Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх,

Шүүгдэгч Б.Шинэболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Шинэболдод холбогдох эрүүгийн 2115000550135 дугаартай, 163/2021/0143/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баясгалангийн Шинэболд /РД: .........................../, 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................................... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ................ аймгийн .................. сумын ....... дугаар багийн ...... дугаар хэсгийн ......... тоотод оршин суух, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Шинэболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шинэболд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 14-17-ны хооронд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас тээврийн хэрэгсэл авах 8.400.000 төгрөгийг гаргуулж аваад Засаг даргатай хамт Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод машин үзсэн боловч 8.400.000 төгрөгөнд таарах машин байгаагүй. Шинээр орж ирсэн машиныг 13.800.000 төгрөгөөр авсан. Буруу тооцооллоос болж алдаа гаргалаа. Гэм буруу дээр маргах зүйлгүй, хариуцлагаа хүлээх болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаатар, гэрч Ц.Тэгшжаргал, Б.Гэрэлсайхан, Х.Ууганбаяр, Г.Оюунгэрэл, Б.Шинэболдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Б.Шинэболдыг Булган аймаг дахь цагдаагийн газрын Бугат сумын цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрийн хооронд цагдаагийн хэсэгт 8.400.000 төгрөгөөр авто машин худалдан авах эрх олгосны дагуу Улаанбаатар хотоос автомашин худалдаж авахдаа 8.400.000 төгрөгийг хувьдаа завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоос 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3.400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй тохиролцсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

Эрүүгийн 2115000550135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Шинэболд нь Булган аймаг дахь цагдаагийн газрын Бугат сумын цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрийн хооронд тус сумын Засаг даргын тамгын газраас цагдаагийн хэсэгт авто машин худалдан авах эрх олгосны дагуу 8.400.000 төгрөгийг хүлээн авч Улаанбаатар хотоос авто машин худалдаж авахдаа өөрийн нэр дээр Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авч,  сумын засаг даргын тамгын газраас олгосон 8.400.000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Иргэний нэхэмжпэгч Н.Отгонбаатарын өгсөн: “Бугат сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Тэгшжаргал нь 2015 оны 1 дүгээр сард Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Баян айраг гэх газраас ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон. Тус аймгийн прокурорын газраас Ц.Тэгшжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Тэгшжаргалын буруутай үйлдлийн улмаас төрийн эрх ашиг зөрчигдөж төрд 38.476.800 төгрөгийн хохирол учирсан юм. Уг төлбөрийг Ц.Тэгшжаргал нь сумын засаг даргын тамгын газарт уурын зуухны түлшний мод бэлтгэн нийлүүлж төлөх эвлэрлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. 2019 оны 9 дүгээр сарын үед сумын цагдаагийн хэсэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл авч өгөх зорилгоор Ц.Тэгшжаргалаас бэлнээр 8.400.000 төгрөгийг гаргуулан Бугат суманд хэв журмын цагдаагаар ажиллаж байсан Б.Шинэболдод өгсөн. Тухайн үед сумын засаг дарга Х.Ууганбаяр, хурлын дарга Г.Цэцэгээ нар нь албан ажпаар Улаанбаатар хот руу явах ажил гараад цагдаа Б.Шинэболдыг авч явсан юм. ...Б.Шинэболд цагдаа Улаанбаатар хотоос цэнхэр өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл аваад ирсэн байсан. Уг тээврийн хэрэгслийг сумын засаг даргын тамгын газрын өмчид бүртгээд цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгөх гэтэл Б.Шинэболд нь уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэрээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч Ц.Тэгшжаргалын өгсөн: “...Уг төлбөрөөр Бугат сумын цагдаагийн хэсэгт автомашин авч өгөх шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу автомашиныг бэлэн 8.400.000 төгрөгт багтааж аваарай гэж үүрэг чиглэлийг сумын засаг дарга Х.Ууганбаяраас тухайн үед Бугат суманд ажиллаж байсан Б.Шинэболд цагдаа бид хоёрт өгч байсан. Тухайн үед би мал харах хүнгүй болчихоод явж чадахгүй гэдгээ засаг даргад хэлсэн. Тэгээд Б.Шинэболд албандаа машин авахаар Улаанбаатар хот руу явсан. Хэд хоногийн дараа Б.Шинэболд хотоос ирээд намайг гэртээ байж байхад утсаар дуудсан. Намайг очтол “би хотоос ирчихлээ, агаа машинаа үз 13.500.000 төгрөгөөр худалдаж авлаа” гэж надад хэлэхээр нь би “чи дахиж мөнгө нэмж авсан юм уу” гэсэн чинь Шинэболд “ЗДТГ-аас 5 сая төгрөг нэмж авсан” гэж надад хэлж байсан. 2020 оны намар хэсгийн төлөөлөгч Оюунгэрэл, Шинэболд хоёр манай албаны гэх машиныг ББСБ-аас өөрийн нэр дээр зээл аваад авч ирсэн байна, тэгээд ББСБ-д төлбөрийг нь төлөхгүй байж байгаад ББСБ-с машиныг буцаагаад аваад явчихсан, чамайг удахгүй дуудах байх гэж хэлэх үед би мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч Б.Гэрэлсайханы өгсөн: “...Б.Шинэболд гэх хүн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай Да Хүрээ захын салбараас “Тоёота приус-20” загварын автомашиныг 13.800.000 төгрөгөөр авах хүсэлтэй байсан бөгөөд урьдчилгаан 6.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл, 7.800.000 төгрөгөнд сарын 4.1 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл хүсэж, манай ББСБ-аасс зээлийн материалыг судалж түүнд 7.800.000 төгрөгний зээл олгосон. Ингэхдээ Б.Шинэболд өөрийнхөө нэр дээр зээл авсан... бид зээл олгоод 7.800.000 төгрөгийг борлуулагч Х.Амартүвшингийн данс руу шилжүүлсэн. Урьдчилгаа 6.000.000 төгрөгийг Х.Амартүвшинд журмын дагуу өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Х.Ууганбаярын өгсөн: “...Манай Бугат сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Тэгшжаргал нь 2018 онд Бугат сумын нутгаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад тухайн эрхийн бичигт заасан газраас бэлтгэх байтал өөрийнхөө гэрийн урд уулнаас мод бэлтгэж цагдаагийн байгууллагад шалгагдаад шүүхээр шийтгүүлж 40 сая төгрөгний хохирлыг Бугат суманд төлөхөөр шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Тухайн үед Тэгшжаргал нь суманд төлөх ёстой хохирлыг бэлэн мөнгөөр төлж чадахгүй байсан учраас сумтай гэрээ байгуулаад сум орон нутагтаа түлшний мод бэлтгэж хохирлоо барагдуулахаар болсон. Тэр үед сумаас тамгын газрын өвлийн түлшний модыг бэлтгэх ажилд 10 сая төгрөг төсөвлөгдсөн байсан ба мөн сумынхаа цагдаагийн албанд тээврийн хэрэгсэл шийдэж өгөх талаар ярьсан байсан. Тэгээд тамгын газрын түлшний модыг Тэгшжаргалаар бэлтгүүлээд төсөвт байсан 10 сая төгрөгөөс бэлэн мөнгөний шимтгэл хасаад 8.400.000 төгрөгийг ажлын хөлс болгоод Ц.Тэгшжаргалын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Үүний дараагаар Ц.Тэгшжаргал хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Оюунгэрэл бид нар хоорондоо яриад Тэгшжаргалын ажлын хөлсөндөө авсан 8.400.000 төгрөгөөр цагдаагийн албанд машин аваад 10 сая төгрөгөөр үнэлж аваад сумын эд хөрөнгөд бүртгээд Цагдаагийн албанд хүлээлгэж өгөөд Тэгшжаргалын суманд төлөх ёстой 40 сая төгрөгнөөс хасъя гэж ярилцсан. Машин авахдаа Тэгшжаргал нь өөрийнхөө нэр дээр аваад суманд хүлээлгэж өгье гэж ярьсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Г.Оюунгэрэл Булган аймгийн төвөөс машин авахаар харсан байгаа гэж надад хэлж байсан. Тэгсэн манай сумын цагдаа байсан Б.Шинэболд нь Ц.Тэгшжаргал дээр очоод нөгөө 8.400.000 төгрөгийг дансандаа хийлгэж аваад Улаанбаатар хот руу намайг ажлаар явах гэж байхад хамт явсан. Би Шинэболдоос “Тэгшжаргал яасан юм бэ” хамт явах ёстой гэж хэлэхэд “Тэгшжаргал явж амжихгүй ажилтай гэсэн” гэж надад хэлсэн. Мөн Шинэболдоос “хэсгийн төлөөлөгчдөө хэлсэн юм уу” гэхэд “намайг яваад машинаа аваад ир гэсэн, манай ахад цагаан, хар хөх 2 машин байгаа тэр хоёрын нэгийг нь үзэж байгаад авна” гэж хэлсэн. Би Шинэболдыг “Инвескор” ББСБ-аас орж ирсэн шинэ машин өөрийн нэрээр гэрээ хийж 13.800.000 төгрөгөөр авах гэж байгаа талаар огт мэдээгүй. Надад энэ талаар хэлж байгаагүй. Машинаа аваад суманд ирэхээр нь сумын эд хөрөнгөнд машиныг бүртгэх гэсэн боловч бүртгүүлэхгүй байсан. Тэгсэн аймгийн төвөөс нэг цагдаа ирсэн, одоо нэрийг нь санахгүй байна, суманд авсан машиныг хэдэн оны машин бэ, хэзээ орж ирсэн гэдгийг нь торгуулийн бэлэн бусын машинаар үзээд “өө энэ машин чинь банк бусын нэр дээр байдаг юм байна” гэж хэлсэн. Энэ үед л би өөрийн суманд авсан машиныг банк бусаар авсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/,

Гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн: “...Намайг 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр амралтаа аваад ороход сумын засаг даргын тамгын газраас цагдаагийн албан хэрэгцээнд цэнхэр өнгийн “приус 20” загварын суудлын тээврийн хэрэгсэл авч өгсөн юм. Ингэхдээ Б.Шинэболд нь сумын засаг даргын тамгын газраас бэлэн мөнгө аваад Улаанбаатар хот орж уг машиныг авсан байсан. Би ажилдаа амарч орж ирээд албан хэрэгцээнд уг тээврийн хэрэгслийг 1 сар гаран унаад Б.Шинэболдоос “машин ямар учраас хотын дугаартай байгаа юм бэ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байгаа юм уу” гэж асуухад надад гаргаж өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад банк бусаар авсан байсан ба ямар учраас уг тээврийн хэрэгслийг авсан талаар асууж тодруулахад сумын засаг даргын тамгын газраас өгсөн мөнгө нь машин авахад хүрэлцэхгүй байсан учраас би өөрийнхөө нэр дээр машин авчихлаа. Та миний нэрээр банк бусаар авсан машиныг унаад байна. Би өөрийнхөө машиныг унамаар байна гэж хэлсэн юм. Үүнээс хойш уг машиныг албанд унахгүй грашд байлгаж хааяадаа гаргаж эргүүл постонд машингүй үед ганц нэг удаа шинээр ирсэн Н.Батсайхан цагдаа унадаг байсан. Банк бусаас нь машины төлбөр тооцоог хийхгүй байна, машин тэргээ хурааж авна гэж Улаанбаатар хотоос надруу ярьдаг ба уг асуудлыг сумын тамгын дарга Н.Отгонбаатарт танилцуулахад Б.Шинэболдоос мөнгөө авч байж машиныг нь өгнө гэдэг байсан. Үүнээс хойш 2020 оны 3 дугаар сард Б.Шинэболдын аав Баясгалан гэдэг хүн банк бусын хүмүүстэй Бугат суманд ирээд машины төлбөр тооцоог 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хийж дуусгаад машинаа авна гэж хэлээд банк бустай гэрээ байгуулаад байсан. Машины түлхүүрийг банк бусын газраас ирсэн хүмүүс авч явсан юм. Ингээд 2020 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын 25, 26-ны өдрийг хүртэл цагдаагийн хэсгийн граж дотор приус-20 загварын тээврийн хэрэгсэл байж байгаад банк бусаас хүрч ирээд машинаа аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Шүүгдэгч Б.Шинэболдын Хаан банкны харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-71-74 тал/,

“.................” улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн №02462471 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-52 тал/,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-55 тал/,

Зээлийн хүсэлт, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-62-68 тал/,

Шүүгдэгч Б.Шинэболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруутай үйлдэлдээ маргаж байгаа зүйл байхгүй. Тухайн үед би албандаа нэг аятайхан шинэ машинтай болчих юмсан гэж бодоод тухайн машиныг зээлээр авсан. Ингэхдээ сүүлд нь гарах үр дүнг сайн тооцоолж бодохгүйгээр хөнгөмсөгөөр шийдвэр гаргаж машин авах ёстой мөнгөнөөс илүү өндөр үнээр машин аваад зөрүү мөнгөнөөс машинд техник хэрэгсэл авч мөн буудалд хонох, хоол унд зэрэгт 1.000.000 гаруй төгрөг хувьдаа үрчихсэндээ гэмшиж байна. Би 1.054.120 төгрөгийг төлж барагдуулна. Буруугаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээнэ. Болсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан учраас одоо дахиж ярихгүй” гэх мэдүүлэг /хх-92-93 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаатар, гэрч Ц.Тэгшжаргал, Б.Гэрэлсайхан, Х.Ууганбаяр, Г.Оюунгэрэл нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Шинэболдын үйлдэл идэвхтэй, өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Шинэболдын үйлдлийг гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Шинэболдын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 8.400.000 төгрөгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шинэболдыг Булган аймаг дахь цагдаагийн газрын Бугат сумын цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрийн хооронд Бугат сумын Засаг даргын тамгын газраас цагдаагийн хэсэгт 8.400.000 төгрөгөөр авто машин худалдан авах эрх олгосны дагуу хүлээлгэн өгсөн 8.400.000 төгрөгийг хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Шинэболдын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт 8.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба шүүгдэгч Б.Шинэболд нь иргэний нэхэмжлэгчтэй эвлэрч харилцан тохиролцсоноор 5.000.000 төгрөгийг төлж, үлдэх хохирол болох 3.400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна. Иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар холбогдоход “надад ямар нэг гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, үлдэгдэл мөнгөө цаг хугацаанд нь төлчихвөл өөр асуудал байхгүй” гэх тайлбарыг гаргаж байна.

Иймд хохирол 3.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Шинэболдоос гаргуулж Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Шинэболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шинэболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Шинэболдын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 101-115, 122-127 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаал, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ойн хүндэт тэмдэг, баярын бичиг, “Гэрэлт цогцолбор” ХХК-ийн захирлын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Шинэболд нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн .............. сумын ....... дугаар багийн ....... дугаар хэсгийн ......... тоотод амьдардаг, “................” ХХК-д ...................... ................. ажилтай, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй байгаа зэрэг түүний хувийн болон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Шинэболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4/27 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Шинэболдын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Шинэболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Шинэболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял дээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 13.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Б.Шинэболдын хөрөнгө орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэболдод оногдуулсан 13.300.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Шинэболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баясгалангийн Шинэболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэболдыг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Шинэболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.800.000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13.300.000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэболдод оногдуулсан 13.300.000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Шинэболдод сануулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Шинэболд нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шинэболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Шинэболдоос хохиролд 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД