Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Т.Ө  гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч Т.Ө

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Тамир

Гомдлын шаардлага:  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Тамирын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч хянан шалгагч М.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2023/0358/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч Т.Ө Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр

“Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Ө гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “..анхан шатны шүүхээс гомдлын нэг үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчих” зөрчил нь “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх болон түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэсэн 2 тусдаа үйлдэл бүхий 2 зөрчил болохыг анхааралгүй, нэг ойлголт мэтээр нэгтгэж хэрэглэсэн.

 

    1. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэж байгаа тал нь худалдагч болох Т.Ө  бус, харин худалдан авагч болох “П ” ХХК юм. Тиймээс ч уг хуулийн этгээдийн төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэх зөрчилд шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэгдүгээрт худалдагчийг “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн” мэтээр, хоёрдугаарт талуудын хооронд нэгэнт хийгдэж дууссан төлбөрийн талаар “Тооцоо нийлсэн акт” гэх санхүүгийн баримт үйлдсэнийг “төлбөр тооцоо гүйцэтгэсэн зөрчил” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

    1. Т.Ө нь гэрээний үнийн дүнг “ам.доллар” гэж зөвшөөрч гарын үсэг зурсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй” гэсэн зөрчилд хамаарч болох юм. Өөрөөр хэлбэл, үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн “үнэ тогтоох” үйлдэл бөгөөд энэ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн зөрчил юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан гэж үзэж байна.

 

    1. Анхан шатны шүүх Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт нь “төлбөр хүлээн авах” ч мөн адил хамаарна гэсэн. Гэвч худалдан авагч тал нь төлбөрийг дансаар төлсөн бол худалдагч нь өөрөө оролцолгүйгээр “төлбөрийг хүлээн авах” гэдэг зөрчлийг үйлдсэн болж таарахаар байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд харшилж байна гэж үзэж байна. Бодит байдал дээр гэрээний үнийг ам.доллароор илэрхийлсэн боловч, худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ заримыг нь төгрөгөөр, зарим хэсгийг нь ам.доллароор гүйцэтгэсэн байдаг. Иймд худалдан авагч хүсвэл төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд үүнд худалдагч Т.Ө оролцоогүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

  1. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 0014029 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Т.Ө гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэн Зөрлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг Т.Ө  оногдуулсан байна.

 

  1. Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагч нь шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх “...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, ...нарийвчилсан зохицуулалт болох Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ хамаарах ба түүний дотор гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах ч мөн адил хамаарна” гэх дүгнэлтийг хийж, дээрх гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

  1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж,

 

  1. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-д “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд”, 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус заасанд агуулгын тайлбар хийхэд аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ийн үнэ 4000 ам.доллар, нийт үнэ 2.029.840,00 ам.доллар гэж илэрхийлсэн, түүнчлэн төлбөрийн зарим хэсгийг гадаад валютаар авсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

  1. Мөн дээрх хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгч буюу худалдан авагчид хамаарах хамаарахаас худалдагчид хамаарахгүй гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

 

  1. Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн үнэ тогтоох үйлдэл бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн” гэж давж заалдах гомдол гаргасан боловч гэрээний талууд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, төлбөр төлөх, хүлээн авах үүрэг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь хэргийн оролцогч нарын тайлбар, тооцоо нийлсэн акт, банкны баримтуудаар тогтоогдож байна.

 

  1. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад торгох шийтгэл оногдуулсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН