Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н, Д.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Т.Баярбат,

шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч С.Өнөрзаяа, Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа, Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Т.Баярбат нарын давж заалдах гомдлоор Б.Н, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1808001740123 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Д.Г, 1971 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хужирт сум 5 дугаар багт оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо ...... тоотод түр оршин суух бүртгэлтэй,

Өвөрхангай аймгийн шүүхийн 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 1992 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:...../,

А овогт Б.Н, 1979 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Б.Н-н цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-ийн цээжний зүүн хажуу талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Г-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.Г-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 01 сар хорих ялаар, Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-эд оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан төмөр иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэргийн улмаас Б.Н-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба түүнтэй хуурай ах дүүс шиг дотносож, хамт нэг гэрт сар гаруй амьдарч, хоолоо хувааж идэн хамт мужаан цехэд ажиллаж, зовлон жаргалаа хуваалцаж ирсэн билээ.

Миний хувьд хэрэг болох үед Б.Н-тай маргалдаж архи их уусны улмаас түүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд миний эрүүл мэндийн хувьд хэдэн жилийн өмнө мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас мэс засал хийлгэж байсан, байнгын мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, асаргаа сувилгаа хийлгэдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн надад нэг удаа боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан боломжийг эдлүүлж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэхдээ хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй тул шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдааны явцад зүйлчлэлийг өөрчилж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байсан боловч нэгэнт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хорих ялыг хөнгөрүүлэх хуулиар олгогдсон боломжийг эдлэхийн тулд хохирол төлүүлэх боломжоор ханган шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлтийг гаргаж, энэ хугацаандаа хохирлыг бүрэн барагдуулсан.

Ийнхүү хохирол төлүүлэх боломжоор ханган шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулах хүсэлтийг гаргаснаараа гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа болохоо илэрхийлсэн хангалттай нотолгоо юм.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ял шийтгэл хөнгөрүүлэн хэрэглээгүй, яагаад хэрэглэх болсон үндэслэлээ тайлбарлаагүйд гомдолтой байна.

Өмгөөлөгчийн хувьд тухайн хэргийн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгч мэтгэлцсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Д.Г-ийн хувьд шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоо бүрэн илэрхийлж байсан.

Иймд шүүгдэгч Д.Г-эд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Д.Г-ийг анхан шатны шүүхээс “...Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Д.Г-ийн үйлдлийг зүйлчилсэн  зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохироогүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1110 тоот дүгнэлтээр Г-ийн биед цээжинд шарх бүхий хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх ба энэхүү гэмтлийг ямар цаг хугацаанд авсан, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хохирогч Б.Н болон Д.Г нар хэн аль нь хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Б.Н-н мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй эх сурвалжаа бүрэн гүйцэт тодорхойлоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгчийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал үүссэн байх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Б.Н-д бүрэн төлж барагдуулсан ба өмнө нь хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцаатай байгаагүй талаар гэрч П.Г-н “...Энэ хоёр маань хоорондоо маргаж байгааг би лав хараагүй, хоорондоо их эвтэй л байдаг” гэх мэдүүлэг /хх 19/ мөн гэрч Ж.Д-ийн “...Дэлгүүр орсон ч, усанд явсан ч байнга л хамт байдаг хүмүүс бөгөөд хоорондоо маргалдаж байсан гэж бодохгүй байна” /хх 23/, гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хэрэг болох үед ч дээрх 2 хүн цугтаа мах идэж, архи ууж ажлаа хийж байсан байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдэгдсэн байна.

Түүнчлэн манай үйлчлүүлэгч Д.Г нь анхнаасаа л хэргээ үнэн зөвөөр хүлээж тогтвортой өгсөн бүх мэдүүлгүүд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөн өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ.

Мөн шүүгдэгч Г-ийн эрүүл мэндийн хувьд, өмнө нь мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч гавлын яс нь цөмөрсний улмаас хүнд мэс засал хийлгэж байсан, байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байдаг нүдний хараа 25 сантиметрээс хол хардаггүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад болон шүүх хурлын явцаас дүгнэхэд хохирогч Б.Н-н мэдүүлгүүд анхнаасаа тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгсөн нь тодорхой байхад хохирогч гэх Гийн ах дүү хамаатан садан нийлэн анхнаасаа үгсэн хуйвалдаж бодит байдлыг зориуд өөрчилсөн  мэдүүлгүүдийг нь үндэслэж Б.Н-г гэм буруутайд тооцож буй нь учир дутагдалтай байна.

Хохирогч Б.Н-гийн мэдүүлгээр Г түүний нөхөр О, Г, Н, Д, Ө нар нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой Г, Н нарын ажлын гэрт хамт архидаж, Н-г Г-ийн гэрт ганцаараа байхад нь шүүгдэгч Д.Г нь ганцаараа орж ямар нэгэн шалтгаангүйгээр, хэрүүл маргаан бололгүйгээр цээжин тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулсан нь тодорхой байдаг.

Гэтэл гэрч нар зориуд бодит байдлыг нуух зорилгоор үгсэн хуйвалдаж мэдүүлгүүдээ нэгтгэсний дараа хохирогчдыг хутгалснаас хойш нэг цаг дөчин минутын дараа 103-т дуудлага өгсөн нь нотлох баримтаар тодорхой байгаа юм. Энэ нь гэрч Г болон бусад гэрч нар Н, Г нарыг хоёулхнаа архи уусан гэж мэдүүлж байснаа сүүлд өгсөн мэдүүлгүүддээ тавуулаа архи ууж байснаа хүлээн зөвшөөрдөг. /Г, Э, О нарын сүүлд өгсөн мэдүүлгүүд мөн Ө сүүлд өгсөн мэдүүлэг/ Хохирогч Н-г эмнэлэгт хагалгаа хийлгэсний дараа ухаан ороход гэрч Г нь...Г та хоёрыг хоёулхнаа архи уусан гэж хэлэхээр тохирсон шүү ингэж мэдүүлэг өгөөрэй гэж гуйж байсан, мөн энэ талаараа шүүх хурал дээр гэрч Г, Ж.Д нар ингэж ярилцаж байсан нь үнэн гэдгээ хүлээн мэдүүлснээс тодорхой харагддаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэрчүүд өмнө нь мөрдөн байцаалтад өгч байгаагүй Б.Н-г буруутгасан зохион байгуулалттай худал мэдүүлгүүдийг өгсөн нь дээрх үндэслэлийг улам тодорхой болгож байгаа юм. /Уучлаарай Г эгчээ, Г-ийгээ муухай чирлээ, гэрч Д...Би Г-ийн гэрээс гараад Ө, Г нарыг хүлээж байгаад цуг орсон гм/

Дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг харьцуулан үзэж гэрч С-ийн мэдүүлэг, 103-т өгсөн дуудлагын цаг хугацаа зэргээс дүгнэхэд хохирогч Н-н үнэн зөв мэдүүлэг өгч буй нь тодорхой нотлогдоно гэж үзэж байгаа юм.

Гэрчүүд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд тухайн хэрэг учрал болсон газар гурван хутга байсан нь тодорхой байдаг бөгөөд нотлох баримтаар зөвхөн нэг хутга хураагдсан, шүүгдэгч Г-ийн мэдүүлж  бие биенийгээ хутгалсан гэх хоёр дахь хутга хаана байгаа, дээрх хутгануудын аль нь болох нь тогтоогдоогүй, нотлох баримтаар хураагдсан ганц хутган дээрээс хурууны хээ илрээгүй зэрэг нь гэрчүүд зориуд үгсэн хуйвалдаж хэргийн газрын ул мөрийг балласан байх сэжиг таамгыг улам лавшруулж байна. Мөн мөрдөн байцаалтын явцад болсон үйл явдлыг санахгүй, тийм байх, хутгалсан байх гэх мэтээр мэдүүлэг өгч байсан шүүгдэгч Г нь шүүх хурал дээр болсон үйл явдлыг гэнэт тодорхой санаж Н мах идэж байгаад над руу дайрахаар нь би айгаад махан дээр байсан хутгыг аваад Н-г нэг удаа хутгалсан гэж мэдүүлсэн нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд зориуд зохион байгуулалттай өгөгдөж байгаа байдлыг улам тодотгож байна. Өнөөдрийг хүртэл Н, Гийг хэзээ яаж хутгалж гэмтэл учруулсан нь тодорхойгүй байгаа болно.

Иймд 493 тоот шийтгэх тогтоолын Б.Н-г гэм буруутайд тооцсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлуудтай танилцлаа. Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт нь 5-12 жилийн хорих ялын санкцтай байна. Энэ зүйлчлэлийн хамгийн бага ял болох 5 жил 1 сарын хорих ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн гэж үзэж болохоор байна. Түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Г.Наранбаатар өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд: Д.Г нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас Б.Н-г хутгалсан гэж байгаа нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна. Учир нь мэдүүлэгтээ би юу болсныг санаж байна гэж мэдүүлсэн байхад түүнийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж үзэж байна. Түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Харин шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Т.Баярбат өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд: Д.Г-ийг Б.Н хутгалаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн хэрэг болох цаг хугацаанд хоёулаа байсан. Бие биендээ гэмтэл учруулсан болохыг өөрсдөө   мэдүүлдэг. Б.Н-г гэм буруутай гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй түүнийг гэм буруугүй гэж хэргийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Б.Н-н цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3-12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Г-ийн цээжний зүүн хажуу талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Нн мэдүүлэг /хх-16-17, 150/, хохирогч Д.Г-ийн мэдүүлэг /хх-155-156/, гэрч Д.Г мэдүүлэг /хх-18-21, 158-159/, гэрч Ж.Д мэдүүлэг /хх-22-27/, гэрч Б.Ө мэдүүлэг /хх-28/, гэрч Ж.С мэдүүлэг /хх-164/, гэрч О.Э мэдүүлэг /хх-166-167/, шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг /хх-173-179/, шүүгдэгч Д.Г-ийн мэдүүлэг /хх-61-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1110 тоот актын дүгнэлт /хх-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1138 тоот актын дүгнэлт /хх-50/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, шүүгдэгч Д.Г, Б.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77,94/, шинжээч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-34/, Мобиком корпорацийн утасны дэлгэрэнгүй жагсаалт /хх-141-142/, Б.Н-гаас гаргасан хохирлын баримтууд /хх-183-216/, Д.Г-ээс хохирол төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд мөн Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Т.Баярбат нь шүүгдэгч Б.Н Д.Г-ийг хутгалсан гэх нотлох баримтгүй гэж үзэж байгаа боловч гэрч Д.Г-ын “... гэрт нь орж үзэхэд ахын маань /Г/ зүүн суга орчим цус гарсан байсан,харин Н гэрийн хойморт хэвтчихсэн баруун цээж нь цус болчихсон байсан...”, гэрч Ж.Д-ийн “... Г ахын гэрт хүмүүс ноцолдоод түжигнээд байсан.Тэр 2 мах идсэн байдалтай, урд нь хутга байсныг би хураасан. Н-г орон дээр гараад унт гээд очиход баруун энгэр нь нил цус болсон байсан. Сайн хартал Г ахын баруун тал ч бас цус болсон байсан...”, гэрч Б.Ө-ийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө 02 цагийн үед хажуугийн хашаанд хэрүүл болоод байна гэж найз Д тэр айл руу ганцаараа орсон. Д энэ хоёр нэг нэгнийгээ хутгалсан байна Г эгчийг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд  хэрэг болсон тухайн өдөр Д.Г, Б.Н нарын гэрт хэрүүл маргаан болж гэрч Д.Г, Ж.Д нарыг ороход мах идэж байсан хутга нь ил байсан, Д.Г, Б.Н нарын хэн алинд цээжин тус газар нь шарх үүсч цус гарсан байдалтай байжээ.

Хэдийгээр шүүгдэгч нар хэрэг үйлдэх үедээ хоёулхнаа байсан, хэрүүл маргаан хийсэн, хутгалсанаа санадаггүй гэдэг боловч үйл явдал болсон цаг хугацаа,хэрүүл маргаан гарахын сонсоод орсон гэрч нар хэн аль нь хутгалагдсан, архидан согтуурсан байдалтай байсныг нотолдог бөгөөд шинжээчийн дүгнэлт, цагдаад дуудлага өгсөн байдал, бусад нотлох баримтаар  Д.Г, Б.Н нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж  бие биенээ хутгалж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хэмжээний дотор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймээс түүний өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Н-д хохирол 2.309.200 төгрөгийг төлсөн бөгөөд хавтаст хэргийн хэмжээнд цугласан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан  материаллаг хохирлыг барагдуулсан гэж дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч Д.Г-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 8 сарын хорих ялыг давж заалдах шатны шүүхээс оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа, Б.Наранбаатар нарын давж заалдах гомдлыг хүлээн авч дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

“2” дахь заалтын “Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,” гэснийг “Д.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 8 сар хорих ялаар” гэж,

“3” дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан 3 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ