Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Л.Нямдорж, Э.Ганзориг, Т.Халтархүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарт холбогдох эрүүгийн 2115000000141 дугаартай, 163/2021/0138/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Цорос овогт Лхагвасүрэнгийн Нямдорж /РД: ............./, 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын .............багийн .............тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Эрдэнэбатын Ганзориг /РД: ФЖ81050911/, 1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын ............. багийн ............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол Улсын иргэн, Анчин овогт Төмөртогоогийн Халтархүү /РД: НС79040172/, 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын ............. багийн ....... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нямдорж өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Халтархүү өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганзориг өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө ............. улсын дугаартай “............. загварын тээврийн хэрэгсэл ашиглан ............ аймгийн ............. сумын ........ багийн ............. гэх газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 268400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засан, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нар өөрөө өөрийгөө өмгөөлж, хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115000000141 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө ............. аймгийн ............. сумын ............. багийн “.............” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 134200 төгрөгийн шууд хохирол учруулж Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ............. сумын 3 дугаар багийн “.............” гэх газар байх ба тус газарт жалга судаг дагаад олон тооны ухсан нүхнүүд байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 тал/,

Эд хөрөнгө битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /хх-11-12 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь цэнхэр өнгийн ачааны ..................... загварын арлын ....................... дугаартай, 2006 онд Бүгд найрамдах Солонго ард улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр орж ирсэн, .............улсын дагаартай тээврийн хэрэгсэл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-19/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржавын өгсөн: “Уг газар дээр ашигт малтмал олборлож байгаагүй. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан эрүүл газар байсан. Ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл байхгүй газар юм. 2021 оны 4 дүгээр сарын эхээр иргэд хууль бусаар гар аргаар газрын хэвлийд халдаж алт олборлоод байгаа. ............. гэх газарт иргэд гар аргаар газар ухаж алт олборлоод байна гэж эхний дуудлага мэдээлэл нь 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ............. суманд ирсэн. Иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдсанаар байгаль экологид тогтоцоороо байгаа хөрс ургамал, малын бэлчээр устаж байна. Сумаас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ............. гэдэг газарт эвдэгдсэн газрын шороог нүх рүү нь булж тэгшилсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд нэг зуун литр түлшийг зарцуулж ажилласан байгаа. Иймд хууль бусаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдсан иргэдийг олж тогтоон байгаль экологид учирсан хохирол, сумаас нүх булахад гарсан зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Иргэний нэхэмжпэгч Б.Алтангэрэлийн өгсөн: “2021 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна. Төв аймгийн Заамар суманд Мөнхбаатар гэдэг айлын байшингийн суурин дээр намайг ажиллаж байх үед Туулын гүүрэн дээр Э.Ганзориг, Т.Халтархүү, Л.Нямдорж нар тааралдсан. Тэр үед Ганзориг надад “мулдок, хүрз, хувин, цахилгаан үүсгэгч мотор зэргийг түр өгөөч хоёр хоног хэрэглээд эргүүлээд өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд ашиглах талаар асуулгүйгээр мулдок, хүрз, хувин, цахилгаан үүсгэгч мотор зэргийг өгөөд явуулсан. Мулдок, хүрз, хувин, цахилгаан үүсгэгч мотор зэрэг нь бүгдээрээ миний эзэмшлийн эд зүйлс байгаа юм” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

Байгаль орчны зөвлөх “.............” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №1/40 дугаартай “...Уг газарт явагдсан үйл ажиллагаа нь хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн нийт талбайн хэмжээ нь 0.6 м2 буюу 0.00006 га байна. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 134.200 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 363.600 төгрөг болж байна. Уг эвдэгдсэн талбай нь байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт газрын зохиулалттай ............. дугаартай орон нутгийн тусгай хэрэгцээний газрын В хэсэгт хамаарч байна. Уг эвдэгдсэн газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэгдээгүй, эрүүл газар байсан байна. ...” гэх дүгнэлт /хх-54-80 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон: “...уг тайлбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг “.............” ХХК нь гүйцэтгэсэн байна. Экологи эдийн засгийн хохирлын хэмжээ 134200 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 2 дахин өсгөн тооцоход 268400 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна” гэх дүгнэлт /хх-86 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Нямдоржийн гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ............. аймгаас найз Халтархүү, Ганзориг нартай Ганзоригийн Киа Бонго загварын тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт Туулын гүүрний дэргэд айлд өвс аваачиж өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Туулын гүүр орсон. Тэгээд айлд өвс буулгасны дараа хүмүүст алт гарч байгаа Булган аймгийн ............. сумын “.............” гэх газрын талаар яриад байхаар нь Аагий гэх залуугаас цахилгаан үүсгэгч, мулдок, хүрз, хувин гуйж аваад тэр газар руу хүнээр сайн заалгаж байгаад явсан. Бид гурав явсаар байгаад 2021 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед нөгөө алт гарч байгаа газартаа ирсэн. Ганзориг дээшээ газар үзээд яваад өгсөн, би Халтархүүгийн хамт явж байгаад хүний ухаж байгаад орхисон нүхэн дээр очоод цахилгаан үүсгэгчээ залгаад би мулдок, хүрз ашиглаж газар ухсан. Халтархүү бид хоёр ээлжилж газар ухсан. Тэгээд ээлжилж мөн шороогоо татаж гаргасан. Тэгээд байж байтал шөнийн 2 цагийн үед цагдаа нар хүрээд ирсэн. Хүмүүс алт гараад байна гэхээр нь тухайн газарт очсон” гэх мэдүүлэг /хх-125-126 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Халтархүүгийн гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь гэрчээр болсон явдлын талаар ярьсан учраас одоо нэмж ярих зүйл алга байна. Анх ............. аймгаас ...... аймгийн ....... сумын Туулын гүүр рүү айлд өвс аваачиж өгөхөөр гарсан юм. Туулын гүүр ороод хүмүүс алт гарч байгаа газрын талаар яриад бид хэд явахаар болсон. .............улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ганзоригийнх, унаад яваад байсан болохоор тэгж бодож байна. Аагий гэх залуугаас Туулын гүүрний орчим мулдок, цахилгаан үүсгэгч мотор, хувин, хүрз зэргийг гуйж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-132-133 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Ганзоригийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ............. аймгаас найз Халтархүү, Нямдорж хоёртой 30 боодол өвс өөрийнхөө машин дээр ачсан. Тэгээд ачсан өвсөө Төв аймгийн Заамар сумын өгөөмөр багт айлд нь аваачиж өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 23 цагийн үед айлдаа очсон. Тэгээд айлд өвс буулгасны дараа хүмүүс Булган аймгийн ............. сумын ............. гэх газарт алт гарч байгаа талаар яриад байсан. Тэгээд бид гурав очиж сонирхъё гээд явсан. Явахаасаа өмнө Туулын гүүрэн дээр Аагий гэх залуугаас цахилгаан үүсгэгч мотор, мулдок, хүрз, хувин гуйж авсан. Бид гурав явсаар байгаад 2021 оны 5 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 1 цагийн үед нөгөө ............. гэх алт гарч байгаа газартаа ирсэн. Тэр газарт очиход олон тооны хүмүүс газар ухаад ажиллаж байсан. Очоод би дээшээ газар үзээд яваад өгсөн. Нөгөө хоёр маань хүмүүсийн дунд үлдсэн. Би дээшээ явж байгаад хуучин нүх ухаж байгаа хүмүүс дээр очоод яаж шороо гаргах, хэрхэн угаах талаар асуугаад байж байтал цагдаа нар хүрээд ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-138 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөр өнгийн төмөр хүрээтэй цэнхэр өнгөтэй 220 вольтын тог гаргах хүчин чадал бүхий мотор нэг ширхэг, модон богино иштэй төмөр хүрз нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хар өнгийн урт цахилгааны утсыг бариул дээр ороосон мулдок нэг ширхэг, шар өнгийн олсоор бариул хийсэн цагаан өнгийн хувин нэг ширхэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мулдок, хүрз, хувин, мотор зэрэг нь шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг 2021 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө .............. аймгийн ............. сумын ............. багийн “.............” гэх газарт ашигт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 134200 төгрөгийн шууд хохирол /хх-78 тал/ учирсан нь “.............” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 1-д заасны дагуу газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин өсгөж 268400 төгрөгийн /хх-86 тал/, тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 363600 төгрөг /хх-86 тал/, нийт 632000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байх бөгөөд уг хохирол /хх-158-159 тал/ нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хэргийн 139-150 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Нямдорж нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын .............багийн .............тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Т.Халтархүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын ............. багийн 14 дүгээр гудамжны 44 тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, шүүгдэгч Э.Ганзориг нь нь “Баянговь” транс ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын ............. багийн ............. тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирол, нөхөн сэргээхэд зарцуулагдах хөрөнгө зэргийг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/61 тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, прокурортой ялын төрөл, хэмжээний талаар харилцан тохиролцсон, түүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Нямдорж, Э.Ганзориг, Т.Халтархүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ганзоригийн эзэмшлийн 7.113.051 төгрөгийн үнэлгээ бүхий .............улсын дугаартай ............. загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл айлд өвс буулгаж өгөхөөр явахдаа гэнэт үүссэн сэдлээр уг гэмт хэргийг үйлдсэн, энэ үйлдэлд уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Э.Ганзориг /РД: ................../-ийн эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөр өнгийн төмөр хүрээтэй цэнхэр өнгөтэй 220 вольтын тог гаргах хүчин чадал бүхий мотор нэг ширхэг, модон богино иштэй төмөр хүрз нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хар өнгийн урт цахилгааны утсыг бариул дээр ороосон мулдок нэг ширхэг, шар өнгийн олсоор бариул хийсэн цагаан өнгийн хувин нэг ширхэг зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байх бөгөөд эдгээр техник хэрэгсэл нь Б.Алтангэрэлийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул түүнд буцаан олгож, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №21/89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-103 тал/-ээр тогтоогдсон мотор, хүрз, молдок зэргийн үнэ 406050 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Лхагвасүрэнгийн Нямдорж, Боржигин овогт Эрдэнэбатын Ганзориг, Анчин овогт Төмөртогоогийн Халтархүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Э.Ганзоригийн эзэмшлийн 7.113.051 /долоон сая нэг зуун арван гурван мянга тавин нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий .............улсын дугаартай ............. загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч ............. аймгийн ............. сумын ............. багийн ............. тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэбатын Ганзориг /РД: .............../-ийн эзэмшилд үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн 220 вольтын цахилгаан үүсгэдэг “GENERATOR GANGTENG нэртэй мотор нэг ширхэг, модон богино иштэй төмөр хүрз, ногоон өнгийн бариултай хар өнгийн урт цахилгааны утастай молоток нэг ширхэг, цагаан өнгийн хуванцар канистерийн ёроол хэсгийг зүсэж хаясан, эрээн өнгийн олсоор бариул хийсэн хувин нэг ширхэгийг тус тус түүний эзэмшигч ............. аймгийн ............. сумын Эрдэнэ багийн 32б-8 тоотод оршин суух Баасандалайн Алтангэрэл /РД: ................... /-д буцаан олгож, цахилгаан моторын үнэ 247500 төгрөг, хүрзгий үнэ 8550 төгрөг, молдокны үнэ 150000 төгрөг, нийт 406050 /дөрвөн зуун зургаан мянга тавь/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 135.350 /нэг зуун гучин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Нямдорж, Т.Халтархүү, Э.Ганзориг нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД