг ойлгон мэдэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай нь тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад тэдгээрийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 171-193 дугаар талд авагдсан шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь 3 дүүгийн хамт .................... багт оршин суух, шүүгдэгч Л.Түмэн-Од нь жаран хувийн хөдөлмөр чадвар алдалттай эхнэр, оюун ухааны хомсдол хүндэвтэр хэлбэртэй охины хамтаар ................................. тус тус амьдралын баталгаажих түвшингээс доогуур нэн ядуу амьдралтай амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга тайж овогт Пүрэвсүрэнгийн *******, Анчин овогт Лхагвасүрэнгийн Түмэн-Од нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч П.*******, Л.Түмэн-Од нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Э.ЭНЭРЭЛ