| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0131/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,
Шүүгдэгч Ц.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Батхуягт холбогдох эрүүгийн эрүүгийн 2115000000139 дугаартай, 163/2021/0131/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хавиргагүй овогт Цэрэндоржийн Батхуяг /РД: /, 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ............. суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ............. сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батхуяг өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Ц.Батхуягийг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “.............” гэх газарт Ц.Жавхлантөгсийн эзэмшлийн .............улсын дугаартай “.............” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхуягийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2115000000139 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Батхуяг нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “.............” гэх газарт Ц.Жавхлантөгстэй өвөлжөөний газрын эзэмшилтэй холбоотойгоор үүссэн маргааны явцад гарч Ц.Жавхлантөгсийн эзэмшлийн .............улсын дугаартай “.............” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан 620000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд .............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн 11-10 улсын дугаартай, 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдэж Монгол улсад 2012 онд орж ирсэн, Прадо 120 загварын суудлын тээврийн хэрэгсэл байна. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд талын цонх нилэнхүйдээ, хойд талын багажны цонх нилэнхүйдээ үйрч хагарсан, үйрч хагарсан шилийг скочоор тогтоож наасан, багажны дээд талын улаан өнгийн урт нарийхан гэрэлний баруун доод буланд хагарал үүссэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/,
Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11 тал/,
Тухайн үед болсон үйл явдлын талаарх бичлэг бүхий нэг ширхэг CD /хх-13/,
Хохирогч Ц.Жавхлантөгсийн өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “............. хад” гэх газарт хадам аав Баттөгөлдөрийнд өөрийн эзэмшлийн .............улсын дугаартай “Тоёота Прадо 120” загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Буцах замдаа Батмөнх ахын гэрээр орсон. Батмөнх ахын гэрт байхад Батхуяг согтуу хүрч ирээд малын бэлчээр дээрээс болж маргалдаад “энэ голын бэлчээр минийх, та нар буух ёсгүй” гээд байсан. Батхуяг “намайг гэрт хүргээд өг” гэж надад хэлсэн. Батхуяг миний машин дотор суучихаад гэр рүү нь явж байхад машины хаалга үүд онгойлгоод чанга, чанга хаагаад цонх руу гараараа цохиод байхаар нь машинаа зогсоогоод “та машинаас буу” гэж хэлээд татаж буулгасан. Батхуяг машинаас буугаад газраас чулуу авч шидээд машины зөв талын арын цонх болон хойд талын цонх, хойд хаалган дээрх улаан өнгийн нарийхан урт гэрлийг хагалсан. Машин руу чулуу авч шидэхдээ “би төлчихнө” гээд орилоод байсан. ...Миний хохирол мөнгө бүрэн төлөгдсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,
Насанд хүрээгүй гэрч Ж.Мөнх-Эрдэнийн “Би 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгаас аав Ц.Жавхлантөгс, ээж Батцэцэг нарын хамтаар аавын .............улсын дугаартай Прадо загварын машинтай Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “.............” гэх газарт хөдөө өвөө Баттөгөлдөрийн гэрт очсон. Өвөөгийнд адуу, хурганы засаа идэж байгаад Батмөнх ахын гэрт очсон. Батмөнх ахын гэрт аав Жавхлантөгс, ээж Батцэцэг, Батмөнх ах, Батхуяг нарыг байж байхад гаднаас Хуягаа ах согтуу орж ирээд малын бэлчээр яриад хэрүүл маргаан хийгээд байсан. Хуягаа ах “аавыг хүргээд өг” гэж хэлээд аав машиндаа суулгаад гэр рүү нь явж байхад Хуягаа машины хаалга, үүдийг онгойлгоод цонхыг нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь аав машинаа зогсоогоод Хуягаа ахыг буулгахад газраас чулуу авч шидээд аавын машины хойд талын багажны хаалганы цонх, улаан өнгийн гэрэл, жолоочийн эсрэг хажуу талын багажны цонхыг тус тус хагалсан. Газраас 4-5 удаа чулуу авч шидсэн. Энэ үед би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн. Цагдаад намайг өгөөрэй, би төлчихнө гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-26-27 тал/,
Гэрч Н.Бат-Оюуны өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Хайлаастын голын орчимд малаа бэлчээгээд явж байтал манай нөхрийн хүргэн Ц.Жавхлантөгс гэх залуугийн прадо 120 загварын тээврийн хэрэгслээс манай нөхөр Ц.Батхуяг бууж ирээд газраас чулуу авч шидээд тээврийн хэрэгслийнх нь ар талын болон тээшний цонхыг хагалсан. Тухайн үед юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Малын бэлчээрээс болж маргалдсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-34-35 тал/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №725 дугаартай “багажны хаалганы шил 300000 төгрөг, багажны хажуугийн шил 200000 төгрөг, багажны тагны нарийн гэрэл 60000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 60000 төгрөг, нийт 620000 төгрөг” гэх дүгнэлт /хх-47-48 тал/,
Шүүгдэгч Ц.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “Ц.Жавхлантөгс нь манай өргөмөл эгч С.Долгоржавын хүргэн нь байгаа юм. Би Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн Хавиргагүй, Хайлаастай гэх газар төрсөн цагаасаа хойш өвөлжиж байна. Ц.Жавхлантөгсийн хадмууд гэх хүмүүс сүүлийн 4-5 жил манай өвөлжөөн дээр малаа бэлчээрт гаргаад байгаа юм. Би жил болгон нүүгээрээ гэж хэлдэг хэдий ч хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ мал хөнгөлөөд баз Отгон-Эрдэнэ, найз Батбаяр нартай 0.5 литрийн Хараа нэртэй архи ууж дуусгаад, манай хоёр найз явсны дараа Батцоожийн хамт гол орох гээд өөрийн эзэмшлийн трактортой явж байтал Ц.Жавхлантөгс өргөмөл эгчийн нөхөр Батмөнхийн гадна зогсож байхаар нь гэрт ороод “та нар одоо болио өвөлжөөний газрыг 4, 5 жил талхалж байна. Манайх хаваржаандаа өвөлжиж байна” гэж хэлээд маргалдаж байгаад Ц.Жавхлантөгсийг хүргээд өг гээд .............улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь суугаад явж байтал манай эхнэр намайг авахаар миний эзэмшлийн ............. улсын дугаартай ............. загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхыг хараад “бууя” гээд буучихаад шар хөдлөж уур хүрээд байхаар нь газраас хоёр чулуу аваад машин руу шидээд цонхыг хагалчихсан юм” гэх мэдүүлэг /хх-59 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Жавхлантөгс, гэрч Н.Бат-Оюун, насанд хүрээгүй гэрч Ж.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.Батхуягийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ц.Батхуягийн үйлдэл идэвхтэй, чулууг машин руу шидэж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Батхуягийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Батхуягийг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ............. сумын .............. дугаар багийн “.............” гэх газарт Ц.Жавхлантөгстэй өвөлжөөний газраас улбаатай маргаан гарч таарамжгүй харилцааны улмаас муудалдаж, улмаар Ц.Жавхлантөгсийн эзэмшлийн .............улсын дугаартай “.............” загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалж 620000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Батхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жавхлантөгсийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд 620.000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашиг билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Батхуяг нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн данс руу шилжүүлсэн гэх Хаан банкны орлогын шилжүүлэгийн баримт /хх-76 тал/-аар тогтоогдож байна.
Иймд Ц.Батхуягийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Батхуягийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Батхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 65-69 дүгээр талд авагдсан эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, малын тооцооны хуудас зэрэг нотлох баримтаар ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ............. сумын ........ дугаар багийн “.............” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогоын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Батхуяг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/58 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Батхуягийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батхуяг нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавиргагүй овогт Цэрэндоржийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхуягийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Батхуяг нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн гар утасны бичлэг бүхий нэг ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД