Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 89

 

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан сумын 3-р баг “Их булаг” гэх газар оршин суух, СЩ57041311 регистрийн дугаартай Мэнд овогт Дамдины Ганхуягийн “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Д.Ганхуяг нар оролцов.

     Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Хүсэлт гаргагч Д.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадад 1991 оны 03 сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн захиргаанаас 1978 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр тамгатай, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр тамга дараагүй байсан. Би 60 нас хүрсэн боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн даргын 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 48 тоот “03 сарын 12-ны өдрөөс малчны ажилд томилох” тухай тушаал, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 15-ны өдрийн 125 тоот “хөрөнгийн тооллогын комисс батлах” тухай тушаал, тушаалын хавсралт, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн “1978-1986 оны цалингийн тодорхойлолт”, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн  “1991 оны цалингийн тодорхойлолт” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөр нотлох баримт Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй байгаа. Иймд эдгээр нотлох баримтыг үндэслэн намайг Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадад 1991 оны 03 сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.            

          Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч Д.Ганхуяг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадад 1991 оны 03 сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар   ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ганхуяг нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Ганхуягийг Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдөр ажилд томилсон, 1986 оны 04 сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадаас 1991 оны 12 сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй, олдохгүй болсон, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хүсэлт гаргагч Д.Ганхуяг нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

-Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн захиргаанаас Д.Ганхуягийн нэр дээр 1978 оны 10 сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн захиргаанаас Д.Ганхуягийн нэр дээр 1981 оны 05 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 15-ны өдрийн 125 тоот “жилийн эцсийн хөрөнгийг тооллогын комисс батлах” тухай тушаал, тушаалын хавсралт,

- Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн даргын 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 48 тоот “Д.Ганхуягийг 03-р сарын 12-ны өдрөөс 3-р бригадад малчнаар ажиллуулсугай” гэх тушаал,

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн “1978-1986 оны цалингийн тодорхойлолт”, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн  “1991 оны цалингийн тодорхойлолт”

-Гэрч Г.Хишигдэлэгийн “Д.Ганхуяг нь цэргээс ирээд 1978 оноос 1986 он хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд үхэр маллаж байсан. Би уг нэгдэлд 1979 оноос 1991 он хүртэл Мөрөн сумын ерөнхий зоо техникчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Баатарсүхийн “Д.Ганхуяг нь 1978 оноос 1986 оны хавар хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлд мал маллаж байсан. Би уг нэгдэлд 1979 оноос 1987 он хүртэл жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.Санжидын “Д.Ганхуяг нь 1990 оны 11 сарын эхээр Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд хонь маллаж байсан. Д.Ганхуяг нь 1993 оны 08 сар хүртэл мал маллаж байсан. Би уг нэгдэлд 1966 оноос 1994 он хүртэл мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Пүрэвсүрэнгийн “Д.Ганхуяг нь 1991 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би уг нэгдэлд 1979 оноос 1993 он хүртэл мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

-Хүсэлт гаргагч Д.Ганхуягийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 Хүсэлт гаргагч Д.Ганхуягийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 Хүсэлт гаргагч Д.Ганхуяг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадад 1991 оны 03 сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Д.Ганхуягийн “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СЩ57041311 регистрийн дугаартай Мэнд овогт Дамдины Ганхуягийг Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдлийн 3-р бригадад 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3-р бригадад 1991 оны 03 сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.     

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     М.ЭНХМАНДАХ