Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 2115000460134 дугаартай, 163/2021/0132/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нямсүрэнгийн Эрдэнэцогт /РД: ......................./, 1965 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр .............. аймгийн .............. суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............... аймгийн ............. сумын ......... дүгээр багийн ............. тосгоны ..................... тоотод оршин суух, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эрдэнэцогт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол 250.000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны нутагт хамт архи ууж байсан Ё.Амарсанаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Ё.Амарсанаагийн толгойн тус газарт архины шилээр цохиж хуйханд 3 тооны сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.

Эрүүгийн 2115000460134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ............ аймгийн .............. сумын ........... дүгээр багийн ................... нутагт өөрийн гэртээ Ё.Амарсанаатай хамт архи ууж байх явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ё.Амарсанаагийн толгойн тус газарт архины шилээр цохиж, түүний толгойн хуйханд 3 тооны сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Ё.Амарсанаагийн өгсөн: “2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би гадуур архи ууж байгаад хавчиг Цогоо ахын гэрт нэг шил архитай очсон. Очиход гэртээ эхнэртэйгээ хамт архи ууж байсан. Тэнд очоод 0.75 литр хоёр шил архи уусан. Би нэлээдгүй согтож, Цогоо ах ч нэлээн согтсон байсан. Миний ухаан, санаа орж гараад байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Эхнэр нь гарч явсаны дараа Цогоо ах намайг архины шилээр толгой руу маань цохичихсон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь би босоод эгчийнхээ гэр рүү явсан. Цогоо ах эхнэртэйгээ үлдсэн. Над руу хэд хэдэн удаа холбогдож эмчилгээний мөнгө төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-8-9 тал/,

Гэрч Ё.Уламбатын өгсөн: “Би 2021 оны 2 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчимд малдаа явчихаад гэртээ орж ирээд байж байтал гаднаас миний төрсөн дүү Ё.Амарсанаа толгой тархи нь цус болчихсон согтуу орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “хавчиг Цогоо намайг зодчихлоо, очиж намайг өмөөр” гэж хашгирсан. Тэгээд Амрааг Хялганатын хүн эмнэлэгт аваачиж 3 хэсэг газар 14 оёдол тавиулсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч М.Энхцэцэгийн өгсөн: “2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ........................ тоотод байх гэртээ өөрийн нөхөр Эрдэнэцогтын хамт гэртээ байсан. Бид хоёр хамт 1 шил архи хувааж уугаад байж байсан. Гаднаас Амарсанаа гэх залуу нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид гурав хамт архийг хувааж уусан. Би бие засах гээд гараад явсан байсан. Хэсэг хугацааны дараа гэрт ороод ирэхэд Амарсанаа явчихсан, Эрдэнэцогт “Амарсанааг зодоод хөөгөөд явуулчихлаа” гээд байж байсан. Тухайн үед толгойг нь архины шилээр цохисон талаар мэдээгүй, би сүүлд мэдсэн. Тэгээд Амарсанаатай холбогдож эмчилгээний зардал мөнгийг манай нөхөр надаар дамжуулж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаартай: “Ё.Амарсанаагийн биед хуйханд 3 ширхэг сорви тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн үедээ шарх байсан ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг сорви нь үзлэг хийгдэхээс 14-28 хоногийн өмнө үүссэн байж болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эдгэрч буй сорви тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-22-23 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Эрдэнэцогтын гэм буруугаа хүлээж өгсөн: “Би 2021 оны 2 дугаар сарын 14-ний орой гэртээ эхнэр Энхцэцэгийн хамт сууж байтал гаднаас нэг нутгийн залуу болох Ё.Амарсанаа нэг шил монгол стандарт нэртэй 0.75 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тухайн үед цагаан сарын шинийн зургаан байсан болохоор манай гэрт мөн нэг шил хараа нэртэй 0.75 литрийн архи байсан. Гэрт байсан архийг би Амарсанаад задалж өгөөд хоёулаа хувааж уусан. Мөн Амарсанаагийн авч ирсэн архийг хувааж уугаад бид хоёр нилээн согтсон. Манай эхнэр Энхцэцэг хоёр хундага уугаад архи дахиж уугаагүй юм. Би нэг мэдсэн чинь Амарсанааг архины шилээр толгойн тус газарт нь цохисон байсан. Тухайн үед архиндаа согтоод хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Намайг Амарсанааг цохисоны дараа манай гэрээс Амарсанаа гараад явсан. Тэгээд би гэртээ унтаад өгсөн. Маргааш өглөө нь би ................ аймаг руу ажил хийх гэж явсан. Өмнөговь аймагт очсоны дараа Амарсанаа над руу утсаар залгаад “та миний толгойг хагалсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амарсанаад “уучлаарай” гэж хэлээд эмчилгээний төлбөр 250.000 төгрөг өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Болсон зүйлийг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход Амарсанаааг архины шилээр цохичихсон байсан. Бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийх шалтаг шалтгаан байгаагүй. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх мэт зүйл байхгүй. Амарсанаа бид хоёр нэг нутгийн хүмүүс юм. Амарсанаа намайг ахаа гэж дууддаг” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ё.Амарсанаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Эрдэнэцогтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын үйлдэл идэвхтэй, архины шилээр хүний толгой руу цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .............. аймгийн ............. сумын ........ дүгээр багийн ............. өөрийн гэртээ хамт архи ууж байсан Ё.Амарсанаагийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ё.Амарсанаагийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Ё.Амарсанаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч сайн дураар 250.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би хохирлоо авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Эрдэнэцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 28-39 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь ам бүл 2, эхнэрийн хамт .......... аймгийн ........ сумын ........ дүгээр багийн ....................... тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 4/60 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Эрдэнэцогтын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эрдэнэцогтыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эрдэнэцогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД