| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.*******ид холбогдох эрүүгийн 2115000000125 дугаартай, 163/2021/0129/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Алтанцэцэгийн ******* /РД: ЙЗ91070413/, 1991 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн “Үхэрчин булаг” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.*******ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан яллах талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч А.*******ийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Цахир” гэх газарт отроор явж байгаад адуун сүрэгт нь нийлсэн хоёр тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Төв аймгийн Эрдэнэсант сум руу өөрийн адуун сүргийн хамт тууж алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
Эрүүгийн 2115000000125 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Цахир” гэх газарт отроор явж байгаад иргэн Ө.*******ы эзэмшлийн 2 тооны адууг адуун сүрэгт нь нийлснийг Төв аймгийн Эрдэнэсант сум руу өөрийн адуун сүргийн хамт тууж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2046154 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ө.*******ы өгсөн: “Би Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Цахир” гэх газарт булгийн ойролцоогоос 2020 оны 4 дүгээр сарын 29-ний үед хоёр тооны үрээгээ алдсан. Тэгээд тухайн үедээ би болон манай хүүхдүүд хайгаад адуугаа олоогүй. Тэгээд би хүү *******ын хамт адуугаа хайж явсаар байгаад 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгаас ******* гэсэн байх “Пүүжээ” гэж дууддаг айлын адуунаас 1 адуугаа олж авсан. Тэгээд Пүүжээ гэх залуугаас учрыг нь асуухад “хязаалан хар үрээ, цавьдар үрээ хоёр манай адуунаас салахгүй байхаар нь би Дашинчилэн сумын “Цахир” гэх газраас туугаад Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу явж байхад цавьдар үрээ нь замдаа явахгүй хоцорсон. Тэгэхээр нь хар хүрэн үрээг нь туугаад ирсэн. Одоо миний адуунд байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед намайг уулзахад “би буруу зүйл хийсэн байна, таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлж байсан. Тухайн үед тэр Пүүжээ гэх залууг ярьж байхыг манай хүү ******* гар утсан дээрээ бичлэг хийгээд авсан байсан. Пүүжээ гэх залуу 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манай гэрийн гадна 05-75 ӨВО гэсэн цэнхэр өнгийн портер машинтай нэг хүний хамт манайд ирээд миний хар хүрэн үрээг ачаад авчирч өгсөн. Харин цавьдар үрээний үнэ болох 2.500.000 төгрөгийг өгнө гэж хэлээд манай хүргэн Ч.*******ын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй холбогдохгүй одоог хүртэл алга болсон юм. Би адуугаа алга болохын урд өдөр очиж үзэхэд миний алга болсон хар хүрэн, цавьдар үрээнүүд адууныхаа ойролцоо бэлчээртээ байсан. Манайх адуун дээрээ өдөр болгон очдог юм. Хамгийн сүүлд Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн Цахир гэх газар булгийн ойролцоо байсан” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/, ...“Би гомдолгүй, яллагдагч А.*******оос нэг тооны адууг зүсээр нь авсан. Харин нөгөө адууны мөнгийг эхлээд 500000 төгрөгийг дансаар авсан. Өнөөдөр болохоор үлдэгдэл 600000 төгрөгийг авсан учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16 тал/,
Гэрч М.*******ын өгсөн: “Манайх Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Цахир” гэх газарт булгийн ойролцоогоос 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай аавын адуунаас хоёр тооны үрээ алга болсон юм. Ингээд аав бид хоёр тав хоног хайгаад 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгаас Пүүжээ гэх айлын адуунаас нэг үрээгээ олсон. Нөгөө үрээг нь тэр Пүүжээ гэх хүн туугаад явж байхад замдаа явахгүй байхаар нь үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд үлдээсэн адууныхаа хохирлыг барагдуулна. Өөр адуу өгье гэж аав бид хоёрт хэлсэн. Тэгэхээр нь манай аав мөнгийг нь авна гэсэн чинь 500000 төгрөг өгсөн. Бас 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Пүүжээ гэх залуу миний хар хүрэн үрээг өөрөө 05-75 ӨВО гэсэн цэнхэр өнгийн портер машинтай нэг эрэгтэй хүний хамт манайд авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч Ч.*******ын өгсөн: “Манай хадам ах *******ых 2020 он 4 дүгээр сарын 29-ний үед цавьдар үрээ, хар хүрэн үрээгээ хайгаад олохгүй байна гээд хамт хайсан юм. Тухайн үед манайх хадам ахын хамт хоёр гэрээрээ хаваржиж байсан. Тэгээд ******* ах хоёр үрээгээ хайгаад олохгүй байна гээд хэд хоносон юм. Дараа нь ******* ах, хүү *******ынхоо хамт хайж яваад “Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутгаас Пүүжээ гэх залуугийн адуунаас хар хүрэн үрээгээ оллоо, цавьдар үрээ нь байхгүй байна. Тэр Пүүжээ гэх залуу 10 хоногийн дараа хоёр үрээг авчирч өгнө гэж хэлсэн” гэж ******* ах надад ярьсан. Тэрнээс хойш 10 хоногийн дараа ******* ахын яриад байсан Пүүжээ гэх залуу цэнхэр өнгийн портер машин дээр хар хүрэн үрээг ачиж нэг эрэгтэй хүний хамт ирсэн. Ингээд хар хүрэн үрээг авчирч өгсөн. Тэгэхээр нь ******* ах “нөгөө үрээг нь яасан бэ” гэж хэлсэн чинь Пүүжээ гэх залуу “би олж өгнө олж чадахгүй бол 2.500.000 төгрөгийг төлнө” гэсэн. Тэгээд тухайн үедээ миний хаан банкны 5748105565 гэсэн дансыг аваад явсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа миний данс руу ******* гэсэн хүнээс 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,
Гэрч Л.Соёл-Эрдэнийн өгсөн: “Манай хүү ******* 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр адуундаа явж ирээд цавьдар үрээ, хар хүрэн үрээ хоёр байхгүй байна гэсэн. Ингээд манай нөхөр *******, хүү *******, хадам дүү ******* нар хэд хоног хайгаад олоогүй. Манайхаас баруун урагшаа оторлож байсан Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын айл нүүхдээ манай адууг аваад явсан байж болзошгүй гээд араас нь адуугаа хайхаар 2020 оны 5 дугаар сарын эхээр яваад ...Пүүжээ гэх айлаас нэг үрээгээ олсон. Нэг нь байхгүй болчихсон байна. Тэгээд тэр залуу хэд хоногийн дараа манай хоёр үрээг авчирч өгнө гэж байна гэж хэлсэн. 10 хоногийн дараа манай гэрт шөнө 00 цагийн орчим Пүүжээ гэх залуу нэг хүний хамт Портер машинтай ирээд манай хар хүрэн үрээг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Гэрч С.Цэрэндоржийн өгсөн: “Намайг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэртээ байхад А.******* ирээд “нэг адуу ачаад Төв аймгийн Эрдэнэсант сум руу явъя” гэж гуйхаар нь “би тэгье” гэж хэлсэн. Бид хоёр 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үед байх Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн “Зогсоолт” гэх газраас *******ийн адуунаас 1 тооны хар зүсмийн шүдлэн настай байх үрээг 05-75 ӨВО улсын дугаартай *******ийн машинд ачсан. ...Би замдаа *******оос “юун адуу юм бэ” гэж асуусан чинь манай адуунд хоёр адуу дагаж явсаар нэг нь замдаа үхсэн. Нөгөө нь миний адуунд байсан гэсэн зүйл ярьсан, ...бид хоёр шөнө 23 цаг өнгөрч байхад тэр айлдаа очоод ачиж явсан адуугаа буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №21/312 дугаартай: “Цавьдар зээрд үрээ, хар хүрэн үрээ, нийт 2 тооны адуу 2.046.154 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хх-45-50 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.*******ийн өгсөн: “Манайх тухайн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд отроор мал маллан явж байсан юм. Тэгтэл хээр, цавьдар зүсмийн шүдлэн үрээнүүд манай адуунд өөрсдөө гүйж ирсэн. Тухайн үед би хөөж туусан боловч манай адуунаас салахгүй дагаад байсан юм. Тэгээд 3-4 хоногийн дараа цавьдар зүсмийн үрээ нь Бадын гол гэх газар үхчихсэн. Учир нь тухайн адуу ядарсан, туранхай адуу байсан юм. Тэгээд хэд билээ, “би тоо сайн мэдэхгүй” болохоор хэлж мэдэхгүй байна. Адууны эзэн гээд 2 хүн намайг бэлчээр дээр байхад уулзаж ярилцаад “манай адуу энэ байна” гээд манай адуунд нийлсэн хээр зүсмийн үрээг зааж байсан. “Энэ адуутай хамт байсан цавьдар зүсмийн адуу хаана байна” гэж надаас асуухаар нь “би үхчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараагаас нөгөө хээр үрээг нь *******ахын хамтаар адууны эзэн гэх хүнд аваачиж өгсөн юм. Тэгээд надаас нөгөө цавьдар үрээг нэхээд байхаар нь 500000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/, хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан ярианы бичлэг бүхий “CD” зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч хохирогч Ө.*******, гэрч М.*******, Ч.*******, Л.*******, С.*******нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.*******ийн үйлдэл идэвхтэй, малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр малтайгаа хамт туусан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч А.******* нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг завшиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******ийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Цахир” гэх газарт иргэн Ө.*******ы эзэмшлийн 2 тооны адуу буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2046154 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.*******д хоёр тооны адуу буюу 2046154 төгрөгийн шууд хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэг тооны адууг биет байдлаар буцаан өгч, нөгөө адууны үнийг мөнгөн хэлбэрээр хохирогчид төлж барагдуулсан болох нь хохирогч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-16 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-79 тал/ зэргээр нотлогдож байна байна.
Мөн хохирогч Ө.*******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ойлголоо, шүүгдэгч А.******* надад хохирлыг маань бүрэн төлж барагдуулсан учир шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд А.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцох зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.*******ийг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 65-68 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн “Үхэрчин булаг” гэх газарт мал маллан амьдардаг, тусгайлсан эд хөрөнгөгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4/56 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.*******ид холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД