| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00100/И |
| Дугаар | 130/ШШ2017/00210 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00210
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г банкны Баян-Өлгий салбар /захирал М.М /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, РД:БЮ*******, Ш овогт Х гийн Т ,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, РД:ЧЕ*******, Ш овогт К ий Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.М , хариуцагч Х.Т , К.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Т , К.Б нараас үндсэн зээл 9352848 төгрөг, хүү 362486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16320 төгрөг, нийт 9731655 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбарын захирал М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х овогтой Т , К овогтой Б нь Г банкнаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ЗГ*************** тоот ажлын байр нэмэгдүүлэх зээлийн гэрээгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Көксегений Б ы өмчлөлийн Баян Өлгий аймгийн, Өлгий сумын, 4 дүгээр баг, Их буланд байршилтай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зорь, Ханбүргэд ХХК-ийн өмчлөлийн Өлгий сумын 4 дүгээр багт орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4337,5 м.кв газрын хамт ЗБ*************** тоот Ипотекийн гэрээ, ЗБД*************** тоот Батлан даалтын гэрээ байгуулан барьцаалсан юм. Зээлдэгч X.Т , К.Б нь Г банктай байгуулсан гэрээний 4.2, 4.2.1, 4.2.4, 4.2.7-т заасан нөхцөл үүсэж, гэрээг зөрчсөн тул банк удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч одоо хүртэл төлж барагдуулаагүй тул 9,352,848 төгрөгийн үндсэн зээл, 362486 төгрөгийн хүү, 16320 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 9731655 /есөн сая долоон зуун гучин нэгэн мянган зургаан зуун тавин таван төгрөг/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Г банкны зүгээс иргэн Х.Т , К.Б нарт 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрыг нэмэгдүүлэхэд нь зориулж 30 сая төгрөгийн зээл олгосон. Өөрөөр хэлбэл тахианы фирмийг өргөтгөх, иргэдийг хүнсээр хангахад зориулж 30 сая төгрөгийн зээл олгосон. Энэ хүмүүс зээл авсан цагаасаа хойш зээлээ хугацаандаа төлж байгаагүй. Банкны зүгээс эдгээр хүмүүст боломжийн зээл олгосон байсан. Бид нар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан. Үнийн дүнг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байгаа. Энэ дүнгээс К.Б 5 сая төгрөгийг төлсөн байгаа. Эвлэрүүлэн зуучлагчид өгсөн мөнгө бол график хугацаанд төлөөгүй зээлийн өр, хүү байсан. Харин эцсийн хугацаа нь болсон, төлөгдөөгүй зээлийн төлбөр болох 9.731.655 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгө бол 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацаа хэтэрсэн зээл байгаа. Эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар К.Б , Х.Т нар бид гурав энэ мөнгийг төлье гэж тохиролцсон. Үүнээс К.Б илүү төлөлт 5 сая төгрөг төлсөн. Эвлэрүүлэн зуучлагчид хандах үед К.Бахыжтан 5 сая төгрөг, Х.Т 1.300.000 төгрөг төлөхөөр болж тохиролцсон боловч Х.Т энэ мөнгийг төлөөгүй. Одоо Г банкны нэхэмжилж байгаа 9.731.655 төгрөгөөс Х.Т н эвлэрүүлэн зуучлагчид төлөөгүй 1.336.100 төгрөгийг Х.Т төлөөд үлдсэн мөнгийг энэ хоёр хүн хувааж төлөх ёстой. Иймд хариуцагч нараас 9.731.655 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Т миний бие 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр К.Б тай хамтран Г банкнаас 30 сая төгрөгийн зээл авч хамтрагч К.Б ы үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан юм. 30 сая төгрөгийн 6 сая төгрөгийг К.Б ы эцэг А.Көксеген авч, үлдсэн 24 сая төгрөгийг К.Б бид хоёр тус бүр 12 сая төгрөгөөр тэнцүү хувааж авсан. Би 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтөө банканд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хийж, нийтдээ хүүгийн хамт 14787490 төгрөг тушааж төлөх өрөө барагдуулсан. А.Көксеген, К.Б бид гурав 30 сая төгрөгийг дээрх байдлаар хувааж авахад банкны захирал М.М , эдийн засагч Б.С нар байлцсан ба бид нараар баримт бичүүлж авсан. Тэд сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Авсан зээлээ К.Б өөрөө хариуцаж барагдуулах учиртай гэжээ.
Хариуцагч Х.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К.Б бид нар 6 дугаар сарын 05-ны өдөр Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас зээл авсан. Миний хадгаламжийн данснаас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр 1.456.479 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 19.200 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 1.446.300 төгрөг, 9 дүгээр сарын 05-ны өдөр 54.700 төгрөг, 9 дүгээр сарын 06-ны өдөр 1.439.500 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 1.360.000 төгрөгийг тус тус суутгаж авсан байна. Миний бие өөрийн биеэр 12 дугаар сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.430.000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1.420.000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 8 дугаар сарын 08-ны өдөр 420.000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 1.420.000 төгрөгийг тус тус төлсөн. Би банкнаас авсан энэ зээлийг барагдуулсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл надад одоо өр байхгүй гэв.
Хариуцагч К.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Т тай хамтарч Г банкнаас зээл авсан маань үнэн. Тухайн үед 30 сая төгрөгийн төсөл оруулаад дэмжүүлээд Г банкнаас 30 сая төгрөгийн зээл байсан. Бид нар гартаа 25 сая төгрөгийг бэлнээр авсан бөгөөд 5 сая төгрөг дансанд байршуулсан байсан. Тэр нь 11 дүгээр сар хүртэл тооцогдоод дуусах ёстой байсан. Дараа нь бид нар ээлжлээд зээлийг төлөх байсан. Би өөрийнхөө хуваарийн дагуу сар болгон зээлээ төлж явж байгаа. Миний төлөх сар 6 дугаар сар хүртэл байсан. Нэгэнт зээлийн гэрээг цуцалсан учраас би төлөх мөнгөө төлөөд явах болно. Миний хувиас ямар нэгэн асуудал байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь анх тус шүүхэд хариуцагч Х.Т , К.Б нараас үндсэн зээлийн төлбөр 9,352,848 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 362486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16320 төгрөг, бүгд 9,731,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаат хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Т , К.Б нарт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №*************** дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийн ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийг жилийн хүү 10 хувь, сарын хүү 0.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгожээ.
Хариуцагч нар нь зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.2, Ипотекийн гэрээний 2.1 дэх дахь хэсэгт заасан Ө сумын * дүгээр багт байрлах, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 4337,5 м.кв талбайтай 25 жилийн хугацаатай, 031304101 талбарын дугаартай газар, гэрчилгээний *************дугаартай, Ө сумын * дүгээр баг Их булан-д байрлах Ү-***************улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зоорийг барьцаалсан байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд зээл тооцооны үүрэг буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд ... банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Хариуцагч нар Г банкны Баян-Өлгий салбараас авсан зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь тэдний шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ*************** дугаар гэрээний 4.2.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хөрөнгийг зээлдэгч зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулсан буюу зарцуулах гэж буй нь тогтоогдвол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбараас хариуцагч Х.Т , К.Б нарын авсан зээл нь 85 хоногийн хугацаа хэтрэлээр гарсан 4221184 төгрөгөөс К.Б аас 2885092 төгрөг, Х.Т гаас 1336092 төгрөгийг төлүүлж өгөхөөр Баян-Өлгий аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр К.Б нь 2885092 төгрөг, Х.Т 1336092 төгрөгийг тус тус 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болж 397 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг эвлэрлийн гэрээг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2349 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Үүнээс дүгнэхэд хариуцагч нар нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбараас авсан зээлээ тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө мөн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрэлтэй явсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Х.Т , К.Б нар нь тус шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2349 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан-аас хойш зээлийн төлбөрийг 3 сараар хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч, зээлдэгчид 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн эсэхэд маргаагүй ба харин хариуцагч Х.Т нь банканд зээлийн төлбөрт 14,787,490 төгрөг төлсөн гэж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэвлэж олгосон дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн боловч уг хуулгаас үзэхэд Х.Т гийн өөрийн биеэр болон *************** дугаар данснаас зээлийн төлбөрийг суутгуулж байсан байна. Уг *************** дугаар дансанд иргэн А.Көксеген 4 удаа нийт 5,342,000 төгрөг тушаасан нь харагдаж байгаа боловч хариуцагч Х.Т нь өөрөө 14,787,490 төгрөгийг банканд төлсөн талаарх орлогын баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Хариуцагч Х.Т нь Г банкны Баян-Өлгий салбараас 30,000,000 сая төгрөг авснаас хариуцагч К.Б ы эцэг А.Көксеген 6,000,000 төгрөг, үлдсэн 24,000,000 сая төгрөгийг тус бүр 12 сая төгрөгөөр хувааж авсан гэж маргажээ.
Гэтэл нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ*************** дугаартай Зээлийн гэрээ, барьцааны гэрээг иргэн А.Көксегентэй биш хариуцагч Х.Т болон К.Б нартай байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээгээр нотлогдож байх тул хариуцагч Х.Тилеубагийн уг тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбараас авсан 30,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг А.Көксегенд өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгч чадаагүй болно.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбараас хариуцагч нарт олгосон 30,000,000 төгрөгийн зээлээс тус банкнаас шимтгэлд 30000 төгрөг, Зээлийн батлан даалтын сангийн шимтгэлд 300,000 /гурван зуун мянган/ төгрөг, 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийг хариуцагч Х.Т гийн ************** дугаартай дансанд байршуулж байгаад зээл, хүүгийн төлбөрт татсан болох нь шүүхэд гэрчээр асуугдсан Б.С ын гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдож байгаа ба дээрх 6030000 /зургаан сая гучин мянган/ төгрөгийг хариуцагч тус бүр 3015000 төгрөг төлснөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Уг 30,000,000 төгрөгийн зээлээс хариуцагч К.Б нь 12,400,000 төгрөг, Х.Т нь 12,900,000 төгрөг авсан гэж тэд Г банканд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарын баримт бичиж өгсөн боловч хариуцагч нар тус банкнаас авсан 30,000,000 төгрөгөөс тус бүр 12,000,000 төгрөг авсан болох нь хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, үлдсэн 6,000,000 төгрөгийг хариуцагч Х.Т гийн ************** дугаартай дансанд байршуулж зээл төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын эдийн засагч Б.С ын гэрчийн мэдүүлэг болон тухайн данснаас зээлд суутгасан дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нар дээрх 30,000,000 төгрөгөөс хариуцагч Х.Т нь үндсэн зээл болон хүүгийн хамт 10215000 төгрөг (7200000+3015000) төгрөг, хариуцагч К.Б үндсэн зээл болон хүүгийн хамт 13615000 (10600000+3015000) төгрөг, бүгд 23830000 /хорин гурван сая найман зуун гучин мянган/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нар 30,000,000 төгрөгийг авсан өдрөөс төлж дуусах хүртэл үндсэн зээлийг хүүгийн хамт бүгд 33,149,315 төгрөг төлдөг болох нь зээлийн эргэн төлөлтийн графикаар нотлогдож байгаа бөгөөд уг мөнгийг хоёр хариуцагчид тэнцүү хувааж тооцвол хариуцагч тус бүр 16574658 (33149315/2) төгрөг төлдөг болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Х.Т нь төлөх ёстой 16574658 төгрөгөөс 10215000 төгрөг төлж үлдэгдэл 6359658 (16574658-10215000) төгрөгийг, хариуцагч К.Б нь 16574658 төгрөгөөс 13615000 төгрөг төлж үлдэгдэл 2959658 (16574658-13615000) төгрөгийг мөн хариуцагч нар авсан зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас 412339 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гарсан байх ба үүнийг хариуцагч тус бүрд 206169 (412339/2) төгрөгөөр тэнцүү тооцож дээрх төлөх зээлд нэмж тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбараас нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тус бүрээс нэхэмжлээгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Х.Т гаас 6565827 төгрөг, хариуцагч К.Б аас 3165828 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хавтаст хэрэгт авагдсан байх ба хариуцагч нар үүргээ үл биелүүлсэн тул зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөс хангуулахыг шаардсан нь үндэслэлтэй байна.
Зохигчдын мэдүүлэг, зээлийн гэрээний хавсралт, зээл төлөх хуваариар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй байх ба нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон дараа нэг ч төгрөг төлөөгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Т , К.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ*************** дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зохигчид нь барьцаа гэрээ байгуулж, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 4337,5м.кв талбайтай 25 жилийн хугацаатай, 031304101 талбарын дугаартай газар, гэрчилгээний *************дугаартай, Өлгий сумын 4 дүгээр баг Их булан-д байрлах Ү-***************улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зоорийг барьцаалсан болох хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ*************** дугаартай барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас улсын бүртгэлийн 9081005051 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Оранж плаза төвийн 305 тоот хаягт орших Зээлийн Батлан Даалтын Санг төлөөлж Зээлийн Батлан Даалтын сангийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгч Солтан овогтой Лара, нөгөө талаас зээлдэгч улсын бүртгэлийн 9016001014 тоот дугаартай, Г банкны Баян-Өлгий аймгийн салбарыг төлөөлж захирал Мамбарын М , гурав дахь талаас БЮ******* регистрийн дугаартай зээлдэгч Х гийн Т нар хоорондоо БДГ*************** дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан байна.
Гэвч нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбар нь тус шүүхэд үндсэн хариуцагч Х.Т , хамтран хариуцагч К.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбарын хариуцагч нараас нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 /есөн сая долоон зуун нэгэн мянган зургаан зуун тавин таван/ төгрөгөөс хариуцагч Х.Т гаас 6565827 төгрөг, хариуцагч К.Б аас 3165828 төгрөгийг тус тус гаргуулан Г банкны Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т гаас 85325 төгрөг, К.Б аас 85325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овогт Х гийн Т , Ш овогт К ий Б нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 /есөн сая долоон зуун нэгэн мянган зургаан зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.Т , К.Б нар нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт заасан Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 4337,5 м.кв талбайтай, 25 жилийн хугацаатай, 031304101 талбарын дугаартай газар, гэрчилгээний *************дугаартай, Өлгий сумын 4 дүгээр баг Их булан байрлах Ү-***************улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зорь зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т , К.Б нараас 170656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ