| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ч |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Б /зүүмээр/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Э.Д,
Нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Д-д холбогдох эрүүгийн 2124000370037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны ............ дугаар сарын .............-нд ......... аймгийн ...............суманд төрсөн, ............. настай, ...........й, .................. боловсролтой,*******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 2, өвөөгийнхөө хамт ....... аймгийн ............... сумын ................. багт оршин суух, 00000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт Э-ийн Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн дээд шүдний 2-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед О ах Тэлмэн суманд очиж хүнтэй адууны наймаа хийнэ гэхээр нь би хамт явсан. Тэлмэн суманд ирээд Б гэх хүнтэй уулзаад морь малыг нь үзчихээд Б гэх хүний гэрт нь очсон. Тэгээд тэднийд хоол цай идээд байж байтал 1 ширхэг 0,5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи задлахаар нь О ах, Б ах, Д, Х бид хэд хувааж авсан. Тэгээд бид хэд Тэлмэн сумын хойд талд гарч зогсоод 1 пиво задлаад тэд нар ууж байсан чинь Д манай хадам аав Н-ийг “...Би Н-ийг морь мал уяж байхыг мэдэхгүй юм байна, угаасаа сонсоо ч үгүй юм байна” гэж ярихаар нь би Д-д хандаж “чи өөрийг нь биш юмаа гэхэд насыг нь хүндлээч, хөгшин хүн ш дээ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлж байтал Д хажуу талаас баруун гараараа миний толгойны ар хэсэг рүү хүчтэй цохихоор нь би “чи яаж байнаа” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй боож унагаасан. Намайг боох үед би түр зуур ухаан алдсан байсан. Тэгээд сэргээд босож иртэл Л ах Д-г надаас салгаад “чи наад хүнээ аллаа ш дээ боль чи” гээд загнаж байсан. Тэгээд би шүлсээ хаясан чинь амнаас цус гарахаар нь хартал дээд талын үүдэн шүд унасан, үүдний шүднүүд хөдөлсөн, уруул язраад хавдсан, зүүн талын хацар хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас,
Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., Тэр хоёр тухайн үед хоорондоо ярилцаад явж байгаад машины араар орсноо пид пад гээд дуугарахаар нь Д. Л ах бид хоёр гүйгээд очтол Б.Д-г Д цохиж унагаад боогоод дээр нь гараад дарчихсан байхаар нь Д-г салгасан. Тухайн үед Д Д руу дайраад байсан. Тэр зодооны дараа Д-ийн амнаас цус гарчихсан байхаар нь би юм бодоогүй гайгүй байх гэж бодоод сум руу Х, Д хоёртой хөдөлсөн. Замдаа Д-с яасан зүгээр үү гэж асуусан чинь нэг шүд уначихсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Д хүн амьтантай муудалцаж зодуулсан шинжтэй байхаар нь Д-с “чи юу болоод хүн амьтантай зодоон хийчихсэн юм” гэж асуусан чинь Д “Би Д гэх залууд зодуулчихлаа, шүд хугарсан байна” гэж хэлэхээр нь харсан чинь шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед О, Д, Н хүргэн Д бид 4 тойроод юм уугаад сууж байсан чинь Д, Д хоёр маргалдаж байсан, нэг харсан чинь Д Д-ийн нүүр хэсэг рүү цохих шиг болохоор нь О бид хоёр салгаад тэндээсээ тараад явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн: “...1.Б.Д-ийн биед гэмтэл учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүд дээд 2-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Хохирогчийн биедд гэмтэл учирснаас хойш хэдий хугацаа өнгөрсөн болохыг нарийн тогтоох боломжгүй. Тухайн хэрэг гарах үед үүссэн байх боломжтой байна. 4 Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-ын 52 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Дүн бүртгэгч В.Ц-ын 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тодорхойлолт, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тодорхойлолт, эмийн жор зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн: “...Х овогт Э-ийн Д-н нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй гэсэн...” гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн: “...Х овогт Э-ийн Д нь гэрлэлт бүртгэлгүй байна ...” гэсэн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай: “...Тус багийн иргэн 0000000000 тоот регистрийн дугаартай Э овогтой Д нь тус багт байнга оршин суудаг бөгөөд 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор өөрийн нэр дээр мал тоолуулаагүй нь үнэн болно...” гэсэн багийн засаг даргын тодорхойлолт, Э.Д-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Төрийн банк, Хас банк, Хаан банкны тодорхойлолтууд, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед гэртээ байхад О гэх хүн намайг утсаар дуудаад Б ахынд хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад тухайн айлд очсон. Тухайн айлд орох үед гэрт О, Д, Х нар байсан. Тэр хэд архи ууж байсан бөгөөд архиа дуусаад нэг пиво задлаад тухайн пивыг нь хамт уугаад дуусгасан юм. Тэр үед О ах Л ахынд очно гээд тэндээс би О, Б, Х ах нартай хамт гараад О ахын машинаар явсан. Тэгээд Л ахын ороод гэрт нь авчирч ирсэн пивоо ууж дуусгаад Тэлмэн сумын төвийн ард О, Х, Д, Л нартай хамт сууж байтал Д, О нар над руу үг хаяаад байхаар нь би Д-г өөрийнхөө зүүн гараараа эрүү хэсэг рүү нь цохисон юм. Тэгээд би болиод Тэлмэн сум руу алхаад явж байтал араас нөгөө хэд ирээд машиндаа суулгаад Тэлмэн суманд орж ирээд намайг морин дээр аваачиж өгсөн. Тэр үед нь О ах намайг Д-с уучлалт гуй гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлээд мориндоо мордоод явсан юм. Би Д гэх хүнтэй хадам ааваас нь болж маргалдаж муудалцаад тухайн асуудал үүссэн юм. Би хохирогчид 600,000 төгрөг бэлнээр өгч, 100,000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж, нийт 700,000 төгрөг хохирол төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Э.Д нь Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогчид хэрэгт авагдсан нотлох баримтаар 706,834 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч Э.Д нь төлж барагдуулсан, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... хохирогчийн өмгөөлөгч Г.Б “... өнөөдрийн байдлаар учирсан хохирлыг шүүгдэгч нь хохирогчид бүрэн төлж барагдуулсан, хохирол төлөгдсөн байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, харин нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч цаашид эмчлүүлэх зардалд 6.500.000 төгргийг хохирогч шүүгдэгчид өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа түүнийг шийтгэх тогтоолд дурдуулах хүсэлтэй байна...”
шүүгдэгч Э.Д-ийн “... би хохирогчид 600.000 төгрөг бэлнээр, 100.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.
Харин Б.Д, Э.Д нарын “...Нэг талаас хохирогч Б.Д, нөгөө талаас шүүгдэгч Э.Д нар нь гэм хорын хохирол болох 6,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулах талаар дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Э.Д нь сар бүрийн 5-нд 541,666 төгрөгийг 12 сарын хугацаанд нийт 6,500,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээж байна. Төлбөрийг бэлэн бус байдлаар малаар тооцож болно гэж талууд тохиролцов...” гэж бичиж, гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээ ирүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн зэрэг байдлыг харгалзан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэв.
Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сард үйлдсэн тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
Мөн хуулийн4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд яллагдагч нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, мөн хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь яллагдагч, хохирогчийн тайлбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Иймд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4-р зүйлд уг хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан тул Э.Дашцэрэнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт Э-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Э-ийн Д-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Э-ийн Д-д оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.Д-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 706,834 /долоо зуун зургаан мянга найман зуун гучин дөрөв/ төгрөг төлсөн, шүүгдэгч нь хохирогчид энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй, Э.Д нь Б.Д-д 6,500,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.О