| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарт холбогдох эрүүгийн 2115000000147 дугаартай, 163/2021/0145/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Жагар овогт Дүүрэнгийн Оюунбаатар /РД: ................../, 1966 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гануурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .............. аймгийн .............. сумын ....... дүгээр багийн ............. дугаар гудамжны .......... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Бэрх овогт Дашцэдэнгийн Баяржаргал /РД: .............. /, 1972 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........... аймгийн ......... сумын ......... дүгээр багийн ......... дүгээр гудамжны .......... тоотод оршин суух, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Монгол Улсын иргэн, Доной овогт Маруушийн Үүрийнтуяа /РД: ГД72110476/, 1972 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ........... аймгийн ........ сумын ...... дүгээр багийн ......... хороонд оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 3 сар, 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Үүрийнтуяа өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяржаргал өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюунбаатар өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарыг бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Цагаан чулуут” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134 400 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарыг тус тус 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, улсын яллагчийн санал болгосон 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2115000000147 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Цагаан чулуут” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134 400 төгрөгийн шууд хохирол учруулж Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...оролцогч М.Үүрийнтуяагаар ухсан нүхийг өөрөөр нь заалгаж хэргийн газрын үзлэгийг хийхээр тогтов. Оролцогч М.Үүрийнтуяа нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэг нүх ухсан гэж өөрөө зааж байх ба ухсан нүхний ойролцоо хуучин ухагдсан олон тооны нүх байв. Нүхний өргөн 60 см, урт 1 метр, гүн нь 2 метр 70 см хэмжээтэй гар аргаар багаж хэрэгсэл ашиглаж ухсан байв. ...” гэх /хх-3-4 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8 тал/,
Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол “.............. аймгийн ......... сумын ....... дүгээр багт оршин суух М.Үүрийнтуяагийн өмчлөлийн хар өнгийн .................. улсын дугаартай , 1994 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсын хилээр 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орж ирсэн, Соната-2 загварын суудлын тээврийн хэрэгслийг ............... аймгийн ........... сумын .......... дүгээр багт оршин суух М.Үүрийнхаяагийн хашаанд битүүмжилсэн. ...” гэх /хх-9 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржавын өгсөн: “Уг газар дээр ашигт малтмал олборлож байгаагүй. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан эрүүл газар байсан. Ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл байхгүй газар юм. 2021 оны 4 дүгээр сарын эхээр иргэд хууль бусаар, гар аргаар газрын хэвлийд халдаж алт олборлоод байгаа, “Цагаанчулуут гэх газарт иргэд гар аргаар газар ухаж алт олборлоод байна” гэж эхний дуудлага мэдээлэл нь 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дашинчилэн суманд ирсэн. Иргэд хууль бусаар, гар аргаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдсанаар байгаль экологид тогтоцоороо байгаа хөрс ургамал, малын бэлчээр устаж байна. Сумаас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Цагаан чулуут” гэдэг газарт эвдэгдсэн газрын шороог нүх рүү нь булж тэгшилсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд нэг зуун литр түлшийг зарцуулж ажилласан байгаа. Иймд хууль бусаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдсан иргэдийг олж тогтоон байгаль экологид учирсан хохирол, сумаас нүх булахад гарсан зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-36-38 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржавын дахин өгсөн: “...Нөхөн сэргээлтийн зардал гэж 363817 төгрөгийг 100040555402 дугаарын төрийн сангийн данс руу тушаасан байсан. Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар нь байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул сумын Засаг даргын тамгын газраас ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-40 тал/,
Гэрч А.Ренчингийн өгсөн: “...Тус газар дээр ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Сумын орон нутгийн тусгай хамгаалалтад 2015 онд авсан В хэсэгт хамаарагдана. 2021 оны 4 дүгээр сараас иргэд хууль бусаар, гар аргаар ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж нүх ухаж эвдэгдсэн газрууд байгаа. 2021 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл 0,8 га газар эвдэгдсэн байна. Эвдэгдсэн газарт нүхийг шороогоор булж нөхөн сэргээлт хийгддэг боловч нэмж шинээр эвдэгдээгүй, газарт иргэд гар аргаар газрын хэвлийд халдаж нүх ухсан байсан...” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,
Гэрч Э.Энхтөгсийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 21-ний орой харанхуй болж байхад 20 цагийн үед манай хадам аав М.Үүрийнтуяа “хойшоо алт гараад байна очино” гэхээр нь би явж үзье, харъя гэж хэлээд машинд суугаад алт гараад байгаа гэх газарт очсон. Тухайн газар 10-аад машинтай баахан хүмүүс байсан. Би машин дотроос буулгүй машиндаа үлдээд хадам аав Үүрийнтуяа, Оюунбаатар, Баяжаргал нар машинаасаа буугаад нүх ухна гээд явцгаасан. Намайг машин дотор зүүрмэглээд унтаж байхад цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд машин дотор цахилгаан гаргадаг мотор бусад багажнуудаа хийгээд буцаад Дашинчилэн сумруу орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-57-59 тал/,
Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн: “Уг газарт явагдсан үйл ажиллагаа нь хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явагдсан байна. Дээрхи үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 134.400 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 363.817 төгрөг болж байна. Уг эвдэрсэн талбай нь Байгалийн унаган төрх түүх, соёлын дурсгалт газрын зориулалттай, К8РТ-01747 дугаартай орон нутгийн тусгай хэрэгцээний газрын В хэсэгт хамаарч байна. Уг эвдэгдсэн газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэгдээгүй, эрүүл газар байсан байна. ...” гэх дүгнэлт /хх-72-95 тал/,
Байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөр тооцсон Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн: “Байгаль экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг “Нуман Алтай” ХХК нь 134.400 төгрөг гэж тооцсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д заасны дагуу хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 268.800 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна” гэх дүгнэлт /хх-103 тал/,
Шүүгдэгч Д.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн оройн 20 цагийн орчимд өөрийн найз Үүрийнтуяа, хүргэн Энхтөгс, Баяржаргал нарын хамтаар Дашинчилэн сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байрлах газарт алт гарч байна гэж сураг сонсоны дагуу гар аргаар алт олборлохоор тухайн газар руу явж очсон. Тухайн газарт очоод ойролцоогоор 50-60 см зайд ухчихсан байсан нүхийг нэмж ойролцоогоор нэг метр гаран ухаж байх үед цагдаа нар ирж улмаар саатуулагдсан. “Соната 2” загварын тээврийн хэрэгслээр ирцгээсэн ба тухайн машин нь Үүрийнтуяагийнх байсан. Мөн мулдок, 220 вольтын тог гаргагч мотор, салхиар үлээгч бүхий сэнс зэргийг Үүрийнтуяа авчирсан. Тухайн үед лоом, хүрз зэргээр газар ухаж байсан. Хүрз, лоом нь Үүрийнтуяагийнх байсан юм” гэх мэдүүлэг /хх-172-173 тал/,
Шүүгдэгч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найз Д.Оюунбаатар, М.Үүрийнтуяа, түүний хүргэн болох Энхтөгс нарын хамт Дашинчилэн сумын 3 дугаар багийн “Цагаан чулуут” гэх газарт хэр алт гарч байгааг сонирхохоор явсан. Д.Оюунбаатар, М.Үүрийнтуяа бид гурав уулзаад хоорондоо “Доргонтод алт сайн гарч байна гэнэ, гурвуулаа явъя” гэж ярилцаад очсон юм. “Цагаан чулуут” гэх газарт очиход зөндөө хүмүүс байсан ба метал илрүүлэгчээр алт хайгаад, зарим нь нүх ухаад байж байсан. Тэнд байсан хүмүүс 2-3 нүхэнд алт сайн гарч байна гэж яриад байхаар нь Д.Оюунбаатар, М.Үүрийнтуяа бид гурав хэмжээг нь мэдэхгүй байна доош ухсан нүхийг үргэлжлүүлэн ухаж эхлээд байж байхад нэг энгийн хувцастай хүн ирээд бид нарыг шалгаад цагдаа гэдгээ хэлсэн чинь тэнд байсан хүмүүс бүгд зугтсан” гэх мэдүүлэг /хх-178 тал/,
Шүүгдэгч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “Би найз Баяржаргал, Оюунбаатар, манай хүргэн Энхтөгс нарын хамтаар 2021 оны 5 дугаар сарын үед байхаа цаг хугацааг мэдэхгүй байна. Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багийн “Цагаан чулуут” гэх газарт гар аргаар алт олборлох гээд явсан. Тэгээд тухайн газарт очиход хуучин ухчихсан нүх байхаар нь тухайн нүхийг нэмээд цааш ухсан. Тэгээд ойролцоогоор шөнийн 22 цагийн орчимд энгийн хувцастай хүмүүс ирж биднийг саатуулсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн суудлын автомашинтай явсан. Мөн 220 вольт гаргадаг мотор, мулдок, мотор зэрэг байсан боловч дээрх багажнууд нь машины багажинд байсан. Газар ухахад ашиглаагүй. Харин нүхийг үргэлжлүүлэн ухахад хүрз, хувин зэргийг ашигласан. 220 вольтын тог гаргадаг мотор нь манай хөрш айлынх байгаа юм. Түүнээс бусад эд зүйлс нь дандаа минийх байгаа юм” гэх мэдүүлэг /хх-183-184 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензинээр ажилладаг 220 вольтын хүчдэл гаргадаг мотор нэг ширхэг, мулдок нэг ширхэг, үлээгч сэнс бүхий мотор нэг ширхэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензинээр ажилладаг 220 вольтын хүчдэл гаргадаг мотор нэг ширхэг, мулдок нэг ширхэг, үлээгч сэнс бүхий мотор нэг ширхэг зэрэг нь шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Цагаан чулуут” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 134.400 төгрөгийн шууд хохирол /хх-95 тал/ учирсан нь “Нуман Алтай” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 1-д заасны дагуу газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин өсгөж 268.800 төгрөгийн /хх-103 тал/, тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 363.817 төгрөг /хх-95 тал/, нийт 632617 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байх бөгөөд уг хохирол /хх-30 тал/ нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 125-155 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оюунбаатар нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........... аймгийн ............ сумын ........ дүгээр багийн .............. дугаар гудамжны .......... тоотод хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй; шүүгдэгч Д.Баяржаргал нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........... аймгийн ............... сумын .......... дүгээр багийн ........... хорооны ........ дүгээр гудамжны ....... тоотод амьдардаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан; шүүгдэгч М.Үүрийнтуяа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .................. аймгийн ................ сумын ............ дүгээр багийн ................ хороонд амьдардаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/64 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, прокурортой ялын төрөл, хэмжээний талаар харилцан тохиролцсон, түүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Үүрийнтуяа, Д.Баяржаргал, Д.Оюунбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь энэ зүйлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй юм.
Гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааны хувьд гэнэт үүсэж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулахдаа тээврийн хэрэгслийг ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Үүрийнтуяагийн эзэмшлийн 500000 төгрөгийн үнэлгээ бүхий .................. улсын дугаартай “Sonata II” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Доной овогт Маруушийн Үүрийнтуяа /РД: .................../-ийн эзэмшилд үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын газрын хэвлийд халдаж, ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглахад хэрэглэсэн 175000 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай салхи үлээгч моторыг түүний эзэмшигч Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн иргэн Батжаргалд буцаан олгож, түүний үнэ 175000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 180000 төгрөгийн үнэлгээ бүхий мулдок нэг ширхэг, 300000 төгрөгийн үнэлгээ бүхий 220 вольт гаргах хүчин чадалтай цахилгаан үүсгэгч мотор нэг ширхэг зэргийг тус тус хурааж, үнийг тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жагар овогт Дүүрэнгийн Оюунбаатар, Бэрх овогт Дашцэдэнгийн Баяржаргал, Доной овогт Маруушийн Үүрийнтуяа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарыг тус тус 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Үүрийнтуяагийн эзэмшлийн 500000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .................... улсын дугаартай “Sonota II” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний эзэмшигч болох М.Үүрийнтуяагийн эзэмшил, өмчлөлд үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 175000 /нэг зуун далан тав/ төгрөгийн үнэлгээ бүхий хуурай салхи үлээгч моторыг түүний эзэмшигч Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн иргэн Батжаргалд буцаан олгож, түүний үнэ 175000 /нэг зуун далан тав/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 58300 /тавин найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, мөн 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий мулдок, 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 220 вольт гаргах хүчин чадалтай цахилгаан үүсгэгч мотор тус бүр нэг ширхэгийг хурааж үнийг, тус тус улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Оюунбаатар, Д.Баяржаргал, М.Үүрийнтуяа нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД