| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00538/И |
| Дугаар | 151/ШШ2017/00627 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянцагаан сум, 5-р баг, Зогсоол, 4 гудамж, 7 тоотод оршин суух НЗ62022162 регистрийн дугаартай Тулга отго овогт Жүрмэдийн Наранцэцэгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Наранцэцэг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Наранцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1962 онд төрсөн. Тэтгэвэрт гарах нас болсон. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул шүүхэд хандсан. Иймд миний цуцлуулсан нотлох баримтыг үндэслэн Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1982 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл, мөн тус сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 09 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1982 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл, мөн тус сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 09 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
- Төв аймгийн Баянцагаан сумын 8-н жилийн дунд сургуулийн Захиргаанаас 1980 оны 10 сарын 20-ны өдөр Ж.Наранцэцэгт олгосон №010788 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 09 сарын 12-ны өдрийн 65 дугаартай “Халамжлан хүмүүжүүлэгч томилох тухай” тушаал түүний хавсралтын 3 дугаарт “.. Халамжлан хүмүүжүүлэгч Бага ангийн багш Л.Лхамсүрэн, Халамжлуулагч бага ангийн багш Ж.Наранцэцэг ..” гэх бичилт,
- мөн 1990 оны 03 сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Багш нарт ээлжийн амралт олгох тухай” тушаалд “.. №1 дүгээр хавсралтын 17 дугаарт Наранцэцэгт 14 хоногоор ээлжийн амралтыг олгох ..” гэх бичилт,
- Цалин тавьж олгох хүснэгтэд 1988 оны 9 сар, 1989 он, 1988 оны 11 сар, 1990 он, 1991 оны 12 сар, 1992 оны 6 сар, 1993 оны 06 сар, 1994 оны 07 саруудын бичилттэй түүвэр,
- Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байх үеийн буюу 1981 он, 1988 он, 1992 он, 1992 онуудад багш, сурагчдын хамт авахуулсан фото зургийн цомог,
–гэрч Л.Лхамсүрэн: Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1982 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл, мөн тус сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 09 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Ж.Наранцэцэгийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар хамт ажиллаж байсан гэрчээс хууль сануулж авсан мэдүүлэг, цалингийн түүвэр, Төв аймгийн Баянцагаан сумын Дунд сургуулийн Захиргаанаас 1980 оны 10 сарын 20-ны өдөр Ж.Наранцэцэгт олгосон №010788 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалууд зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үнэлэв.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЗ62022162 регистрийн дугаартай Тулга отго овогт Жүрмэдийн Наранцэцэг нь Төв аймгийн Баянцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1981 оны 10 сарын 09-ний өдрөөс 1982 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл,
мөн тус сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 09 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ