Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 804

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Ж.П, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Б******* дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан Ж.П-ын нэхэмжлэлтэй, Н.З.Д, Б.З.З.Дд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ж.П

Хариуцагч: Н.З.Д, Б.З.З.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Б******* дүүргийн ******* хорооны Ш******* 63-...-.. тоотын 190 м.кв газрын эзэмших эрхийг Ж.П-ын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.П миний нэр дээр шилжүүлэхийг даалгах,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж овогтой П миний бие П.Цгаас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн 03767.. дугаар гэрчилгээ бүхий Б******* дүүргийн ******* хорооны Ш******* 63 дугаар гудамж, ...-. тоот хоосон хашааг эрх шилжүүлэх 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр шилжүүлэн авсан. Худалдаж авсан даруйдаа 2015 оны 01 дүгээр сард нэр шилжүүлэхээр дүүргийн Газрын албанд хандсан боловч хоосон газрын нэрийг шилжүүлэхгүй гэсэн хариуг амаар өгсөн тул үүнээс хойш хашаа болон 5х8 хэмжээтэй байшин барьж эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. 

Миний бие 2016, 2017 онуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Б.З.З.Д болон Газрын албанд өөрийн биеэр хандахад тодорхой хариу өгөхгүй явсаар 2017 онд бичгээр гаргасан гомдол Б******* дүүргийн Газрын албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/91, Нийслэлийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 06-ны албан бичиг, Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/351, Нийслэлийн Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-06/2408 тоот албан бичгүүд ирүүлсэн.

Дээрх албан бичгүүдээр “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, тус газар цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орж байна” гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. 

Миний хувьд П.Ц-гаас шилжүүлэн авсан газраа өөрийн нэр дээр шилжүүлэхээс наана газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжгүй байх бөгөөд төрийн захиргааны байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гарахад “тус газар цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орж байна” татгалзсан хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Б.З.З.Д П.Ц-гийн өргөдлийн дагуу ******* хорооны Ш******* 63-...-. тоотын 190 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгож байсан байж, Ж.П намайг шилжүүлэн авахаар хүсэлт гаргахад цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орж байна гэх үндэслэлээр татгалзаж буй нь Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байгаа. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Б******* дүүргийн ******* хорооны Ш******* 63-...-. тоотын 190 м.кв газрын эзэмших эрхийг Ж.П-ын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан шийдвэр хууль бус болгохыг тогтоолгож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.П миний нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийг буруу тодорхойлж гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгах” ба 52.5.1-т зааснаар “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлох ёстой байдаг.

Нэхэмжлэгч Ж.П нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.З.З.Д-д хандан тус газрын эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай өргөдөл гаргасан ба 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/351 тоот албан бичгээр тус өргөдлийн хариуг өгсөн.

Үүнд Б******* дүүргийн ******* хороо, Ш*******ны 63-...-. тоот 190 м.кв бүхий газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд иргэн П.Ц /НЮ84050.../ -ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан мөн тухайн байршил бүхий газар нь цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байх тул Н.З.Д-д хандахаар заасан.

Даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд захиргааны акт гаргах эрх хэмжээ бүхий этгээдийн хууль бус эс үйлдэхүй байх ёстой.

Гэтэл хариуцагчид тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, холбогдох захиргааны актыг гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна. 

Учир нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Н.З.Д шийдвэрлэх”- ээр тус тус заасан байдаг.

Иймд тус газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Н.З.Д бүрэн эрхийн хүрээнд хариуцах тул жинхэнэ хариуцагчийг татах үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.З.З.Д нь нэгэнт акт гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-гөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “Б******* дүүргийн ******* хороо, Ш******* 63-...-. тоот, нэгж талбарын ******* дугаар бүхий 190 м.кв газрын Б******* дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот шийдвэрээр иргэн П.Цд иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд тус газар нь цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах боломжгүй байна. 

Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу шаардлага гаргасан байх ба манай байгууллага иргэн Ж.Пын эрх ашгийг хөндсөн эс үйлдэхүй байхгүй тул хариуцагчаар манай байгууллага татагдах үндэслэл байхгүй гэж үзэж байна. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.П Б.З.З.Д-д холбогдуулан “...Б******* дүүргийн ******* хорооны Ш******* 63-...-. тоотын 190 м.кв газрын эзэмших эрхийг Ж.П-ын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.П миний нэр дээр шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.  

Хариуцагч Б.З.З.Д-ас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “...Тус газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Н.З.Д бүрэн эрхийн хүрээнд хариуцах тул жинхэнэ  хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг татах үндэслэлтэй байна” гэсэн бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн дээрх шаардлагаа Н.З.Д-д холбогдуулан хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасан. 

Ж.П маргаан бүхий газрыг эзэмших эрхийг иргэн П.Цгаас  шилжүүлэн авсан 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ болон хавсаргасан баримт бичигт Б******* дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот захирамжаар ******* нэгж талбарын дугаар бүхий 190 м.кв газрыг 03767.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан байна. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг Н.З.Д шийдвэрлэхээр” заасан байх тул шүүх Нийслэлийн Засаг даргыг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан.  

Нэхэмжлэгч 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тус газрыг эзэмших эрхийг 5 сая төгрөгөөр үнэлэн  П.Ц-д төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ , Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ , П.Ц-гийн эзэмшиж байсан газрын байршлын кадастрын зураг  зэргээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ... 2016, 2017 онуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Б.З.З.Д болон Газрын албанд хандахад тодорхой хариу өгөхгүй явсаар 2017 онд бичгээр гомдол гаргасан ..., Б.З.З.Д нь П.Ц-гийн өргөдлийн дагуу тухайн газрыг эзэмшүүлэх гэрчилгээг олгож байсан мөртлөө Ж.П намайг шилжүүлэн авах хүсэлт гаргахад цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орж байна гэх үндэслэлээр татгалзаж буй нь Монгол улсын иргэнийг ялгаварлан гадуурхаж байна...” гэх мөн шүүх хуралдаан дээр “...тухайн үед газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр дүүргийн Газрын албанд очоод үүдэнд нь байсан ажилтнаас асуухад хоосон газар шилжүүлэхгүй гэсэн тул өөрийн хөрөнгөөр хашаа болон 5х8 хэмжээтэй байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна, тухайн үед боломжгүй гэсэн болохоор дахиж очоогүй, 2018 онд дүүргийн Засаг даргад хандсан...” гэх тайлбарыг хийсэн. 

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.З.З.Д-д хандан тус газрын эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай өргөдөл гаргасанд хариуцагч “...Б******* дүүргийн ******* хороо, Ш*******ны 63-...-. тоот 190 м.кв бүхий газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд иргэн П.Ц /НЮ84050.../-ийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан мөн тухайн байршил бүхий газар нь цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байх тул Н.З.Д-д хандахаар заасан” гэх хариуг  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/351 дүгээр тоот албан бичгээр  өгчээ. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Н.З.Д шийдвэрлэх”-ээр тус тус заасан.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт “...Б******* дүүргийн ******* хороо, Ш******* 63-...-. тоот, нэгж талбарын ******* дугаар бүхий 190 м.кв газрын Б******* дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот шийдвэрээр иргэн П.Цд иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд тус газар нь цахилгааны шугам, түүний хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах боломжгүй” гэжээ. 

Шүүхээс бодит байдалд маргаан бүхий газрыг иргэнд эзэмшүүлэх боломжтой эсэх талаар холбогдох эрх бүхий байгууллагуудаас тодруулахад. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зүүн түгээх төвөөс “...Б******* дүүргийн ******* хороо, Ш*******ны 63-...-. тоот хаягт байршилтай 190 м.кв газарт манай ашиглалтын шугам тоноглол байхгүй, ... тус газарт ЦДҮС ХК-ийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам байрлаж байгаа тул тус компаниас тодруулга авна уу гэсний дагуу ЦДҮС-ээс тодруулахад “...газар нь /110 кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын /107, 108-р шугамын 18-19 тулгуурын хоорондох трасс/ айл өрх, аж ахуйн нэгж, амьдран сууж, үйл ажиллагаа явуулж болохгүй аюултай бүсэд байгааг тодруулав. ...газар нь Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 3 дугаар заалтад тусгасан 220, 110 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын зурвасыг зөрчсөн болохыг тодорхойлов” гэсэн хариуг ирүүлсэн . 

Захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон  байхаар тодорхойлогддог тул маргаан бүхий газар эзэмших эрхийг Ж.Пын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд боломжгүй байна.   

Нэхэмжлэгч тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа 5 сая төгрөг төлж, өөрийн хөрөнгөөр хашаа, байшин барьж амьдарч байгаад, өнөөдөр газар эзэмших эрхээ баталгаажуулж авах боломжгүй болсонд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй ч бусдаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээ хийхдээ дүүргийн газрын албаны тус хороог хариуцсан газар зохион байгуулагч болон бусад эрх бүхий албан тушаалтнуудаас лавлаж тодруулалгүйгээр дур мэдэн хашаа, байшингаа барьсан нь ийм нөхцөл байдалд хүргэжээ.  

Хэдийгээр нэхэмжлэгчийн тухайн газарт амьдрах, эд хөрөнгөө харж,  хамгаалах эрхийг хязгаарлах боломжгүй ч төрийн эрх бүхий байгууллагаас тухайн газарт “...айл өрх, аж ахуйн нэгж, амьдран сууж, үйл ажиллагаа явуулж болохгүй аюултай бүсэд байгааг..” мэдэгдсээр байхад нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, газар  эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах боломжгүй юм. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.П-ын Н.З.Д, Б.З.З.Д-д холбогдох “Б******* дүүргийн ******* хорооны Шар хад 63-...-. тоотын 190 м.кв газрын эзэмших эрхийг Ж.П-ын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тус газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.П миний нэр дээр шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.Д