| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2115000000152 дугаартай, 163/2021/0139/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хөгнө овогт Цэрэндагвын Эрдэнэбат /РД: ................. /, 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ........ аймгийн ............. суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “Баруун хажуу” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбат өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан яллах талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ............. сумын .......... дугаар багийн “.............” гэх газарт бэлчиж байсан өөрийн хонин сүрэгт нийлсэн Ш.Энхбатын эзэмшлийн 14 тооны алдуул малыг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000152 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ............. сумын 2 дугаар багийн “.............” гэх газарт бэлчиж байсан өөрийн хонин сүрэгт нийлсэн Ш.Энхбатын эзэмшлийн 14 тооны алдуул малыг өөрийн хонины имтэй ижил болгон өөрчлөн завшиж 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Малд үзлэг хийсэн: “Үзлэг хийх гэж буй мал нь иргэн Ш.Энхбатын мал бөгөөд ............. сумын ......... дугаар багийн “.............” гэх газарт өвөлжөөний хашаанд хашиж үзлэгийг хийв. Нийт хонь ямаа нийлсэн 1100 бог мал байсан бөгөөд Ш.Энхбатын хонь нь урдаасаа догол имтэй хонь байв. Эрдэнэбатаас буцааж авсан хонины чихний цус дөнгөж хатсан имтэй хонь байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4 тал/,
Хохирогч Ш.Энхбатын өгсөн: “Би ............. сумын 5 дугаар багийн “Ташуу” гэх газарт хаваржиж байсан юм. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хонио тоолоход 14 тооны хонь дутсан юм. Тэгээд хайгаад олохгүй байсан юм. Гэтэл тухайн үед манайхаас 4-5 км зайд орших .............гийн айл болох Эрдэнэбатын хонинд манай улаан толгойтой, хаа руугаа улаан зүсмийн цагаан зүстэй хөгшин хонь явж байсан юм. Тэгээд очоод хартал манай им буюу 2 чих нь урдаасаа догол имтэй хонийг 2 чихийг нь хулгар болгож имнээд эдгээгүй байсан. Тэгээд би Эрдэнэбат дээр очиж малаа авъя гэж хэлээд малаа буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Гэрч Д.Отгончимэгийн өгсөн: “Манайх 2021 оны 4 дүгээр сарын 26-ны үед малаа тоолоход 14 хонь дутаж байсан. Тэгээд тухайн үед манай нөхөр хайж яваад Эрдэнэбат гэх манайхтай ойролцоо байдаг айлын хонинд манай хонь байна, тасраад нийлсэн юм шиг байна. Ялгаж авч ирье гээд явсан. Тэгээд хонио аваад ирсэн чинь имийг нь өөрчлөөд хулгар имтэй болгочихсон им нь эдгээгүй байсан. Би хонио хараад шууд таньсан...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ТХХ/21-143 дугаартай: “2021 оны 4 дүгээр сарын байдлаар төлөг нэг ширхэг нь 80000 төгрөг, шүдлэн эм хонь нэг ширхэг нь 100000 төгрөг, нийт 1.180.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-22-26 тал/,
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байх өөрийн хонио хариулаад явж байхад манай хонин дунд 14 тооны бор халзан зүсмийн хонинууд явж байсан. Дээрхи 14 тооны хониноос 6 тооны хонины имийг өөрчилж өөрийн хонины имтэй адилхан болгоод 2-3 хонож байхад ............... аймгийн ............. сумын иргэн миний зүс таних хүн болох Ш.Энхбат намайг байхгүй байх үед гэрт хүрч ирээд 7 тооны хонио аваад явсан байсан. Дараа нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны үед байх Ш.Энхбат манайд хүрч ирээд үлдсэн 7 тооны хонио аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Энхбат, гэрч Д.Отгончимэг нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь малдаа нийлсэн 14 хонийг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдэж, түүний таних тэмдэг буюу малын имийг өөрчилж эзэмшилдээ авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн ............. сумын ......... дугаар багийн “.............” гэх газарт бэлчиж байсан өөрийн хонин сүрэгт нийлсэн Ш.Энхбатын эзэмшлийн 14 тооны алдуул малыг завшиж 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Энхбатад арван дөрвөн тооны бог мал буюу 1.180.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 тооны шүдлэн эм хонь, 11 тооны төлөгийг хохирогч Ш.Энхбатад биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосныг хохирогч, шүүгдэгч хэн аль нь хүлээн зөвшөөрч байна.
Мөн хохирогч Ш.Энхбатад шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ойлголоо, Ц.Эрдэнэбатаас хонио буцаагаад авчихсан тул надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 29-35 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, мал, тэжээвэр амьтны 2020 оны тооллогын бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ............. сумын .......... дугаар багийн “.................” гэх газарт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/133 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөгнө овогт Цэрэндагвын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эрдэнэбатыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД