Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 12

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч И.Баттөмөр, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ишдамбын Баттөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030305 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа барилгын ажил хийдэг байсан, ам бүл 4, эхнэр, 13-15 насны 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 25 дугаар гудамжны 1Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ишдамбын Баттөмөр /РД: ВК86121513/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч И.Баттөмөр нь согтуугаар, шунахай сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх “Хүннү молл” худалдааны төвийн дөрвөн давхарт байрлах агааржуулалтын өрөөний шилэн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж уг өрөөнд байсан бетон өрөмдөгч /молдок/, зэс труба тайрагч зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч И.Баттөмөр: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч “Рефкон” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын  25-ны орой 20 цагийн үед ажлаасаа буух үед худалдааны төвийн 4 давхарт байрлах агааржуулалтын өрөөнд өөрийн эзэмшлий молдок буюу өрөмдөгчийг үлдээгээд шилэн хаалгыг нь цоожлоод гарсан. Гэртээ байж байтал 23 цаг өнгөрч байхад Хүннү Молл худалдааны төвөөс над руу ярьсан. ...Би тус багажийг 2014 онд Зуун айлын худалдааны төвөөс 250,000 төгрөгөөр авч байсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алдсан эд зүйлээ буцаан авсан тул надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн төлөөлөгч О.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны орой манай худалдааны төвийн 4 давхарт байрлах коридорийн модон хаалга болон шилэн хаалгыг И.Баттөмөр гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хагалан хохирол учруулсан. ...Би үнэлгээний хуудастай танилцлаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 29/ гэсэн,

 

Гэрч Ц.Сод-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчим худалдааны төвийн хяналтын камерын өрөөнд сууж байтал үйлчлэгч эгч орж ирээд согтуу хүн шил хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 давхарт яваад очтол шатаар 30 орчим насны гартаа улаан өнгийн молдок буюу өрөм, цэнхэр савтай зүйл барьчихсан хүн буугаад ирж байсан. ...Мөн согтуу байсан учраас би шууд камерын өрөө рүү аваад орсон...” /хх-ийн 32/ гэсэн,

 

Гэрч Г.Лхагвапүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хүннү Молл” худалдааны төвийн 3 давхарт цэвэрлэгээ хийж байтал дээд давхарт юм хагарах чимээ гарсан. Би гайхаад дээшээ гартал өөдөөс 30 орчим насны эрэгтэй хүн гартаа улаан өнгийн молдок, мөн цэнхэр савтай зүйл бариад буугаад ирсэн...” /хх-ийн 33/ гэсэн,

 

Шүүгдэгч И.Баттөмөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...Нисэхэд автобусанд суухаар явах замдаа дэлгүүрээс 0,33 литрийн Ерөөл нэртэй нэг шил архи аваад гудамжинд булан тойрч байгаад ганцаараа уусан.  ...Эмнэлэгт хүн эргэчихээд буцаж гараад замдаа тааралдсан дэлгүүрээс дахин нэг шил 0,33 литрийн Ерөөл архи авч уусан. ...Би Яармагт шинээр баригдсан “Хүннү молл” худалдааны төв орж үзээгүй байсан болохоор орж үзье гэж бодож явсан юм. Тэнд очиход цаг нилээн орой болсон гээд урд хаалга хаалттай байсан. Хүмүүс хойд хаалгаар нь гарч ирээд байхаар нь тээшээ очоод хаалгаар нь ороод дээш өгсөөд 4 давхар руу гарсан. Шар өнгөтэй хаалга байхаар нь түлхээд үзтэл онгойхгүй байсан. Хаалганы бариул руу нь зөөлхөн өшиглөхөд хаалга нь онгойсон. Дотор нь ороход юу ч байгаагүй. Харин цаана шилэн хаалга байхаар нь яваад ортол дотор талд нь молдок байсан. Би өөрөө барилгачин хүн болохоор тэрийг авмаар санагдаад хаалганы бариулыг дараад үзтэл цоожтой байсан. Миний ойр орчим камер, хүн байхгүй байхаар нь хаалганы шилийг гараараа цохиж хагалаад дээрээ Өлзийхишиг гэсэн бичигтэй улаан өнгийн молдок, хажуухан талд нь байсан цэнхэр өнгийн саванд хийсэн зэс тайрагч багаж, хадаас зэргийг аваад доош нь шатаар буугаад явж байтал хамгаалагч ирээд чи юу барьчихсан явж байна гэхээр нь өөрийн багажнуудаа аваад явж байна гээд худлаа хэлтэл нөгөө залуу хоёулаа доошоо бууя гээд дагуулж яваад замдаа шууд цагдаа дуудсан...” /хх-ийн 44-45, 48-49/ гэсэн мэдүүлгүүд, 

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15, 16, 17/,

-  Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19/,

- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 20/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/,

- Шүүгдэгч И.Баттөмөрийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Далайцэцэг /хх-ийн 30/,  И.Батзаяа /хх-ийн 31/ нарын мэдүүлгүүд,

- Шүүгдэгч И.Баттөмөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 52/,

- Тодорхойлолт /хх-ийн 53/,

- Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 54-56/,

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч И.Баттөмөр нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх “Хүннү молл” худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт байрлах агааржуулалтын өрөөний шилэн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, өрөөнд байсан бетон өрөмдөгч /молдок/, зэс труба тайрагч зэрэг эд зүйлийг согтуугаар хулгайлан авч бусдад 260,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь хохирогч Б.Өлзиийхишиг, иргэний нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн төлөөлөгч О.Мягмарсүрэн, гэрч Ц.Сод-Эрдэнэ, Г.Лхагвапүрэв нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч И.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Баттөмөрийг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Рефкон” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишигт  260,000 төгрөгийн хохирол /эд зүйлийн үнэлгээ хх-ийн 16, 17/ учирсан, хохирогч  “Рефкон” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Алдсан эд зүйлээ буцаан авсан тул надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 20/ зэрэг баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-нд 780,000 төгрөгийн хохирол /эд зүйлийн үнэлгээ хх-ийн 15/ учирсан ба уг хохирлыг нөхөн төлсөн болох нь:

Иргэний нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд бичгээр гаргасан “...780,000 төгрөгийн хохирлоо И.Баттөмөрөөс гаргуулж авах хүсэлттэй байна...” гэсэн хүсэлт,

“Хүннү Молл” ХХК-ийн захирал Н.Болормаа шүүхэд бичгээр гаргасан “...Иргэн И.Баттөмөр нь “Хүннү Молл” ХХК-нд 780,000 төгрөгийн хохирол учруулсан, тус хохирлын төлбөр болох 780,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 430,000 төгрөг гэж хуваан барагдуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Бид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болно...” гэсэн хүсэлтүүд, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 73/, бэлэн мөнгөний орлогын тасалбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй болно.

 

Шүүгдэгч И.Баттөмөр урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.    

Шүүх шүүгдэгч И.Баттөмөрт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч И.Баттөмөр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ишдамбын Баттөмөрийг агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ишдамбын Баттөмөрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч И.Баттөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 201626030305 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч И.Баттөмөр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч И.Баттөмөрт оногдуулсан 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан И.Баттөмөрт хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Баттөмөрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР