| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0227/И |
| Дугаар | 130/ШШ2017/00206 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00206
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Б /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, БГ*********регистрийн дугаартай, Т овогт И н Хд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: И.Х гаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3703131 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.Х нь өөрийн хүргэн болох Ш.А ы хамт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сум дахь Х Банкны тооцооны төвөөс өмнөх зээлийн үлдэгдэл болох 3,069,442 төгрөг дээр нэмж 886,800 төгрөг нийт 3,956,242 (Гурван сая есөн зуун тавин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг 20 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлээр авсан. Зээлдэгч И.Х нь зээлийн барьцаанд тэтгэврийн орлогыг барьцаалсан боловч тодорхой бус шалтгаанаар тэтгэврийн санхүүжилт нь зогссоны улмаас авсан зээлээ хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд И.Х гийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх Х банканд төлөх ёстой:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,227,978 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 451,912 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,241 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 3,703,131 (Гурван сая долоон зуун гурван мянга нэг зуун гучин нэгэн) төгрөгийн төлбөрийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Х би Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч танилцлаа. Би Х банкнаас 2016 онд өмнөх зээл дээр нэмж зээл авсан маань үнэн. Х банкны надаас нэхэмжилж байгаа 3703131 төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Миний энэхүү тайлбарын дагуу шийдэж өгөхийг хүсье. Би шүүхэд дахин дахин ирж чадахгүй, мөн хуульд заасан эрх, үүргээ ойлгосон. Энэ асуудлаар дахин гомдол гаргахгүй. Иймд 3703131 төгрөгийг төлж өгөх тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч И.Х д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3703131 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Х нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг 3703131 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч И.Х нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И.Х нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3703131 (Гурван сая долоон зуун гурван мянга нэг зуун гучин нэгэн) төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74200 төгрөгийн тал нь болох 37100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 37100 төгрөг, мөн хариуцагч И.Х гаас 37100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ