| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.,
Иргэдийн төлөөлөгч Г.*******,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Гэрч Б.*******, О.*******,
Шинжээч Ч.*******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.*******, Д.*******,
Шүүгдэгч О., Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115000000081 дугаартай, 163/2020/0140/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Отгонжаргалын /РД: ................./, 1974 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн .......... суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах болон охины хамт ............ аймгийн .......... сумын ....... дугаар багийн ............ дугаар гудамжны ............ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Зүйд овогт Батсайханы /РД: ................/, 1994 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн .......... суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ............................ ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн .......... сумын ......... дугаар багийн .................... тоотод байнгын оршин суух хаягтай, .............. аймгийн ............ сумын ............ дугаар багт түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.г хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. өгсөн мэдүүлэгтээ: *******аа намайг хөршийндөө байхад “аав ирчихлээ” гэж дуудсан. Тэгээд ороход талийгаач цаашаа хараад хэвтэж байсан. Талийгаач “хаагуур яваад ирэв” гээд үсдэж аваад зодохоор нь хажуугийн ширээн дээр байсан хутгыг шүүрээд авсан. Талийгаач миний 2 гарнаас татаад унахад цээжин дээр нь хутга шир хийгээд орсон. Тэгээд хутгыг сугалж аваад цээж рүү нь харахад цус гарч байсан. Тэгээд эмч рүү залгаад би “хүн хутгалчихлаа” гэсэн. Удалгүй эмч, цагдаа нар орж ирсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би одоо “тэр үедээ гараад явчихгүй яав даа” гэж одоо болтол харамсаж байна. Бид хоёр хааяа маргадаг байсан. Талийгаач маань тийм муу хүн байгаагүй. Хааяа огцом уурладаг байсан, сайн тал ихтэй байсан. Охиноо л гэдэг байсан. Мөнгө төгрөг гуйлгахгүй, юмаар дутаалгүй өдий зэрэгт хүргэсэн. Охин нь ч гэсэн аавдаа их хайртай байсан. Сэтгэл сайтай хүн байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. өгсөн мэдүүлэгтээ: Би тэр үед хүүхдүүдтэйгээ утсаар юм үзэж байсан. Хаалга дуугараад “аав нь байна” гээд орж ирсэн. Талийгаач нилээн согтуу орж ирсэн. Гарч бие засчихаад “унтлаа” гэж орон дээр хэвтэж байхдаа “ээжийгээ дууд” гээд *******аа ээжийг дуудсан. Ээжийг орж ирэхэд “хаачаад ирж байгаа юм” гээд үсдээд авсан ба хэд хэдэн удаа “хүүхдүүдийн хажууд хэрүүлээ боль” гэж хэлсэн. Удалгүй ээж бахирахаар нь гүйгээд очсон дундаа хутга бариад хэвтэж байсан. Хутгыг нь аваад дүүгийн утсаар цагдаа дуудсан. Хутгыг орны араар шидсэн. Ээж өөрөө түргэн дуудсан. Би ээжийгээ бас дүүгээ бодсон. Ээж бамбайн хордлоготой гэж олон жил явж байгаа. Надад өвдсөн талаар хэлдэггүй байсан, найз эмчээсээ асуухад “ээж чинь бамбайн булчирхайн өөрчлөлттэй, хавдар болох эрсдэлтэй, эртхэн эмчлүүлээрэй” гэсэн. Тэр өдөр ээж маань бодогдоод “бамбайн хавдартай, шоронд орвол бие нь дийлэхгүй, дүү маань аавыгаа алдсан болохоор ээжтэйгээ уулзаж чадахгүй байх” гэж бодоод ээжийнхээ төлөө явсан ч яахав гээд ийм мэдүүлэг өгсөн. Ээж маань маргааш нь ээж нь өөрөө хэргээ хүлээнэ гээд хүлээсэн. Би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Хариуцлагаа хүлээнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед цагдаад болон эмчид дуудлага өгсөн. Аймгийн төвөөс хэргийг шалгахаар очсон хүмүүс г аваад явсан. Хэргийн газрын үзлэгийг маш муу хийсэн. Гар утсан дээр хамаг юм нь байгаа юм шиг байна лээ. Хэргийг будлиулсан. болон хэсгийн төлөөлөгч нарт гомдолтой байна. Төрсөн ах дүү нараас нь огт мэдүүлэг аваагүй. Мөн хамт байсан хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй. Бид 88 настай ээждээ энэ явдлын талаар, талийгаачийн талаар хэлээгүй, зүрх нь хаагдаад өөд болсон гэж хэлсэн. Энэ хэргээс хойш нойр хүрэхгүй байна. .......... суманд байгаа дүүгийн бие их муу байгаа. Бид нар энд тэндээс ирж байгаа. Талийгаач бидэнтэй хамт байхдаа утсаа шууд салгадаг, учир нь байнга залгаж хэрүүл хийдэг байсан, гэрт нь хүртэл ирж цонхыг нь хага цохиод бүтэн байлгадаггүй байсан. урд өдөр нь ална гээд сууж байсан гэсэн. Дүүгийнхээ утсыг нь олоогүй, малгайг нь өгөөгүй байгаа. Талийгаач их хөнгөн шингэн хүн, .......... сумынхан спортлог гэдгийг бүгд мэднэ. Хүүхдүүдийг дасгалжуулж тэмцээнд оруулдаг байсан. Ганцаараа алаагүй гэж бодож байна, их юм нууж байгаа. Би уг нь энэ хэрэгт оролцохгүй гэсэн. Ковидоос болоод намайг хүчээр тавьсан. Хүүхдүүд нь байсан бол их юм ярих байсан. Шүүгдэгчийн ар гэрээс 7.000.000 төгрөг төлсөн. Хохирогчийн ар гэрээс гаргаж өгсөн баримт зөвхөн оршуулгын зардал, мөнгө авна гэдгээ мэдээгүй байсан болохоор баримтаа цуглуулаагүй, оршуулгын зардлыг бүрэн нэхэмжлээгүйч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Ээж, ах, дүү, үр хүүхдүүдийнх нь сэтгэл санаанд маш их хохирол учирсан, гомдолтой байна. Улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.******* өгсөн мэдүүлэгтээ: гийн биед үүссэн баруун бугалганы урд дунд хэсэг, шуу, зүүн гуянд үүссэн гэмтэл шинэ, ард ба гадна дунд хэсэгт үүссэн гэмтэл 3-7 хоногийн өмнөх үеийнх, тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарах ба бүх зүйлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийг босоо байрлалтай хутгалж болно, хутгалуулаад /хатгах явцад/ шууд унасан байж болзошгүй, дээрх гэмтэл авсны дараа хөдөлгөөн хийх боломж байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: Ээж байнга дарамтад байсан. Талийгаач төв орж ирэхээрээ ээжийг зоддог байсан. 2020 оны 9 сард заставаасаа бэртэл аваад ирэхэд ээжийн нүүр хавдсан байсан. Ээж надад түлээнд цохиулсан гэж байсан. Буцаад ирэхэд эдгээгүй байхаар нь асуухад ээж үнэнээ хэлж “ намайг зоддог ч та нараас нуугаад байдаг байсан” гэж хэлсэн. Намайг бас дарамталдаг байсан, 2017 онд би цэргээс халагдаж ирсэн. Тэр үед ээжийн баруун гар хавдсан байсан. 2016 онд тангаргын баяраар очиход нь би тухайн үед тухтай сайн уулзаж чадаагүй. Тэр үед бас нүүрээ цохиулсан байсан юм байна лээ. Тэрнээс өмнө ээж, дүү, бид 3 байдаг байсан. Намайг төв орж ирээд ээж дээр байхад төв орж ирсэн ба тэр үед ээж намайг “харьж аав дээрээ очиж хоно” гэсэн. Шөнө нь ээж залгасан байсан. Өглөө нь буцаагаад залгасан чинь намайг алах гэж байна гэсэн. Хөмсгийг нь тас өшиглөсөн байсан. Маргааш өглөө нь хохирогчтой ярихад чиний ээжийг хаана ч байсан дарамталж явна. Тэгэхгүй бол болохгүй гэж байсан. Ээж байнга гэр бүлийн хүчирхийлэлд байсан болохоор хамт амьдардаггүй байсан. Дарамтаас болж ээж хааяа пиво уудаг. Миний ээж дарамтлаад л гэж ярьдаг байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.******* өгсөн мэдүүлэгтээ: тай 2009 оноос хойш хуурай эгч дүүгийн холбоотой болсон. Талийгаачийг ч гэсэн танина. гийнх манай урд талын гудамж. Амь хохирогч, шүүгдэгч нар нэгнийгээ зодож байхыг нүдээрээ харж байгаагүй. Зодуулсан гээд хөхөрсөн байсан. Хэрэлдэж байхыг нь харж байсан. Ундрах гээд талийгаачийн найз нь завин дээр амь хохирогч нь шүүгдэгч О.г зодож байсан гэж хэлж байсан. Тэр үед талийгаач эгчийг дуудсан гэсэн. Тэгээд гол гарах гэж завин дээр суухдаа зодсон гэсэн. Шүүгдэгч О. нь хүнд тусархуу, цагаан сэтгэлтэй хүн. Бид хоёр хааяа уулзаж зовлон жаргалаа ярьдаг. Бид нэг нутгийн хүмүүс учраас бүгд нэг нэгнийгээ мэддэг. Талийгаач их ааштай, намайг элдвээр хэлдэг байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч О.г 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн .......... сумын .......... дугаар багийн Үйлчилгээний .................. тоотод хамтран амьдрагч О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нэг удаа хутгалж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван гурван жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.г 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би орон дээр өвдөглөөд хутгыг нь булаацалдаж байсан, талийгаач гэнэт хутгаа тавихад би биеэ татаж авч чадалгүй дээрээс нь хутгалчихсан юм. Манай ээж бол талийгаачийг хутгалсан зүйл бол байхгүй гэж” зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд Булган аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялын санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.г хүний амь насыг хохироосон нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгч Б. нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, хэргийн зүйчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардлыг төлсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000000081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О. архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 07-ны оройн 23 цагийн үед .............. аймгийн ........... сумын ....... дугаар багийн Үйлчилгээний ............ тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар О.ын цээжин тус газарт нэг удаа хутгалж, түүний биед цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх 1500 мл, үнхэлцэгийн хөндий дэх 150 мл хэмжээтэй цус хуралдалт бүхий шууд үхэлд хүргэх гэмтлийг учруулж, хүнийг алах гэмт хэргийг,
Шүүгдэгч Б. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр .............. аймгийн ........... сумын ....... дугаар багийн Үйлчилгээний ............ тоотод иргэн О. нь бусдад хутгалуулж нас барсан гэх хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би орон дээр өвдөглөөд хутгыг нь булаацалдаж байсан, талийгаач гэнэт хутгаа тавихад би биеэ татаж авч чадалгүй дээрээс нь хутгалчихсан юм. Манай ээж бол талийгаачийг хутгалсан зүйл бол байхгүй ...намайг талийгаачийг хутгалсан талаар манай ээж мэдэж байгаа. Тухайн үед ээж надад хандаж чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-49 тал/,
Шүүгдэгч О.гийн согтуурлын зэргийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-43 тал/, түүний биенээс авсан гэх цусанд 1.9 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарахыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай дүгнэлт /хх1-157 тал/,
Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-60-61 тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.*******ийн өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед манай хүү миний гар утас руу залгаад “О. ах нас барсан гэнэ, би одоо Булган орлоо, та надтай цуг явах уу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь эндээс лам аваад хүүгийн хамтаар .......... сум орсон. Манай дүү нээх их архи уугаад байдаггүй. Уусан ч агсан согтуу тавьдаггүй, спортлог цэрэгт байх үедээ Алдар нийгэмлэгт тамирчин байсан. Архангай аймагт багшийн сургуулийг төгссөн. .......... сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш байсан. Ер нь бол их морь унадаг, моринд дуртай спортын мастер хүн байгаа юм. Талийгаачийн эхнэр нь Цолмонжаргал гэдэг хүүхэн байдаг ба одоо Улаанбаатар хотод байдаг. Би гомдолтой байна, талийгаачийн ажил явдалд орсон бүх зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-67 тал/,
Насанд хүрээгүй гэрч Л.*******ы өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 07-ны орой гэртээ байж байхад 22 цагийн орчимд байх би цаг хараагүй, хаалга тогшихоор нь “хэн бэ” гэхэд “аав нь байна” гэж хэлэхээр нь хаалга онгойлгоход манай аав буюу Гантай гаднаас согтуу орж ирсэн. Аав гаднаас орж ирээд “унтлаа” гээд орондоо ороод унтахаар хэвтсэн. ...Аав ээж хоёр юунаас болж муудалцсан гэдгийг мэдэхгүй байна. Хоорондоо хэрэлдэж байгаад ээж, аавын гутлын аваад цохиод байсан. ...Аав, ээж хоёр дахин хэрүүл хийж эхэлсэн. Хэрэлдээд байхаар нь эгч болиулах гээд очиход нь аав ёолоод муухай дуугараад байхаар нь харахад аав цустай холилдсон байсан. эгч очоод ээжийн гарнаас хутгыг нь булааж аваад орны араар хийж нуучихаад ээжийг сандлаар зодоод байсан. Ээж аавыг харчихаад “үхэж болохгүй шүү” гээд дээр нь дараад хэвтээд байсан. эгч намайг “цагдаа дууд” гэж хэлэхээр нь би цагдаа руу залгаад эгчид утсаа өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-81-83 тал/,
Гэрч Д.ийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 23:35 минутын үед намайг гэртээ унтаж амрах гээд байж байтал талийгаачийн хамтран амьдрагч О. над руу үүрэн холбооны мобикомын дугаараас залгаад “би О.ыг хутгаар хатгачихлаа. Цээжнээс нь цус гараад тогтохгүй байна, хурдан манай гэрт хүрээд ирээч” гэсэн юм. Тэгээд би талийгаачийн гэрт очиж талийгаачид үзлэг хийсэн юм. Намайг үзэхэд талийгаач О.ын амин үзүүлэлт, амьсгал, зүрх судасны үзүүлэлт зогссон байсан юм. Талийгаач О.ын биед ямар нэгэн хувцас байхгүй, орон дээр дээш харсан байдалтай, хөнжлөөр хучсан байсан. Хөнжлийг сөхөөд харахад талийгаачийн цээжний зүүн хэсэгт ямар нэгэн үзүүртэй зүйлээр зүсэгдсэн байж болзошгүй шархтай, цээж болон орны цагаан хэрэглэл цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан. ...гээс юу болсон талаар асуухад ... “гэнэт ээж хашхираад явчихаар нь гайхаад очтол “ээж талийгаачийг хутгалчихсан байсан, би орон дээрээ гар утсаараа оролдоод хэвтэж байсан болохоор хутга авсныг нь хараагүй юм аа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-90-91, 94 тал/,
Шүүгдэгч Б.гийн 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хэрэгт гэрчээр өгсөн: “...би хутгыг авах гээд “та хоёр яах гээд байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд ээж “за болилоо” гэж хэлээд гараа сулруулахаар нь би ээжийн гарыг авахад талийгаач хоёр гараараа хутгыг барьсан байсан. Би талийгаач ын гарнаас хутгыг нь авах гэхэд хоёр гараараа бариад булаацалдаад байхаар нь “та яах гээд байгаа юм бэ, хутгаа тавиач, болиоч” гэж хэлэхэд талийгаач хутгаа өгөхгүй, булаацалдаад байсан. Би талийгаачтай “та хутгаа өгөөч, яах гээд байгаа юм” гээд хэсэг хугацаанд ноцолдсон. Ноцолдоод байж байхад талийгаач гэнэт хутгаа тавихад нь би ноцолдож байсан инерцээрээ гар алдаад зүрхэн тус газар нь хутгалчихсан юм. Би тухайн үедээ айж сандраад хутгыг нь буцаагаад сугалаад авчихсан юм. Ээж намайг “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд “*******аа миний дүү цагдаа дууд” гэхэд манай дүү цагдаа руу залгаад надад утсаа өгсөн. Би талийгаач ыг хутгалчихаад сандарсандаа хутгаа орныхоо араар нуучихсан юм. ...Манай ээж бол талийгаачийг хутгалсан зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /1хх-70-72 тал/,
Шүүгдэгч Б.гийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр дахин өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ ээжийнхээ биеийн байдлыг бодоод мөн дүү *******аагаа өнчирлөө гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Болсон үйл явдлын талаар одоо үнэн зөвөөр мэдүүлэг өгөх гэж байна. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед гаднаас согтуу орж ирээд манай дүү ******* унтахаар ороо засчихсан байсан чинь Лхавагжав орон дотор нь хувцасаа тайлаад орж хэвтсэн. ...Гаднаас ээж орж ирээд ыг “чи хэзээ ирсэн юм, ирэхээ хэлэхгүй” гэж хэлээд ыг нөмөрсөн хөнжлийг сөхөхөд ямар ч хувцасгүй шалдан орон дотор хэвтэж байсан чинь ээж “энэ чинь юу болж байна, нялх хүүхдүүд байхад яагаад ингэж хэвтэж байгаа юм” гэсэн чинь ээжийг “юу гээд байгаа юм, янхан, пизда минь” гэж хэлээд ээжийг үсдээд авсан чигээрээ шалдан босч ирсэн. Ээж болиоч гэсэн чинь шкаф руу түлхэж унагаагаад зодохоор нь би хүүхдүүдээ цааш хар гэсэн. ...Ээж яанаа гээд орилоод уйлахаар нь би “юу болж байна” гээд орноос босоод яваад очтол ээж, хоёр дундаа хутга барьчихсан орон дээр өөд өөдөөсөө харчихсан хэвтэж байсан. ...Тэгээд ээж “яанаа хутгалчихлаа” гэж хэлсэн... намайг очсоноос хойш талийгаач ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй” гэх мэдүүлэг /1хх-105-106 тал/,
Гэрч С.гийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр намайг Булган аймгийн .......... сумандаа оройн эргүүлд явж байхад 23 цаг 40 минутын үед над руу манай сумын иргэн миний утас руу залгаад .......... сумын 5 дугаар багийн Үйлчилгээний 509 тоотод яаралтай ирээрэй, хутга шөвөг болоод байна гэсэн дуудлага өгсөн. Би уг дуудлагыг аваад сумын хэсгийн төлөөлөгч Түвшинтөгсөд хэлээд ойролцоогоор нэг минут орчмын дараа очсон. ...Дуудлага өгсөн гэрч очиход , , 4-12 насны 3 хүүхэд болон орон дээр ухаангүй буюу Гантай гэх хүмүүс байсан. Анх ороход буюу Гантай нь байшингийн дотор гол хэсэгт байрлах орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ын дээр нь хэвтээд тэвэрчихсэн, согтуу, болон 4-12 насны 3 хүүхэд байшингийн нөгөө талд байрлах орон дээр сууж байсан. Тэгээд байж байхад манай сумын эрүүл мэндийн төвийн эмч орж ирж ыг үзээд “нас барсан байна” гэж хэлээд буцаад явсан. Би анх ороод талийгаачийг харахад өмссөн байсан ногоон өнгийн фудволк нь цус мэт зүйл болсон. нь талийгаачийн фудволкийг дээш нь сөхсөн байсан ба би г талийгаачийн дээрээс босгоход талийгаачийн зүрхэн тус газарт хутганы шарх байсан. ...Тухайн үед юу болсон талаар асуухад манай ээж талийгаач буюу Гантайтай хутга булаацалдаж байгаад талийгаачийг манай ээж хутгалчихлаа гэж хэлж байсан. ... тухайн үед хэсгийн төлөөлөгч бид хоёрт хэлэхдээ талийгаачийг би хутгалчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-144-145 тал/,
Гэрч Н.ын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай хилийн цэргийн 0286 дугаар анги салхинд гарсан юм. Тэгээд би ажлынхантайгаа байж байтал 12 цагийн орчимд О. над руу залгаад “чи надаас авах даагаа ирж үзээ, би ойрхон малаа хужирлаад ороод ирлээ, нуурын захад байна. Ирэхдээ идэх юм авчраарай, би өлсөөд байна” гэж хэлэхээр нь би “удахгүй очъё” гэж хэлээд утсаа тасалсан. ...Намайг очиход ах адууны хашаан дээр адуугаа хашчихсан байж байсан. Тэгээд бид хоёр миний авчирсан жаахан юмыг идчихээд миний авчирсан “Алтан Чингис” нэртэй нэг шил 0.75 литрийн архийг хувааж уугаад сууж байтал нутгийн Гансүх гэх хүн ирсэн юм. Бид гурав тэр архиа хувааж ууж дуусчихаад даагаа сонгохоор болоод төрсөн дүү болон ажлынхаа хүн болох Наранбаатарыг дуудсан юм. ...Танилцсаных гээд 750 граммын “Evok” гэсэн бичигтэй нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг нь Наранбаатар, , Отгон, Гансүх бид 5 хувааж уусан юм. ...О. “би охин дээрээ очно” гээд охиныхоо гэрийг зааж өгөөд гэрийнх нь гадаа буусан. Тэгээд Наранбаатар бид хоёр гэртээ харьцгаасан. ” гэх мэдүүлэг /1хх-101-103 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хилийн цэргийн ***** дугаар ангийн ** дугаар застав дээр ажил үүргээ гүйцэтгээд байж байхад 01 цаг 30 минутын орчимд манай эгч манай ажлын утас руу залгаад “ээж хүн хутгалчихлаа” гэж ярьсан. Би эгчтэй утсаар ярьчихаад дарга нартаа хэлж чөлөө аваад сумын төв рүү орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-131-133 тал/,
Гэрч О.гийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнийн 00:07 минутад миний *********** дугаарын гар утас руу “эгээ ээж хүн алчихлаа” гэсэн мессеж явуулсан байсан. Мөн манай нөхөр Ундрахсайханы гар утас руу залгаж яриад “эгээ, ээж хүн алчихлаа” гэж хэлээд уйлаад байхаар нь би “чи юу яриад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу” гэж асуухад “үгүй, би тоглоогүй” гээд уйлаад байсан. Би хувцасаа өмсөөд тэй очиж уулзаад юу болсон талаар асуухад ...”ээжийг гаднаас орж ирэхэд нь хаагуур янхандаж яваад ирж байгаа юм гэж хэлээд хоорондоо хэрэлдэж муудалцсаны улмаас хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд нэг харахад ээж хутгалчихсан байсан” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-140-142 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай: “О.гийн биед баруун бугалганы урд дунд хэсэг, ард ба гадна дунд хэсэг, шуу, зүүн гуянд олон тооны цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Баруун бугалганы урд дунд хэсэг, шуу, зүүн гуянд үүссэн цус хуралт нь 2021 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө үүссэн байна. Баруун бугалганы ард ба гадна дунд хэсгийн цус хуралт нь 3-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /1хх-163-164 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 894 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцны урд талын хэсэгт 20 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Өмдөнд урагдалт, гэмтэл үүсээгүй байна. Богино ханцуйтай цамцанд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-173-176 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 885 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон, шар эрээн, ховилтой, хуванцар иштэй хутганы бариул хэсгийн баруун талаас илрүүлж бэхжүүлсэн нэг ширхэг гарын мөр, зүүн талаас илрүүлж бэхжүүлсэн хоёр ширхэг гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг нь тоо болон чанарын шаардлага хангахгүй тул гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-195-200/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 893 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн өмдний баруун шуумагт 20х6 мм, 35х5 мм, ар талд суудал хэсэгт 40х10 мм хатуу үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, салтааны оруулга хэсэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 6х6 мм, 10х10 мм хуучин урагдалт, 50х15 мм, 10 мм, 11 мм-н хэмжээтэй хуучин ханзралт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн гутлын баруун талын түрийний дотор залгаас оёдол дагуу хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан 15 мм хуучин гогдолт байна” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-207-214 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай: “Талийгаач О.ын биед цээжний хөндийн гэмтэл: цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний баруун ховдолын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх 1500 мл, үнхэлцэгийн хөндий дэх 150 мл хэмжээтэй цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэх ба гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид гол судас ба тараагуур судасны хатуурал архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь урдаас арагш шууд чиглэлтэй байх ба талийгаач нь босоо байрлалтай байсан байна. Талийгаач нь задлан шинжилгээнд орохоос 8-12 цагийн өмнө нас баржээ. Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийн гэмтэл: цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх 1500 мл, үнхэлцэгийн хөндий дэх 150 мл хэмжээтэй цус хуралдалт болно” гэх дүгнэлт /1хх-219-223 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 91 дугаартай: “О.ын цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэж байна. О.ын цогцосноос авсан цусанд 2.05, шээсэнд 3.35 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /1хх-230-231 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаартай: “О. нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Магадлуулагч О. нь хэрэг болох үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. Одоогоор ямар нэг сэтгэцийн эмгэг үгүй болно. О. үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай. О. нь хэрэг хариуцах чадвартай болно” гэх дүгнэлт /1хх-244 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1567 дугаартай: “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор судалтай, шар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай толбо, шүлс илрээгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор судалтай, шар өнгийн бариултай хутган дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба О.ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-44-47 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн бариултай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцгэн хээтэй орны даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон дэрний уут, ногоон өнгийн богино ханцуйтай цамц, бор өнгийн дотортой дотуур өмд, ягаан өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн урт түрийтэй эмэгтэй хүний хос гутал, хар өнгийн ноосон өмд, цайвар ногоон өнгийн богино ханцуйтай подволк, саарал ногоон өнгийн даавуун өмд тус бүр нэг ширхэг зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэг, үйл баримт болох үед шүүгдэгч О., Б., амь хохирогч О., насанд хүрээгүй Л.******* нар бага насны 2 хүүхдийн хамт байсан байх бөгөөд насанд хүрээгүй /12 настай/ Л.*******ы 2021 оны 3 дугаар сарын 08-ны, 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлгээр О. нь 2021 оны 3 дугаар сарын 07-ны орой О.гийнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж унтахаар хэвтсэн, энэ үед охин Л.******* ээжийгээ дуудсанаар О. гэртээ ирж О.ыг сэрээж “сумын төвд орж ирсэнээ хэлсэнгүй, яах гэж орж ирсэн юм” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, О.ыг орон дээр хэвтэж байх үед гутлаар цохих зэргээр зүй бус авирласнаар тэдний хоорондын хэрүүл маргаан даамжирч О. өөрийн охины эцэг болох О.ын биед хутгаар гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас амиа алдсан нөхцөл байдал тогтоогдож байх ба ийм нөхцөл байдалд хүргэхэд шууд нөлөөлсөн амь хохирогч О.ын ямар нэгэн үйлдэл нотлогдож тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч О., Б. нарын 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлэг насанд хүрээгүй гэрч Л.*******ы мэдүүлгээр няцаагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан гэрч О. /хх1-141 тал/, Б.******* /хх1-133 тал/, О.Алтанзагас /хх1-127 тал/, Л.Оюунсүрэн /хх1-120 тал/, Ц.Цолмонжаргал /хх1-118 тал/, Л.Оюун-Ухаан /хх1-116 тал/, Б.Лхагвасүрэн /хх1-109 тал/, Н. /хх1-102 тал/, Ц.Алтантуяа /хх1-98 тал/, Д. /хх1-93 тал/ нарын мэдүүлэг, тухайлбал гэрч Г.Наранцэцэгийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 06-нд байх орой 22 цаг өнгөрч байх үед би гэрийнхээ хашааны зүүн талд түлээ хагалж байсан чинь нэг эмэгтэй хүн хашааны цаанаас хашааны завсараар намайг “хөөе” гэж дуудахаар нь би цочоод “хэн бэ?” гэсэн чинь “ байна” гэхээр нь “та намайг цочоочихлоо ш дээ, юу хийж байгаа юм” гэсэн чинь “чамайг нэлээн харж зогслоо” гэж хэлээд надаас “гар утас чинь байна уу, Гантай ахынхаа гар утас руу залгаад өгөөч” гэхээр нь “миний гар утас байхгүй, гэрт хүүхдүүд тоглоод цэнэггүй болгочихсон. Тэгээд ч нэгжгүй байгаа” гэсэн чинь эгч “би сая Гантай руу залгасан чинь утсаа аваад би хүүхэнтэй байна, чи яах гэж залгаад байгаа юм, гээд миний гар утсыг блок хийчихсэн” гэж хэлээд миний хажууд Гантай ахын гар утас руу өөрийнхөө утсыг чанга дээр нь тавиад залгасан чинь Гантай ахын утас “дүүд, дүүд” гэж дуугараад салаад байсан чинь “утас нь ингээд байгаа юм, яг хүүхэнтэй байгаа байхгүй юу, би энийг хаана байгаа газраас нь олж аваад шууд ална” гэж хэлээд байхаар нь би “Гантай ах энд байгаа юм уу, хөдөөнөөс орж ирсэн юм уу” гэж хэлсэн чинь “орж ирчихээд хүүхэнтэй байгаа, яг хаана байгаа бол, хойд гэрийн түлхүүр уул нь надад байна” гээд нэг түлхүүр харуулаад “түлхүүр энд надад байгаа юм чинь гэртээ байхгүй” гэж хэлээд намайг “чи гэртээ ороод Гантай ахынхаа гар утас руу залгаад хаана байгаа талаар асуугаад намайг асууж байгааг битгий хэлээрэй, чи надад утасныхаа дугаарыг өгчих” гэхээр нь би албаар буруу дугаар хэлсэн чинь эгч гар утсан дээрээ тэмдэглэж аваад “чам руу хэсэг байж байгаад асууна” гэж хэлээд дээшээ өгсөөд явсан” /хх1-112-113 тал/ гэх мэдүүлгийн эх сурвалж насанд хүрээгүй гэрч Л.*******ы “...ээж гаднаас орж ирээд аавыг сэрээгээд “сумын төвд орж ирсэнээ яагаад хэлээгүй юм бэ, яах гэж орж ирээв” гэж хэлэхэд аав юм яриагүй ...” гэх /хх1-86 тал/ мэдүүлгийн эх сурвалжтай тохирч байгаа зэргээс дүгнэлт хийхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2 “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах”-аар хуульчилсан ба шүүгдэгч О., амь хохирогч О. нар нь дундаасаа охин Л.*******ыг төрүүлэн гэр бүлийн харилцаа үүсгэсэн боловч тогтсон хамтын амьдралгүй, бие биенээ хардсан хувийн таарамжгүй, үл ойлголцол ихтэй харилцаатай байсан, амь хохирогч нь О.д гэр бүлийн хүрээний хүчирхийлэл үйлддэг байсан нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй ч дээрх гэмт хэрэг гарах үед амь хохирогчоос О.д халдсан идэвхтэй үйлдэл нотлогдож тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальсыг гэмтээн зүрхний баруун ховдолын хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөний дэх 1500 мл, үнхэлцэгийн хөндий дэх 150 мл хэмжээтэй цус хуралдалт бүхий үхэлд шууд хүргэх гэмтэл нь шүүгдэгч О.гийн цээжин тус газарт хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О. нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогчийн зүрхэн тус газарт нь хатгахад хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч О.гийн хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан, шүүгдэгч Б.гийн худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* талийгаачийн оршуулгын зардалд /хүнсний бараа материалд 2.222.203₮, 1.525.500₮, 96.900₮, 436.600₮, 384.870₮, 50200₮, 633.800₮, 5700₮, 164.400₮, 4400₮, 11800₮, 50000₮, 717.000₮/, шарилын хайрцаг, хөшөө чулууны үнэ 700.000₮/ нийт 7.003.373 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч О. нь шүүхийн шатанд нийт 7.000.000 төгрөгийг төлж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч О.г гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлж, төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:
Шүүгдэгч О.г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.г худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч О. нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч О., Б. нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хоёр дугаар хавтаст хэргийн 107-119 дүгээр талд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нарын хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О., Б. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч О. анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь, түүнчлэн шүүгдэгч Б.гийн үйлдсэн хэргийн шинж, учирсан хор уршиг болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, түүний асрамжинд амь хохирогчийн охин Л.******* зэрэг бага насны хүүхдүүд үлдэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.гийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичлэг бүхий “CD”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн бариултай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцгэн хээтэй орны даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон дэрний уут, ногоон өнгийн богино ханцуйтай цамц, бор өнгийн дотортой дотуур өмд, ягаан өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн урт түрийтэй эмэгтэй хүний хос гутал, хар өнгийн ноосон өмд, цайвар ногоон өнгийн богино ханцуйтай подволк, саарал ногоон өнгийн даавуун өмд тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Отгонжаргалын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зүйд овогт Батсайханы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.гийн Булган аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.гийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, бичлэг бүхий “CD”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн бариултай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцгэн хээтэй орны даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон дэрний уут, ногоон өнгийн богино ханцуйтай цамц, бор өнгийн дотортой дотуур өмд, ягаан өнгийн богино ханцуйтай цамц, хар өнгийн урт түрийтэй эмэгтэй хүний хос гутал, хар өнгийн ноосон өмд, цайвар ногоон өнгийн богино ханцуйтай подволк, саарал ногоон өнгийн даавуун өмд тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Э.ЭНЭРЭЛ