Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч Ч.Ё,

Нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ч-ийн  Ё-д холбогдох эрүүгийн 2124000240030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1...... оны ........... дугаар сарын ..............д ...............н аймгийн ....... суманд төрсөн, .............. настай, .............., ............ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ............ аймгийн ......... сумын ................... багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 0000000000 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б овогт Ч-ийн  Ё..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ё нь 2021 оны 3 дугаар сарын 05-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Эрэгцэгийн тарвагат гэх Тарвагатайн нурууны байгалын цогцолбор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 2,542 метр куб шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж, ойн санд 771,697 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдснээр/

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ё нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Эрэгцэгийн тарвагат гэх Тарвагатайн нурууны байгалын цогцолбор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт заасан төрөл зориулалтыг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр 2,542 метр куб шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж, ойн санд 771,697 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ж.Жигмэддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ч.Ё  ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болон Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/,

Гэрч Ж.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нам цагаан Ганга цагаан гэх газрууд хоорондоо 2-3 км, Ганга цагаанаас Яндагийн нүүр хүртэл 2 орчим км, Яндагийн нүүрээс Эргэцэг хүртэл 3 гаран км, түүнээс Тарвагат хүртэл 2 орчим км зайтай байдаг юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч Ч.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2021.03.04-ний орой 19:00 цагийн үед Ч.Ё гэдэг залуу миний утас руу залгаад маргааш өглөө эрт Рашаант баг руу галын  модонд явах гэсэн юм чамд хөлсийг чинь өгье яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би тэр үед Ч.Ё-д зөвшөөрөөд модонд нь явж өгөхөөр болсон юм. Тэгсэн 2021.03.05-ны өглөө 7 цаг өнгөрч байхад Ч.Ё ах Зил-131 маркийн машинтай манай гудамжны үзүүрт ирж зогсоод би гэрээсээ гарч машинд нь суугаад хөдөө модонд явсан. Намайг тэр өглөө анх машинд суухад кабин дотор Т, Э нар байсан мөн нэрийг нь мэдэхгүй 1 хүн суусан байсан. Тэр өглөө би машинд суугаад бид нар сумын төвөөс гарч шууд Рашаант баг руу явсан. Тэгээд 12 цагийн үед мод хийх газраа очоод машиныхаа чиргүүлийг мод бэлтгэсэн уулын бэл хэсэгт голын захад орхиод машинаараа дээш өгсөж мод хийх газраа очиж тэнд хоол хийх идээд модоо бэлтгэж эхэлсэн. Тухайн газраа 30 гаран тооны босоо модыг огтолж тайрч унагасан мөн 10 орчим унаанги  мод зэргээс 3 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. Тухайн газар бэлтгэсэн 100 орчим шургааг моднуудаа 16 цаг өнгөрч байхад машиныхаа тэвшин дээр ачаад уулнаас буугаад голын захад чиргүүл дээрээ шилжүүлж ачиж байтал цагдаагийн маяактай пургон машинтай хүмүүс бид нар дээр хүрээд ирсэн юм. Тэгээд Ё ах гоожингоо гаргаж ирээд шалгуулсан. Тэгсэн тэр цагдаа бид нарын мод бэлтгэсэн газарт очиж үзнэ гээд Зил-131 машинд суугаад мод бэлтгэсэн газарт очиж хэмжилт хийж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/,

Гэрч Т.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах Ч.Ё 2021.03.04-ний орой 20:00 цагийн үед надтай уулзаад ах нь маргааш өглөө хөдөө модонд явах гэсэн юм чи хамт явалцаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би хамт явахаар болж зөвшөөрөөд өөрийн ах Ч.Ё-ийн  хамт 2021.03.05-ны өдөр Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинаар Рашаант баг руу модонд явсан юм. Тэгээд Рашаант багт би нэрийг нь мэдэхгүй нэг модтой газарт очоод тэндээс 3 метрийн урттай шургааг моднуудыг бэлтгэсэн. Тухайн өдөр мод бэлтгэхэд Тулгаа ах хөрөөгөөр моднуудыг унагаад би Тулгаа ахад туслаад 3 метрийн уртаар тайрах хэмжээ нь тавьж өгч байсан юм. Бид нарыг тухайн өдөр ойгоос мод бэлтгэж байхад цагдаа нар хүрч ирээд хэмжилт хийгээд явсан юм. Би өөрийн ах Ё модонд яваад өгөөч гэж гуйхаар нь тус болох гэж хамт явсан. Тухайн моднуудыг хаашаа юунд ашиглах гэж байсныг би мэдээгүй модны эзэн манай ах Ч.Ё мэдэж байгаа. Миний хувьд гоожин эрхийн бичиг байсан эсэхийг бас сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/,

Гэрч Х.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2021.03.04-ний өдөр Ч.Ё-ийн  хадам аав Б-ны хөрөө рамны хашаанд зах банз тайрч байхад Ё надтай уулзаад маргааш өглөө Рашаант баг руу модонд явах гэсэн юм та явалцаад өгөөч 50,000 төгрөг өгье гэж надаас гуйсан юм. Тэгээд бид модонд нь хамт явж өгөхөөр болж зөвшөөрөөд 2021.03.05-ний өглөө эрт 07:00 цаг өнгөрч байхад Ч.Ё, Т, Э, Э нарын хамт Зил-131 маркийн улсын дугаарыг мэдэхгүй автомашинаар хөдөө Рашаант баг руу модонд явсан юм. Тэгээд 2 цаг гаран яваад мод хийх газраа очоод тэнд бид нар хоол хийж идээд ойгоос модоо бэлтгэсэн юм. Тэгээд тухайн газарт бэлтгэсэн моднуудаа Зил-131 маркийн автомашины тэвшин дээр дүүрэн шургааг модыг ачаад уулнаас буугаад голын захад орхисон байсан. Чиргүүл дээр Ч.Ё, Э бид гурав нөгөө шургаагыг чиргүүлтэй автомашинд шилжүүлээд ачиж байтал бид нар дээр цагдаагийн пургон маркийн автомашинтай цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд Ч.Ё гоожингоо гаргаж ирээд шалгуулсан, тэгсэн тэр цагдаа бид нарын мод бэлтгэсэн газарт очиж үзнэ гээд Зил-131 машинд суугаад мод бэлтгэсэн газарт очиж үзлэг, хэмжилт хийж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-р хуудас/,

 Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ё нь 2021.03.04-ний өдөр надаас №20.003074 дугаартай түлээний 14 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг  бичүүлж авч байсан. Тухайн иргэнд дээрх эрхийн бичгийг олгохдоо хаанаас мод хийж бэлтгэх талаар хамгийн эхэнд асуухад Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газраас галын түлээний мод бэлтгэнэ гэж өөрөө надад хэлсэн. Би тухайн үед Ч.Ё-д заагдсан газраас мод бэлтгэж, тээвэрлэх, мөн ойгоос гишүү, мөчир, хожуулыг бэлтгэхэд үнэгүй болсон талаар сайтар тайлбарлан өгч мэдээлэл өгсний үндсэн дээр тухайн эрхийн бичгийг олгож байсан юм. Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа 2011 оны стандартад түлээний модны ангилалд 2,20 метрээс дотогш урттай хэрэглээний модны шаардлага хангахгүй, яр, цуурхай ихтэй, тахир моднууд түлээний модонд хамаарна. Харин 2,20 метрээс дээш урттай болоод ирэхээр хэрэглээний модны ангилалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44-р хуудас/,

Шинжээч Б.Д-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух хаягтай Ч.Ё нь Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Эргэцэгийн Тарвагат гэх газраас ойгоос хэрэглээний 3 метрийн урттай хуурай, шинэс төрлийн 200 ширхэг шургааг модыг бэлтгэсэн байсан юм. Тухайн 200 ширхэг шургааг модонд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон юм. Иргэн Ч.Ё-ийн  ойгоос мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан. Тухайн мужлалд 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ, хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-р үржин бодож 1 м3 модны үнэлгээг 303,579 төгрөг болсон юм. Харин Ч.Ё-ийн  ойгоос бэлтгэсэн шургааг моднууд 2,542м3 болсон юм. Ойгоос бэлтгэсэн 2,542м3 модыг 303,579 төгрөгөөр үржин бодоход тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ 771,697.82 төгрөг болж байсан юм. Хэргийн газрын үзлэгээр JPS төхөөрөмжөөр шалгаж тогтоосон цэгүүдээр мод бэлтгэсэн газрыг тогтоох боломжтой байдаг учир иргэн Ч.Ё-ийн  мод бэлтгэсэн газрыг үзлэгээр шалгаж тогтоосон цэгүүдээр шалгахад тухайн мод бэлтгэсэн газар нь ойн нэгдүгээр мужлал буюу тарвагатай нурууны байгалийн цогцолборт газарт хамаарч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-63-р хуудас/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11ий өдрийн 07 дугаартай “...Ч.Ё-ийн   ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний жижиг мод байна. Уг моднууд нь 2,542м3 хэрэглээний хуурай нарийн шургааг мод байна. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон JPS төхөөрөмжөөр шалгаж тогтоосон цэгүүдээр мод бэлтгэсэн газрын нэрийг тогтоох боломжтой. Иргэн Ч.Ё-ийн  мод бэлтгэсэн газар Рашаант багийн Зүүн эх Эрэгцэгийн тарвагат гэх газар байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Рашаант багийн нутаг Эрэгцэгийн тарвагат гэх газар нь ойн сангийн 1-р мужлал ТНБЦГ-т хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Ч.Ё-ийн ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ:

БОАЖ сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-р үржин бодож 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг 303,579 төгрөг, бэлтгэсэн 2,542м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 771,697.82 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б-ийн  2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай: “...Иргэн Ч.Ё-ийн хууль бусаар бэлтгэсэн 2,542м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-Эдийн засгийн үнэлгээ болох 2,542м3 =771,697 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 771,697х3=2,315,091 төгрөгийг нөхөн төлүүлэх. Актаар тогтоосон төлбөр болох 2,315,091 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн дотор бүрэн барагдуулахыг иргэн Ч.Ё-д  сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,

Мод бэлтгэх эрхийн 20-003074 дугаартай бичиг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

 Гэрч С.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ё  нь тамхи татдаг, архи хэрэглэдэггүй. Бид нар хөрөө рамны модонд хамт явж байхад хүний үгнээс гардаггүй, дуулгавартай л залуу байдаг юм. Ер нь ажиглаад байхад даалгасан ажлыг сайн хийдэг. Гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, найз нөхөд гэх залуучуудтайгаа эвсэг харьцдаг, найз нөхөд, ах дүү төрөл төрөгсөддөө нэр хүнтэй, баг олон нийтийн ажил хөдөлмөрт идэвхтэй оролцоод явдаг байдал ажиглагддаг. Хувийн амьдралынх нь тухайн гэвэл эхнэр 3 хүүхэдтэй амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүлийн өрхийн тэргүүн байгаа юм...”гэх /хх-ийн 98-р хуудас/,

Гэрч Ц.Ц-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Ё нь хувийн зан байдлын тухайд гэвэл төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, хүнд тусархуу зан байдалтай, тамхи хэрэглэдэг, архи хэрэглэдэггүй. Надтай харьцахдаа зөв боловсон эелдэг, соёлтой харьцаатай байдаг болохоор би уг хүнийг сайн зан чанартай хүн юм болов уу гэж боддог. Гэр бүлийн хүн болох эхнэртэйгээ их л гоё харьцаж байгаа харагддаг...” гэсэн /хх-ийн 99-р хуудас/,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 323 дугаартай: “...Иргэн Ч-н  Ё /00000000000/-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн г0905000263 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг Цэнгэл 1 гудамж 208 тоот, Г0905001269 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Наран 4 гудамж 419 тоот ү0905000661 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг 3 гудамж 30/2 тоот тус тус байрлах газар, үл хөдлөх эр хөрөнгө бүртгэлтэй байна...” гэсэн албан бичиг,

Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн “... Б овогт Ч-н  Ё нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 07/21 дугаартай “...Ч Ё /0000000000/ ам бүл 5 тус багийн үндсэн иргэн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Б овогт Ч-ийн  Ё, И овогт Б-ны  И нар нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэрлэсний 8140000017 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэсэн гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, бусад тодорхойлолтын хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ё нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 8 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний ганга цагаан гэх газрын ойгоос галын түлээний мод бэлтгэхээр Зил-131 маркийн 45-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, хөлсөөр ажиллуулахаар 3 хүний хамт явсан. Тэгээд Рашаант багийн нутаг Зүүн эх гэх газрын ойд хүрч очин, уг газрын ойн босоо болон унаанги моднуудаас 200 ширхэг бөөрөнхий шургаанги моднууд бэлтгэсэн. Уг бэлтгэсэн моднуудаа уулын оройгоос бэл хэсэг рүү нь машинаараа зөөвөрлөн модны захад цагаалж байсан. Энэ үеэр Тосонцэнгэл сумын төвөөс экологийн цагдаа гэх цагдаагийн алба хаагч, бас нэг цагдаагийн хамт бид нар дээр машинтай хүрч ирсэн. Намайг мод бэлтгэх эрхийн гэрчилгээгээ шалгуулна уу гээд би гэрчилгээгээ шалгуулсан. Тэгтэл тухайн цагдаа маргааш өглөө надтай очиж уулзаарай гэж хэлээд гоожинг аваад явсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би буруутай үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Хохирол төлж барагдуулсан ...” /хх-ийн 85-87-р хуудас/, гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохролоо шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ж.Ж-ийни “...Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирлоо барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” , “...2021 оны 6 дугаар сарын 28...”-ны өдрийн төрийн сангийн 100090455405 дугаартай дансанд 2,315,091 төгрөгийг Ч.Ё-с  төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...” , зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ё-д  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тэдний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 45-92 БӨА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашины үнэ болох 1.000.000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгч Ёндонсамбуугийн өмчлөлийн цагаан өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 200 ширхэг хэрэглээний модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмчлөлийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн   нутаг дэвсгэр Наран хорооллын 4-419 тоотод байрлах хашааг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын  Ё-г  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ч.Ё-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зил 131 маркийн 45-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөг, 200 ширхэг хэрэглээний мод, цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, Зил 131 маркийн 45-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

4. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүгдэгч Ч.Ё-ийн өмчлөлийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр Наран хорооллын 4-419 тоотод байрлах хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Ч.Ё нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ё-дт нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.О